Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/01148

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02559 дугаар шийдвэртэй

 

*******ын нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийх эрхтэй ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг нийт 89,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.1-д ******* нь ******* ХХК-ийн 50 хувийн 75,020 ширхэг хувьцааг 89,000,000 төгрөгөөр худалдах, гэрээний 3.2-т төлбөрийг хариуцагч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 29,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Гэтэл ******* нь гэрээний үүргийг зөрчиж төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээний эхний хуваарьт төлбөрийг төлөх талаар мэдэгдэж, нэхэмжлэхийг *******, ******* хаягуудаар, 2 дах хуваарьт төлбөр төлөхийг өмгөөлөгчөөр дамжуулан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй.

1.3. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.3-т талууд алдангийн талаар тохиролцсон. Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу тооцоход 44,500,000 төгрөг болж байна.

Иймд гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ 89,000,000 төгрөг, алданги 44,500,000 төгрөг, нийт 133,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооход үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй. Гэтэл *******ын хувьд гэрээний үүрэг зөрчсөн үйл баримт огт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. О.Мягмарням болон ******* нар хамтран 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 6839355 регистрийн дугаартай ******* ХХК-ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн дүрмийг баталсан. ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй байгуулагдсан бөгөөд компанийн дүрмийн 5.2.1-д зааснаар ******* нь нэг бүрийн үнэ нь 100 төгрөгийн үнэлгээтэй 75,020 ширхэг буюу нийт 7,502,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцаа эзэмшигч, ******* нь мөн нэг бүр нь 100 төгрөгийн үнэлгээтэй 75,020 ширхэг буюу нийт 7,502,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн.

2.2. Компанийн гүйцэтгэх удирдлагын хувьд компанийн дүрэм болон Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл ******* нь гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхдээ дүрэм, хуульд заасан эрх үүргийг огт хэрэгжүүлээгүйгээс компанийн гүйцэтгэх удирдлагыг бүрэн орхигдуулж, компани санхүүгийн хувьд алдагдалтай үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн нөхцөл байдлыг засаж залруулах, компанийг дүрэмд заасан чиглэлийн хүрээнд ашиг, орлоготой ажиллуулах зорилгоор хувьцаа эзэмшигч *******гийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан бөгөөд ******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн сайн дурын хүсэл зоригийн дагуу компанийн гүйцэтгэх удирдлагыг *******д шилжүүлж, хүлээлгэн өгсөн.

2.3. Хувьцаа эзэмшигч *******гийн зүгээс ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийг зэрэг хэрэгжүүлж компанийн доголдолтой үйл ажиллагааг сэргээх, үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор хувийн зүгээс 178,911,610 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хийж ажилласан бөгөөд 2023 оны 4 дүгээр улирал гэхэд компанийн үйл ажиллагаанд санхүүгийн хувьд ашигтай ажиллах боломжтой нөхцөл байдлууд тогтоогдож эхэлсэн.

Гэтэл тухайн цаг хугацаанаас эхлэн ******* нь өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцаагаа худалдан авах санал, шаардлагыг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн тавьж эхэлсэн бөгөөд худалдан авах боломжгүй юм талаар тайлбар, мэдэгдлийг удаа дараа өгч байсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдэд хариуцагч ******* миний бие өөрийн хүсэл зоригийн дагуу оролцоогүй, тухайн гэрээг талууд хожим хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан хэлцэл биш юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.4. ******* нь компанийн хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэх хүсэл зорилгогүй, хувьцаа эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлэхээс бодитой зайлсхийсээр байгаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах бодит хууль зүйн үр дагавар үүссэн гэж үзэж байна. Иймд талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 0211 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсаны хууль зүйн үр дагаварт талуудын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 0212 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 111,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гэрээнээс татгалзсаны үр дагавар болох компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 983,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 675,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 714 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ гэрээнүүдийн хэрэгжилтийн явцад 2023 оны 10 дугаар сард нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д хандаж ...Би өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа чамд худалдахаа болилоо... өөрийн ах *******д худалдахаар болсон ... гэж мэдэгдсэн бөгөөд хариуцагч *******гийн хувьд тухайн цаг хугацаанаас эхлээд талуудын дунд байгуулагдсан гэрээ цаашид хэрэгжихгүй, дуусгавар болсон гэж хүлээн авсан.

4.2. Нэхэмжлэгч *******ын хэлсний дагуу түүний ах ******* нь хариуцагч *******тай 2023 оны 10 дугаар сараас эхлэн холбогдож компанийн талаархи мэдээллийг удаа дараа авч байсан бөгөөд хариуцагч *******гийн хувьд нэхэмжлэгч *******ын 50 хувийн хувьцаа худалдах үйл ажиллагаa явагдаж байна гэж хүлээн авч шаардлагатай мэдээ, мэдээлэл баримтыг худалдан авагч *******ын ******* хаягаар илгээж байсан. Энэ цаг хугацаанаас эхлэн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д талуудын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийн талаар болон ах *******д өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа худалдах үйл явцын талаар ямар нэгэн мэдээлэл, шаардлага ирүүлж байгаагүй бөгөөд хариуцагч *******гийн хувьд талуудын дунд байгуулагдсан гэрээ нь нэхэмжлэгч *******аас 2023 оны 10 дугаар сард мэдэгдсэн нөхцөл байдлын дагуу дуусгавар болсон буюу нэхэмжлэгч *******ыг өөрөө сайн дураараа гэрээнээс татгалзсан гэж үзсэн.

4.3. Хууль зүйн үндэслэлийн хувьд ч нэхэмжлэгч *******аас 2023 оны 10 дугаар сард хариуцагч *******д "... Хувьцаагаа өөрийн ах *******д худалдахаар болсон..." гэх мэдэгдэл, нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан "Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах" хууль зүйн зохицуулалтад хамаарах үйл баримт бөгөөд нэхэмжлэгч *******ын зүгээс хариуцагч *******д мэдэгдсэн үйл баримт нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт заасан нөхцөл журмын дагуу гэрээнээс татгалзаж буй хүсэл зоригоо бодитоор илэрхийлсэнд тооцох хууль зүйн үйлдэл мөн юм.

Нэхэмжлэгч *******ын хувьд дээрхи үйл явцаас хойш 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг хүртэлх 5 сарын хугацаанд хариуцагч *******д талуудын дунд байгуулагдсан гэрээний хэрэгжилтийн талаар болон хувьцаа худалдах хүсэл зориг агуулсан аливаа мэдэгдэл, шаардлага хүргүүлж байгаагүй, ах *******д хувьцаагаа худалдана гэж мэдэгдсэнээс өөр харилцаа үүсгээгүй атлаа 2024 оны 04 дүгээр сард "... Ах ******* хувьцаа худалдан авахаа больсон..." гэж тайлбарлаад хариуцагч талаас гэрээний хэрэгжилт, гэрээний үүрэг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шаардлага юм. Хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд нэхэмжлэгч *******ын зүгээс талуудын дунд байгуулагдсан гэрээ, хэлцлээс татгалзсан үйл баримт бүрэн тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуульд заасан тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн харилцааны зохицуулалтыг хэрэглэж хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.

4.4. Талуудын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 0211 дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.7-д ... Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх худалдаж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, торгуулийг худалдагч тал төлөх үүрэгтэй... гэж заасан. Гэрээ байгуулагдсан 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар ******* ХХК нь бусад иргэн, хуулийн этгээдэд 52,703,727.17 төгрөгийн өр төлбөртэй болохыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой дурдсан.

Нэхэмжлэгч ******* нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд компанийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд хуулиар тогтоосон бөгөөд дээрхи хувьцаа эзэмшигчийн үүргийг гэрээний 4.7 дахь хэсэгт худалдагч талын үндсэн үүрэг болгон тодорхойлсон. Нөгөө талаар хариуцагч ******* нь компани үүсгэн байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш компанийн үйл ажиллагаатай холбогдуулан 178,911,610 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг компанид оруулсан бөгөөд дээрхи хөрөнгө оруулалттай нэхэмжлэгч тал маргадаггүй. Энэ тохиолдолд мөн компанид хөрөнгө оруулалт болж зарцуулагдсан 178,911,610 төгрөгийн бодит зардлын 50 хувийг хувьцаа эзэмшигч ******* хариуцах үүрэг хүлээх бөгөөд талуудын дунд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэхэмжлэгч ******* нь хууль болон гэрээгээр хүлээсэн дээрхи үүргээ биелүүлсэн зүйл огт байхгүй тул хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас гэрээний 4.7 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг шаардах бүрэн эрхтэй юм. Энэ талаарх шаардлагыг хариуцагчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч *******д тавьж анхааруулсан бөгөөд үүссэн өр төлбөр, оруулсан хөрөнгө оруулалтын хувь хэмжээтэй ******* нь маргадаггүй ч өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд ногдох үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсаар ирсэн. Зүй нь нэхэмжлэгчийн зүгээс талуудын дунд байгуулагдсан гэрээний 4.7 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч талаас гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн татгалзлыг анхан шатны шүүх хүлээн авалгүй хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, гэрээнээс татгалзах, гэрээ дуусгавар болсныг тогтоолгох гэж маргадаг. Уг гэрээгээр олгогдсон гэрээнээс татгалзах эрхийн дагуу гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн байх ёстой. Гэтэл хариуцагчид гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч ******* өөрөө гэрээнээс татгалзсан гэх байдлаар сөрөг нэхэмжлэлийг өөрчилж маргадаг. Уг тайлбарын дагуу нэхэмжлэгчийг хэзээ гэрээнээс татгалзсан гэж үзэж байгааг тодруулахад 2023 оны 07 дугаар сард гэрээнээс татгалзсан гэж тайлбарладаг. Гэвч 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний төлбөрт тавилга өгч, гэрээний үүргээ биелүүлэх саналыг гаргадаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч нь өөрөө гэрээнээс татгалзсан талаарх баримт авагдаагүй. Мөн хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.7-д заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар, хавсаргасан нотлох баримт, мөн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарт талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.7-д заасантай холбоотой тайлбар, татгалзал дурдагдаагүй. Талуудын хооронд үүссэн маргааны зүйл болоогүй асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000257329 тоот гэрчилгээг авсан.

3.2. ХХК-ийн дүрмээр *******, ******* нар тус компанийн үүсгэн байгуулагчид бөгөөд хувьцаа эзэмшигч нар байх бөгөөд тэдгээр нь тус бүртээ тус компанийн 75,020 ширхэг хувьцаа буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хувь нь тус бүртээ 50 хувь байна.

3.3. Талууд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн буюу 75,020 ширхэг хувьцааг худалдан авагч *******д 89,000,000 төгрөгөөр худалдах, ******* 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор 29,000,000 төгрөгийг тус тус *******д төлөхөөр, төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа гэрээг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр тохиролцжээ.

3.4. Талууд мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ.

 

4. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний харилцаа дуусгавар болсон гэх тайлбар гаргасан боловч уг гэрээнээс татгалзаж дуусгавар болсон байдал баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь:

5.1. Нэхэмжлэгч ******* хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу хариуцагч *******д санал гаргаагүй.

5.2 Гэрч *******ын [... компанийн хувьцаа] худалдан авахтай холбоотой [*******тай] ярилцаж байгаагүй. 1 удаа сонирхож очиж үзсэн байдаг. [энэ асуудлаар тай] уулзаж байсан. Очиж оффисыг нь сонирхож байсан гэх мэдүүлгээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн хувьцааг *******д худалдахаар болсон гэх үндэслэлээр *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэхээргүй байна.

 

6. Хүчин төгөлдөр гэрээнээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзахад Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журам үйлчилнэ.

Гэрээний талуудын хэн алинаас нөгөө талдаа гэрээнээс татгалзах санал гаргаагүй байна. Иймд хүчин төгөлдөр гэрээний үүрэг болох худалдсан хувьцааны үнэ болох 86,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Харин анхан шатны шүүх энэ маргаанд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсгийн зохицуулалт хамаарахгүй байхад дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний зүйл нь 75,020 ширхэг хувьцаа байх боловч гэрээний талууд компанийн 50 хувийг тодорхойлох хувьцаа гэж үзэж буй тохиолдолд уг гэрээг урт хугацаатай гэрээнд хамааруулж дүгнэхгүй юм. Иймд гэрээг цуцлах агуулга тодорхойлогдохгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үндсэн үүрэг болох хувьцааны үнэ шаардсан бөгөөд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол шаардаагүй байна. Хохирол шаардаагүй тохиолдолд гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэхтэй холбоотой нэмэлт хугацаа тогтоосон эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Иймд хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж дуусгавар болоогүй байх тул компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

7. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх хуваарийг хариуцагч тал зөрчсөн нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийн гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх зарчмыг, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан хугацаа хэтрүүлсэн гэж тооцогдох тул тэрээр иргэний эрх зүйн хариуцлага хүлээнэ. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт нэрлэн заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх 2 тохиолдлоос маргаанд хамааралтай хэсгийн заалтыг буруу бичсэн алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй байна.

 

8. Талууд гэрээний үнэ төлөх үүрэг зөрчсөн талд иргэний эрх зүйн хариуцлагаас анзыг сонгож, гэрээний 3.3-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардаж буй 44,500,000 төгрөгийн алдангийн хэмжээ нь мөн хуулийн 232.4 дэх хэсэгт заасан хязгаарлалтын хүрээнд хамаарч байх бөгөөд анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийн нөхцөл байдал болох хувьцааны үнэ цэнийг тодорхойлж байсан гэх Re/Max Mongolia болон Re/Max-ийн үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ явуулах оффисын хооронд дахь франчайз гэрээ цуцлагдсан, компанийн үйл ажиллагаа доголдсон гэх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн шаардсан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж 22,250,000 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасантай нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэгч *******д холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй байна. Хариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар ******* компанийн 52,703,727 төгрөгийн өр төлбөрөөс болон хариуцагч аас компанийн үйл ажиллагаанд 178,911,610 төгрөгийн хөрөнгө оруулалтын 50 хувийг тус тус хариуцах үүрэгтэй гэх агуулгыг тусгасан боловч мөнгөн хөрөнгөөр илэрхийлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Иймд холбогдох давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02559 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 681,997 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Э.ЗОЛЗАЯА