Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Э.Оюунтунгалаг;

шүүгдэгч: Хө Вэй (He Wei), түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар;

орчуулагч: Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн БНХАУ-ын иргэн Хө Вэй (He Wei)-д холбогдох эрүүгийн 1909025810833 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ) иргэн, 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Монгол-Хятадын хамтарсан “QTHJB” ХХК-ийн хуванцарын үйлдвэрт хянах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт БНХАУ-ын Хөнан мужийн Луо Хө хот, Хуан Хө гудамжны 95 дугаар хашаанд оршин суух, одоо Монгол Улсад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байрны 27 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ЕА 2612843 гадаад паспортын дугаартай, Хө Вэй (He Wei).  

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч БНХАУ-ын иргэн Хө Вэй (He Wei) нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байрны 27 тоотод хамтран амьдрагч Т.Жаргалтай гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд “зүүн шанаа, баруун зулайн зөөлөн эдийн гэмтэл, баруун дээд, доод зовхи, зүүн бугуйд цус хуралт” бүхий хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Хө Вэй (He Wei)  мэдүүлэхдээ: Т.Жаргалыг зодож хөнгөн гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

           

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Жаргалын мэдүүлэг /хэргийн хуудас 4-5/, БНХАУ-ын иргэн Хө Вэй (He Wei)-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн хуудас 20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн хуудас 10/, БНХАУ-ын  иргэн Хө Вэй (He Wei)-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн хуудас 22-23, 47/, хохирогч Т.Жаргалын хүсэлт /хэргийн хуудас 40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Хө Вэй (He Wei) нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байрны 27 тоотод өөрийн найз эмэгтэй Т.Жаргалыг “бааранд орж найзтайгаа уулзана” гэсэнд дургүйцэж түүнтэй маргалдаж тэмцэлдэн, зодож Т.Жаргалыг хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Т.Жаргалын /хэргийн хуудас 4-5/: “..Би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 37-27 тоот гэртээ байж байгаад “найзтайгаа уулзлаа” гээд гарах гэтэл найз залуу БНХАУ-ын иргэн Хө Вэй (He Wei) нь намайг гаргахгүй гэхээр нь би Хө Вэй (He Wei)-д “өнөөдөр чиний мөнгөөр шоудна” гэтэл надад уурлаад бид 2 ноцолдож эхлээд миний толгой руу гараараа маш олон удаа алгадаж цохисон. Тэгээд цагдаа дуудах гэтэл миний гар утсыг өгөхгүй байсан. Хө Вэй (He Wei) нь манай ээж рүү утсаар залгаж надтай яриулсан ба би ээждээ “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд Хө Вэй (He Wei) нь цагдаа ирнэ гэж бодоод намайг цохиж зодохоо болихоор нь би гар утсаа авч цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Хө Вэй (He Wei)-ийн  яллагдагчаар мэдүүлсэн /хэргийн хуудас 20-21/: “...2019 оны 07 дугаар сарын 01-ний орой 21:00 цагийн орчим манай найз охин Т.Жаргал “баар орох шаардлагатай” гэж хэлсэн. Би тэр үед найз охиноо баар руу явуулах дургүй байсан тул хаалгаа хаасан. Манай найз охин “би заавал явах ёстой” гэснээс болж маргаан эхэлсэн. Маргалдаж байхад манай найз охин миний нүүр болон бие хэсэг рүү цохиод байсан...Миний уур хүрээд Т.Жаргалын нүүр хэсэг рүү 3-4 удаа алгадсан...” гэх мэдүүлгээр,

           

Хө Вэй (He Wei)-ийн буруутай үйлдлийн улмаас Т.Жаргалын биед “зүүн шанаа, баруун зулайн зөөлөн эдийн гэмтэл, баруун дээд, доод зовхи, зүүн бугуйд цус хуралт” бүхий хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн хуудас 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч  нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

           

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  Хө Вэй (He Wei)-ийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Хө Вэй (He Wei)-ийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Т.Жаргал нь “...Хө Вэй (He Wei)-тэй эвлэрч, зөв буруугаа ойлголцон ямар нэгэн гомдол саналгүй болсон...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Хө Вэй (He Wei)-г  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хө Вэй (He Wei) нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хө Вэй (He Wei)-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хө Вэй (He Wei)-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хө Вэй (He Wei) нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Хө Вэй (He Wei) нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хө Вэй (He Wei)-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ