| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0758/Э |
| Дугаар | 754 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 754
2019 08 12 2019/ШЦТ/754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Хандсүрэн;
улсын яллагч: Г.Ганбагана;
шүүгдэгч: Г.Алтангэрэл, Н.Батдорж (өөрсдийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Галдангийн Алтангэрэл, Нямдоржийн Батдорж нарт холбогдох эрүүгийн 1909017000760 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 103-5 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Архангай аймгийн Батцэнгэл сумын Даарь бор багт оршин суух, ял шийтгэлгүй, АЮ76042610 регистерийн дугаартай, Дүйнхэрдорж овогт Нямдоржийн Батдорж,
2. Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Кингс гуард” ХХК-д харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол 4 дүгээр байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 46 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, АЭ77052117 регистерийн дугаартай, Боржигон овогт Галдангийн Алтангэрэл.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Г.Алтангэрэл, Н.Батдорж нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 4 дүгээр байрын 29 тоотод оршин суух Б.Баасанжаргалын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч З.Ган-Очирын итгэмжлэн хариуцуулсан банкны карт, түүний хэлсэн нууц дугаарыг ашиглан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас үргэлжилсэн үйлдлээр нийт 950.000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Алтангэрэл мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батдорж мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Ган-Очир /хх-ийн 10-14/, гэрч Д.Энхбаяр /хх-ийн 15-16/, Б.Баасанжаргал /хх-ийн 17-18/, Н.Болороо /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, Н.Батдоржийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 84-87/, Г.Алтангэрэлийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-43/, З.Ган-Очирын “ХААН” банкны харилцах дансны хуулга /хх-ийн 45-48/, Г.Алтангэрэлийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 59-67/, Н.Батдоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 68-76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Алтангэрэл, Н.Батдорж нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагийн үед иргэн З.Ган-Очирын “дэлгүүрээс архи худалдан авах” зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгсөн ХААН банкны виза карт, түүний хэлсэн нууц үгийг ашиглан Сүхбаатар дүүргийн нутагт байрлах ХААН банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 2 удаагийн гүйлгээгээр 950.000 төгрөгийг авч завшсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч З.Ган-Очирын /хх-ийн 10-11/: “... Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед согтуу явж байгаад Б.Баасанжаргалын гэрт очсон. .... Одоо бодоод байхад би өөрийнхөө картыг Алтангэрэлд өгсөн санагдаад байна. Алтангэрэл “таксины мөнгөгүй байна” гэхээр нь би гарч таксины мөнгийг төлсөн. Манай байрны ах болохоор нь сэтгэл хөөрөөд хамт архи уухаар болсон. .... Тэр үед байрны гадаа Алтангэрэл түүнтэй цуг ирсэн найзтай нь хамт бид гурав зогсож байсан. Бид буцаж ороод үргэлжлүүлж архи уусан. Нэг мэдэхэд тасраад унтаж байсан чинь Алтангэрэл надаас “картаа өгчих” гээд байхаар нь картаа өгөөд өөрийн картын кодоо хэлсэн. Намайг унтаж байхад л миний картыг асуугаад авсан. Миний картанд байгаа мөнгийг Алтангэрэл захиран зарцуулах эрх байхгүй. Хохирлын мөнгө 700.000 төгрөг авсан байгаа. 300.000 төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Энхбаярын /хх-ийн 15-16/: “... Би ажлаа дуусгаад 18 цагийн үед Ган-Очирын ээжтэй хамт 100-н айлын 4 дүгээр байрны гадаа уулзаад Баасаагийн гэр рүү орохоор хаалгыг нь нүдэхэд онгойлгохгүй хэсэг удсан. Хэсэг байж байгаад Ган-Очир хаалга нээсэн. Би Ган-Очирыг “явъя” гэтэл Ган-Очир “нэг шил архи уучхаад явна, архи аваад ир” гээд виза картаа хайгаад “миний карт алга байна” гээд байсан. Би Баасаагийн гэр дотор хайтал зурагтны урд талд Ган-Очирын “ХААН” банкны виза карт, гар утас, машины түлхүүр байхаар нь авч гараад ээж аавд нь өгсөн. Ээжтэй нь хамт дэлгүүр орж архи, пиво авч би өөрийн картаар тооцоо хийсэн. Буцаж Баасаагийн гэрт нь орж Ган-Очирт виза картыг нь өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Баасанжаргалын /хх-ийн 17-18/: “... найз Болороотой гэртээ архи хувааж ууж байтал 12 цагийн үед Ган-Очир ороод ирсэн. Бид юм яриад сууж байсан санагдаж байна. Би нэг мэдсэн чинь тасарчихсан байна лээ. Ухаан орсон чинь Сонгино хочит Алтангэрэл манай гэрт танихгүй эрэгтэй хүнтэй ороод ирчихсэн байсан...” гэх мэдүүлгээр/,
гэрч Н.Болороогийн /хх-ийн 19-20/: “... Баасанжаргал бид хоёр архи хувааж уучихаад байж байтал 12 цаг өнгөрч байхад Жижгээ хочит Ган-Очир ороод ирсэн. Бид юм ярьж сууж байгаад Ган-Очир дэлгүүр явж архи авч ирсэн. Бид гурав архиа хувааж уугаад архи дууссан бил үү, үгүй бил үү Сонгино хочит Алтангэрэл үл таних эрэгтэй хүнтэй Баасанжаргалын гэрт ирсэн санагдаж байна. Би тасарчихсан байна лээ. Нэг харахад Алтангэрэл ирчихсэн байсан. Удаагүй л явчихсан санагдаж байна. Буцаж орж ирснийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,
Г.Алтангэрэлийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 42-43/: “... Би Ган-Очирын картыг Батдоржид өгөөд Дарь эхэд байдаг “ХААН” банкны АТМ-ээс 700.000 төгрөг авахуулсан. Батдорж надаас унааны зардал хэрэгтэй гэхээр нь 250.000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр тэндээс салцгаасан. Ган-Очир өөрөө надад картаа өгөхдөө “300.000 төгрөг аваарай, 50.000 төгрөгөөр архи авчих, 250.000 төгрөгийг та ав” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
Н.Батдоржийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 35-36/: “...Алтангэрэлийн дүүгийнх рүү нь явж байхад Алтангэрэл гэнэт “Ган-Очирын картыг өгөөгүй байна шүү дээ” гэснээ намайг “АТМ-ээс 700.000 төгрөг авчих” гэж хэлэхээр нь би бэлэн мөнгөний АТМ-ээс Ган-Очирын картыг уншуулж 700.000 төгрөг бэлнээр аваад Алтангэрэлд өгсөн. Алтангэрэлд би “хөгшин чинь явах гэж байгаа шүү, унааны зардал өгчихөөрэй” гэсэн чинь надад 250.000 төгрөг өгсөн. Тэгээд Алтангэрэлийг гэрт нь хүргэж өгөөд бид хоёр салсан...” гэх мэдүүлгээр болон “ХААН” банкны Зоригтын Ган-Очир харилцагчтай 5079089255 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45-47/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь З.Ган-Очирын итгэмжлэн хариуцуулж өгсөн банкны виза картанд байсан мөнгөн хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан, үүний улмаас хохирогчид 950.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Г.Алтангэрэл, Н.Батдорж нар нь З.Ган-Очирын итгэмжлэн хариуцуулсан банкны виза картанд байсан мөнгөн хөрөнгөнөөс хувьдаа авч завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй тэдний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Ийнхүү Г.Алтангэрэл, Н.Батдорж нарын “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч З.Ган-Очирын “гомдол саналгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Алтангэрэл, Н.Батдорж нарыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Алтангэрэл, Н.Батдорж нарыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дүйнхэрдорж овогт Нямдоржийн Батдорж, Боржигон овогт Галдангийн Алтангэрэл нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтангэрэлийг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдоржийг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтангэрэл, Н.Батдорж нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтангэрэл, Н.Батдорж нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Алтангэрэл, Н.Батдорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ