Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 757

 

 

 

 

 

 

 

 

    2019        08        13                                     2019/ШЦТ/757

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

улсын яллагч: Г.Ганбагана,  

шүүгдэгч: М.Одбаяр (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мөнхжаргалын Одбаярт холбогдох эрүүгийн “1909027180866” дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Айр сервес” ХХК-д агааржуулалтын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дугаар гудамжны 64 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ПВ93051410 регистерийн дугаартай, Модонгууд овогт Мөнхжаргалын Одбаяр.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.Одбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амуу” нэртэй хүнсний дэлгүүрийн харгалдаа “гудамжинд шээлээ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас Н.Атарбаатартай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Одбаяр мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Амарбаатар /хх-ийн 16-19/, гэрч Г.Сүмбэр /хх-ийн 27-29/, Т.Алтантөр /хх-ийн 31-33/, Б.Лхагважав /хх-ийн 35-37/, Б.Эрдэнэдалай /хх-ийн 39-41/ нарын мэдүүлэг, М.Одбаярын  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8798 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/, Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 50-52/, М.Одбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 59-71/, Н.Атарбаатарын хүсэлт /хх-ийн 74/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Одбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амуу” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим Н.Атарбаатарыг “гудамжинд шээлээ гэж хэллээ” хэмээн маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Н.Атарбаатарын /хх-ийн 9-12/: “... 2019 оны 07 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед эхнэр хүүхдийн хамт манай гудамжны төгсгөлд байдаг хүнсний дэлгүүр орох гээд явсан юм. Дэлгүүрийн гадаа очоод гадаа гоё байхаар нь би гадаа үлдэж эхнэр дотогшоо хүнсний юм авах гээд орсон. Би эхнэрээ хүлээгээд гадаа хүүхдийн хамт байж байтал 4 залуу ирээд нэг нь бие засахаар нь “гудамжинд хүүхдийн хажууд болохгүй шүү” гэж хэлтэл тэр бие засаж байсан залуу над руу “чамд ямар хамаатай юм” гээд согтуурхаад дайрахаар нь би муудалцаад барьцалдсан. Тэр залуу шууд миний нүүр рүү гараараа цохиод газраас чулуу аваад миний толгой орчим цохисон. Би өөрийн эрхгүй газар унасан бөгөөд миний дээрээс өшиглөж дэвсээд эхнэрийн дуу гарахад бүгдээрээ зугтаасан...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Б.Сүмбэрийн /хх-ийн 28-29/: “... 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай найз нар болох Одбаяр, Алтантөр, Эрдэнэдалай нар манайд ирж хамт хорхог хийж идээд 1 литрийн “Эдэн” гэх архи хувааж уугаад орой 22 цагийн үед найз нарын хамт Гомбоо гэх залуугийн гэрт очих гээд 7 буудал руу явсан. Долоон буудлын хойно байх гудамж руу ороход гудамжинд “Амуу” гэх дэлгүүрийн хажууд нэг залуу сууж байсан. Одбаяр ойролцоо бие засахад тэр залуу “яагаад наанаа шээж байгаа юм” гээд тэр хоёр хоорондоо маргалдаж барьцалдаад заамдалцаад авсан. Манай найз Одбаяр тэр залуугийн нүүр хэсэгт нэг удаа цохиход тэр залуу газар унасан бөгөөд манай найз дээрээс нь өшиглөөд дэвсэхээр нь бид нар “боль, боль” гээд салгаад аваад явсан юм. Тухайн үед Одбаяр тэр залуутай гэнэт маргалдаад л маш хурдан зодоон болсон. Бид нар салгаж амжаагүй...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Т.Алтантөрийн /хх-ийн 32-33/: “... Гомбоогийн гудамж руу ороод явж байхад Одбаяр гудамжинд бие зассан. Дэлгүүрийн хажууд сууж байсан нэг залуу Одбаярыг “наанаа битгий бие зас” гэж хэлж байсан. Миний гар утас дугараад намайг утсаар ярьж байхад найзууд “явъя, явъя” гээд явсан. Тэгээд явж байхад Одбаяр “тэр залуутай маргалдаад зодолдчихлоо” гэж ярьж байсан. Тухайн үед юу болсныг би хараагүй юм...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Б.Лхагважавын /хх-ийн 36-37/: “... 2019 оны 07 дугаар сарын 15-ны орой 22 цаг өнгөрч байхад нөхөр хүүхдийн хамт манай гудамжны төгсгөлд байдаг хүнсний дэлгүүр орох гээд явсан. Дэлгүүрийн гадаа очоод би дэлгүүр рүү ганцаараа ороод манай нөхөр хүүхэд хоёр гадаа хүлээж байсан. Би дэлгүүрт ороод авах юмаа үзээд байж байтал манай хүү гаднаас орж ирээд “аав хүмүүстэй маргалдаад байна” гэхээр нь би гараад гүйтэл манай нөхөр гудамжинд нэг залуутай муудалцаад зогсож байсан. Тэр залуу нь манай нөхрийг газраас чулуу авч цохиход манай нөхөр газар унасан. Мөн дээрээс нь өшиглөөд дэвсээд байсан. Би орилоод гүйгээд очиход бүгдээрээ зугтаагаад явсан...” гэх мэдүүлгээр,

    

  М.Одбаярын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8-9/: “... 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед найз Алтантөр, Эрдэнэдалай нарын хамт найз Сүмбэрийн гэрт очиж хорхог хийж идээд 1 литрийн “Эдэн” гэх архи хувааж ууж юм ярьж суусан. Ингээд бид хэсэг юм ярьж сууж байгаад орой 22 цагийн үед найз Алтантөр, Эрдэнэдалай, Сүмбэр нарын хамт Гомбоо гэх залуугийн гэрт очих гээд 7 буудал явсан. 7 буудлын Гомбоогийн гудамж руу ороод явж байхад миний шээс хүрээд гудамжинд шээсэн. Намайг шээж байхад нэг халамцуу согтуу залуу ирээд “чи наанаа шээдэг нь яаж байгаа юм” гэхээр нь би “шээс хүрээд тэссэнгүй” гэж хэлтэл над руу чиглэж “чи наанаа шээх ёстой юм уу” гээд орилж ирээд намайг заамдаад цохих гэхээр нь би нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж газраас нэг чулуу аваад толгой хэсэг рүү нь цохиход тэр залуу газар унасан. Би дээрээс нь 3-4 удаа өшиглөөд дэвсээд найзууд “боль явъя” гэхээр нь би найзуудын үгэнд ороод явсан...” гэх мэдүүлгээр,

 

Н.Атарбаатарын биед “зулайд шарх, хамар ясны зүүн хажуу ханын хугарал, баруун 4-р хавирганы хөндлөн хугарал, 5, 6-р хавирганы цуурал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал” бүхий хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 8798 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан М.Одбаярын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч М.Одбаярын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Атарбаатар нь “... эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 01, 04-ний өдөр авсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 74 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч М.Одбаярыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Одбаяр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Модонгууд овогт Мөнхжаргалын Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Одбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Одбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч М.Одбаяр нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Одбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ