Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 204/МА2025/000019     

 

 

 

 

  2025 оны  7 сарын   22                                                 204/МА2025/00019                       

 

 

Өвөрхангай аймгийн Т  сумын Засаг

даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанд

                                            

                                             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг,

                                                  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд,

                                                Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 314/ШШ2025/00329 дүгээр шийдвэртэй Өвөрхангай аймгийн Т  сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Ч.Ө  холбогдох зээлийн гэрээний үүрэг 22,207,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Ө ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Т  сумын Засаг дарга Х.Д  анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Н.А  нь Т  сумын Сум хөгжүүлэх сангаас 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 0,25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай төмс хүнсний ногоо тариалах зориулалттай зээлсэн. Зээлийн эргэн төлөх хугацаа болоход зээлээ төлөөгүй, хугацаа хэтрэлт 4,7 жил болсон. Зээлдэгч нас барсан тул хамтран зээлдэгч болох Ч.Ө  зээл төлөх хариуцлагыг шилжүүлж, Т  сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэр болох 3,000,000 төгрөг, хүү 157,500 төгрөг, алданги 19,050,000 төгрөг, нийт 22,207,500 төгрөгийг хамтран зээлдэгч Ч.Ө аас гаргуулж өгнө үү гэжээ.

            2. Хариуцагч Ч.Ө анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Өвөрхангай аймгийн Т  сумын Засаг дарга Х.Д ийн гаргасан 22,207,500 төгрөгийг хамтран зээлдэгч Ч.Ө-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх гэрээний дагуу миний бие аливаа байдлаар мөнгө зээлээгүй, мөнгө аваагүй, надад энэ 2 цаас дээр гарын үсэг л зурчих гэсэн. Барьцааны гэрээнд Н.А  зээлээ төлөөгүй байна гэж хэн нэгэн надад хандаж байгаагүй. Т  сумын Засаг дарга ямар учраас 2020 онд зээлээр олгосон мөнгөө одоо нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Т  сумын Засаг дарга Х.Д  болон Н.А  нарын байгуулсан гэрээгээр зээлээ эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас хэд хоног хэтрүүлсэн л бол зээлээ шаардах, эсхүл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэсэн байна. Гэтэл энэ арга хэмжээг ямар үндэслэлээр өнөөдрийг хүртэл аваагүй гэдгийг ойлгохгүй байна. Иймд зээлдэгч Н.А  нас барсан хэдий ч түүний өв хөрөнгийг хүлээж авсан хүмүүсээс эсхүл түүний эд хөрөнгөөс гаргуулж хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Түүнчлэн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү, нэхэмжлэлд дурдсан алданги зэрэг нь хуульд нийцээгүй. Би зээлдэгч биш учраас талийгаач Н.А  тухайн зээлийн төлөлтийг хийсэн эсэхийг мэдэхгүй байна гэжээ.

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Сум хөгжүүлэх сангийн зээлийн журмын дагуу хамтран зээлдэгч Ч.Ө  нэхэмжлэл хүргүүлсэн. Үндсэн зээл, зээлийн хүү, алданги бүгд нийлээд 22,257,200 төгрөг бөгөөд үүнийг хариуцагч Ч.Ө-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Д.-жийн эхнэр Ц.П гэдэг хүн сум хөгжүүлэх сангаас зээл авсан. Тэгэхдээ Д.А гэдэг хүн тухайн зээлд хамтран зээлдэгчээр ороогүй. Зөвхөн барьцааны хөрөнгө дээр л гарын үсэг зурсан байгаа. 2011 онд Ц.П гэдэг хүн сум хөгжүүлэх сангаас зээл авсан тул Д.А ийг өмнө нь зээл авсан гэж үзэхгүй гэжээ.

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганболд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 онд талийгаач Д.А ид 22,000,000 төгрөгийг зээлсэн. Д.А  гэдэг хүн нь хариуцагч Ч.Ө ын арван жилийн ангийнх нь найз байсан. Засаг даргаас надад сум хөгжүүлэн сангийн зээл олгоно гэсэн, нэг хүн дагуулж ирээд гарын үсэг зуруулчих гэж хэлсэн гэхээр нь найздаа туслаад гарын үсэг Ч.Ө  зурчихсан. Энэ мөнгө Ч.Ө ын дансаар ороогүй, бэлнээр аваагүй, захиран зарцуулаагүй. Д.А  гэдэг хүн хоёр удаа зээл авч байсан бөгөөд авсан зээлээ төлөөгүй, мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж байсан. Энэ шүүгчийн захирамжийг ч биелүүлээгүй буюу зээлээ төлөөгүй байна. Энэ журам дээр нь сум хөгжүүлэх сангаас зээл аваад хугацаандаа төлөөгүй бол дахин зээл олгох боломжгүй байдаг.Сумын Засаг дарга хяналт тавиад тухайн жилд дээд тал нь хэчнээн төгрөгийн зээл олгогдох ёстой гэдэг талаар хурал хийж хурлаар шийдвэрлүүлээд, тэгээд ямар хүмүүст зээл олгосон нь хавтас хэрэгт нотлох баримт байхгүй. Хэн, хэн гэдэг төлөөлөгч нар оролцоод, ямар үндэслэл, шалгаруулаад ямар хүмүүст зээл олгох боломжтой байна гэдэг жагсаалт, хурлын тэмдэглэл, шийдвэр байхгүй учраас Засаг дарга зээлийг дур мэдэж олгосон мэт харагдаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ алданги гэж нэхсэн байгаа. Иргэний хуульд алдангийг үндсэн зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байхад нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа алданги нь 50 хувиасаа хэтрээд үндсэн зээлээсээ 100-аас дээш гараад явчихсан байна. Мөн зээлийг төлөх ёстой хугацаанаасаа 15 хоног хэтрэх юм бол хариуцсан хүмүүс нь араас нь хөөцөлдөх, ядаж энэ хүнд мэдэгдэнэ. Гэтэл 5 жилийн хугацаа өнгөрчихсөн байна. Д.А  гэдэг хүн тухайн зээлийг 2020 онд аваад 2021 онд нас барсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа зүйл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хамтран зээлдэгч хариуцагч Ч.Ө аас үндсэн зээлийн 3,000,000 төгрөгийг, үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр буюу хүү, алдангийн 1,500,000 төгрөгийг, нийт 4500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Т  сумын сум хөгжлийн сангийн дансанд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 17,707,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ч.Ө аас 43,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Ч.Ө  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж зээлийн гэрээ болон сум хөгжүүлэх сангийн журмын тодорхой заалтуудыг үндэслээгүй. Миний бие зээл аваагүй бөгөөд ангийн найз зээл авах гэж байгаа Дашдэлэг нэг хүн олоод ир, хамт гарын үсэг зураад зээл ав гэсэн гэхээр нь үгүй гэж хэлж чадахгүй гарын үсэг зурсан нь миний буруу болсон. Тухайн үед Засаг дарга Х.Д  сум хөгжүүлэх сангийн журмын 4.2 дахь заалтын 4.2.2-т сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх, 4.2.3-т зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх, мөн зээлийн гэрээний 7 дугаар зүйлд заасан зээлдүүлэгчийн эрх, үүрэг бүхэлдээ биелэгдээгүй, 9 дүгээр зүйлд заасан гэрээг дуусгавар болгох үндэслэл буюу 9.2.4-т гэрээгээр хүлээсэн үүргээ хоёроос дээш удаа зөрчсөн, эсхүл 15-аас дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн бол гэрээг нэг талын хүсэлтээр цуцлах боломжтой байсан. Мөн зээл олгохгүй байх ч боломжтой байсан. Мөн сумын Сум хөгжүүлэх сангийн ажилтан түүнийг хянаж байсан Засаг дарга нь ажлаа шударгаар хийж байсан бол би өрөнд орохгүй байсан. 2020 онд олгосон зээлдээ хяналт тавьж хугацаа хэтэрсэн үед нь надад хэлж байсан бол ийм зүйл болохгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2020 оны 6 дугаар сард олгогдсон зээл байдаг. Уг зээлээс хариуцагч Ч.Ө  нэг ч төгрөг хэрэглээгүй буюу өөрийн дансаар, бэлнээр авсан зүйл байдаггүй. Анхан шатны шүүх зөвхөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг баримталж шийдвэр гаргасан. Ч.Ө  нь зээлдэгч мөн эсэхийг тогтоогоогүй. Сум хөгжүүлэх сангийн журмыг баримтлаагүй. Уг зээл нь журмын дагуу олгогдсон эсэх талаар мөн ямар ч дүгнэлт гаргаагүй. Өвөрхангай аймгийн Т  сумын Засаг дарга Х.Д  гэдэг хүн тухайн зээлийн талаар бүрэн судлаагүй олгосон. Гэтэл зээл авсан Д.А нь удаа дараа сум хөгжүүлэх сангаас эхнэрээрээ дамжуулаад зээл авсан байдаг. Мөн  банканд зээлийн үлдэгдэлтэй байсан байдаг. Харин Ч.Ө  ангийнх нь хүүхэд Засаг дарга надад зээл өгье гэж байна чи очоод гарын үсэг зураад өг гэхэд нь очоод гарын үсэг зурчихсан. Энэ талаар мөн анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. 2020 онд авсан зээл одоо 5-н жил өнгөрсөн байна. Хэрвээ зээлээ төлөөгүй 15 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд яах талаар журам болон гэрээндээ тодорхой зааж өгсөн. Гэтэл гэнэт 5-н жилийн ийм асуудал гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Төрийн албан хаагч ажлаа дутуу хийснээс болж ийм байдалд хүрч байна. Уг зээл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн зүйлийн 56.1.9-т заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Зөвхөн зээлдэгч гэдэг талаас нь харж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг баримталж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А  нь Өвөрхангай аймгийн Т  сумын Сум хөгжүүлэх сангаас 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээл авсан. Сум хөгжүүлэх сангийн зээлийг сонгон шалгаруулах хороо гэж байдаг. Үүнд Төрийн сан, аймгийн хоршоо хөгжүүлэх сангийн мэргэжилтэн, Тамгын газрын дарга, Засаг дарга, 2 төрийн бус байгууллага нийт 5-н хүний бүрэлдэхүүнтэй хороо ажилладаг. Мөн хяналтын зөвлөл гэж байдаг. Энэ нь 5-н хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Сум хөгжүүлэх сангийн зээлийн төслийг сонгон шалгаруулж сумын Засаг даргад өгнө. Харин сумын Засаг дарга гэрээ хийх үүрэгтэй. Сумын Засаг дарга сонгон шалгаруулах төсөл сонгон шалгаруулах хороонд оролцох эрхтэй, харин саналын эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл санал өгөхгүйгээр гэрээ байгуулах үүрэг хүлээдэг. Ч.Ө  нь найз гэж гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгчээр сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэв.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

10. Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Т  сумын Засаг даргаас хариуцагч Д.А, Ч.Ө  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 22,207,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Ө  эс зөвшөөрч маргажээ.

          12. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

               12.1.   Зохигчдын хооронд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 0,25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрийн гарын үсэг зурагдсан. /хх-7-11/

               12.2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Н.А , Ч.Ө  нарыг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан байхад шүүх  Н.А ид холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр байна.

               12.3. Анхан шатны шүүх хариуцагч Ч.Ө  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  22,207,500  төгрөг гаргуулах тухай  Өвөрхангай аймгийн Т  сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. /хх-27-28/

               12.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаар  хоёр этгээдийг тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хариуцагчийг сольж, иргэний хэрэг үүсгэсэн, нас барсан этгээдтэй холбоотой харилцаа үүссэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэв.

    12.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн агуулгыг тодорхойлсон бөгөөд “118.3.Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана.”, “118.4.Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга нь энэ хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдвал зохих нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг үндэслэх хэсэгт бүхэлд нь тусгасан, хариуцагч талын татгалзлыг хэрхэн үгүйсгэсэн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн нотлох баримт хийгээд үйл баримт, түүнд үнэлэлт дүгнэлт өгсөн байдал, шүүхийн шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг бүхэлд нь хянан шийдвэрлэх бөгөөд харин шийдвэрийн бүтэц, агуулгыг өөрчлөх эрх хэмжээ байхгүй юм.

12.6. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын талаар үндэслэх хэсэгт дурдаагүй, дүгнээгүй, энэ заалтаар ямар асуудлыг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

          13. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

14. Хариуцагч Ч.Ө аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 314/ШШ2025/00329 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ө аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.