Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01097

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02959 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 153,150,000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 48,000,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие ******* ******* ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг эзэмшдэг бөгөөд 2022 оны 08 сарын 05-ны өдөр өөрийн 30 хувийн хувьцаа буюу 6,000 ширхэг хувьцааг ******* ХХК-д худалдахаар гэрээ байгуулж, хувьцааны төлбөрт 102,100,000 төгрөгийг ******* ХХК надад шилжүүлэхээр болсон. Уг гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01-ний өдөр 10,210,000 төгрөгийг 10 удаа төлөхөөр тохиролцсон. Сар бүр 10,210,000 төгрөг төлөхдөө 6,000,000 төгрөг, үлдсэн 4,000,000 төгрөгт тодорхой бараа, түүхий эд тооцож төлөх юм. Гэтэл гэрээ байгуулснаас хойш өдийг хүртэл хувьцаа худалдан авсан ******* ХХК төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөр 102,100,000 төгрөг, алданги 51,050,000 төгрөг, нийт 153,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь анх 2022 оны 03 сарын 30-ны өдөр 0465 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, манай "*******" ХХК-ийн охин компани болох "******* *******" ХХК-ийн 30 хувь буюу 6,000 ширхэг хувьцааг уг гэрээний 3.1-д заасны дагуу 150,000,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани "******* *******" ХХК-ийн 30 хувь буюу 6,000 ширхэг хувьцааг *******д шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. ******* нь 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 0465 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу 102,000,000 төгрөгийг манай компанид төлсөн. Харин үлдэгдэл 48,000,000 төгрөгийг төлөөгүй. Худалдан авагч ******* нь төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлж чадахгүй байсан тул ******* болон ******* ******* ХХК нь 2022 оны 08 сарын 05-ны өдөр 1149 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ******* ХХК нь *******ас ******* ******* ХХК-д эзэмшиж байгаа 30 хувь буюу 6,000 ширхэг хувьцааг 102,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэрээний үлдэгдэл төлбөр 48,000,000 төгрөг төлөгдөөгүй тул тухайн төлбөрийг суутган тооцох, мөн манай компани нь 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 1149 дугаартай гэрээний 3.2-т заасны дагуу *******ын эзэмшлийн "Меркури дистрибьюшн" ХХК-д 2022 оны 12 сарын 15-ны өдөр 1,230,000 төгрөг, 2022 оны 12 сарын 17-ны өдөр 2,717,700 төгрөг, 2022 оны 11 сарын 22-ны өдөр 4,520,080 төгрөг, 2022 оны 10 сарын 03-ны өдөр 3,519,520 төгрөг, 2022 оны 09 сарын 06-ны өдөр 4,044,000 төгрөг, нийт 15,491,320 төгрөгийн бараа материалыг төлбөртөө тооцож өгсөн байдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 102,100,000 төгрөгөөс худалдаж авсан хувьцааны үлдэгдэл төлбөр 48,000,000 төгрөг мөн төлбөрт өгсөн барааны төлбөр 15,491,320 төгрөгийг хасаж тооцоход 38,608,680 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болно.

Мөн *******ас 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 0465 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 48,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 0465 дугаартай худалдах, худалдан авах гэрээг талууд цуцлаад, 2022 оны 08 сарын 05-ны өдрийн гэрээгээр ******* нь хувьцааг буцаан ******* ХХК-д шилжүүлэх, ******* ХХК нь *******ын төлсөн 102,000,000 төгрөгийг хуваан төлөхөөр тохирсон. Иймд хариуцагч 48,000,000 төгрөгийг шаардах үндэслэлгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 86,608,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,541,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХХК-ийн 48,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,083,450 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 397,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 590,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх зохигч нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 86,608,680 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй гэж үзээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага болсон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байх тул 86,608,680 төгрөгөөс гүйцэтгээгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 43,304,340 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: 2022 оны 08 сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 3.3-т заасны дагуу алданги нэхэмжилсэн. Гэвч уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулиар тогтоосон хэмжээнээс их буюу 5 хувиар тогтоосон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тухайн гэрээний заалт хүчин төгөлдөр бус учраас алданги төлөх үндэслэлгүй гэжээ.

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

7.1. Талууд 2022 оны 03 сарын 30-ны өдрийн гэрээг нотариатаар баталгаажуулсан, тухайн гэрээг цуцлах, татгалзах тухай санал хүсэлт, баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу ******* нь гэрээнээс татгалзах эрхээ алдсан тул тусгайлан 2022 оны 08 сарын 05-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг байгуулж шинээр эрх зүйн баримт бичиг үйлдэн хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцож түүний дагуу компанийн бүртгэлээс хасуулсан үйл баримтыг харгалзан үзээгүй.

7.2.  Мөн 2022 оны 08 сарын 05-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ нь *******ын хүсэл зоригоор байгуулагдсан ба тухайн гэрээнд өмнөх гэрээг хүчингүй болгох татгалзах, гэрээг цуцлах тухай дурдагдаагүй өгсөн, авснаа буцаах тухай заалт оруулаагүй, хуульд заасан гэрээнээс татгалзах журмыг зөрчиж татгалзах эрхээ алдсан зэргээс үзвэл 2022 оны 03 сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэх үндэслэлтэй атал үүнийг харгалзан үзэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

7.3.  Мөн 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 1149 дугаартай худалдах, худалдан авах гэрээний 3.3-т "Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн худалдан авагч тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувиар алданги төлнө" гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс их буюу хуулиар тогтоосон хэмжээг зөрчиж хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг харгалзан үзээгүй, гэрээний хүчин төгөлдөр эсэх байдалд дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хүлээн авалгүй хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Өмнөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж хариуцагч тал маргасан. Сүүлд байгуулсан гэрээнд хувьцааг 102,000,000 төгрөгөөр зарна гэж хоорондоо тохиролцсон учраас өмнөх гэрээний асуудлыг дурдаж, тухайн гэрээ хүчингүй болоогүй, төлбөрөө дутуу төлсөн гэж хариуцагч тал тайлбарласан. Анхан шатны шүүх талууд гэрээнээс татгалзаад өгсөн, авснаа буцаахаар тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөнгөө бодитоор төлсөн боловч хамтран ажиллах тохиролцоо амжилтгүй болоод мөнгөө буцааж авсан ч 102,000,000 төгрөгөөр хувьцааны төлбөрийг тохиролцсон гэжээ. 

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 102,100,000 төгрөг, алданги 51,050,000 төгрөг, нийт 153,150,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 38,608,680 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 48,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган зохигч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талууд 2022 оны 03 сарын 30-ны өдөр 0465 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь өөрийн эзэмшлийн ******* ******* ХХК-ийн 30 хувь буюу 6,000 ширхэг хувьцааг худалдах, ******* нь хувьцааны үнэ 150,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 73/

3.2.  Үүний дагуу 2022 оны 04 сарын 08-ны өдөр ******* нь ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн (улсын бүртгэлд) бөгөөд 2022 оны 03 сарын 29-ний өдрөөс 2022 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 102,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлж, үлдэх 48,000,000 төгрөгийг төлөөгүй. /хх 72, 71-82, 96-арын нүүр/

3.3.  Улмаар талууд 2022 оны 08 сарын 05-ны өдөр 1149 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь өөрийн эзэмшлийн ******* ******* ХХК-ийн 30 хувь буюу 6,000 ширхэг хувьцааг худалдах, ******* ХХК нь хувьцааны үнэ 102,100,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 7/

3.4.  Үүний дагуу 2022 оны 08 сарын 08-ны өдөр ******* нь ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан (улсын бүртгэлээс) бөгөөд ******* ХХК нь 2022 оны 09 сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 15,491,320 төгрөгийг бараа материалаар төлж, үлдэх 86,608,680 төгрөгийг төлөөгүй. /хх 38-45, 96-арын нүүр/

4. Дээрхээс үзвэл, талууд 2022 оны 03 сарын 30-ны өдөр 0465 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр буюу 48,000,000 төгрөг төлөгдөөгүйтэй холбоотой тус гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаахаар харилцан тохиролцон 2022 оны 08 сарын 05-ны өдөр 1149 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар ******* нь ******* ******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа буюу 6,000 ширхэг хувьцааг ******* ХХК-д буцаан шилжүүлснээр улсын бүртгэлээс хасагдаж, ******* ХХК нь гэрээний үнэд авсан 102,100,000 төгрөгөөс 15,491,320 төгрөгийг бараа материалаар төлж, үлдэх 86,608,680 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2022 оны 08 сарын 05-ны өдөр байгуулагдсан 1149 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь бие даасан гэрээ биш, харин талуудын хооронд 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулагдсан 0465 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, өгсөн авснаа хэрхэн буцаах тухай тохиролцоо байна.

Талуудын хооронд 2022 оны 08 сарын 05-ны өдөр байгуулагдсан 1149 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-т тусгагдсан алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй байх тул алданги 51,050,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй, улмаар энэ талаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Иймд, анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 86,608,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцжээ.

6. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02959 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас 2025 оны 05 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 375,000 төгрөг, хариуцагч талаас 2025 оны 05 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 590,993 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР