Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 704

 

 

   2019        07          24                                  2019/ШЦТ/704

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          Улсын яллагч Н.Уранбайгаль,

          Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агаарын техникч мэргэжилтэй, “МИАТ” хувьцаат компанид техник үйлчилгээний хэлтсийн дагалдан техникч ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, О.Г,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          О.Гнь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 560 дугаар байрны баруун зогсоолын замд П.Жаргалын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 02-01 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 85 настай, эмэгтэй Ж.Хоролгаравыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Г-ийг

автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч О.Г нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 560 дугаар байрны баруун зогсоолын замд П.Жаргалын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 02-01 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дурмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 85 настай, эмэгтэй Ж.Хоролгаравыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэх мэдүүлэг, 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Уг зам тээврийн осол гарсан газар нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 560 дугаар байрны зогсоолд буюу асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторхи, зогсоол бүхий, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай, тусгаарлах зурвасгүй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй замд Тоёото Приус маркийн 02-01 УБХ улсын дугаартай автомашины жолооч О.Г нь ухрах үйлдэл хийж байхдаа \зогсоолоос гарах гэж\ зам дээр зогсож байсан харааны бэрхшээлтэй 85 настай, эмэгтэй Ж.Хоролгаравыг мөргөж унагаасан гэх ба ослын газар очиход явган зорчигч болон түүний охин Д.Сэргэлэн болон жолооч О.Г нар байж байсан” /хх-ийн 4-6 дугаар хуудас/ гэжээ.  

 

          Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

 

          Хохирогч Ж.Хоролгаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 40 минутын үед охин Сэргэлэнгийн хамт байрных нь гадаа ирэхэд намайг машинаас буулгаад “зогсож байгаарай” гэж хэлсэн. Би таягаа тулаад зогсож байтал нэг машин намайг мөргөхөд ар нуруугаараа хойш унасан. Би өөрөө 2 нүд юм хардаггүй болохоор болсон явдлыг хараагүй. Нурууны L-1 нугалам хугаралтай байна гэсэн. Одоо нуруу, бөөр өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 45 минутын үед ээж Хоролгаравын хамт гэртээ орох гээд Сүхбаатар дүүргийн 11 хороо, 560 дугаар байрны хашаа руу өөрийн унаж явсан машинтайгаа ороод зогсоол байхгүй болохоор нь ээжийг зогсоолын гол хэсэгт түр буулгаж үлдээгээд нэг машин зогсоолоос гарч байхаар нь уг машины оронд машинаа байрлуулах гээд ухарч байтал ээж ёолоод хашгираад явчихсан, юу болов гээд хартал саарал Тоёото Приус маркийн автомашин ухарч байгаад манай ээжийг мөргөчихсөн. Ээж ар нуруугаараа газар унасан байсан. Тэгээд ээж дээр очсон чинь жолооч нь гарч ирээд манай ээжийг босгоод ухарч байгаад мөргөчихлөө гэж байсан. Бид хэд тухайн үед жолоочийн хажууд сууж явсан хүнтэй нэг хэсэг маргалдаж байгаад өөрөө 102, 103-руу дуудлага өгсөн. Манай ээж 83 настай, хоёр нүд нь юм хардаггүй, миний асаргаанд байдаг юм. Манай ээжийн нурууны бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, баруун өгзөг, ууц, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Эмчилгээнд нийт 407.737 төгрөг зарцуулсан байгаа. Баримтаар гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,   

         

          Шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ж.Хоролгаравын биед бүсэлхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, баруун өгзөг, ууц, зүүн шилбэнд цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх 6835 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

          Яллагдагч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

          Хохирогч Ж.Хоролгаравын эмчилгээний зардал буюу хохирлын баримтууд /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч О.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  51 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, О.Г-ийн ажлын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, О.Г-ийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 67 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         

          Шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг О.Г-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Г-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Г-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Г-ийг шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Г бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.         

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ