Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01098

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02834 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 03199 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 00886 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 00764 дугаар тогтоолоор иргэн *******аас 808,382,796 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгох, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байрны******* тоот хаягт байршилтай, 296.97 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу *******аас 2024 оны 01 сарын 10-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр ******* ХХК-ийг томилсон. ******* ХХК нь 2024 оны 01 сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байрны******* тоот хаягт байршилтай, 296.97 мкв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 1,220,453,160 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээг *******аас ******* надад 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 3/401 дугаарын албан бичгээр мэдэгдсэн бөгөөд үнэлгээг эс зөвшөөрч байна. ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа өртгийн хандлага болон зах зээлийн хандлагын аргыг ашиглан тайлан гаргасан бөгөөд үнэлгээчин ******* нь тайландаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газар дээрх үзлэг хэмжилт акт, фото зураг, хөрөнгийн хийц бүтээцийн чанар байдлын тодорхойлолт, орон сууцыг худалдан борлуулахаар зарласан үнийн зах зээлийн мэдээллийн эх сурвалжийн материалыг ашигласан. Маргаан бүхий хөрөнгийг зах зээлийн хандлагаар тодорхойлохдоо буруу тодорхойлж, үнэлгээг бага гаргасан. Тухайлбал, ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн тохируулагдсан нэгж талбай 1 м.кв-г 4,109,685 төгрөгөөр тогтоосон бөгөөд үнэлгээ нь зах зээлийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил, орчин, зэрэглэл, шинж чанар, насжилт зэрэг үзүүлэлт бүхий байдлыг нь ижил үл хөдлөх хөрөнгийн үнэтэй харьцуулаагүй, энгийн нийтийн орон сууцтай харьцуулалт хийх байдлаар гаргасан нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн. Мөн шинжээч нь үнэлгээний тайландаа зах зээлийн жишиг харьцуулалтын аргын тооцооллыг гаргахдаа 2011, 2012, 2015 онд ашиглалтад орсон орон сууцны үнийн харьцуулалтыг хийж, 2015 онд ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгийн м.кв үнэ 4,956,435 төгрөг, 2011 онд ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгийн м.кв үнэ 3,349,165 төгрөг, 2012 онд ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгийн м.кв үнэ 3,741,206 төгрөгөөр тооцон дундаж үнэд үндэслэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв-ийг 4,109,585 төгрөгөөр гаргасан нь илтэд үндэслэлгүй. Үнэлгээчин ******* нь үнэлгээний тайланд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өртгийн үнэлгээг 1,078,277,395 төгрөгөөр гаргаж, элэгдлийг хасч тооцон 952,416,863 төгрөгөөр гаргасан. Ингэхдээ орон сууцны нийт талбайг нэгж хүчин чадлын тохируулга хийгдсэн нэгж үнээр үржүүлж, бүрэн оруулах өртгийг тодорхойлж, үүнээс үр ашигтай ашиглагдсан жилийн нийт элэгдлийг хасч, бодит үнэ цэнийг тодорхойлов гэж дүгнэсэн. Ингэж үнэлгээг гаргахдаа хөрөнгийн тодорхойлолтыг дутуу гаргасан. Нэхэмжлэгчийн хөрөнгө нь голын ойролцоо байрлалтай тул барилгын суурь нь давхар хэрээстэй башмакен суурь, үүн дээр нил суурь цутгаж хийсэн, бетон хүчитгэн цутгасан, бүх сантехникийн шугам хоолой нь зэс голтой, цахилгааны утас зэс, таазын өндөр З10 см бөгөөд барилгын материалын орц нь энгийн барилгаас илүү орсон учраас үүгээрээ дээд зэрэглэлийн барилга тул өртөг өндөр, үнэ ханш нь өөр гарна. Шинжээч үнэлгээ гаргахдаа энэ байдлыг судалж үзээгүй, шаардлагатай баримтыг цуглуулахгүйгээр дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээг бууруулсан болно.

Иймд, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр,******* тоот хаягт байршилтай, 296.97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2023 оноос явагдаж байгаа, нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүй. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Нэхэмжлэгч өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө 1,500,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр авагч банк зөвшөөрөөгүй. Тиймээс зах зээлийн ханшийг тогтоохоор үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээг 2024 оны 01 сарын 26-ны өдөр мэдэгдсэн, шинжээчийн үнэлгээ үндэслэлтэй.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа *******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь үнэлгээний тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартын дагуу өртгийн хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 хандлагыг ашигласан гэх боловч орлогын хандлагыг огт ашиглаагүй, зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ гаргасан. Ингэхдээ ижил шинж чанар бүхий ойролцоо байрлалтай жишиг хөрөнгөтэй харьцуулалт хийгээгүй, өртгийн хандлагын аргын ашиглахдаа тухайн орон сууцны хийцлэл барилгын материалын чанар, газар зүйн байрлал зэргийг харгалзан үзээгүй. Гэтэл анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээг хуульд нийцсэн, хөрөнгийн үнэлгээ бодиттой тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.2. Анхан шатны шүүх ...2018 оны 11 сарын 28-ны өдрийн үнийн саналд м.кв нь 7,000,000 төгрөг гэж байсан боловч үнэлгээ хийх үед тухайн орон сууцны зах зээлийн ханш хэдэн төгрөг байгаа талаарх баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчээс шүүхэд 2024 оны 12 сарын 02-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барихад ашиглагдсан барилгын материал, барилгын хийц бүтээцийг тодорхойлон орон сууцны бодит үнэ цэнийг тогтоох, ******* байртай байршил, хийц ашиглалтад орсон он ижил төсөөтэй барилгуудтай харьцуулан зах зээлийн бодит жишиг үнийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилох тухай хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс хүсэлтийг хангаагүй атлаа баримт ирүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

4.3.Маргаан бүхий ******* байр нь Туул голын эрэг дээр баригдсан барилга тул голын усны хамгаалалтын даланг мэргэжлийн байгууллагаар шийдүүлж, гадаргуугийн ус зайлуулах арга хэмжээг давхар аван хөрсний нуралт үүсэж болзошгүй тул барилгын суурь нь давхар хэрээстэй башмакен суурьтай 350 маркийн бетоноор цутгасан /энгийн барилгууд 250 маркийн бетоноор цутгадаг/. Орон сууц нь 2 давхар гарааштай тул нил суурь цутгаж бетоноор хүчитгэн зузаатгасан. Хажуу талын байрны бохир задарч Туул голд цутгаж байсан тул бүх сантехникийн шугам хоолой, паар, цахилгааны утас зэрэг нь тусгай захиалгын зэс материалаар хийгдсэн. Голын эрэг дагуу хүйтэн тул 20 см зузаан хөөс дулаалгатай, таазны өндөр нь 310 см бөгөөд тус Emerald Living орон сууцны барилга нийт 10,600 м.кв 24 айлтай, айл бүр нь 300 м.кв тансаг зэрэглэлийн орон сууц болох нь Үндэсний төв архиваас 2025 оны 06 сарын 03-ны өдөр ирүүлсэн Emerald Living цогцолбор барилгын архитектурын ажлын зурагны тайлбар бичиг, давхрын байгуулалт болон нүүр тал, шат лифт, гадна хана, дээврийн хэсэгчилсэн байгуулалт, ханын бүтэц, цэвэр бохир усны хоолойны зураг, материалын түүвэр, барилгад хэрэглэсэн материалын гарал үүслийн гэрчилгээ зэргийг харгалзан үзэлгүй бусад энгийн орон сууцны барилгаас өртөг өндөртэй өөр материалаар баригдсан зах зээлийн болоод бодит өртөг өндөр дүнтэй зэргийг харгалзан үзээгүй.

4.4. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нь хүн амьдрахаар тохижуулсан эсэх, байршил, барилгын материалын орц найрлага зэргээс шалтгаалж харилцан адилгүй үнэлэгдэг. Үнэлгээчин өртгийн хандлага ашигласан гэх боловч маргаан бүхий хөрөнгөд хэдий хэмжээний материал орсон, барилгын бүтээц, хийцэд анхаарал хандуулахгүйгээр дүгнэлтийг гаргасан. Дээрх үндэслэлээр үнэлгээний тайлан нь Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай Сангийн сайдын тушаалын 4.7-д үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхэд шаардлагатай ... ижил буюу жишиж болох төстэй үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны мэдээлэл байгаа тохиолдолд хэрэглэнэ гэж заасныг зөрчиж тухайн үнэлгээг үнэлгээний обьектын шинж байдал, онцлогт үндэслээгүй.

Иймд, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангалгүй нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Үнэлгээчин ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг зөв үнэлсэн болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны******* тоот хаягт байршилтай, 296.97 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 1,220,453,160 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/03199 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 210/МА2023/00886 дугаар магадлалаар хариуцагч *******аас 808,382,796 төгрөг болон 4,119,864 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, *******ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

4.  Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь 2023 оны 09 сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр, магадлалд дурдагдсан *******ын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны******* тоот хаягт байршилтай, 296.97 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2023 оны 11 сарын 30-ны өдөр битүүмжилж, 2024 оны 01 сарын 04-ний өдөр хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 01 сарын 10-ны өдөр ******* ХХК, *******г шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.

5.   ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба *******аас үнэлгээчин *******д 2024 оны 01 сарын 10-ны өдөр хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.

6.   ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны******* тоот хаягт байршилтай, 296.97 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 2024 оны 01 сарын 17-ны өдрийн байдлаар 1,220,453,160 төгрөг гэж тогтоосон байх ба үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, стандартыг тодорхой дурдаж, үнэлж буй орон сууцны мэдээллийг (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтээц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, чанар байдал зэрэг) бүрэн тусгажээ.

Иймд, дээрх үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

7.  Нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

7.1. Шинжээч нь зах зээлийн жишиг харьцуулалтын аргыг ашиглахдаа үндсэн хийц бүтээц, зориулалт, байршил, насжилт зэргийн тохируулгын итгэлцүүрийг хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч талын гаргасан ...шинжээч нь орон сууцны байршил, орчин, зэрэглэл, шинж чанар, насжилт зэргийг ижил орон сууцны үнэтэй харьцуулаагүй, хийц бүтээцийг харгалзан үзээгүй... гэсэн агуулгатай тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.2.  Нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлох зорилгоор үнэлгээчин *******ын гаргасан үнэлгээний тайланг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байх ба үнэлгээчин *******нь Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны******* тоот хаягт байршилтай, 296.97 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 2024 оны 12 сарын 05-ны өдрийн байдлаар 1,767,765,100 төгрөг гэж тогтоосон байна.

Гэсэн хэдий ч өөр өөр цаг хугацааны байдлаарх үнэлгээ буюу 2024 оны 01 сарын 17-ны өдрийн байдлаарх үнэлгээг 2024 оны 12 сарын 05-ны өдрийн байдлаарх үнэлгээтэй шууд харьцуулан үзэж, зах зээлийн үнэ цэнээс хэт доогуур үнэлсэн гэдгийг тогтоох боломжгүй тул үнэлгээчин *******ын гаргасан үнэлгээний тайлан тус маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02834 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР