Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

 

 

 

    2019       08         13                                      2019/ШЦТ/758        

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цогзолмаагийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1909007620796 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт Дархан-Уул аймгийн 10 дугаар баг 5 дугаар хороолол, 11 дүгээр байрны 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЙР99041110 регистерийн дугаартай, Мухар овогт Цогзолмаагийн Мөнх-Эрдэнэ.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Пүрэвдоньдыг “Дота-2 цахим тоглоомын си эн аркан иммортал худалдана” хэмээн хуурч, фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан, улмаар “ХААН” банкны 5753969562 тоот харилцах дансаар 73.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Пүрэвдоньд /хх-ийн 9-10/, гэрч Б.Ганбилэг /хх-ийн 11/ нарын мэдүүлэг, Б.Ганбилэгийн ХААН банкны харилцах дансны хуулга /хх-ийн 17-34/8 Ц.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37/, Ц.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-58/, Т.Пүрэвдоньдын хүсэлт /хх-ийн 59/ зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт иргэн Т.Пүрэвдоньдод “Дота-2 цахим тоглоомын аркана иммортал худалдана” хэмээн хуурч, фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 73.000 төгрөгийг нь Б.Ганбилэгийн “ХААН” банкны 5753969562 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Т.Пүрэвдоньдын /хх-ийн 9-10/: “... Фэйсбүүкийн “Си Эн Дота-2” гэсэн групп дээр би “Си Эн аркана иммортал худалдаж авна” гээд зар тавьсан байсан. Ц.Мөнх-Эрдэнэ гэдэг хаягаас над руу санал болгож нэг пейж хуудасны нэр явуулсан. Би тэр пейжтэй нь холбогдоод “авъя” гэсэн чинь “за би холбогдоод аваад өгье, нийт 73.000 төгрөг болж байна” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд мөнгийг нь шилжүүлсэн. Удалгүй намайг фэйсбүүкээр блок хийгээд миний мөнгийг өгөхгүй алга болсон. Би мөнгөө тухайн хүний өгсөн 5753969562 дугаарын данс руу шилжүүлсэн юм...Дота-2 гэх тоглоом нь интернет орчинд тоглодог. Тус тоглоом 114 баатартай ба эдгээр баатруудад нэмэлт хувцас хэрэглэл зүүлгэж гоёдог. Үүнийг сет гэж нэрлэдэг. Харин аркана гэдэг нь баатруудын үндсэн моде дээр нэмэлт өөрчлөлт оруулж загварлаг сүртэй болгодог хувилбар. Арканаг мөнгөөр болон урамшуулал, сугалаа, шагналаар авч болдог... ” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Ганбилэгийн /хх-ийн 11/: “... 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагийн орчим Ц.Мөнх-Эрдэнэ гэх фэйсбүүк хаягтай хүүхэд “73.000 төгрөгт зарах юу байна?” гэж асуусан. Тухайн үед байгаа “item”-ийн (эд зүйлсийн) зургийг үзүүлсэн. Тэгээд үзсэнийхээ дараа “дансаа” гэсэн. Тэгэхээр нь дансаа өгсөн чинь 73.000 төгрөг Пүрэвдоньд гэдэг хүний данснаас орж ирсэн байсан. Тэгэхээр нь би Ц.Мөнх-Эрдэнэд “item”-аа шилжүүлсэн. ... Пүрэвдоньд орой 21 цагийн үед надаас “5753969562 гэж өөрийн чинь данс мөн үү?” гэж асуусан. Би “мөн яасан?” гэсэн чинь “би энэ данс руу 73.000 төгрөг шилжүүлээд луйвардуулчихлаа” гэсэн. Би мөнгө шилжүүлэхдээ бичсэн чатыг нь асуухад Ц.Мөнх-Эрдэнэ гэх фэйбүүктэй харьцсан байсан. ... Ц.Мөнх-Эрдэнэ надаас миний дансаар Пүрэвдоньдоор мөнгийг нь төлүүлээд “item” аваад намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

 Ц.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 42/: “...Би фейсбүүкийн цахим хаягт Дота-2 гэх тоглоомын нэмэлт гоёл болох “аркана сет” зэрэг зүйл зардаг группэд өөрийн стем аккаунтдаа байсан “Кристал меж” гэх баатрын сэтийг зарахаар зар тавьсан. Тус зарын дагуу надаас нэг хүүхэд 31 Ам.доллар буюу тус группийн ханшаар 72.000 төгрөгөөр авахаар тохирсон. Би тоглоомын газарт байсан танихгүй хүүхдийн дансыг ашиглаад 73.000 төгрөг авсан. Тэгээд би тэр хүүхэд рүү арканаа шилжүүлэхгүй орхиод явсан...” гэх мэдүүлгээр болон Т.Пүрэвдоньдоос 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ганбилэгийн данс руу 73.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Хохирогч Т.Пүрэвдоньд нь “Дота 2 тоглоомын аркана (Дота-2 тоглоомын баатруудын сайжруулагч) зарна” гэсэн Ц.Мөнх-Эрдэнийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж 73.000 төгрөгийг Б.Ганбилэгийн дансаар шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, мөнгө шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдсан, шүүгдэгч нь хохирогчийн хөрөнгийг худал хэлж авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрх байдлаар хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар, төөрөгдүүлэн бусдын хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан Ц.Мөнх-Эрдэнийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэний бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Т.Пүрэвдоньдын “...санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 59 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мухар овогт Цогзолмаагийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ