Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 390

 

                                              

 

                                                                    

 

 

 

 

 

 

             Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт

             холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Хохирогч З.Чинзориг, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,   

Ялтан Э.Сод-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Т.Золбоо,

Ялтан А.Зансайтын өмгөөлөгч Д.Баасансүрэн,  

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Чинзориг, ялтан А.Зансайтын өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт холбогдох эрүүгийн 201625023052 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Харгал нуур овогт Эрдэнэбилэгийн Сод-Эрдэнэ, 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28-430 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ГИ85121516/,   

 

          Багш нар овогт Амгалангийн Зансайт, 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын техникч мэргэжилтэй, “Моннис Констракшн Экюпмент” ХХК-д автын механикч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 74-1010а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: СЖ88072211/,

          Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нар нь 2016 оны 12 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6-н буудлын ойролцоох төв замын зүүн талд явж байсан З.Чинзоригийн хажуугаар нь дуут дохио өгч зөрөхөд “машин руу цохилоо, шүргэлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, бүлэглэн зодож бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дотор талд шарх, хамар, дух, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт, үүдэн доод баруун зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ялтан Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч З.Чинзориг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хохирогч З.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө А.Зансайт, түүний өмгөөлөгч Т.Золбоо нар надтай уулзаж “шүүх хуралдаанд хохирол, гомдолгүй гэж хэлээд өгөөч. Ял шийтгэлгүй гарчихвал шүүх хуралдааны дараа чи ч гэсэн шүдээ эмчлүүлээд авчихна шүү дээ” гэж хэлж гуйсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанаас хойш бүтэн сар болоход надтай холбоо бариагүй. Би хохирлоо барагдуулахаар 16 удаа мессеж бичсэн. Би Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт итгэж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд нүүрэнд учирсан сорви, хамрын хугарлын талаар яриагүй. Одоо үүдэн шүд хөдөлгөөнтэй, юм идэхэд хэцүү байна. Тэдэнд итгэж байсан учир би хугацаа алдсан. Шүдний эмчилгээний төлбөрийг гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч З.Чинзоригийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшсэн байхыг онцгой анхаардаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж, оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах гэж байгаа бол Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгддэг. Тэд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмших нь бүү хэл хэрэг хийгээгүй гэж маргаж байсан. Хохирогч З.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүх хуралдаан болохын өмнө гуйх, гомдол саналын асуудал байхыг үгүйсгэхгүй. Өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлүүлэх тал дээр үйлчлүүлэгч нарынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр үйлчилгээ үзүүлэх ёстой. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Ялтан А.Зансайтын өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт. А.Зансайтын үйлдлийн хууль зүйн үндэслэлийн талаар:

1. А.Зансайт нь машинаас бууж ирээд ямар нэгэн байдлаар З.Чинзоригтой маргаж, зодолдоогүй байхад хохирогч Чинзориг нь Сод-Эрдэнийг машин тойрч хөөж байхдаа Зансайттай таарч, түүнийг барьж аваад зодсон /Чинзориг нь Зансайтын дээр гарчихсан грашны тэнд нухаж байхад нь би хажуу талаас нь “болиоч ээ, хүн аллаа шүү дээ” гэж хэлчихээд машиндаа суусан /гэрч Сийлэгмаа-хх-29, Цэндмаа-хх-31 дэх талын ард/ болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон.

Эндээс харахад Сод-Эрдэнэ зугтаагаад байхад хөөж байгаад өөрийг нь цохиогүй Зансайтыг барьж аваад доороо хийгээд зодоод байгаа үйлдэл нь өөрөө идэвхтэй үйлдлээр илэрсэн танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Харин А.Зансайтын үйлдэлд танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэж байх ба бие махбодийн хувьд З.Чинзоригоос хүч дутуу учир гэмт халдлагаас өөрийгөө хамгаалсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн хувийн сэдэлттэй болох хууль зүйн үндэслэлтэй юм.

2. Шийтгэх тогтоолд дурдсан болон мөрдөн байцаалтын мэдүүлгийн хууль зүйн үндэслэлийн талаар:

- хохирогч З.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт “...нэг машин над руу шахаад дуут дохио өгөхөөр нь ёдорсон. Гэтэл шүүгдэгч нар манай машиныг өнгөрөөд зогсохоор нь би урдаас нь очсон. ...Тэгээд хоёулаа буугаад ирэхээр нь би Э.Сод-Эрдэнэд “хоёулаа эр хүн шиг гудамжинд гараад зодолдчихъё” гэж хэлсэн;

- шүүгдэгч Э.Сод-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “...дуут дохиогоо дугаргаад өнгөртөл З.Чинзориг машины хойд талын хаалга руу өшиглөсөн. Тэгээд 1 дүгээр эгнээ рүү машинаа чөлөөлж тавиад юу болсон эсэхийг харах гээд машинаасаа буутал З.Чинзориг улаан галзуу ирээд намайг цохихоор нь зөрүүлээд цохиход хөмсөгнөөс нь цус гарсан”;

- шүүгдэгч А.Зансайт шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн машины жолооч зүүн талын хаалганыхаа хажууд гуйваад зогсоод байхаар нь хүн дайрахаас сэргийлээд дуут дохиогоо дуугаргахад миний машин руу өшиглөх шиг болсон. Тэгээд машинаа зогсоогоод Э.Сод-Эрдэнэ ах түрүүлж буухад З.Чинзориг улаан галзуу дайраад Э.Сод-Эрдэнэ ахыг цохиход зөрүүлээд алгадсан” гэх мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтад:

- гэрч А.Сийлэгмаа /хх-29 ар талд/ “...Зансайт сигнал дараад зөрсөн чинь л гэнэт машины баруун талд тус хийгээд дуу гарсан. ...тэр хохирогч Чинзориг гэдэг залуу манай нөхрийн нүүр рүү нь цохиод авах шиг болсон...”;

- гэрч Э.Цэндмаа /хх-31 ар талд/ “...Чинзориг гэдэг залуу манай машины урдуур орох гээд байхаар нь сигнал өгөөд өнгөрөх гэсэн чинь тэр залуу манай машин руу цохисон уу өшиглөсөн үү түс хийгээд дуу гарсан. ...Тэгээд нэг харахад нөгөө Чинзориг гэдэг залуу манай нөхөр Зансайт руу салаавч гаргачихсан дух руу нь чичээд байсан...” гэж тус тус мэдүүлжээ. Эдгээр мэдүүлгээс харахад хохирогч гэх Чинзориг нь замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа машиныг зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар дуут дохио өгөхөд нь Зансайтын өмчлөлийн авто машиныг цохиж танхайрсан, улмаар уг үйлдлээс машинд эвдрэл гэмтэл учирсан эсэхийг шалгахаар бууж ирсэн Зансайтын өмнөөс салаавч гаргаж, Сод-Эрдэнийг цохиж авч, эр хүн шиг зодолдчихъё гэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн болох нь нотлогдож байна.

Хоёрдугаарт. Эрүүгийн байцаан шийгэх хуульд нийцсэн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шалтгааныг тодорхойлно” гэж заасан. Гэтэл гэрч А.Сийлэгмаа тухайн үйл явдал, шүүгдэгч, хохирогч нарын оролцооны талаар дэлгэрэнгүй, шүүхийн шийдвэр гарахад ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Тэгээд хажуугаар нь Зансайт сигнал дараад зөрсөн ...Зансайт, манай нөхөр Сод-Эрдэнэ хоёр бараг цуг л машинаасаа буусан...” гэх хэсгийг дурдаж бусад хэсгийг “...Чинзориг гэдэг залуу манай нөхрийн нүүр рүү нь цохиод авах шиг болсон.., ...Тухайн үед З.Чинзоригийг нэлээд согтуу байна гэж бодсон, ...тэгсэн чинь З.Чинзориг нь Зансайтыг барьж аваад доороо хийгээд грашны тэнд нухаад байсан, ...тэр Чинзориг нь Зансайтын дээр гарчихсан грашны тэнд нухаж байхад нь би хажуу талаас нь “болиоч ээ, хүн аллаа шүү дээ гэж хэлчихээд машиндаа суусан юм...” гэснийг няцаан үгүйсгэсэн үндэслэл шалтгааныг тодорхойлоогүй байна.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчиж байх тул тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан “...гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал...”, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг харгалзан үзэхгүй үйлдсэн гэмт хэрэгт нь илэрхий хүнд ял оногдуулж мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан энэрэнгүй ёсны зарчмыг зөрчсөн шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд тус гэмт хэргийг хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчлөх, харин танхайн гэмт хэрэг гэж үзвэл түүнийг эхэлсэн З.Чинзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх”, 16 дугаар зүйлд заасан “Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” гэсэн хуулийн зохицуулалтад нийцүүлж шйидвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Э.Сод-Эрдэнийн өмгөөлөгч Т.Золбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэрэг хохирогч З.Чинзоригийн сэдэлтээр буй болсон тул хэргийн байдлыг бүрэн бодитойгоор авч үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлтэй. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд “бүгдээрээ ийшээ яваад нэг нэгээрээ зодолдъё” гэж хэлснээ хүлээн зөвшөөрсөн. Түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх үндэслэлтэй. Хохирогч З.Чинзоригийн сэдэлтээр энэ хэрэг үүсч байгаа тул Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой. З.Чинзориг “намайг гуйж байгаад гомдолгүй гэж хэлүүлсэн” гэж байна. Миний хувьд шүүхийн шатнаас эхэлж өмгөөөлөгчөөр оролцсон бөгөөд энэ нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр нотлогдоно. Намайг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр оролцохоос өмнө З.Чинзориг өөрөө гарын үсэг зурсан байсан. Шүүгдэгч нарын зүгээс бодит хохирлыг төлнө. З.Чинзориг “Миний хоёр шүд хөдөлсөн. Нэгийг нь та нар янзлуулаад өгчих, нэгийг нь би өөрөө янзлуулна” гэж хэлсэн. Учирсан хохирол, үйлдлийн хооронд шалтгаант холбоо байгаа бол шүдийг нь янзлуулж өгөхөд бэлэн. Яагаад шүд гэмтчихээд байхад өөрөө нэгийг нь эмчлүүлье гэж хэлж байна вэ. Иймд хохирогчид учирсан хохирлыг бүрэн бодитой гэж үзэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг бүрэн барагдуулсан” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй, хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй байгаа болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16423 тоот “…Чинзоригийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дотор талд шарх, хамар, дух, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт, үүдэн доод баруун, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-38/, “…Араа шүдэнд Солонгос имплант 1.800.000 төгрөг… үүдэн шүдэнд Солонгос имплант 2.000.000 төгрөг, яс нөхөх хагалгаа хэмжээнээс хамаараад 300.000-450.000 төгрөг…” гэсэн “Топдент” шүдний эмнэлгийн эмч Б.Өнөрцэнгэлийн бичсэн үнийн санал, тодорхойлолт /хх-128-129/, хохирогч З.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гаргасан эмчилгээний зардлаа нэмж нэхэмжилнэ, үүнээс гадна хөдөлгөөнтэй болчихсон үүдэн шүдээ янзлуулмаар байна…” гэх мэдүүлэг /хх-20/, мөн түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан “…Чинзориг би гомдолтой байгаа тул эдгээр шүүгдэгч нараас 1 шүдэнд имплант суулгах үнэ болох 3.375.000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэх гомдол зэргээр тус тус тогтоогдож байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байна гэж үзэхээргүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Э.Сод-Эрдэнэ, А.Зансайт нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Т.ӨСӨХБАЯР

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ