| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 201523010040 |
| Дугаар | 144 |
| Огноо | 2016-05-20 |
| Зүйл хэсэг | 091.1., 093.1., |
| Улсын яллагч |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 144
О.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор А.Оюунгэрэл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол,
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, 201523010040 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.М-ын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт О-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: О.М-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг журамлан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, О.М- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардлаа нотлох баримтаар бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, О.М-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ж.Яринпил нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.М- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Хохирогч буюу хойд эцэг Ц.Амармөрөн нь 2000 оноос хойш байнга архи ууж, агсам согтуу тавьж, манай ээж Л.О-ийг зодож, бид нарыг дарамт, шахалтад байлгадаг байсан. Ээж энэ байдлаас залхаж олон удаа сална гээд гэрээсээ явуулсан ч хаалга эвдэж, цонх хагалах зэргээр эд зүйлийг гэмтээж дарамталдаг байсан. Энэ байдлыг харгалзан үзэж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хэрэг болдог өдөр шүүгдэгч О.М- нь ээжийндээ ирж, хоол идэх гээд сууж байтал талийгаач “юугаа хийж дандаа явж байдаг юм бэ, харь” гээд дургүйцдэг. Тэгэхээр нь “явлаа” гээд босоход талийгаач “байж бай” гээд цааш нь түлхээд угаагуурын хажууд байсан модон сандлыг авч ам, хамар орчим цохисон байдаг. Шүүгдэгч О.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэл муутай гэж үзэж байна. Талийгаачийг цохихоор нь шүүгдэгч хариу түлхсэн байдаг. Түлхэхэд гал тогооны орчмын доголд бүдрээд коридорын ханыг толгойгоороо хүчтэй савж унаснаас түүнийг үхэлд хүргэсэн хүнд гэмтэл учирсан байх боломжтой нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээс харагддаг. Хана мөргөсний улмаас тархинд үүссэн байх боломжтой гэмтлээс бусад нь хөнгөн зэргийн гэмтлүүд байдаг. Талийгаачийн хувьд байнга архи ууж, эхнэр болон О.М-ыг дарамталж, зоддог байсан нь хэргээс харагддаг. Шүүгдэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо энэ талаар тодорхой дурдсан байгаа. Талийгаачийн хууль бус үйлдлийн хариуд түлхсэний улмаас хана мөргөж, үхэлд хүргэж болох гэмтэл учирсан байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, ялыг хөнгөрүүлэн оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүгдэгч О.М- нь талийгаачийг “гэрээсээ хөөлөө, нүүр рүү нь цохилоо” гэсэн шалтгаанаар эрх чөлөөнд нь удаа дараа халдаж биед нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Хэргийн зүйлчлэл, ял шийтгэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх О.М-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж дүгнэн нотлох баримтуудыг дараалан дурдахдаа уг нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн зүйлчлэл үйл баримттай хэрхэн холбогдож байгаа, гэмт хэрэг гарах үед болон түүнээс өмнө хохирогч шүүгдэгч нарын харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг тогтоосон зөрчил гаргажээ.
О.М- 2015 оны 05 дугаар сарын 15-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 9 тоотод оршин суух хойд эцэг Ц.А, эх Л.О нарын гэрт хоол идэх зорилготой ирэх үед Ц.А нь тамхи нэхэж, гэрээсээ хөөхдөө сандлаар болон гараараа О.М-ыг цохиж, эрх чөлөөнд нь халдсан үйлдлийн хариуд О.М- Ц.А-г цохиход толгойгоороо хана мөргөн унаж “их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, мөн их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд гэмтэл авч нас барсан,
О.М-, түүний эх Л.О нар 2000 оноос хойш хохирогч Ц.А-ийн хууль бус, байнгын шинжтэй хүч хэрэглэсэн, ёс суртахуунгүй үйлдлийн дарамт, хүчирхийлэлд амьдарч байсан үйл баримтууд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хянан үзвэл, Ц.А-ийн хууль бус, байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл болон 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас О.М-ын сэтгэл санаа гэнэтийн цочролд орж, улмаар Ц.А-г цохин /actus reus/ хохирогч амь насаа алдсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой бөгөөд гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байх тул шүүгдэгч О.М-ыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ хохирогчийг зодож амь насыг нь хохироосон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогч амиа алдсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотнынх нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдаж байдаг.
Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын /давтагдах/ шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус аль ч хэлбэрээр илэрч болно.
Түүнчлэн, хохирогчийн байнгын шинжтэй хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүд нь гэмт этгээдийн хувьд удаан хугацааны сэтгэлзүйн эмгэгт байдлыг үүсгэж, тийм нөхцөл байдалд орсон шүүгдэгчийн сэтгэл зүйн ачаалал аажмаар нэмэгдсээр, эцэстээ сэтгэл зүйн тэсрэлт явагдан, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг онцлогтой байдаг.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийг үгүйсгэхдээ, “... өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй” болсныг ойлгоно гэж тайлбарлан хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна.
Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн хувьд “өөрийгөө удирдан жолоодох, хяналт тавих чадваргүй болох” тухай ойлголтыг хамруулах нь гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд үгүйсгэж, хэрэг хариуцах чадвартай байсан эсэх тухай ойлголтод хүргэх бөгөөд энэхүү гэмт хэргийн тухайд гэмт этгээдийн санаа сэтгэл хууль бус үйлдлээс шалтгаалан хариу үзүүлэхдээ “өөрийгөө удирдан жолоодох, хяналт тавих чадвар”-аа алдаагүй байх нь гэм буруугийн “санаатай” хэлбэрийн үндсэн шинж гэж үзэж, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж дүгнэв.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг мөн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэн хэргийг зүйлчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан, шүүгдэгч О.М-ын “... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр магадлалд “О.М-ыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.М-ыг оногдуулсан хорих ялаас нь өршөөн хэлтрүүлж, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-ын “... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ