Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0179

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээд Э.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, С.О нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.О 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 259 дүгээр захирамжийн В.О хамаарах хэсгийн 34 м.кв газрыг өмчлөх эрхээс хасаж өөрчлөлт оруулахыг, уг 34 м.кв газрыг С.О нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.О Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 259 дүгээр захирамжийн В.О хамаарах хэсгийн 34 м.кв газрыг өмчлөх эрхээс хасаж өөрчлөлт оруулахыг, уг 34 м.кв газрыг С.О нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч С.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр С.О Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон ...... тоот хаягтай газар 305 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үндэслэн С.О 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Сонсголон ...... тоотод 305 м.кв газар эзэмших ......... тоот гэрчилгээ гарсан байдаг.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх” 259 дүгээр захирамжаар С.О 339 м.кв газар өмчлүүлэх захирамж гаргасан, уг захирамж нь эзэмших эрхийн гэрчилгээ нь 305 м.кв гэж олгогдсон байхад 34 м.кв газар шууд илүү үндэслэлгүйгээр өмчлүүлэх захирамж гаргасан байдаг.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 шийдвэрээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон ....... тоотод 367.1 м.кв газар С.О надад эзэмшүүлэх захирамж гарсан, уг захирамжийг үндэслэн 2003 оны 5 дугаар сарын 13-ны өдөр С.О надад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон ........ тоотод 367.1 м.кв газар эзэмших ......... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2005 оны иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжаар С.О надад 175.1 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гарсан байдаг. Гэтэл 367.1 м.кв эзэмших эрхтэй байсан С.О миний өмчлөлийн газар 175 м.кв болон багасаж Нийслэлийн Засаг дарга үндэслэлгүйгээр багасгасан байхад харин 305 м.кв талбай эзэмшиж байсан С.О өмчлөх эрхтэй газар 339 м.кв болон өссөн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад анхан шатны шүүхээс дээрх газарт үзлэг хийхэд С.О нь хашаан дотор баригдсан байшингаас бусдыг С.О өөрийн газар болгон авсан, үхрийн саравч, жорлонг нь хүртэл авсан, тухайн газар С.О амьдрах ямар ч боломжгүй, жорлонгүй, жорлон ухах газар ч байхгүй болтол нь С.О авсан байдаг. С.О “С.О эзэмших эрхийн гэрчилгээнээсээ илүү авсан 34 м.кв газраа тодруулбал надаас булааж авсан газраасаа өгчих, би ядахдаа жорлонтойгоо байя” гэсэн нэхэмжлэл гаргасан, шүүхийн үзлэгээр С.О өөр жорлон байхгүй С.О жорлонг ашигладаг нь нотлогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт ч өөр жорлон байхгүй гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдаг.

С.О өөрийн газарт нэгтгэн авсан жорлон болон үхрийн саравчийг С.О барьсан. С.О удаан хугацаанд эзэмшсээр ирсэн гэдэгт талууд маргаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...эзэмшил газрын хэмжээг эргэлтийн цэг бүхий кадастрын зургаар баталгаажуулаагүй байснаас гадна өмчлүүлэх үед урагш гудамж руу бага зэрэг сунгаснаас газрын эзэмшүүлсэн болон өмчлүүлсэн хэмжээнд өөрчлөлт орсон гэх хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна” гэж зөвхөн хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг, мөн уг хэргийн оролцогч биш энэ хэрэгт огт хамааралгүй С.Э өмчлөх эрх шилжүүлж авсан иргэн С.О газраас авсан байх, С.О аваагүй гэдэг хавтас хэрэгт авагдаагүй үндэслэлгүй, нотлох баримтгүй таавар төдий таамгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь илт нэг талын эрх ашгийг хамгаалсан, огт нотлох баримт байхгүй, хэргийн онцлог биш, нэг ч удаа мэдүүлэг аваагүй этгээдийг тэр хүн газраас авсан таамаглаж, мөн тухайн маргаж байгаа газар шинжээч томилж кадастрын зурагтай давхацсан эсэх болон С.О эзэмшилд байсан 367 м.кв газар 175 болсон байхад, С.О эзэмшилд байсан 305 м.кв газар 339 м.кв газар болон тэлсэн байдлыг тогтоох хүсэлт гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон шүүх өөрөө дээрх байдлыг тогтоох ажиллагаа хийхгүй байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн, мөн С.О амьдарч буй дүүргийн Засаг даргын газар эзэмших захирамжаар олгогдсон газраа өөрийн гараар барьсан жорлонгийн газар, жорлонгоо авах гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож байгаа нь С.О Үндсэн хуульд заасан өмчлөх эрх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчсөн байдаг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтууд болон маргааны нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага зэргээс үзэхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн зүгээс анхнаасаа нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг холбогдох үндэслэлүүдийн хамт гаргасаар байхад анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ энэ талаар огт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн байна.  

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 96 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор тодорхой шалтгааны улмаас газрын гэрчилгээ аваагүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн газрын албанд даалгаж, энэ хүрээнд тус дүүргийн Сонсголонгийн .... дугаар гудамжны ...... тоотод байрлах 367.1 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.О 2003 онд анх удаа, улмаар мөн оны 207 дугаар захирамжаар энэхүү газрын хэмжээг багасган 305 м.кв газар эзэмших гэрчилгээг тус тус олгосон;

-Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамжаар дээрх байршилд 154.41 м.кв газрыг өмчлүүлж, улмаар 2005 оны 155 дугаар захирамжаар өмчлүүлсэн газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу 175.1 м.кв болгон нэмэгдүүлэн өөрчилсөн;

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэр бүлийн хэрэгцээний 175 м.кв газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэж, 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр С.О, Э.П нарыг өмчлөгчөөр, 2011 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Ц.П нэмж, нийт 3 иргэнд тус тус өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

Өөрөөр хэлбэл эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг тухай бүр нэхэмжлэгч өөрөө гаргаж байснаас гадна өөрийн өмчлөлийн 175 м.кв газраа өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүсч өргөдөл гаргасан, түүнчлэн 2007-2018 онд удаа дараа зээлийн гэрээний барьцаанд энэхүү газраа тавьж, мөн л барьцааны бүртгэлийг тухай бүр хийлгэж байсан зэрэг нь нэхэмжлэгч С.О 175 м.кв газар өмчлөх эрхтэй болохоо мэдэж байсан гэж дүгнэх хангалттай үндэслэл болно.

Түүнчлэн шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт хийсэн хэмжилтээр нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь бодит байдалд 10.3х17.5 м буюу 180 орчим м.кв, мөн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч С.О хашааны хойд талд байрлах өөрийн байшингийн уртыг 8 м гэсэн, хэрэгт авагдсан фото зургаас үзэхэд ертөнцийн зүгээр уг байшингийн баруун талд нь 1 м орчим зайтай, харин зүүн талыг “…хамар хашааны банз хүрээгүйгээс байшингийн зүүн булан руу тулгаад орхисон, түүнээс нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын байшингийн дундуур кадастрын зургийн дагуу хашааг тодорхой хэмжээний зайтай гүйцээн барих боломжтой…” гэх гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд байшингийн урт болон хоёр талын хашаа хүртэлх зайг ойролцоогоор тооцоход хашааны хойш хэсгийн нийт урт 10 м орчим байх бүрэн боломжтой, энэ нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан хэмжилттэй илтэд зөрүүгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 259 дүгээр захирамжаар гуравдагч этгээд В.О өмчлүүлсэн газраас 34 м.кв газрыг хасч, өөртөө нэмж эзэмшүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргах эрхээ хугацааны хувьд дээрх байдлаар хэдий нь алдсан, мөн энэхүү хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, 2005 онд өмчлүүлсэн 175 м.кв газар нь бодитоор байгаа энэ тохиолдолд маргааны үйл баримтад дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэх шаардлагагүй. 

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэхийг нотлох хангалттай үйл баримт байсаар атал нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргаж шийдвэрлүүлсэн өргөдөлд үндэслэн захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.О нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 259 дүгээр захирамжийн В.О хамаарах хэсгийн 34 м.кв газрыг өмчлөх эрхээс хасч, С.О нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч С.О гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН