Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2025/0079

 

Ж.У-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн

Нийгмийн даатгалын газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    Х.Батсүрэн 

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      М.Батсуурь

                                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0328 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0416 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2025/0319 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Ж.У нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг Ж.У-д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг буюу 359,501 төгрөгийг Ж.У-д олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Ж.У нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан Ц.С-ын тэтгэврийн 20 хувийг өөрийн тэтгэвэр дээр нэмэгдүүлэн авах хүсэлтийг гаргасан боловч захиргаа хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан байна.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

 “... Миний бие Ц.С-тай 1989 онд гэр бүл болж 35 жил хамт амьдарсан. Эхнэр Ц.С нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэн авах хүсэлтийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан боловч огт хүлээж авдаггүй, хүсэлт шийдвэрлэдэггүй эс үйлдэхүй гаргасан. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүйн улмаас миний өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэн авах хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг бүгдийг хангаж байгаа, хариуцагчаас гэр бүлийн аль нэг гишүүн нь нас барахад үлдсэн гишүүн нь тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагатай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн 2.6-д заасан шалгуурыг хангасан тохиолдолд тэтгэврийн нэмэгдлийг нас барсан тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас тооцож олгоно. Ц.С нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Дээрх цаг хугацаанд Ж.У нь тэтгэвэр тогтоолгох шаардлага хангаагүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгож аваагүй байсан учир хариуцагчийн зүгээс татгалзсан. Дээрх зөвлөмжид заасан “... Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0328 дугаар шийдвэрээр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.У-ийн гаргасан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг Ж.У-д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг буюу 359,501 төгрөгийг Ж.У-д олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд: 

5.1.“... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусгай зохицуулалтад хамрагдахад мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-т заасан шаардлагыг хангасан байхаас гадна, мөн зүйлийн 9.3, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01/82 дугаар зөвлөмжийн 2.6-д  зааснаас үзвэл гэр бүлийн гишүүн болох нөхөр эсхүл эхнэр хоёул өндөр насны тэтгэврээ тогтоолгон, нийгмийн даатгалын сангаас (нэг төрлийн сан) өндөр насны тэтгэвэр хамт авдаг нөхцөлийг хангасан тохиолдолд дээрх хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан нас барагчийн тэтгэврийн 20 хувийг түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгохоор байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.У нь өөрийн (нас барсан) эхнэрийн хамт хоёул өндөр насны тэтгэвэр авч байсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусгай зохицуулалтад хамрагдах боломжтой.

5.2.Нэхэмжлэгч нь өөрийн эхнэр болох Ц.С-ыг нас барахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “... 60 насанд хүрсэн эрэгтэй ...” гэх өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх насны хязгаарт хүрээгүй байсан, өөрийн эхнэр болох Ц.С-ыг нас барснаас хойш 3 сарын дараа өндөр насны тэтгэврээ тогтоолгосон, өөрийн (нас барсан) эхнэрийн хамт хоёул өндөр насны тэтгэвэр авч байгаагүй болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь үндэслэлтэй, хариуцагчийн энэ үйл ажиллагааг хууль бус гэж буруутгах боломжгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0416 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.“... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-т заасан хуулиар тогтоосон хоёр шаардлагыг нэхэмжлэгч нь аль алийг нь хангадаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь (нас барсан) эхнэртэйгээ гэрлэлтээ бүртгүүлсэн, 20 түүнээс дээш жил хамт амьдарсан үйл баримт тогтоогддог. Харин шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн 2.6-д заасан шаардлагыг тайлбарлахдаа “гэр бүлийн гишүүн болох нөхөр эсхүл эхнэр хоёул өндөр насны тэтгэвэр хамт авдаг нөхцөлийг хангасан байх тохиолдолд энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан нас барагчийн тэтгэврийн 20 хувийг түүний нөхөр эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгохоор байна” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, зөвлөмжийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байхдаа өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлтийг гаргаагүй.

7.2.Өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байхдаа (нас барсан) эхнэрийн тэтгэврийн 20 хувийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргасан бол хариуцагчийн татгалзал, шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг шүүх анхаарах нь зүйтэй. Нөгөөтээгүүр мөн адил Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01/82 дугаар зөвлөмжийн 2.6-д заасан “... Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” гэсэн шаардлагыг хангаж байна.

7.3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01/82 дугаар зөвлөмжид “гэр бүлийн гишүүн болох нөхөр эсхүл эхнэр буюу гэр бүлийн аль нэг гишүүн нас барахад нөгөө нь тэтгэвэр тогтоолгоогүй бол цаашид олгогдохгүй” гэсэн утга агуулга тусгагдаагүй. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үйл баримт тогтоогдож байх тул зөвлөмжид заасан шаардлагыг хангасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч тал “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

11.Энэ хэргийн тухайд, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгтэй холбоотой эрх зүйн шинэ маргаан байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээг тогтооход ач холбогдолтой гэж үзлээ.

12.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:”, 9.1.1-д “Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн”; 9.1.2-т “20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан” гэж заажээ.

13.Үүнээс үзвэл, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний нөхөр, эсхүл эхнэр нь шаардлага хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй болжээ.  

14.Нэхэмжлэгч Ж.У нь иргэн Ц.С-тай 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 35 жил хамт амьдарсан. Эхнэр Ц.С нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Үүнээс хойш 3 сар хагасын дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түүний нөхөр Ж.У нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож, улмаар дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж, өөрийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч татгалзсан хариу авсан байна.

15.Хариуцагч татгалзлын үндэслэлээ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 болон уг хуулийг хэрэгжүүлэх тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн дагуу “... Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” шаардлагатай, иргэн Ж.У нь эхнэр Ц.С-ыг нас барах үед өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байсан тул шаардлага хангахгүй” гэж тайлбарлажээ.

16.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:” гэсний “нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр” гэсэн харьяалахын тийн ялгалтай нэр үгийг цаг хугацаатай холбон, “тухайн нөхөр, эсхүл эхнэр нь тэтгэвэр авагчийг нас барах үед буюу өмнө нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” гэж тайлбарлах боломжгүй. Хуулийн энэ томьёолол нь тухайн агуулгыг шууд илэрхийлэхгүй байх тул үг зүйн аргаар тайлбарлах боломжгүй.

17.Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно” гэснийг нэмэгдэл тэтгэвэр авахыг хүсэж буй этгээдэд тавигдах “тусгай шаардлага” гэж үзэхгүй. Учир нь уг хэсэг нь хуулийн системчлэлийн хувьд нэмэгдэл тэтгэвэр авагчид тавигдах шаардлагыг зохицуулсан 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.1, 9.1.2 дахь заалтаас тусдаа, зорилгын хувьд нэмэгдэл тэтгэвэр олгох цаг хугацааг зохицуулжээ.

18.Хууль тогтоогчийн хүсэл зоригийг тодруулах зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслийг хэлэлцсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 10, 06 дугаар сарын 20, 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 12, 06 дугаар сарын 23, 29, 07 дугаар сарын 07-ны өдрийн Нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг судлан үзэхэд хууль тогтоогчийн зүгээс холбогдох зүйл заалтыг (9 дүгээр зүйлийн 9.1, 9.2) хэрхэн ойлгох талаар, тухайлбал өндөр насны тэтгэвэр авагч нас барах үед түүний нөхөр, эсхүл эхнэр нь мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ёстой гэх агуулгаар тухайлан хэлэлцээгүй, тодорхойгүй байна.

19.Ийнхүү хууль тогтоогчийн хүсэл зорилгыг түүхчлэх аргаар тодорхойлох боломжгүй байх тул хуулийн зорилгоор нь буюу “объектив телеологи”-ийн аргаар тайлбарлах нь зүйтэй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн зорилго нь нас барагчийн нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх буюу үргэлжлүүлэн олгоход чиглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, уг хуулийн зорилго нь хуульд заасан шаардлагыг хангасан (9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.2) нас барагчийн нөхөр, эсхүл эхнэр нь өөрөө хуульд заасан шаардлагыг (нас, ажилласан жил, шимтгэл төлсөн байдал гэх мэт) хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд тэтгэврээ нэмэгдүүлэх боломжийг олгосноос бус цаг хугацааны хувьд хэзээ өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь (тухайлбал гэр бүлийн хүн нь нас барахаас өмнө нь эсхүл хойно нь) ач холбогдолгүй, хуулийн зорилгыг ингэж тайлбарлах боломжгүй юм.

20.Түүнчлэн, өмнө нь үйлчилж байсан 2015 оны Хамтын тэтгэврийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах нөхцөлийг хангасан иргэн хамаарна:”, 4.1.1-д “нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсхүл нөхөр”; 4.1.2-т “хамтын тэтгэвэр авагч нь 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй Монгол Улсын иргэн байх” гээд, 4.2-т “Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний эхнэр эсхүл нөхөр нь энэ хуулийн 4.1.2-т заасан насанд хүрээгүй тохиолдолд түүнд олговол зохих хамтын тэтгэврийг тухайн насанд хүрсэн үед нь олгож эхлэх бөгөөд энэ эрх нь түүний эхнэр эсхүл нөхрийг нас барснаас хойш тав хүртэлх жилийн хугацаанд хадгалагдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т гэр бүлийн хүнд нь насны шаардлага (энэ нь өндөр насны тэтгэвэрт гарах насны зохицуулалт гэж ойлгогдохоор байна) тавьсан боловч 4.2 дахь хэсгээр насны шаардлага хангаагүй ч тухайн насанд хүрсэн тохиолдолд хамтын тэтгэвэр авах эрхтэй байхаар (5 хүртэлх жилийн хугацаанд) заасан байжээ. 

21.Дээрх хуулийн зохицуулалтын агуулга, зорилго нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд тусгагдсан байх бөгөөд ингэхдээ хууль тогтоогч насны шалгуурыг нь хасаж, харин “гэр бүлээ бүртгүүлсэн байх”, “20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх” гэсэн хоёр шаардлагыг л (9.1.1-9.1.2-т) заасан бөгөөд үүнийг хангасан нас барагчийн нөхөр, эсхүл эхнэр нь тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй байхаар тодорхой зохицуулжээ. Гэтэл хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан ерөнхий нөхцөлийг “өндөр насны тэтгэвэр авагч нас барах үед буюу нас барахаас өмнө нь түүний эхнэр, эсхүл нөхөр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” гэсэн тусгай шаардлага мэтээр тайлбарлан хэрэглэх нь хуулийн зорилгод нийцэхгүй, хуулиар ийм шаардлага тавигдсан гэж үзэхгүй.

22.Түүнчлэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр захиргааны байгууллагаас гаргасан аливаа зөвлөмж, аргачлал, цаашилбал захиргааны хэм хэмжээний акт нь хуулиар хязгаарлаагүй асуудлыг хязгаарласан, хүний эрх зүйн байдлыг дордуулах зэргээр хууль зөрчсөн бол түүнийг хэрэглэх ёсгүй. Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн тухайд хууль зөрчсөн гэх агуулга алга байна. Тодруулбал, зөвлөмжийн 2.6-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн агуулгыг “… Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх. Өөрөөр хэлбэл хоёр тэтгэвэр авагчийн аль нэг нь хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бол 20 хувийн нэмэгдлийг тооцон олгохгүй.” гэж тайлбарлажээ. Үүнээс үзвэл, хоёр дахь өгүүлбэр нь эхний өгүүлбэрээ тодруулсан буюу гэр бүлийн хоёр хүн хоёулаа өндөр насны тэтгэврээс өөр тэтгэвэр тогтоолгоогүй байх гэдэг агуулгаар тодруулснаас бус нэг нь нас барах үед нөгөө нь бас тэтгэвэрт гарсан байх гэж тайлбарлаагүй байна. Иймд нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн тэтгэвэр олгохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус юм.

23.Гэтэл хоёр шатны шүүх “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусгай зохицуулалтад хамрагдахад мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-т заасан шаардлагыг хангасан байхаас гадна, мөн зүйлийн 9.3, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01/82 дугаар зөвлөмжийн 2.6-д  зааснаас үзвэл гэр бүлийн гишүүн болох нөхөр эсхүл эхнэр хоёул өндөр насны тэтгэврээ тогтоолгон, нийгмийн даатгалын сангаас (нэг төрлийн сан) өндөр насны тэтгэвэр хамт авдаг нөхцөлийг хангасан тохиолдолд дээрх хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан нас барагчийн тэтгэврийн 20 хувийг түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгохоор байна ...” хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

24.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна” гэж заасан тул нэхэмжлэгч Ж.У нь эхнэр Ц.С-ын авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл тэтгэвэр авах эрхтэй.

25.Гэхдээ нэхэмжлэлийн “нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг буюу 359,501 төгрөгийг олгохыг даалгах” шаардлагын тухайд, Ц.С-ын авч байсан тэтгэврийн хэмжээ, түүний 20 хувийн тооцоололтой холбоотойгоор хариуцагчийн зүгээс ямар нэгэн тайлбар гаргаж мэтгэлцээгүй, хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн авах ёстой нэмэгдэл тэтгэврийг холбогдох хууль, журамд заасны дагуу тооцож олгох үүрэгтэй.

26.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0328 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0416 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 9.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн 20 хувийг Ж.У-д олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нас барсан тэтгэвэр авагч Ц.С-ын авч байсан тэтгэврийн 20 хувийг зохих журмын дагуу тооцож Ж.У-д олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАТСҮРЭН

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                           М.БАТСУУРЬ

                                                                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                      Г.БАНЗРАГЧ