Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “****” ХХК /

Хариуцагч: “****” ХХК /

Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 36 107 669 /гучин зургаан сая нэг зуун долоон мянга зургаан зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****д, хариуцагч компанийн захирал ****,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь “****” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 20132 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч “****” ХХК нь захиалагчийн эзэмшлийн **** түгээгчийн байрны барилга угсралтын ажлыг 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хуйнлийн нийт 60 хоногт буюу 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэх байсан юм. Гэрээт ажлын нийт дүн 80 000 000 төгрөг бөгөөд маай компанийн зүгээс гэрээний 3.1-д заасны дагуу анхан болон дунд шатны санхүүжилтыг цаг хугацаанд нь олгож нийт 64 000 000 төгрөгийг олгосон. Гэтэл гүйцэтгэгч “****” ХХК гэрээний үүргээ зөрчиж ажлыг цаг хугацаандаа хийж гүйцэтгээгүй ба дутуу орхин хаяж явсан. “****” ХХК-ийн энэ хариуцлагагүй үйлдлийн улмаас ажлыг маш их цаг хугацаа алдан үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан “****” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулж дутуу орхисон ажлыг гүйцэтгүүлсэн. Тус үлдэгдэл ажлыг нийт 39 000 000 төгрөгөөр буюу гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 16 000 000 төгрөгөөс 23 000 000 төгрөгөөр илүү зардалтайгаар хийж гүйцэтгүүлсэн. Учир нь хүйтний улирал эхэлж байсан тул үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэх компани олдохгүй байснаас гадна  олдсон компанийн үнийн санал өндөр, бараа материалын үнэ өссөн, ажилчдын цалин нэмэгдсэн мөн “****”-ийн чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлуудыг дахин засаж хийсэн болно. “****” ХХК-ийн дутуу орхиж явсан ажлын гүйцэтгэлийг гаргахад нийт 57 609 485 төгрөг болж байгаа бөгөөд санхүүжилтээр олгосон мөнгөний зөрүү 6 390 515 төгрөг, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль 6 717 154 төгрөг, дутуу орхисон ажлыг өөр этгээдээр хийж гүйцэтгүүслэнтэй холбогдон гарсан зардал 23 000 000 төгрөг нийт 36 107 669 төгрөгийг хариуцагч “****” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр захиалагч тал болох “****” ХХК-тай хариуцагч “****” ХХК нь “****өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно. Уг гэрээгээр гүйцэтгэх ажлын үнэлгээг 80 000 000 төгрөгөөр тогтоосонг боловч санхүүжилтээр зөвхөн 64 000 000 төгрөг олгосон мөн ажлыг гүйцэтгэх явцад олон тооны хүндрэл, бэрхшээл, гэрээнд тусгагдаагүй ажил хийх шаардлага тулгарсан. Ажил гүйцэтгэх хугацааны ихэнхийг суурийн хөрс шорооны ажил эзэлсэн, 2012 оны 6 дугаар сарын 21-нд хөрсний нягтаршилын геологийн дүгнэлт гарсан, барилгын талбар дээр багаж техник, бараа материал хадгалах болон нөөцлөх боломжгүй байсан нь ажил гүйцэтгэх явцыг удаашруулж шалтгаан нөхцөл болсон, энэ бүгдээс гадна бороо, үер зэрэг байгалийн хүчин зүйл ихтэй байснаас гадна захиалагчаас олгосон санхүүжилт хүрэхгүй, нэмэлт зардал гарч бидний ажилд хүндрэл үүсгэсэн болно. Ийм нөхцөл байдал үүсээд байхад манай компани барилга угсралтын ажлыг цаг хугацаанд багтааж хийхээр чармайн ажиллаж байсан бөгөөд санхүүжилтээр олгосон 64 000 000 төгрөг нь хүрэлцэхгүй байсан тул учирч байсан санхүүжилтын бэрхшээлийг өөрийн нөөц бололцоогоо ашиглан шийдэж, шаардлагатай барилгын материалуудыг зээлээр авах, банк болон хувь хүмүүсээс зээл авч гэрээнд заагдсан ажлуудыг хийж тасралтгүй ажиллаж байсан. Бид өгсөн санхүүжилтээс давсан зардал гарган ажиллаж, захиалагчаас нэмэлт санхүүжилт олгоно гэдэгт найдаж, хугацаа хэмнэх, технологи болон барилга угсралтын бүхий л норм, нормативыг хангаж ажилласан. Иймд “****” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч “****” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээүй, ажлыг дутуу орхиж явснаас учирсан хохиролд 36 107 669 /гучин зургаан сая нэг зуун долоон мянга зургаан зуун жаран ес/ төгрөг гаргуулах  тухай  нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд гүйцэтгэгч “****” ХХК-ийг төлөөлж захирал ****, инженер ****, даамал **** нар, захиалагч “****” ХХК-ийг төлөөлөн захирал ****, ерөнхий инженер **** нар гарын үсгээ зурсан,  компанийн тамга дарагдсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Талууд гэрээ байгуулсан, гэрээний дагуу гүйцэтгэгч компанид 64 000 000 төгрөгийг шилжүүлсэн, гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусгаагүй орхиж явсан тухайд маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажлаа дутуу орхиж явснаас санхүүжилтын зөрүү гарсан, ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэнтэй холбоотойгоор нэмэлт зардал гарч  хохирол учирсан гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ төсөвт тусгаагүй ажлууд их гарснаас өгсөн санхүүжилт нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэхэд хүрэлцээгүй, нэмэлт санхүүжилт олгохоос татгалзсан тул ажлыг орхиж явсан гэж тус тус тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй болно.

Гүйцэтгэгч нь гэрээнд заасан **** түгээгчийн байрны барилгын анхан, дунд хугацааны санхүүжилт болох нийт төсвийн 80 хувь буюу 64 000 000 төгрөгийг хүлээн авсан ба захиалагч гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 57 609 485  төгрөг үнэлжээ. 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэх үүрэгтэй боловч “****” ХХК нь тохиролцсон хугацаанд гүйцэтгээгүй байна.

Ажил гүйцэтгэх хугацааг харилцан тохиролцож 1 сараар  сунгасан гэж зохигчид  тайлбарлах бөгөөд гэрээнд заасан хугацаанаас тооцоход энэхүү сунгасан гэх хугацаа 2012 оны 8 дугаар сарын 26-нд дуусчээ.

Хариуцагч “****” ХХК-ийн төсөв боловруулах, гэрээ байгуулах үед урьдчилан тооцох болмжгүй байсан нөхцөл байдлуудаас шалтгаалан нэмэлт ажил хийсэн, хугацаа алдсан гэсэн тайлбар нотлогдохгүй байна.

Гүйцэтгэгчийн дутуу хийсэн ажлуудыг гүйцэтгүүлэхээр захиалагч “****” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “****” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний санхүүжилтийн нийт үнийг 39 000 000 төгрөгөөр тооцсон ба өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл санхүүжилт 16 000 000 төгрөгийг хасч 23 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь “****” ХХК-тай байгуулсан гэрээгээр барилгын төсөв 80 000 000 төгрөг байсан бөгөөд нэмэлт төсөв өгөхөөс татгалзсан, мөн нэг сарын хугацаанд барилгын материал, ажлын хөлс энэ хэмжээгээр нэмэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч “****” ХХК нь захиалагч “****” ХХК-д ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг  харилцан тооцоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэгч компанийн хийж гүйцээтгэсэн ажлын хэмжээг тодорхойлуулахаар 2 удаа шинжээч томилсон болно. Шинжээчээр томилогдсон “****” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 417 тоот дүгнэлтээр гүйцэтгэгч компанийн ****д хийсэн ажлын гүйцэтгэлийг 60 174 797 төгрөг гэж, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 58/02 тоот дүгнэлтээр 60 504 400 төгрөг болохыг тус тус тодорхойлсон ба шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн дахин томилогдсон шинжээч болох “Итгэлт -Эстимэйт” ХХК-ийн дүгнэлтийг баримтлан “****” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.5 дах хэсэгт зааснаар гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, ажлыг дуусгалгүй орхин явсан тал захиалагч тал гэрээнээс татгалзаж, өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлэн учирсан хохирлыг гүйцэтгэгч талаас шаардсан нь үндэслэлтэй байна.

Хохирлын хэмжээг санхүүжилтээр олгосон 64 000 000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон гүйцэтгэсэн ажлын үнэ  60 504 400 төгрөгийг хасч 3 495 600 төгрөгөөр тогтоож, талуудын байгуулсан гэрээний 4.2.10 дах хэсэгт тохирсон анз болох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувиар тооцсон торгуулийн хэмжээг үлдэгдэл санхүүжилт 16 000 000 төгрөгөөс тооцон 4 800 000 төгрөг, нийт 8 295 600 /найман сая хоёр зуун ерэн таван мянга зургаан зуу/ төгрөгийг хариуцагч “****” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 812 069 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2 ширхэг дэвтэр шинжээчээс буцаж ирээгүй талаар хариуцагчийн төлөөлөгч маргасан боловч уг дэвтэрийн агуулга шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, нотлох баримтаар үнэлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “****” ХХК-иас 8 295 600 /найман сая хоёр зуун ерэн таван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 812 069 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506 440 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 147 679 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАТСҮХ