Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 762

 

 

 

 

 

 

 

 

 

    2019       08         14                                     2019/ШЦТ/762

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,

улсын яллагч: О.Доржмаа,  

шүүгдэгч: Д.Сансар (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дондовцэрэнгийн Сансарт холбогдох эрүүгийн “1909027160824” дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Грийн вилла” хотхонд харуул ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Олзвой гудамжны 45 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1-1300 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, НЛ83082976 регистерийн дугаар, Боржигон овогт Дондовцэрэнгийн Сансар.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Дондовцэрэнгийн Сансар нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 08 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Хүнсний 4 дүгээр дэлгүүр”-ийн замын уулзвар орчим замын хөдөлгөөнд оролцож байхдаа Г.Бямбадоржтой маргалдсаны улмаас баруун нүд рүү нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сансар мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бямбадорж /хх-ийн 5-6/, гэрч Э.Долгормаа /хх-ийн 8/, М.Отгонбаяр /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, Д.Сансарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8761 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, Д.Сансарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-36/, Г.Бямбадоржийн хүсэлт /хх-ийн 42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Сансар нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 08 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Хүнсний 4 дүгээр дэлгүүр”-ийн замын уулзвар орчим Г.Бямбадоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Бямбадоржийн /хх-ийн 5-6/: “... Би 2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг 20 минутыг үед өөрийн “Лексус 470” машинтайгаа Ганди сургуулийн урд уулзвар дээр 2 дугаар эгнээнд явж байхад хажуу талын ус тогтсон нэгдүгээр эгнээгээр аксент машин хурдтай явж хажууд сууж байсан эхнэрийн маань хувцас руу ус шалбааг цацагдаж өмсөж явсан хувцас хунар нь авах юмгүй болсон. Тэгэхээр нь би аксент машины араас уулзвар дээр очсон. Би машинаасаа буугаад “чи яаж байгаа юм бэ пизда минь, цонх онгорхой байхад” гэж хэлсэн. Аксент машины жолооч “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд намайг боогоод авсан. Би ч гэсэн зөрүүлээд тэр залууг заамдсан. Бид 2 харилцан заамдалцаад зогсож байхад замын цагдаа ирсэн. Замын цагдаа бид хоёрыг салгаж байх үед аксент маркийн машины жолооч миний баруун нүд рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Э.Долгормаагийн /хх-ийн 8/: “... нүд рүү нь цохисон гэж манай нөхөр надад хэлсэн. Би бусдаар хараагүй...” гэх мэдүүлгээр,

    

   Д.Сансарын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24/: “... цагдаа ирсэн хойно намайг цохиод авахаар нь би зөрүүлээдбаруун нүд хэсэгт нь цохисон. Намайг цохисны дараа Бямбадоржийн нүд хавдчихсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Бямбадоржийн биед “тархи доргилт, баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8761 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Сансарын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Сансарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Бямбадорж нь “... нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Сансарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сансар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дондовцэрэнгийн Сансарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сансарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сансар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Д.Сансар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сансарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ