Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01127

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02171 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ХХК, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2021 оны 10 сард өөрийн өмчлөлийн нүүрс тээврийн машинаа зарахаар зар тавьсан. 2021 оны 10 сарын 20-ны өдөр *******ын ах ******* утсаар холбогдож, машин 4-р цахилгаан станцын урд хашаанд байхад нь очиж үзээд тодорхой хэмжээний төлбөрийг төлж, үлдсэн хэсгийг дараа өгөхөөр тохирсон. Өөрөөр хэлбэл, машиныг худалдан авахаар амаар тохирч, 2021 оны 10 сарын 20-ны өдөр урьдчилгаа төлбөр 15,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Хариуцагч ******* үүнээс хойш 6 удаа 2022 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл дансаар 23,500,000 төгрөгийг цувуулж төлсөн. Анх машиныг 65,000,000 төгрөгөөр тохирсон ба тэдний хооронд фэйсбүүк чатаар явуулсан тооцооны баримтын дээд буланд 59,000,000 төгрөг гэж бичсэн байсан. Тиймээс шаардлагаа 6,500,000 төгрөгөөр багасгаж, дансаар шилжүүлсэн 39,000,000 төгрөг, тооцоонд оруулаагүй 1,500,000 төгрөг хасаж, үлдэх 18,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. ******* нь 2022 оны 11 сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, үүнээс хойш түүнтэй холбогдож чадаагүй. Хариуцагч уг машиныг эвдрэл, гэмтэлтэй байсан, засахын тулд 30,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч үүнтэй холбоотой баримтуудаас харахад ямар машинд засвар үйлчилгээ хийсэн нь тодорхой харагддаггүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид ямар нэгэн доголдолгүй тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн. Гэрээ хүчин төгөлдөр, гэрээг цуцалсан гэх зүйл байхгүй, гэрээний үлдэгдэл төлбөр төлөгдөж дуусаагүй.

Иймд, хариуцагч *******аас 18,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Хариуцагч ******* нь тус компанийн захиралтай ярьж машиныг манай байгууллагын нэр дээр бүртгүүлж С зөвшөөрөл авсан байдаг. Уг тээврийн хэрэгсэл орон нутгийн дугаартай байсан бөгөөд манай компани хотын харьяалалтай тул чирэгч толгой 40-21 УАО улсын дугаартай болж өөрчлөгдөн 2021 оны 10 сарын 21-ний өдөр манай компанийн нэр дээр бүртгэгдэж байсан. ******* нь манай дээр явж байгаад танай компани дээр тээвэрт явах нь бага, ашиг муу байна, өөр компанийн нэр дээр тээвэр хийх гэсэн юм гэж хэлээд 2022 оны 01 сарын 06-ны өдөр Симо лайн ХХК руу шилжүүлж авсан байдаг. Үүнээс хойших машинтай холбоотой асуудлыг бид мэдэхгүй. Манай компани гэрээ болон мөнгөний асуудалд оролцоогүй.

Иймд, манай компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга: ******* нь 2021 онд том тэрэг 60,000,000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу *******тай холбогдон *******ын төрсөн ах *******, ажилтан *******ын хамт түүний ******* улсын дугаартай машиныг төлбөртэй зогсоолд байхад нь очиж үзсэн. Уг машиныг асаах гэтэл асаагүй бөгөөд гадна талаас нь харахад чиргүүлийн тавцан цоорсон, бүх дугуйнуудын тэнхлэг цоорсон, солих шаардлагатай байсан. 7 хоногийн дараа ******* нь *******ын ах ******* руу залгаж, надад мөнгө яаралтай хэрэгтэй байгаа учраас ******* улсын дугаартай машины засварын зардлыг хасаад үнэ тохироод аваарай гэж гуйсан. Тэгээд *******, ******* нар өөрсдөө аккумлятор, түлш аваачиж асааж үзсэн. *******тай утсаар ярьж 50,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Машиныг аваад гарах гэхэд зогсоолын төлбөр 700,000 төгрөг төлөөгүй, машин оношилгоонд ороогүй байсан тул нэр шилжүүлэх боломжгүй байсан. Оношилгоонд оруулах гэхэд чиргүүлийн стандарт буюу чиргүүлийн өндөр тэнцээгүй тул чиргүүлийг засаж, янзлан стандартад нийцүүлэх зардалд 1,300,000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцон оношилгоонд оруулаад нэр дээрээ шилжүүлж авахаар тохиролцоод, автомашины үнийг 50,000,000 төгрөг гэж ярьснаасаа 48,000,000 төгрөг дээр тохирсон. Урьдчилгаанд тэр өдрөө 15,000,000 төгрөг, нэр шилжүүлэхдээ 15,000,000 төгрөг өгсөн. *******ХХК руу машины нэрийг 2021 оны 10 сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Тухайн машиныг ******* жолоодож байсан. Хариуцагч ******* худалдаж авч байсан болохоос өөрөө барьдаггүй буюу тээвэрт машин явуулдаг байсан. Нүүрс тээвэрт явуулахаар Өмнөговь аймаг руу явж байх замдаа мотор нь цохисон байдаг. Энэ талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдэж, очих газартаа очоогүй байхад мотор эвдэрсэн тухай хэлсэн. Ингээд нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийг моторын зардлаас хасахаар хариуцагч *******тай тохирсон. Ингээд нийт 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Моторыг худалдаж авах үед гэмтэл нь ил байдаггүй. *******аас моторын доголдлыг аль аль тал мэдээгүй байсан учраас хүн ёсны үүднээс зардлаа аль аль нь даахаар тохирсон гэж тайлбарладаг. Үүний дараа үлдсэн 15,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг цувуулж төлсөн. Анх хоёр тал 50,000,000 төгрөг гэж тохирсноос 40,000,000 төгрөгийг хариуцагч ******* төлсөн. Үлдэгдэл 5,000,000 орчим төгрөг байх ёстой гэж үздэг. Гэвч машиныг авсан боловч эвдрэл гэмтэл гарч, ашиг өгөхгүй байсан учраас дараа хотод ирэхэд нь уулзана гэж хэлээд уулзаагүй. ******* анхнаасаа уг машиныг авч нүүрс тээвэрт явуулж, ашиг олох зорилготой байсан боловч машины шинж байдал болон цар тахлын хязгаарлалтын улмаас нүүрс тээвэрлэж ашиг олж чадаагүй тул 2023 онд 35,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Иймээс үлдэгдэл 5,000,000 төгрөгийг *******д өгөхгүйгээр хоорондын тооцоог хаая гэж *******тай утсаар ярьсан, тооцоо дууссан гэж ойлгосон. Түүнээс хойш ******* холбогдоогүй.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,500,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг, *******ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 250,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Дээрх тооцооны баримтын баруун дээд булан хэсэгт 59,000,000 гэсэн бичвэр бичсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талууд анх 65,000,000 төгрөгөөр тохирсон гэдэг боловч уг баримтад 59,000,000 гэж дээд буланд бичсэнээс үзэхэд уг үнийн дүн дээр тохирсон байх боломжтой гэж тайлбарлан 59,000,000 төгрөгөөс *******ын төлсөн 40,500,000 төгрөгийг хасаж 18,500,000 төгрөг нэхэмжилж байна гэж дүгнэн *******аас 18,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх дээрх баримтыг хөдөлбөргүй нотлох баримтын хэмжээнд үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч тухайн чатыг хүлээн авч зөвшөөрсөн хариу үйлдэл үзүүлээгүй байхад шүүх хэт нэг талыг баримталж баруун дээд буланд 59,000,000 гэсэн бичвэр байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасантай нийцэхгүй байна.

5.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа баримтаар хангалттай нотлоогүй байхад хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд 50,000,000 төгрөгөөр тохирсон гэсэн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын харилцсан цахим зурвас (үзлэгээр бэхэжсэн) зэргээр нэхэмжлэгч ******* нь Northbenz маркийн ******* улсын дугаартай чирэгч толгой, Liang Shan маркийн ******* улсын дугаартай чиргүүлийг хариуцагч *******т нийт 59,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, тэдгээрийг хүлээлгэн өгсөн, хариуцагч ******* нь 2021 оны 10 сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 сарын 29-ний өдрийн хооронд нэхэмжлэгч *******д нийт 40,500,000 төгрөг төлж, үлдэх 18,500,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд, анхан шатны шүүх хариуцагч *******аас 18,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

4. Чирэгч толгой, чиргүүлийг худалдах, худалдан авах хэлцлийн нэг тал нь хариуцагч *******ХХК биш байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шийдэл зөв.

5. Хариуцагч талын гаргасан ... анхан шатны шүүх тооцооны баримтыг хөдөлбөргүй нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т цахим баримт нь нотолгооны хэрэгсэлд тооцогдохоор зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх талуудын харилцсан цахим зурвас (үзлэгээр бэхэжсэн)-ыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Тодруулбал, дээр дурдсан цахим зурвас (үзлэгээр бэхэжсэн)-т нэхэмжлэгч ******* нь 59,000,000 төгрөгөөс тооцоод 18,500,000 төгрөг үлдсэн тухай бичсэнийг хариуцагч ******* няцаагаагүй, өөрийн зүгээс тооцоолол гаргаж өгөөгүй байна.

6.  Түүнчлэн, хариуцагч ******* нь ... чирэх толгой, чиргүүлийг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, чирэх толгойн мотор нь доголдолтой, байсан, чиргүүл нь цоорхой байсан ... гэсэн агуулгаар гаргасан тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 250,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР