| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0776/Э |
| Дугаар | 766 |
| Огноо | 2019-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 766
2019 08 19 2019/ШЦТ/766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
улсын яллагч: Э.Халиун,
шүүгдэгч: Н.Гантулга (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Норовын Гантулгад холбогдох эрүүгийн 1909024260831 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантечникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 38 дугаар байрны 23 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 299 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ХИ66022473 регистерийн дугаартай, Боржигон овогт Норовын Гантулга.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Норовын Гантулга нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 38 дугаар байрны 23 тоотод өөрийн гэртээ хохирогч Н.Бямбадуламыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “гэрээс явахгүй байсан” гэх шалтгаанаар маргалдан зодож улмаар түүний биед дээд уруул, доод эрүү, хэвлийд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гантулга нь мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бямбадуламын мэдүүлэг /хх-ийн 17/, Н.Гантулгын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7589 дугаар дүгнэлт /хх-ийн 25/, Н.Гантулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-39/, Н.Бямбадуламын хүсэлт /хх-ийн 50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Гантулга нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 38 дугаар байрны 23 тоотод Н.Бямбадуламыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “гэрээс явсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Н.Бямбадуламын /хх-ийн 16, 19/: “... 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Хас” захын хойно байрлах нийтийн байранд 0,33 литрийн архи ууж дуусаад байж байтал манай найз Наранцэцэгийн нөхөр Ганаа гэгч утсаар яриад “манай гэрт хүрээд ир” гэсэн. 17 цагийн үед гэр нь болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 38 дугаар байрны 23 тоотод очсон. Ганаа гэгч нь худ нь гээд 60 орчим насны эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Надад архи хийж өгсөн. Би хэдэн удаа уусан. Нэг мэдсэн чинь Ганаа миний үснээс зулгаагаад чирээд, хэвлий рүү өшиглөж, нүүр рүү цохиж байсан. Би арай гэж зугтаж гарсан. .... Шинжээч миний биед учирсан гэмтлийг үнэн зөв тодорхойлсон байна. ... Н.Гантулга уруул руу гараараа нэг удаа цохисон. ... Бид хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлгээр,
Н.Гантулгын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-7/: “... Бямбадулам буйдангийн урд талд байрлах ширээний үзүүрийг мөргөөд унахаар нь “чи бос л доо” гэж хэлээд цамцны нь ар хэсгээс нь бариад босгох гэтэл босохгүй байхаар нь нүүрэн тус газарт гараараа нэг удаа алгадсан чинь босохгүй байсан. Тэгээд нүүрийг нь хартал уруул хэсгээс нь цус гарчихсан байхаар нь “00” руу оруулаад уруулаас нь гарсан цусыг цэвэрлээд нүүрийг нь усаар угаасан чинь сэргэх янзтай болоод манай гэрээс гараад явсан” гэх мэдүүлгээр,
Н.Бямбадуамын биед “дээд уруул, доод эрүү, хэвлийд цус хуралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7589 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Н.Гантулгын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Н.Гантулгын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Н.Бямбадуламын “...санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Гантулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантулга нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Норовын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Н.Гантулга нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ