Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 567

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч А.П, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А-н П-ид холбогдох эрүүгийн 1909002560301 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит Шивээт 3 дугаар гудамж 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 2 дугаар гудамжны 276 тоотод түр оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,  / РД: М3 00321413 / бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт А-н П нь:

 

- 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чили” нэртэй зочид буудлын үйл ажиллагаа явуулах зориулалттай буудлын 07 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Бат-Эрдэнийн Ай фоне 5 эс загварын гар утас, саарал өнгийн гутал, хар өнгийн саравчтай малгай, нүдний шил, Жи шок брэндийн бугуйн цаг, Жис тар брендийн бугуйн цаг, чихэвч, 20000 төгрөг, улаан өнгийн жинсэн өмд, хохирогч Б.Баярмагнайгийн   Ноте   3   загварын   гар   утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 516.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Т.Отгонбаярын илтгэх хуудсанд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “... Бэлхи-111 чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ Б.Баярмагнай, Б.Бат-Эрдэнэ нарын Самсунг гар утас, Ай фоне 5 гар утас, улаан өнгийн өмд, 2 ширхэг цаг, саарал өнгийн пүүз зэргийг хулгай хийсэн болохыг илрүүлсэн гэжээ. / хх 10 /

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ, Б.Баярмагнай нарт Самсунг гар утас 1 ширхэг, хар хүрээтэй нүдний шил, улаан өнгийн эрэгтэй өмд, Жи стар гэсэн бичигтэй бугуйн цаг 2 ширхэг, саарал өнгийн пүүз зэрэг эд зүйлсийг хураан авч хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл / хх 11 /

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...найз Баярмагнайтай хамт “Чили” зочид буудлын 7 тоот ороонд ороод бэлэн гоймон хүлээж байгаад унтсан байсан. Тэгээд 4 цагт сэрсэн чинь гар утас хувцас байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Ноте 3 маркийн гар утас, Ай фоне 5 маркийн гар утас, G  shck маркийн бугуйн цаг, нүдний шил, малгай, чихэвч хавар намрын гутал, улаан өнгийн жинсэн өмд зэрэг эд зүйлс алдагдсан гэж дуудлага өгөөд 20-30 минутын дараа миний эд зүйлсийг хулгайлсан хүнийг олж өгсөн. Гутал, малгай, нүдний шил, өмд, бугуйн цагнуудыг авсан. Би гар утас, чихэвч, 20000 төгрөгөө аваагүй. Өрөөний хаалга түгжээгүй хаалттай байсан гэжээ. / хх 13, 14-15 /

 

Хохирогч Б.Баярмагнай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Буудалд орж 1 дүгээр давхрын нэг өрөөг аваад гоймон захиалчихаад хүлээж байгаад унтчихсан байсан. Босоод ирсэн чинь утас, юмнууд маань алга болчихсон байсан. Тэгээд Бат-Эрдэнэ бие засах гэж гараад орж ирэхдээ “Чиний гутлыг өмсөөд нэг банди дээшээ гарчихлаа “ гэхээр нь бид хоёр жижүүр эгчтэй цуг гарахад нөгөө банди өрөөнүүдийн хаалга тогшоод явж байсан. Юмнуудаа авъя гэхэд тэр банди байхгүй гээд байсан.  Тэгээд цагдаа ирээд тэр бандийн үүрч байсан цүнхийг шалгахад Бат-Эрдэнийн 2 цаг, нүдний шил, 2 чихэвч, улаан өмд, гутал, саравчтай малгай, миний гар утас гарч ирсэн, ба Бат-Эрдэнийн Ай фоне 5 эс загварын гар утас нь гарч ирээгүй. Бусад эд зүйлсээ буцааж авсан. Бат-Эрдэнийн гар утсыг аваагүй. Би мөнгө алдагдаагүй. Бат-Эрдэнэ улаан өнгийн өмдний арын халаасанд байсан мөнгө алга болсон байна гэж ярьж байсан. Тэр банди өөрөө хаалга тогшоод хүн хаалга нээвэл тамхи асуудаг. Онгойлгохгүй бол татаж үзээд онгорхой байвал ороод юмыг нь авчихдаг гэж ярьж байсан. Тэр банди ганцаараа явж байсан. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй. Өөрийн эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан учраас гомдол, санал байхгүй гэжээ. / хх 18-19 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / хх 28 /

Яллагдагч А.П мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Буудлын нойл орчихоод гарах гээд явж байтал нэг хаалга онгорхой байхаар нь шагайхад хүн унтаж байхаар нь ороод эд зүйлсийг нь авсан. Ганцаараа уг гэмт хэргийг үйлдсэн. Өрөөний ширээн дээр байсан 2 бугуйн цаг, малгай, өмд, нүдний шилтэй цүнх байхаар нь доторх эд зүйлсийг нь аваад гарах гэтэл үүдэн талын орон дээр унтаж байсан залуугийн халаас  нь түнтийгээд байхаар үзэхэд гар утас байсан. Дахиж үзэхэд гар утас байхаар нь хоёуланг нь авсан. Тэгээд үүдэнд гутал байхаар нь өөрийнхөө гуталтай сольж өмсөөд гарсан. Би бугуйн цаг, нүдний шил, өмд, малгай, гутал, Самсунг гар утсыг нь өгсөн. Ай фоне 5 эс загварын гар утсыг алга болгочихсон.  Тухайн үед өөрийгөө А.Тэмүүжин гэж нэрээ хэлсэн. Өмнө нь бага байхдаа хаяг тогтооход түүнтэй хамт байсан болохоор овог, нэр мэдээллийг нь мэддэг байсан. Өөр үйлдсэн хэрэг байхгүй. Хийсэн хэргүүдээ бүгдийг нь нэгтгүүлээд шүүхээр орсон гэжээ. / хх 4 /

 

Шүүгдэгч А.П-ийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 3-4 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.

 

Шүүгдэгч А.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ажил хөдөлмөр хийж, гэр орондоо байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлоос 50.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 50.000 төгрөгийг төлнө гэв.

 

Шүүгдэгч А.П нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чили” нэртэй зочид буудлын 07 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Бат-Эрдэнийн Ай фоне 5 эс загварын гар утас, саарал өнгийн гутал, хар өнгийн саравчтай малгай, нүдний шил, Жи шок брэндийн бугуйн цаг, Жис тар брендийн бугуйн цаг, чихэвч, 20000 төгрөг, улаан өнгийн жинсэн өмд, хохирогч Б.Баярмагнайгийн   Ноте   3   загварын   гар   утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 516.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дарахь баримтуудаар нотлогдон тогтогдлоо. Үүнд:

... Бэлхи-111 чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ Б.Баярмагнай, Б.Бат-Эрдэнэ нарын Самсунг гар утас, Ай фоне 5 гар утас, улаан өнгийн өмд, 2 ширхэг цаг, саарал өнгийн пүүз зэргийг хулгай хийсэнг илрүүлсэн гэсэн цагдаагийн илтгэх хуудас / хх 10 /, ...Самсунг гар утас 1 ширхэг, хар хүрээтэй нүдний шил, улаан өнгийн эрэгтэй өмд, Жи стар гэсэн бичигтэй бугуйн цаг 2 ширхэг, саарал өнгийн пүүз зэрэг эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 11 /,   ...Зочид буудалд ороод хаалгаа түгжилгүй унтаад эд зүйлүүдээ алдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг / хх 13, 14-15 /,  ... Бат-Эрдэнэ ирэхдээ “Чиний гутлыг өмсөөд нэг банди дээшээ гарчихлаа “ гэхээр нь бид хоёр жижүүр эгчтэй цуг гарахад нөгөө банди өрөөнүүдийн хаалга тогшоод явж байсан. Цагдаа үүрч байсан   цүнхийг шалгахад Бат-Эрдэнийн 2 цаг, нүдний шил, 2 чихэвч, улаан өмд, гутал, саравчтай малгай, миний гар утас гарч ирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Баярмагнайгийн мэдүүлэг  / хх 18-19 /,  ...“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / хх 28 /,  ... Буудлын нэг өрөөний хаалга онгорхой байхаар нь шагайхад хүн унтаж байхаар нь ороод эд зүйлсийг нь авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч А.П-ийн мэдүүлэг / хх 4 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.П-ийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлын зохих хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж,  түүнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч А.П нь хохирогч нарт эд зүйлүүдийг буцаан өгч, хохирогч Б.Бат-Эрдэнэд гар утасны төлбөр 100.000 төгрөгийг нөхөн төлөхөөс 50.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 50.000 төгрөгийг түүнээс гаргуулж,  түүний цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Боржигон овогт А-н П-ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А-н П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар А.П-ид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар А.П-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар А.Поос 50.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бат-Эрдэнэд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.П-ийн цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. А.Пийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.П-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ