| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0778/Э |
| Дугаар | 770 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 770
2019 08 20 2019/ШЦТ/770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Цэгмэд;
улсын яллагч: Г.Ганбагана;
хохирогч: Ц.Батчимэг;
шүүгдэгч: Б.Бадамсүрэн (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарын Бадамсүрэнд холбогдох эрүүгийн 1909005700795 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 13а гудамжны 360 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, НЙ96121802 регистерийн дугаартай, Мөлгөө овогт Баатарын Бадамсүрэн.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Бадамсүрэн нь 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёмбо” нэртэй караокед хохирогч Ц.Батчимэгийн эзэмшлийн “OPPO A7X” маркийн гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч аван бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бадамсүрэн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг боломжоороо төлөх болно гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батчимэг мэдүүлэхдээ: Тухайн өдөр Б.Бадамсүрэнтэй уулзаад манай нөхрийн найз Жавхлантөгс, Буянбат бид 4 хамт караоке орсон юм. Б.Бадамсүрэн “утсаар чинь хүнтэй ярьчихаад өгье” гээд миний гар утсыг аваад гарсан. Тэгээд араас нь гарахад байгаагүй. Маргааш нь Б.Бадамсүрэн рүү залгахад “найз нь Дарханд явж байна, очоод утсыг чинь өгье” гэсэн. Маргааш нь залгахад нь “61-ийн гарам дээр явж байна” гэсэн “тэгвэл байгаа газар чинь очоод утсаа авъя” гэсэн чинь “хот ороод утсыг чинь өгье” гээд байсан. Б.Бадамсүрэн өөрөө надтай огт холбогдохгүй байсан. Миний хувьд Б.Бадамсүрэнг “цагдаад өгье” гэж бодоогүй юм. Гэтэл өөрөө надтай огт холбогдохгүй байсан тул арга ядаад цагдаад хандсан юм. Б.Бадамсүрэн “2019 оны 07 дугаар сарын 10-нд хохирол барагдуулна” гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Миний хувьд “чи боломжгүй бол 2 хувааж өгөөч” гэж хүртэл гуйж хэлсэн. Миний гар утасны хохирол болох 720.000 төгрөгийг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Батчимэг /хх-ийн 12-14/, гэрч А.Буянбат /хх-ийн 22/, гэрч Э.Жавхлантөгс /хх-ийн 24-26/, гэрч С.Хэрлэн / хх-ийн 28/: нарын мэдүүлэг, Б.Бадамсүрэнгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн34/, “Lord” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 79/, Б.Бадамсүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48-52, 58-77/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бадамсүрэн нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Соёмбо” нэртэй караокед иргэн Ц.Батчимэгээс “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж “OPPO A7X” маркийн гар утсыг нь хуурч авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ц.Батчимэгийн /хх-ийн 12-14/: “...2019 оны 1 дүгээр сарын 22-ны 23 цагийн үед би нөхөр Жавхлантөгс, найз Буянбат, Бадамсүрэн нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Соёмбо” төвд байрлах караокед орсон юм. Караокед сууж байхад найз Бадамсүрэн гэгч нь миний уьасны 2 дугаар сим картны үүрэнд өөрийн сим картаа хийгээд “хүнтэй ярина” гэж хэлээд аваад гарсан юм. Тэгээд орж ирэхгүй утсыг маань аваад алга болчихсон...Тэгээд араас нь би 10 минутын дараа залгахад миний утас холбогдох боломжгүй болсон байсан...Миний утас цагаан өнгийн, гадуураа өнгөгүй гэртэй “OPPO A7X” гэсэн нэртэй гар утас байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Буянбатын /хх-ийн 22/: “...Бадамсүрэн нь Батчимэгээс “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд аваад гараад байсан...Маргааш нь Батчимэг Бадамсүрэнтэй холбогдож ярихад утсаа авахгүй байж байгаад “чиний гар утсыг баоьцаалан зээлдүүлэх газарт тавьсан, дараа авч өгнө” гэж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Жавхлантөгсийн /хх-ийн 24-26/: “...”Соёмбо” караокед ороод уугаад, дуулаад сууж байтал Бадамсүрэн нь “утсаа өгч байгаач, нэг ярьчихъя” гэхээр нь би эхнэр Батчимэгийн “OPPO A7X” маркийн гар утсыг өгөөд гаргасан. Бадамсүрэн гарчихаад буцаж орж ирээд надад утсыг өгсөн. Төд удалгүй Бадамсүрэн “утсаа өгч бай даа” гэхээр нь утсаа өгтөл үзэж байснаа “энэ утас 2 сим карт ордон утас байна, би нэг сим картаа хийе” гээд сим картаа хийгээд оролдож үзээд байсан. Нэг харсан чинь утсаар ярих гэж байгаа бололтой бариад гарсан. Буцаж эргэж орж ирээгүй тэр чигтээ алга болсон...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Хэрлэнгийн/ хх-ийн 28/: “...Манай ломбардад 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бадамсүрэн гэж хүн А7Х маркийн гар утсыг 14 хоногийн хугацаатай 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 14 хоног нь дуусаад тэрнээс хойш тухайн хүн ирж гар утсаа аваагүй, мөн сунгалт хийгээгүй учраас 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч гар утсыг зарагдах бараанд оруулж зарсан байна....” гэх мэдүүлгээр,
Б.Бадамсүрэнгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 46-47/: “...”Соёмбо” нэртэй караокед ороод хэсэг байж байгаад явахаар шийдээд Батчимэгийн гар утсыг авч гадаа гарч утсаар ярьж байгаад такси бариад шууд хороолол руу найзтайгаа уулзахаар явсан. Замдаа “Өргөө”-гийн урд талд “Лорд” нэртэй ломбардад Батчимэгийн гар утсыг 100.000 төгрөгийн барьцаанд тавьчихаад үерхэж байсан залуутайгаа хөдөө явчихсан...” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн34/, “Lord” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 79/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Бадамсүрэнгийн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг өөрөө шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчоос худал хэлж эд зүйлийг нь авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү Б.Бадамсүрэн нь өөрийн найз Ц.Батчимэгийн итгэлийг буруугаар ашиглах замаар хуурч эд хөрөнгийг нь шунахай сэдэлтээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдыг залилан мэхлэх үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.
Иймээс шүүгдэгч Б.Бадамсүрэнгийн хуурч, бусдын итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох Ц.Батчимэгийн 720.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бадамсүрэнгээс гаргуулж түүнд олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Ц.Батчимэг нь “Б.Бадамсүрэнг ажил хөдөлмөр эрхлүүлж хохирлоо барагдуулж авах сонирхолтой тул түүнд хорих ял оногдуулахгүй байх”-ыг шүүхээс хүссэн болно.
Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь хохирлыг нөхөн төлүүлэхэд орших тул хохирогчийн дээрх хүсэлтийг шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзан үзсэн болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бадамсүрэн нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Мөлгөө овогт Баатарын Бадамсүрэнг хуурч, бусдын итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бадамсүрэнг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бадамсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Б.Бадамсүрэн нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бадамсүрэнгээс нийт 720.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батчимэгт олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бадамсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ