Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01129

 

  *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02394 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ТӨҮГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү 3,548,010 төгрөг, 13 дахь сарын урамшуулал 1,000,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус төвийн захирлын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/402 дугаар тушаалаар *******эд сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. *******ийг 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчимд ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэх явцад хамт ажилладаг ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүн бүрийг хэл амаар доромжилж бусадтай зүй бус харьцаж байхаар нь шаардлага тавьж чи одоо гэр рүүгээ харь согтуу байна гэхэд чамд хамаагүй муу хөгшин дарцаг минь гэх мэтчилэн хэл амаар доромжилж над руу дайрахад нь зай авах үүднээс баруун гараараа өөрөөсөө холдуулсан ба энэ үйл явдлыг гэрчлэх хүмүүс болон камерын бичлэг байгаа. Ёс зүйн хорооны шийдвэрээр цохисон, бусадтай зүй бус харьцсан гэх дүгнэлт гарч, уг дүгнэлтийг үндэслэн захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Согтууруулах ундаа хэрэглээд агсам согтуу тавьж байгаа ажилтныг дэмжээгүйгээр барахгүй харьж унт гэж хэлж байгаа чинь зүй зохисгүй бөгөөд мөн тус ажилтны нэр хүндэд нь халдаж байна гэж дүгнэлт үйлдэн *******эд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, хөдөлмөрийн гэрээний 4.5-т сахилгын зөрчлийн заалтууд байх бөгөөд 29 төрлийн зүйл заалтыг шигтгэж өгсөн байдаг. *******ийн гаргасан үйлдлээс болж хэнд, хэрхэн хор уршиг учирсан, хохирлын хэмжээ хэр их талаарх дүгнэлт үйлдээгүй атлаа сахилгын шийтгэлийн хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон шийтгэлийг оноосон байх ба мөн хөдөлмөрийн гэрээний сахилгын зөрчлийн 29 заалтад тохирох зүйл заалт байхгүй байхад албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, захирлын тушаалыг хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн гарсан гэж үзэхгүй байна. ******* нь 2024 оны 10 сарын 29-ний өдөр *******ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу 2024 оны 10 сарын 11-ний өдөр хуралдаж, 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/402 дугаар тушаалыг хүчингүй болгох шийдвэр гарсан боловч бичгээр албажиж гараагүй. Үндэслэлгүй сахилгын шийтгэлээс үүдэн нэхэмжлэгчийн цалин хөлсний хувьд зөрүү гарсан. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтоос дүгнэхэд 2024 оны 07 сараас 2024 оны 10 cap хүртэлх 4 сарын цалин хөлсний сарын дундаж 2,766,097 төгрөг ба дүнгийн зөрүү нь 591,335 төгрөг байна. Улмаар 2025 оны 4 cap хүртэл тооцож үзвэл нийт 6 cap байх ба 3,548,010 төгрөг болно. Мөн хамтын гэрээ болон шагнал урамшууллын журамд заасны дагуу 2024 онд ажилчиддаа 13 дахь сарын цалин 1,000,000 төгрөг олгосон.

Иймд, ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 3,548,010 төгрөг, 13 дахь сарын урамшуулал 1,000,000 төгрөг, нийт 4,548,010 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь ******* ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн үзлэгийн хяналтын инженерээр ажилладаг. 2024 оны 09 сарын 27-ны өдөр ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ******* *******тэй маргалдан зодоон эхлүүлж, зодоон хийсэн нь 2024 оны 09 сарын 27-ны өдрийн камерын бичлэгт ******* *******ийг цохиж байгаа дүрс бичигдсэнээр зөрчил гаргасан нь тогтоогдсон. Тухайн өдөр гарсан маргаан, зодоон нь 17:20 цагийн үед болсон. Тухайн асуудлаар Үйлдвэрийн газрын Хяналт, шинжилгээ дотоод аудитын алба хяналт, шалгалт явуулж *******ийн ажлын байранд гаргасан зөрчилтэй холбогдох нотлох баримт болох зөрчлийн тайлбар, тухайн үеийн камерын бичлэг, 2024 оны 10 сарын 17-ны өдрийн ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэлийг ногдуулсан. ******* нь ...2024 оны 09 сарын 27-ны өдөр инженер *******тэй үл ойлголцож маргалдсан. ******* өмнө нь буюу 2024 оны 07 сарын 05-ны өдөр өөрийн таних хүний автомашиныг тэнцүүлж өгөхийг шаардсаныг тухайн өдөр зөвшөөрөөгүйн улмаас хэл амаар доромжилж, сэтгэл зүйн дарамт үзүүлж, 2-3 удаа нүүрэн тус газар цохиж дайрсан. Уг явдлыг би тухайн үед даргадаа мэдэгдээгүй гэж тайлбар гаргасан байдаг. Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер ******* нь хөдөлмөрийн дотоод журмын 3.28.2.3, 3.28.2.8, 4.1.4, 4.1.7, 4.1.9-д заасныг зөрчсөн гэж дүгнэгдсэн. Мөн ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 5.1.3, 7.1, 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасныг зөрчсөн тул *******эд ногдуулсан сахилгын шийтгэл нь хууль зөрчөөгүй болно.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар ******* ТӨҮГ-ын захирлын Б/402 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн хяналтын үзлэгийн инженерийн ажилд эгүүлэн томилуулах, цалин хөлсний зөрүү 3,548,010 төгрөг, 13 дахь сарын урамшуулал 1,000,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,920 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. ******* ТӨҮГ-ын ёс зүйн дэд хорооны 2024 оны 10 сарын 17-ны өдрийн дүгнэлтээр Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер ******* нь хөдөлмөрийн дотоод журмын 3.28.2.3, 3.28.2.8, 4.1.9-д заасныг тус тус зөрчиж хамт олны дунд сөрөг уур амьсгал бий болгож, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн тул ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргасан. Тус төвийн захирлын 2024 оны 07 сарын 22-ны өдрийн А/187 тушаалаар Ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсан байдаг ба тус дүрмийн 6.6-д Дэд хорооны гишүүдийг үйлдвэрийн газрын захирал тушаалаар томилж, чөлөөлнө гэж заасан. Гэтэл дээр дурдсан 2024 оны 10 сарын 17-ны өдрийн дүгнэлтийг гаргасан ёс зүйн дэд хорооны гишүүдийг томилсон тушаал хэрэгт байхгүй талаар маргасан боловч анхан шатны шүүх тухайн асуудалд дүгнэлт, үйлдээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн дүгнэлтийг гаргах эрх бүхий гишүүд оролцсон эсэх талаар үнэлэлт дүгнэлт байхгүй байхад гишүүдээс гаргасан дүгнэлт нь хууль ёсны байна гэж анхан шатны шүүхээс үзсэн нь учир дутагдалтай.

4.2. 2024 оны 09 сарын 27-ны өдрийн бичлэгийг СиДи-д үзлэг хийж баталгаажуулсан ба тухайн бичлэгт 41 дэх секундэд ******* баруун гараараа *******ийн зүүн шанаа руу түлхсэн, цохисон үйлдэл гаргаж, тэр үед ******* хойшоо хоёр алхаж, буцаж ойртож гэж шүүхийн шийдвэрт тусгагдсан. Дээрх үйл баримт нь ямар нэгэн цохисон үйлдэл биш өөрөөсөө холдуулж түлхэж буй үйл явдлыг анхан шатны шүүх буруу дүгнэж цохисон мэтээр тайлбарладаг. Гэвч өөд өөдөөсөө харж зогсож буй 2 хүн нэгнийгээ цохиход тэр даралтыг авч буй хүн толгой хажуу тийшээ болох эсвэл ухрах зэрэг үйлдлийг гаргадаг. Хэдий ******* нь хойшоогоо хоёр алхаж буцаж ойртож гэж дүгнэсэн боловч согтуу хүнийг түлхэхэд тэнцвэр алдаж буй үйлдлийг цохиулаад ухарч буй мэт тусгасан байна. Тухайн хэрэг маргаан гарах болсон ганцхан шалтгаан нь ******* гэх ажилтан ажлын байран дээрээ архи ууж бусдад агсан согтуу тавьж буй үйлдлээс нэхэмжлэгчийн чи одоо харьж унтаа гэдэг үгнээс бүх зүйл болсон. Гэтэл ******* ТӨҮГ нь архи согтууруулах ундаа хэрэглээд агсам согтуу тавиад бусдыг заналхийлж дайрч давшилж бусдад гэмтэл учруулсан ажилтандаа үндсэн цалинг гурван cap хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл оноож тухайн дайрч давшилж байгаа ажилтнаас өөрийгөө холдуулах зорилгоор түлхэж буй ажилтныг албан тушаал бууруулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны хэм хэмжээг зөрчиж буй үйлдэл мэт харж байна.

4.3. Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1-д Ажилтан нь холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдал, хор уршиг, байгууллагад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулна гэж, мөн Ёс зүйн дүрмийн 7.2-т Ёс зүйн зөрчил гаргасан тухай Дэд хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан ажилтны ёс зүйн зөрчлийн шинж байдал, хор уршиг, иргэн болон үйлдвэрийн газарт учруулсан хохирлын хэмжээ, анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна гэж журамласан. Гэтэл нэхэмжлэгч нь хэнд хэрхэн хор уршиг учруулсан, иргэн болон үйлдвэрийн газарт учруулсан хохирлын хэмжээ зэрэг тогтоогдсон эсэх, анх удаа эсвэл давтан уу гэх зэргийг харгалзан үзэх байтал хэрхэн яаж аль хэсгийг үндэслэн албан тушаал бууруулах хариуцлагыг ногдуулсан нь ойлгомжгүй байна.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2024 оны 10 сарын 17-ны өдөр *******, ******* нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Мөн хамт ажилладаг *******ийг 2024 оны 07 сарын 06-ны өдөр үл таних хүний тээврийн хэрэгслийг тэнцүүлж өгөх шаардлагыг биелүүлээгүй гэж хэл амаар доромжилж, цохисон гэж ******* тайлбарладаг. Уг үйлдэл нь 2024 оны 09 сарын 27-ны өдөр дахин давтагдан ******* *******т гар хүрсэн болох нь камерын бичлэгээр нотлогддог. Уг зөрчилд нь ******* ТӨҮГ-ын захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.  Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨҮГ-т холбогдуулан тус төвийн захирлын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/402 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн *******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү 3,548,010 төгрөг, 13 дахь сарын урамшуулал 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ТӨҮГ-ын захирлын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Б/402 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн ******* ажилтай *******ийг Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн үзлэгийн техникч болгон албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, хөдөлмөрийн дотоод журмын 3.28.2, 3.28.2.3, 3.28.2.8, 5.1.24, ёс зүйн дүрмийн 4.1.4, 4.1.7, 4.1.9-д заасныг тус тус удирдлага болгосон байх ба ...инженер ******* нь 2024 оны 09 сарын 27-ны өдөр ажлын байранд инженер *******тэй маргалдан зодоон хийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон... гэсэн үндэслэлийг дурджээ.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ажилтан *******, ******* нарын гараар бичсэн тайлбар, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн ажилчдын хурлын тэмдэглэл, Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, ...2024 оны 09 сарын 27-ны өдөр 17:28 цагийн орчим ажилтан *******, ******* нар маргалдаж, ******* нь баруун гараараа *******ийн зүүн шанаа руу түлхсэн, эсхүл цохьсон үйлдэл гаргаж, үүний улмаас ******* нь хойшоогоо хоёр алхаж, буцаж ойртож, хоорондоо ярилцсан, удалгүй хоёр ажилтан ирж тэдгээрийг салгах гэж оролдсон... үйл баримтыг зөв тогтоож, *******ийн уг үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмын 3.28.2.3-т Хамт ажиллагсад, ... -ийг үл хүндэтгэх, зүй зохисгүй харьцах гэж, 3.28.2.8-т Ажлын байранд ... бие махбодид халдах үйлдэл гаргахыг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул *******эд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ.

5. Ажилтан ******* ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон хэдий ч энэ нь ажилтан *******ийн бусадтай зүй бус харьцсан, бусдын бие махбодид халдсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, ажилтан *******ийн дээрх үйлдлийн улмаас ажил олгогч байгууллага болон бусдад заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул ...нэхэмжлэгч нь бусдад хор уршиг учруулсан эсэх, учруулсан хохирлын хэмжээ тогтоогдсон эсэхийг ажил олгогч харгалзан үзээгүй... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ажилтан ******* нь ажилтан *******ийг хэл амаар доромжилж, дээрх үйлдлийг гаргах хэмжээний идэвхтэй үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Ажилтан *******ийн гараар бичсэн тайлбарт ...Өмнө нь буюу 2024 оны 07 сарын 05-ны өдөр ******* намайг өөрийн таних хүний автомашиныг тэнцүүлж өгөхийг шаардсан ч би хүлээн зөвшөөрөөгүйн улмаас хэл амаар доромжилж, надад сэтгэл зүйн дарамт үзүүлж, 2-3 удаа нүүрэн тус газар цохиж дайрсан. Уг явдлыг би тухайн үед даргадаа хэлж мэдэгдээгүй. 2024 оны 09 сарын 27-ны өдөр уг явдал давтагдсан. Өмнөх зүйлийг ярьж над руу хэл амаар доромжилж удаа дараа цохиж авсан. Энэ үйлдлийг би үл тэвчсэн. Хариу үйлдэл үзүүлэх гэсэн боловч ажлын газрын залуучууд бариад хариу үйлдэл үзүүлээгүй... гэж дурдагджээ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т ...хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ...-г зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, ...-г сахилгын зөрчилд тооцно. гэж, 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: гэж, 123.2.4-т албан тушаал бууруулах; гэж, 123.3-т Ажил олгогч ... сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. ... гэж тус тус зохицуулжээ.

Дээрхээс үзвэл, ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасан ажилтан *******эд түүний зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан албан тушаал буруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй тул ...ажил олгогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтанд үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа түүнд шаардлага тавьсан ажилтанд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь шударга бус... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР