Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01130

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/02955 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 41,207,485 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь Сүхбаатар дүүргийн ******* хороо, Сүхбаатарын гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 130.02 м.кв талбайтай, 4 өрөө байрыг ээж *******гээр төлөөлүүлэн *******тай 2022 оны 11 сарын 02-ны өдөр ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрт сард 2,950,000 төгрөгийг 6 сараар түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч ******* нь 2022 оны 11 сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг шилжүүлснээр нийт 4 сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Үүнээс хойш 7 сарын түрээсийн төлбөрийг шилжүүлээгүй ба 2023 оны 08 сарын 23-ны өдөр *******д хандаж гэрээний 5.10-т заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох тул 2023 оны 09 сарын 28-ны өдрийн дотор төлөх шаардлага тавьсан. ******* нь 2023 оны 08 сарын 23-ны өдөр 0121 тоот албан бичгээр төлөөгүй 7 сарын түрээсийн төлбөр болон алдангийг төлөхийг зөвшөөрсөн. 2023 оны 09 сарын 28-ны өдөр ******* нь түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Өмнөх 7 сарын түрээсийн төлбөр 20,650,000 төгрөг, алданги 10,325,000 төгрөг, нийт 30,975,000 төгрөгөөс шилжүүлсэн төлбөрийг хасахад 15,975,000 төгрөг үлдсэн. ******* үлдэгдэл төлбөр болон 2023 оны 10, 11, 12 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй тул төлөх шаардлагыг тавьж байсан. 2023 оны 12 сарын 18-ны өдөр *******д түрээсийн төлбөр төлөх шаардлага тавьсан ба тэрээр 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 0094 тоот албан бичгээр төлбөрийг 2023 онд багтаан төлнө гээд гэрээг дахин 1 жилээр сунгах хүсэлт гаргасан. Талууд 2023 оны 12 сарын 20-ны өдөр 2022-23 дугаартай түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж сарын түрээсийн төлбөрийг 3,000,000 төгрөг болгосон. ******* нь анх ******* ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан ч хожим түрээсийн гэрээг сунгаж баталгаа гаргахдаа иргэн *******гийн хувьд өмнө үүссэн түрээсийн гэрээний бүх үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр тохиролцсон. Хариуцагч ******* 2023 онд багтаан түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2024 оны 01 сарын 02, 19, 31-ний өдрийн албан бичгүүдэд төлбөрийг алдангийн хамт 2024 оны 02 сарын 10-ны өдрийн дотор төлөхөө мэдэгдсэн боловч төлөөгүй. Иймд, түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож 2024 оны 03 сарын 15-ны өдөр байраа хүлээн авсан. ******* нь гэрээ байгуулсан 2022 оны 11 сарын 02-ны өдрөөс 2024 оны 03 cap хүртэл 17 сарын СӨХ-ны төлбөр 753,072 төгрөг, 2023 оны 11 сараас 2024 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр 138,513 төгрөг, дулаан, усны төлбөр 807,400 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч дээрх төлбөрүүдийг төлсөн. Байрыг чөлөөлж өгөхдөө цэвэрлэгээ хийгээгүй, эвдрэл гэмтэл учруулсан, хана, тааз, плитаны тортог, шатсан хэсгийг цэвэрлүүлсэн төлбөрт 500,000 төгрөг, бүх өрөөний цахилгаан кроп, гэрлийн суурь утас зэргийн засварын болон материалын төлбөрт 700,000 төгрөг төлсөн.

Иймд, түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөр 32,325,000 төгрөг, алданги 5,983,500 төгрөг, ашиглалтын зардал 2,898,985 төгрөг, нийт 41,207,485 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: 2022 оны 11 сарын 01-ний өдөр байрыг түрээсэлж 2024 оны 03 сарын 01-ний өдөр байрыг чөлөөлж, засвар, цэвэрлэгээг 14 хоног хийсэн. Нэг сарын түрээсийн төлбөрийг эхлээд 2,950,000 төгрөгөөр гэж тохирсон, дараа нь 3,000,000 төгрөгөөр тооцсон. Би тухайн байрыг 15 cap, 15 хоногийн хугацаанд ашигласан. Түрээсийн төлбөр сард 3,000,000 төгрөгийг 15 сараар тооцоход 45,000,000 төгрөг, 15 хоногийн төлбөр 1,500,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөгөөс 27,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 19,500,000 төгрөг болно. Үүн дээр ашиглалтын зардал 2,898,985 төгрөг, алданги 5,983,500 төгрөг, нийт 28,382,485 төгрөгийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талын тооцооллыг харахад 10,0000,000 төгрөг илүү бодсон байна гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 288 дугаар зүйлийн 288.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 28,382,485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,825,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 299,863 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтад дүгнэлт өгч чадаагүй. Нэхэмжлэгч нь 2023 оны 08 сарын 23-ны өдөр хариуцагчид 2023 оны 09 сарын 28-ны өдрийн дотор түрээсийн үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтрүүлсний алданги төлөх шаардлага хүргүүлсэн. 2023 оны 09 сарын 28-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 24,000,000 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацааг 209 хоног хэтрүүлсний алданги 25,080,000 төгрөг байсан. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алданги тооцвол 12,000,000 төгрөг буюу нийт 36,000,000 төгрөг төлөх байсан.

4.2. Хариуцагч ******* түрээсийн үлдэгдэл төлбөр болон алдангийг заасан хугацаанд төлөхөө 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 0121 дугаар албан бичгээр хүлээн зөвшөөрсөн. Улмаар хариуцагч 2023 оны 09 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид 15,000,000 төгрөг шилжүүлснийг 36,000,000 төгрөгөөс хасаж тооцоход 2022 оны 11 сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн. Ингэхдээ гэрээний төлбөрийн үлдэгдлээс алданги 12,000,000 төгрөгийг, түрээс 3,000,000 төгрөгийг суутгасан. Нэгэнт үүссэн гэрээний үүргийн хувьд түрээсийн үндсэн төлбөр эсхүл алдангийн алинаас түрүүлж хасах нь ач холбогдолгүй буюу адил үр дагавартай тул нэхэмжлэгч алдангийг түрүүлж хассан.

4.3. Хариуцагч ******* түрээсийн гэрээний дагуу өр төлбөрийг барагдуулахаа амлаж, дахин гэрээ сунгах хүсэлт гаргасныг үндэслэж 2022 оны 12 сарын 20-ны өдөр түрээсийн сунгалт гэрээ хийсэн. Түрээсийн төлбөрийг cap бүр 15, 30-ны өдрүүдэд 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч 2022 оны 12 сарын 20-ны өдрийн гэрээний төлбөрийг огт төлөөгүйн улмаас 2023 оны 03 сарын 15-ны өдөр гэрээ цуцлагдсан. Улмаар 2022 оны 12 сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 10,500,000 төгрөг болон алдангийн төлбөр үүссэн.

4.4. Дээрх 2 гэрээний түрээсийн төлбөрийн үлдэгдэл 31,500,000 төгрөг болно. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар, холбогдох үйл баримтад дүгнэлт өгөөгүй.

4.5. Шүүх гэрээний төлбөрийн үлдэгдлийг тооцохдоо түрээсийн төлбөрийн нийт үлдэгдлээс хариуцагчийн нийт төлсөн төлбөрийг хассан нь үндэслэлгүй. Хариуцагчийн төлсөн 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авахдаа хуримтлагдсан алданги болох 12,000,000 төгрөгийг төлсөн гэж тооцон, үлдэх хэсгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцсон. Үндсэндээ хариуцагч түрээсийн төлбөрөөс 15,000,000 төгрөгийг төлсөн байхад шүүхээс 27,000,000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын алданги тооцсон хугацаанд маргаагүй. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11 сарын 02-ны өдрөөс 2024 оны 03 сарын 15-ны өдөр буюу 15 сар 15 хоногт маргаагүй. 1 сард 3,000,000 төгрөг төлөх ёстой юм бол 15 сард 45,000,000 төгрөг бөгөөд 15 хоногийн мөнгө нэмэхэд нийт 46,500,000 төгрөг төлөх ёстой. Миний зүгээс 2022 оны 11 сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч тал маргаагүй. Нийт төлөгдөх ёстой 46,500,000 төгрөгөөс төлсөн 27,000,000 төгрөгийг хасахад 19,500,000 төгрөг үлдэнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 5,983,500 төгрөг, ашиглалтын зардал 2,898,985 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн.

Иймд, нэхэмжлэлээс давсан алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр 32,325,000 төгрөг, алданги 5,983,500 төгрөг, ашиглалтын зардал 2,898,985 төгрөг, нийт 41,207,485 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь буюу түрээсийн төлбөр 19,500,000 төгрөг, алданги 5,983,500 төгрөг, ашиглалтын зардал 2,898,985 төгрөг, нийт 28,382,485 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 12,825,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагчаас 28,382,485 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч маргааныг шийдвэрлэхдээ тайлбарлаж хэрэглэсэн хууль хэрэглээ оновчгүй, улмаар маргаанд өгсөн хууль зүйн дүгнэлт буруу байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулна.

4. Хэргийн 6-10-р талд ******* болон ******* ХХК-ийн байгуулсан 2022 оны 11 сарын 02-ны өдрийн №/2022-23 дугаартай Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ авагдсан, уг гэрээгээр ******* нь Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Сүхбаатар гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 130.02 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг (гэрээнд хаяг өөр байдлаар тусгагдсан боловч талууд маргаагүй) ажлын байрны зориулалтаар 1 жилийн хугацаатай ашиглуулах, ******* ХХК нь 2022 оны 11 сарын 07-ны өдөр 17,700,000 төгрөг (6 сарын төлбөр), 2,950,000 төгрөг (барьцаа), мөн 2023 оны 03 сарын 01-ний өдөр 17,700,000 төгрөг (6 сарын төлбөр) төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

Улмаар, *******, ******* нар дээрх гэрээний хугацааг 2023 оны 12 сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл 1 жилээр сунгаж, түрээсийн төлбөрийг 3,000,000 төгрөг болгосон байна.

5. Түрээсийн зүйл болох орон сууц нь 2017 оны 12 сарын 08-ны өдрөөс *******гийн өмчлөлд бүртгэлтэй, мөн ******* нь ээж *******д тус орон сууцыг бусдад түрээслүүлэх, төлбөр тооцоо хүлээн авах бүрэн эрхийг итгэмжлэлээр олгожээ.

Өмнө дурдсанчлан, ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хожим иргэн *******гийн хувиар түрээсийн гэрээний хугацааг сунгажээ.

Иймд, нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар *******г тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгахгүй.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч мөн зүйлийн 318.3, 318.4-т заасан зохицуулалтыг анхаараагүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж тус тус заасан.

7. Иймд, 2022 оны 11 сарын 02-ны өдрийн №/2022-23 дугаартай Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ, мөн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн №/2022-23 дугаартай гэрээний сунгалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Аливаа хүчин төгөлдөр бус гэрээ нь талуудад эрх, үүрэг бий болгохгүй тул нэхэмжлэгч ******* нь хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр түрээсийн төлбөр, алданги тооцон хариуцагч *******гаас шаардах эрхгүй.

8. Гэсэн хэдий ч хариуцагч ******* нь орон сууцыг 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын байрны зориулалтаар ашигласан үйл баримт тогтоогдсон учир бусдын үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу нэгэнт ашигласан хугацааны эзэмшлийг буцаах боломжгүй тул түүнээс 15 сар 15 хоногийн төлбөрийг тооцон (гэрээнд тусгагдсан үнээр) гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

Ийнхүү тооцоход 3,000,000 х 15 + 1,500,000 = 46,500,000 төгрөг болж байна. Уг дүнгээс хариуцагчийн төлсөн 27,000,000 төгрөгийг хасч, үлдэх 19,500,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ.

9. Гэвч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 28,382,485 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул уг дүнг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ. 

10. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилсөнтэй холбоотойгоор шийдвэр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/02955 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6,

288 дугаар зүйлийн 288.1.2-т тус тус... гэснийг ...492 дугаар зүйлийн 492.1.1-т... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ  

Д.НЯМБАЗАР