Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

 

 

   2019         08         26                                     2019/ШЦТ/779

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Цэгмэд;

улсын яллагч: Т.Жавхлантөгс;

шүүгдэгч: В.Мөнх-Оргил, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Буурал овогт Валягийн Мөнх-Оргилд холбогдох эрүүгийн 1909029670893  дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 26-ны  өдөр хянан хэлэлцэв.

           

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Алтан хөтөч нар” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ШУ93020716 регистерийн дугаартай, Буурал овогт Валягийн Мөнх-Оргил.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч В.Мөнх-Оргил нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын их сургуулийн 1 дүгээр байрны орчимд М.Жүгдэрнамжилыг шалтгаангүйгээр араас нь толгойн тус газарт нь цохиж, унасан байхад нь дээр нь гарч зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Мөнх-Оргил мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Жүгдэрнамжил /хх-ийн 4/, гэрч М.Хаш-Эрдэнэ /хх-ийн 9/, Б.Золбоо /хх-ийн 10/ нарын мэдүүлсэн мэдүүлэг, В.Мөнх-Оргилын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9570 тоот дүгнэлт /хх-ийн 14/, В.Мөнх-Оргилын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-30/, М.Жүгдэрнамжилын хүсэлт /хх-ийн 34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч В.Мөнх-Оргил нь 2019 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Монгол Улсын их сургуулийн 1 дүгээр байрны орчимд иргэн М.Жүгдэрнамжилтай “тамхи нэхлээ” гэсэн шалтгаанаас маргалдан зодолдож улмаар М.Жүгдэрнамжилыг хүндэвтэр гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч М.Жүгдэрнамжилын /хх-ийн 4/: “... Би 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө МУИС-ийн номын сангийн замын урд талд байрлах караокед найз нарын хамт дуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 03 цагийн орчимд гарсан. Найз Хаш-Эрдэнийн хамт МУИС-ийн 1 дүгээр байрны урд талаар явж байтал үл таних 4 эрэгтэй, 2 эмэгтэй явж байснаа надаас тамхи нэхсэн. Үүнээс болж маргалдаж нэг мэдсэн Хаш-Эрдэнэ урагшаа гүйгээд зугтааж байсан. Би зүүн тийш зугтаагаад явж байтал миний араас толгой руу нэг юмаар цохих шиг болсон. Би юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Намайг газар унахад миний дээр гарчихсан цохиж зодсон. Сандагдорж, Цогт нар нөгөө талаас гарч ирээд “наад залуугаа бариад ав” гэж орилоход намайг зодож байсан залуу зугтаагаад явсан. Би босож ирээд бид нар араас нь гүйхэд зугтаад таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч М.Хаш-Эрдэнийн /хх-ийн 9/: “... 2019 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Жүгдэрнамжил, Сандагдорж, Цогт бид дөрөв Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, хуучин архивын байр байсны 3 дугаар давхарт байрлах караокед орж архи уусан. Бид дөрөв караокеноос гараад харих гээд Жүгдэрнамжил бид 2 МУИС-ийн номын сангийн урдаас МУИС-ийн 1 дүгээр байрны зүг такси барих гээд алхаад явж байсан. Сандагдорж, Цогт хоёр тамхи авах гээд үлдсэн. Жүгдэрнамжил бид хоёрын өөдөөс 4-5 залуу, 2 эмэгтэйн хамт хүрч ирээд нэг юм яриад байсан. Би тухайн үеийг сайн санахгүй байна. Нэг мэдсэн нөгөө залуусын нэг нь архины шил хагалаад “ална” гээд дайрахаар нь Жүгдэрнамжил зүүн тийш зугатаасан. Би талбай тал руу зугтааж гүйсэн. Сандагдорж, Цогт нар тамхи авчихаад ирж байхаар нь яваад очтол Жүгдэрнамжил зодуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Золбоогийн /хх-ийн 10/: “... 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө 03 цагийн орчимд найзуудын хамт караокеноос гараад МУИС-ийн 1 дүгээр байрны баруун талаар алхаад явж байтал үл таних 2 залуу Мөнх-Оргилоос тамхи асуух шиг болсон. Мөнх-Оргил “адилхан зовлон нэгтэй байна даа” гэж хэлээд зөрөөд явтал Жүгдэрнамжил, Хаш-Эрдэнэ гэх үл таних залуус Мөнх-Оргилын араас хүрч ирээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохитол Халиунаа дундуур нь орж салгасан. Би Халиунаагийн гарт байсан архины шилийг аваад газар хагалтал Жүгдэрнамжил, Хаш-Эрдэнэ нар зугтаагаад явсан. Хаш-Эрдэнийн араас Чинбал, Давааням бид 3 гүйгээд гүйцээгүй. Би буцаад архины шил хагалсан газартаа иртэл Жүгдэрнамжилын дээр нь Мөнх-Оргил гарчихсан зодолдож байсан. Би Мөнх-Оргилыг татаад явъя гээд зугтаагаад явсан...” гэх мэдүүлгээр,

 

В.Мөнх-Оргилын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 21/: “... Жүгдэрнамжил, Хаш-Эрдэнэ нар Золбоогийн эхнэр Халиунааг “гичий минь” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би өмөөрч гарт байсан архины шилийг газарт унагаан хагалсан. ...би Жүгдэрнамжилын араас толгойн хэсэг рүү нь гараараа цохисон. Жүгдэрнамжил газар унаж бид 2 хоорондоо зодолдсон. Яг яаж зодсоноо санахгүй байна. ...би Жүгдэрнамжилыг зодож биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

            “...М.Жүгдэрнамжилын биед зүүн 3,4,5-р хурууны тэнийлгэгч шөрмөсний тусрал, бугуйн шарх, хуйхны шарх” бүхий ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9570 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан В.Мөнх-Оргилын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч В.Мөнх-Оргилын “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Хаш-Эрдэнэ “сайн дураар эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэл байхгүй, цаашид гарах зардлаа өөрөө хариуцна” гэсэн байр суурь хэргийн 34 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд В.Мөнх-Оргилыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мөнх-Оргил нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Буурал овогт Валягийн Мөнх-Оргилыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мөнх-Оргилыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мөнх-Оргил торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч В.Мөнх-Оргил нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Мөнх-Оргил урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ