Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 576

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                                         

Улсын яллагч Г.Сундуй,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,  

Хохирогч Ш.Ануужин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

                                                                              

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт П-н Б-д холбогдох эрүүгийн 1909015820474 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Этүгэн” их сургуулийн эм зүйн ангийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Буурагчин техникчид гудамж, 1-19 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тарвилан хотхон 48д байр104 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:МЕ 91030309 / Монгол овогт П-н Б нь:

 

- 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” их сургуулийн дотуур байрны 901 тоотод Ш.Ануужинтай маргалдсаны улмаас түүний толгойн тус газар гар утсаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5 /

Хохирогч Ш.Ануужин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...  2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22:00 цагийн үед би  “Этүгэн” их сургуулийн оюутны
дотуур байрныхаа 9 давхарт гал тогооны өрөөнд хичээлээ хийгээд сууж байх үед
хамт нэг өрөөнд байдаг Сэр-Од, Дэчинсүрэн нар ирээд “Бид нар өрөөгөө цэвэрлэж
байна. Чи хогоо асга” гэж хэлсэн. Би тэр хоёрт хандаж “Би маргааш шалгалттай. Маргааш өглөө хичээлдээ явахдаа асгачихъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь араас нь
Бямбасүрэн ирээд “Намайг хогоо асга” гэж хэлсэн. Би Бямбасүрэнд би
“Шалгалтандаа бэлдэж байна. Хогоо маргааш асгая” гэж хэлсэн. Тэгсэн чинь
Бямбасүрэн баруун гартаа өөрийнхөө гар утсыг атгачихсан зогсож байгаад зүүн
гараараа ширээн дээр байсан миний гар утсыг шүүрч аваад миний толгойны
баруун талын чамархай хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд миний үснээс зулгаасан.
Би гарыг нь тавиулах гээд гарнаас нь барьсан чинь баруун гартаа барьж байсан өөрийнхөө гар утсаар миний толгойны дагз хэсэгт нэг удаа цохьсон. Би толгой доргисноос болоод КТГ-н 120.000 төгрөг, шүүх эмнэлгийн 8000 төгрөг, толгой бариулсны 25.000 төгрөг, нийт 153.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. / хх 8-9 /

 

Гэрч Ө.Сэр-Од мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дотуур байранд хамт байдаг Ш.Ануужин гал тогооны өрөөнд хичээлээ хийгээд сууж байсан. Түүнд “Бид хэд өрөөгөө цэвэрлэчихлээ. Чи хогоо асгачих” гэсэн чинь тоохгүй хичээлээ хийгээд сууж байсан. Тэгсэн чинь манай өрөөний эгч П.Б “За. За. Би очиж хэлье”  гээд өрөөнөөс гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чимээ шуугиан гараад байхаар нь яваад очсон чинь П.Б эгч Ш.Ануужин нар барьцалдаад авчихсан зогсож байсан. Тэгээд бид нар салгасан гэжээ. / хх 24-25 /

 

Гэрч Ч.Ичинхорлоо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дотуур байранд хамт байдаг Ш.Ануужин хичээлээ гал тогооны өрөөнд хийгээд сууж байсан. Тэгэхээр Сэр-Од, Дэчинсүрэн нар “Хогоо асга” гэж хэлсэн гэсэн чинь тоохгүй байна гэсэн. Тэгээд манай өрөөний эгч П.Б “За. За. Би очиж хэлье” гээд өрөөнөөс гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чимээ шуугиан гараад байхаар нь яваад очсон чинь Бямбасүрэн эгч Ануужин нар барьцалдаад авчихсан зогсож байсан. Тэгээд бид нар салгасан гэжээ. / хх 26-27 /

 

Гэрч Г.Энхчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дотуур байранд 22 цагийн үед Ш.Ануужин хичээлээ хийгээд гал тогооны өрөөнд сууж байсан. Цэвэрлэгээ хийж дууссаны дараа П.Б, Ш.Ануужинг “Яахаараа хог асгадаггүй юм” гэж уурлаад гараад явсан. Тэгээд дуу чимээ гараад байхаар нь очсон чинь П.Б, Ш.Ануужинг үсдчихсэн зогсож байсан. Тэгээд бид тэр хоёрыг салгах гээд голоор нь ортол Бямбасүрэн Ануужингийн толгой руу нь 2-3 удаа гараараа цохиод авсан гэжээ. / хх 32-33 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4657 дугаар дүгнэлтэнд:

1. Ш.Ануужингийн биед тархи доргилт, баруун чамархай зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 13 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шинжээч нарын 670 дугаар дүгнэлтэнд:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4657 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ш.Ануужингийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 66-67 /

 

Яллагдагч П.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Этүгэн” их сургуулийн дотуур байрны өрөөндөө цэвэрлэгээ хийсэн. Бид нар өрөөгөө цэвэрлэж дуусчихаад Ш.Ануужингаар хогоо асгуулах гээд Сэр-Од, Дэчинсүрэн хоёр Ш.Ануужинд ”Хогоо асга” гэж хэлэхэд Ш.Ануужин ирээгүй. “ Өөрсдөө цэвэрлэ “ гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнд очоод Ш.Ануужинг “Бид нар юмаа цэвэрчилээ. Чи ганц хогоо гаргаад асгачих” гэж хэлсэн чинь миний өөдөөс “Балай авгай” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан Ш.Ануужингийн өөрийнх нь гар утсыг нь зүүн гараараа барьж байгаад Ш.Ануужингийн толгойны баруун хэсэгт нь нэг удаа, өөрийнхөө утсаар баруун гараараа барьж байгаад Ш.Ануужингийн толгойны дагз хэсэгт нэг удаа цохьсон гэжээ.  / хх 42-43 / 

 

Шүүгдэгч П.Б-г  2019 оны 04 дүгээр  сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 42-43 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 48 / зэрэг болно.

 

Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би Ш.Ануужингийн гар утсаар толгойн чамархай хэсэг рүү нэг удаа, өөрийнхөө гар утсаар Ш.Ануужингийн дагз хэсэг рүү нэг удаа нийт хоёр удаа цохьсон. Хохирогч Ш.Ануужин өөрөө ёс зүйгүй хүүхэд. Би энэ асуудлаас болоод байрнаасаа хөөгдсөн учир дахиж Ш.Ануужинтай уулзалдаагүй. Мөнгөний боломжгүй байсан учраас хохирлоо төлөөгүй. Хохирлыг төлнө гэв.

 

Хохирогч Ш.Ануужин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би хичээлээ хийж байсан. “ Хогоо асгачих “ гэхээр нь би “ Маргааш асгачихья “ гэхэд албатай юм шиг хэрүүл хийгээд байсан. Одоо миний толгой байнга өвдөөд байгаа. Зодуулснаас болоод шалгалтандаа унасан учир дахиж өгсөн. Юмаа их мартаж санадаг болсон. Цохиулсныхаа дараа л “Балай авгай” гэж хэлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэний 8000 төгрөг, томографикийн 120.000 төгрөг, толгойгоо 5 хоног бариулсаны 25.000 төгрөг, дахин шалгалт өгсөн 112.000 төгрөг, утасны шилэн наалт хагарсан зэргийг нэхэмжилнэ гэв.

 

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” их сургуулийн дотуур байрны 901 тоотод Ш.Ануужинтай хогоо асгасангүй гэж маргалдсаны улмаас түүний толгойн тус газар гар утсаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хохирогч Ш.Ануужинг зодож байгааг харуулсан Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5 /, ... Бямбасүрэн ирээд “ Хогоо асга” гэхээр нь би “Шалгалтандаа бэлдэж байна. Хогоо маргааш асгая” гэтэл Бямбасүрэн ширээн дээр байсан миний гар утсыг шүүрч аваад миний толгойны баруун талын чамархай хэсэгт нэг удаа, миний толгойны дагз хэсэгт нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ш.Ануужингийн мэдүүлэг / хх 8-9 /, ... “Бид хэд өрөөгөө цэвэрлэчихлээ. Чи хогоо асгачих” гэсэн чинь тоохгүй хичээлээ хийгээд суугаад байсан. П.Б эгч  “За. За. Би очиж хэлье” гээд өрөөнөөс гараад явсан. Шуугиад байхаар нь очтол П.Б эгч Ш.Ануужин нар барьцалдаад авчихсан зогсож байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ө.Сэр-Одын мэдүүлэг / хх 24-25 /, ... гэрч Ч.Ичинхорлоогийн мэдүүлэг / хх 26-27 /, ... гэрч Г.Энхчимэгийн мэдүүлэг / хх 32-33 /, … Ш.Ануужингийн биед тархи доргилт, баруун чамархай зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4657 дугаар дүгнэлт / хх 13 /, ... 4657 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.Ануужингийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шинжээч нарын 670 дугаар дүгнэлт / хх 66-67 /, ... Би Ш.Ануужинг “Бид нар юмаа цэвэрчилээ. Чи ганц хогоо гаргаад асгачих” гэж хэлсэн чинь миний өөдөөс “Балай авгай” гэж хэлээд хэл амаар доромжлоод гар утсаар Ш.Ануужингийн толгойны баруун хэсэгт нь нэг удаа, дагз хэсэгт нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч П.Бгийн мэдүүлэг / хх 42-43 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч П.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ш.Ануужин нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, толгойн зураг авахуулсан 120.000 төгрөг, толгойгоо бариулсаны 25.000 төгрөг, дахин шалгалт өгсөн төлбөр 112.000 төгрөг нийт 265.000  төгрөг, гар утасны нүүр хагарсанг солиулах төлбөр зэргийг нэхэмжилсэн болно.

Эдгээрээс шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, толгойн зураг авахуулсан 120.000 төгрөг, тархи доргисны улмаас бариачид толгойгоо бариулсаны 25.000 төгрөг / хх 13, 69 / нийт 153.000 төгрөгийг шүүгдэгч П.Бгээс гаргуулж, хохирогч Ш.Ануужинд олгох нь зүйтэй байна.

Харин дахин шалгалт өгсөн нь дээрх гэмтэлтэй холбоотой болохыг нотлосон баримтгүй учир 112.000 төгрөгийг  гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт утасны нүүр хагарсан талаарх баримт авагдаагүй тул эдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  П.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Хохирогч Ш.Ануужин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Одоо миний толгой байнга өвддөг болсон.  Зодуулснаас болоод юмаа их мартаж санадаг болсон гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4657 дугаар дүгнэлт / хх 13 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шинжээч нарын 670 дугаар дүгнэлтүүдээр түүний биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй / хх 66-67 / болохыг тогтоосон болно.

 

Шүүгдэгч П.Б нь оюутан бөгөөд, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй учир түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                                

1. Шүүгдэгч Монгол овогт П-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  П-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.Б-гээс 153.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Ануужинд олгож, нэхэмжлэлээс 112.000 төгрөг болон гар утасны нүүр хагарсан хохирлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ