Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01131

 

 *******-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02541 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,547,524 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус СӨХ нь Хан-Уул дүүргийн******* хороо, ******* байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Тус хотхоны ******* байрны ******* тоотын өмчлөгч ******* нь СӨХ-д төлбөл зохих төлбөр буюу 2014 оны 10 сараас 2019 оны 07 сард төлөх cap бүрийн 31,668 төгрөг, 2023 оны 01 сараас 2024 оны 04 сард төлөх cap бүрийн 41,080 төгрөг, 2024 оны 05 сард төлөх 50,000 төгрөгийг тус тус төлөөгүй.

Иймд, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,544,024 төгрөг, нотариатын хөлс 3,500 төгрөг, нийт 2,547,524 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Иргэн ******* нь 2019 оны 07 сард хөдөөнөөс орж ирээд оюутан хүүхдэдээ энэ байрыг худалдаж авч өгсөн. Тиймээс би 2019 оноос хойш төлбөр тооцоог хариуцна, өмнөх тооцоо төлбөр надад хамаагүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан *******оос 710,780 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож, үлдэх 1,836,744 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 21,608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1.  Хариуцагч нь 2019 оны 07 сараас 2024 оны 05 cap хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардал 1,112,100 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрснийг дүгнэлгүй, шүүх хөндлөнгийн байх, талууд тэгш байх эрхийг зөрчиж шийдвэрлэсэн.

4.2. Хариуцагч ******* нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаагүй. Харин орон сууцыг 2019 оны 07 сард худалдаж авсан, түүнээс өмнөх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй гэж маргасан.

4.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу хариуцагч ******* нь өмчлөлдөө шилжүүлэхээс өмнөх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлыг хариуцах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ******* хохирох ёсгүй.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, 2019 оны 07 сараас 2024 оны 05 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: *******-ны даргаар өмнө нь ******* гэж хүн ажиллаж байгаад сүүлд өөрчлөгдсөн. ******* нь СӨХ-ны төлбөрөө дандаа бэлнээр авдаг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2014 оны 10 сараас 2024 оны 05 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 2,544,024 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 2,547,524 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...уг орон сууцыг миний бие 2019 оны 07 сард худалдаж авсан учир өмнөх төлбөрийг хариуцахгүй... гэсэн үндэслэлээр зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн******* хороо, ******* байрыг хариуцан ажилладаг бөгөөд тус байрны ******* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр хариуцагч ******* нь 2019 оны 07 сарын 18-ны өдрөөс бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

Иймд, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч *******оос шаардах эрхтэй, хариуцагч ******* нь тэдгээр зардлыг *******-нд төлөх үүрэгтэй.

4. Хариуцагч ******* нь ...орон сууцны өмчлөгч болсон өдрөөс хойшхи зардлыг хариуцна, өмнөх зардлыг хариуцахгүй... гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан байтал анхан шатны шүүх зохигчийн маргаагүй асуудал буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тайлбарлан хэрэглэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас 1,836,774 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд харшилж байна.

Иймд, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

5. Хэрэгт авагдсан хэрэглэгчийн төлбөрийн баримтаас үзвэл СӨХ-ны төлбөр нь 2019 оны 07 сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд сард 31,668 төгрөг, 2023 оны 01 сараас 2024 оны 04 сар хүртэлх хугацаанд сард 41,080 төгрөг, 2024 оны 05 сараас сард 50,000 төгрөг болох нь тогтоогдож байна.

Иймд, хариуцагч *******оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 2,037,336 төгрөг (31,668х42 + 41,080х16 + 50,000)-ийг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

6. Мөн нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардалд 3,500 төгрөг төлсөн болох нь 147 дугаартай нотариатчийн төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагч *******оос гаргуулсан анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцжээ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02541 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...710,780... гэснийг ...2,040,836... гэж, ...1,836,744... гэснийг ...506,688... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...21,608.72... гэснийг ...47,603... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-оос улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 12,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

Д.НЯМБАЗАР