Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01221

 

 

                                         

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04113 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох,

 

Амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн орон сууцыг түрээсэлж олох байсан орлого 89,600,000 төгрөг, орон сууцны цахилгааны төлбөр 11,115,655 төгрөг, нийт 100,715,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол Өлзийтийн зам гудамж, шинэ вилла хотхоны ******* тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн 21-р хороо, 28-р хороолол, Өлзийтийн зам гудамж ******* тоот 126 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай амины орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. ******* нь Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газартаа “амины орон сууцны хотхон” бариулахаар төлөвлөж, танил *******д хэлсэн. 2020 онд ******* нь “өөрийн дүү *******даа амины орон сууц авах гэж байгаа, танай хотхоны хамгийн эхэнд ашиглалтад орох, амины орон сууцыг баригдах өртгөөр нь худалдан авъя, хамгийн хямд үнээр худалдан авсан учир бусад амины орон сууцуудад захиалагч, худалдан авагчид олж өгөхөд тусална” гэж хэлсэн.

******* нь захиалагчдын төлсөн урьдчилгаа төлбөр болон өөрийнхөө хөрөнгө оруулалтаар эхний 2 хувийн орон сууцыг барьж, 2021 оны 6 сард ашиглалтад оруулсан ба нэг орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 460 орчим сая төгрөг юм. ******* болон дүү ******* нар нь амины орон сууцны төлбөрийн 30 орчим хувийг хэсэгчлэн төлсөн боловч нэмж огт төлбөр төлөөгүй.

 ******* тоот амины орон сууцанд одоогоор *******, найз ******* гэх залуугийн хамт амьдарч байгаа болно. Тиймээс Хан-Уул дүүргийн 21-р хороо, 28-р хороолол, Өлзийтийн зам гудамж “Shine villa” хотхоны ******* тоот амины орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

2021 оны 10 сард өмчлөх эрхийн гэрчилгээ авч, орон сууцыг бүрэн ашиглалтад оруулсан ба түүнээс хойш хариуцагч нар нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тул нийт 32 сарын орон сууц хөлслүүлэх төлбөр болох 89,000,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс адил тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулна.

Мөн ******* нь хариуцагч нарын 2021 оны 07 сараас хойш ашигласан цахилгааны төлбөрт нийт 11,115,655 төгрөгийг УБЦТС ХК-д төлсөн.

Тиймээс өмчлөгчийн эрх ашгийг хамгаалж орон сууц хөлслүүлж олох байсан орлого, үр шим 89,600,000 төгрөгийг, цахилгааны хэрэглээний төлбөр 11,115,655 төгрөг, нийт 100,715,655 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: *******, түүний эхнэр Золзаяа нартай хамтран 9 айлын амины орон сууц барьж, жижиг хотхоны төсөл бий болгох үүднээс хамтарч ажилласан. ******* удаа дараа залгаж, 36 айлын төсөл байгаа, надад 1 га газар байгаа, та хөрөнгө оруулж, эхний загварын 126 м.кв байрыг аваарай гэсэн. Дүү ******* бид саналыг нь зөвшөөрсөн. Тухайн байрыг *******, *******ын мөнгөөр барьсан гэдгээ нэхэмжлэл дээрээ ч бичсэн байсан атлаа мэдэгдэлгүйгээр байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. 2021 оны 04 дүгээр сард байшингийн гаднах болон дотоод заслын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байсан ба бид үлдэх ажлыг өөрсдийн мөнгөөр бэлэн болгож, түлхүүрийг хүлээлгэж өгөхөд нь тэнд оршин сууж эхэлсэн. Би анх 120,000,000 төгрөгөөр нэг л айлын байшин авах байсан боловч хоёр байшингийн хөрөнгө оруулалт хийсэн. Миний хамгийн анх олж ирсэн захиалагч нь ******* гэдэг хүн байсан. *******гийн мөнгөтэй нь нийлээд 336,058,000 төгрөгийг шилжүүлсэн. 60,000,000-70,000,000 төгрөгийг манай дүүгээс зээлж, компанийн хариуцах ёстой байсан зардлыг манай дүүгээс гаргуулсан. Гэтэл одоо энэ зээлсэн мөнгийг байшинд оруулсан мөнгө гэж хамруулан тайлбарладаг. Мөн цахилгааны төлбөр 11,000,000 төгрөгийг шаардаж байна. 11,000,000 төгрөгийн цахилгааны төлбөр гэдэг нь өөр байшингийн төлбөр гэдэг нь тогтоогдож, хэрэгсэхгүй болж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: Мөнгийг бүхэлд нь шилжүүлсний үндсэн дээр байрыг өмчлөлд авах ёстой байтал ******* байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан. Уг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт цахилгаантай холбоотой асуудал яригдахгүй гэж бодож байгаа. ******* тэр байранд амьдрахын тулд өөрийн данснаас мөнгийг гаргуулж авч, дотоод тохижилтыг хийж дууссан. 2021 оны 09 дүгээр cap хүртэл хугацаанд оршин сууж, шүүхэд ******* нэхэмжлэл гаргасан талаар мэдэж, *******гийн тайлбарласнаар байшин нь өөр этгээдэд худалдахаас сэргийлж, Д.Тэмүжин гэх хүнээр түр хугацаанд харуулсан. Тэр байшинд хэн ч амьдардаггүй, хүн амьдрах боломжгүй байгаа. Иймд энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагч ******* тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 106 дугаар зүйлийн 106.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас цахилгаан эрчим хүчний төлбөрт 11,115,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц хөлслүүлж олох ёстой байсан орлого 89,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж ******* тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, *******ын нэр дээрх ******* дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж ******* тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын өмчлөлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч *******ад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,716,369 төгрөгөөс 1,202,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,514,322 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч нарт олгож, хариуцагч *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 192,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын Иргэний хуулийн 106.1 дэх заалтыг буруугаар хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримт, нотлох зүйлсийг бүрэн судлаагүй, илт хууль бус, хүчин төгөлдөр бус баримтыг үнэлсэн, бодит байдлыг үнэнээр үнэлээгүй байна.

4.1.Тодруулбал, хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн гар бичмэлээр хуулийн шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, зөвхөн хариуцагч талын дангаар үйлдсэн бичиг байсаар байтал шүүх “...2018.04.01-ний өдөр Д.Батбаатар, Д.Төрбат нар 2 орөо орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхон, 102 дугаар байр, 1301 тоот 46,26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 58,300,000 төгрөгийг бэлэн төлж, ипотекийн зээлийн үлдэгдлийг cap бүр 502,000 төгрөгийг сар бүр Төрийн банкны 341303220431 тоот дансанд үргэлжлүүлэн төлж төлбөрийг 100 хувь төлж барагдуулсны дараа худалдан авагч тал Д.Батбаатарын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон,....” гэж илт буруу дүгнэлт хийсэн нь хууль бус байна.

Ийнхүү Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Монгол Улсын Иргэний хууль болон өмчийн эрхийг хамгаалах тухай суурь зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

4.2. Д.Төрбат нь уг орон сууцанд эзэмших, захиран зарцуулах эрхгүй гуравдагч этгээд бөгөөд түүнтэй байгуулсан аливаа хэлцэл нь эрх зүйн хүчин төгөлдөр бус. Өөрөөр хэлбэл, хууль бус этгээдтэй байгүулсан хэлцэлд үндэслэн үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг зөвтгөх боломжгүй.

Х.Пүрэвсүрэн нь А.Ариунсайханы орон сууцыг Д.Батбаатараас худалдаж авсан гэж тайлбарладаг боловч шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулийн шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй байдаг. Мөн орон сууцыг авахдаа өмчлөгчөөс биш, гуравдагч этгээдээс худалдан авалт хийсэн гэж тайлбарлах нь огт хуульд нийцэхгүй байх бөгөөд түүний эзэмшил хууль ёсны бус болохыг харуулж байна.

А.Ариунсайханы зүгээс гаргасан төрийн банкны дансны хуулга, зээлийн гэрээ, өмчлөлийн гэрчилгээ зэрэг бодит баримтуудыг шүүх үндэслэл болгон авч үзэлгүйгээр, хууль бус хэлцлүүдэд тулгуурлан маргааныг буруугаар шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Би орон сууцыг худалдаж авахдаа хууль ёсны өмчлөгчийн тухай мэдээгүй. Аялалаар явж байхад бичиг ирсэн байсан. Тухайн бичиг ямар учиртай болохыг хариуцагч Б.Батбаатараас асуусан. Хадам ааваас нь худалдан авсан болохыг тэр үед мэдсэн. Би орон сууцны зээлд сар бүр 501,500 төгрөгийг төлдөг. Урьдчилгаанд 100,000,000 төлсөн. Хариуцагч Б.Батбаатар болон хадам аав н.Төрбат нарт хариуцлага тооцох ёстой.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

       

            2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн орон сууцыг түрээсэлж олох байсан орлого 89,600,000 төгрөг, орон сууцны цахилгааны төлбөр 11,115,655 төгрөг, нийт 100,715,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, уг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нар нь гэрээний үнийг бүрэн төлөхгүйгээр орон сууцыг 2021 оны 06 дугаар сараас хойш эзэмшиж ашиглаж байгаа тул тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, уг хугацаанд орон сууцыг хөлслөн олох байсан орлогод 89,600,000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 11,115,655 төгрөгийг тус тус гаргуулна” гэж тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч “бид амины орон сууцны хотхон барих төсөлд хамтран ажиллаж, нэг амины орон сууцыг 120,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон, хариуцагч нарын зүгээс нийт 336,058,000 төгрөгийн хөрөнгө оруулж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэх агуулгаар татгалзаж, уг амины орон сууцны өмлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, талууд гэрээний үнийг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байхад хариуцагч нарыг орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж дүгнэжээ. Түүнчлэн, гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй тул хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Талууд бичгийн гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах газар дээр амины орон сууцны хотхон барьж ашиглалтад оруулах, захиалагч буюу хариуцагч *******, ******* нар нэг амины орон сууцыг хүлээн авахаар тохиролцож, хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж ******* тоот амины орон сууцыг 2021 оны 06 дугаар сард хүлээн авч эзэмшиж, ашиглаж байгаа талаар зохигч хэн аль нь тайлбарласан ба талууд гэрээний үнийг хэдэн төгрөгөөр тохиролцсон, хариуцагч нар үнийг бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцны барилгын зах зээлийн дундаж үнэлгээ 460,000,000 төгрөг байгаа бөгөөд хариуцагч нь үүнээс 208,819,500 төгрөгийг төлсөн талаар тайлбарлаж, маргаан бүхий Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж ******* тоот амины орон сууцыг 483,425,712 төгрөгөөр үнэлсэн “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг тохиролцон тодорхойлохоор, ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлөхөөр Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2 дахь хэсэгт заасан ба нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлж үнэлгээ тогтоолгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч нар нь орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, нэхэмжлэгчид нийт 336,058,000 төгрөг шилжүүлсэн тул үнийг бүрэн төлсөн гэж тайлбарласан ба “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 483,425,712 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг “бодит байдалтай танилцаагүй, фото зурагт тулгуурлан үнэлгээ гаргасан” гэж татгалзсан боловч уг үнэлгээг няцаасан баримтыг гаргаагүй, өөрийн тайлбар, татгалзлаа нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь гэрээний зүйл болох ******* тоот амины орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн ба орон сууцны үнэ 483,425,712 төгрөгөөс хариуцагч нар нь 208,819,500 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шаадсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүргийн хүрээнд өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Нөгөө талаар, хариуцагч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 208,819,500 төгрөг төлсөн талаар зохигч хэн аль тайлбарласан тул нэхэмжлэгч *******аас 208,819,500 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгох нь зүйтэй. /хх-ийн 5-р тал/

 

5.2. Хариуцагч *******, *******, ******* нар нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж ******* тоот амины орон сууцыг 2021 оны 06 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа талаар зохигч хэн аль тайлбарласан. Энэ хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр нийт 11,115,655 төгрөгийг орон сууцны өмчлөгч буюу нэхэмжлэгч ******* төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдсон.

           

            Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.” гэж заасан. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 06 дугаар сараас хойшхи цахилгааны төлбөрийг төлснөөр хариуцагч нар нь үүргээс чөлөөлөгдөсөн байх тул Иргэний хээлийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар цахилгааны төлбөрт төлсөн 11,115,655 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

            5.3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 10 дугаар сард бүртгүүлж гэрчилгээ гаргуулсан тул 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 06 дугаар сар хүртэл 32 сарын хугацаанд орон сууцыг хөлслүүлэн олох байсан орлогод 89,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч 89,600,000 төгрөгийн хохирол учирсан болохоо нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

            5.4. Хариуцагч *******, ******* нар нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж ******* тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04113 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 496 дугаар зүйлийн 496.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн зам гудамж ******* тоот амины орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******, *******, ******* нарт даалгаж, хариуцагч нараас 11,115,655 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгч *******аас 208,819,500 төгрөг гаргуулж, хариуцагч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардагаас үлдэх 89,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн зам гудамж ******* тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоусгай.” гэж,

3 дахь заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын төлсөн 731,730 төгрөг болон хариуцагч *******, ******* нарын төлсөн 2,716,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, хариуцагч *******, ******* нараас 192,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.“ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 731,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ

 

               ШҮҮГЧ                                         Д.НЯМБАЗАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ