| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0783/Э |
| Дугаар | 780 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 780
2019 08 26 2019/ШЦТ/780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Цэгмэд;
улсын яллагч: О.Доржмаа;
шүүгдэгч: И.Сарангэрэл (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхмд нээлттэй хийсэн хуралдаанаар ,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ишдоржийн Сарангэрэлд холбогдох эрүүгийн 1709017010387 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1969 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 дүгээр гудамжны 28a тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЙС69091501 регистерийн дугаартай, Боржигон овогт Ишдоржийн Сарангэрэл.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч И.Сарангэрэл нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны цайны өрөөнд Г.Уранбилэгийн орхиж, гээгдүүлсэн байсан “Самсунг А-8” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 1.008.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Сарангэрэл нь мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл алга. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/, хохирогч Г.Уранбилэгийн мэдүүлэг /хх-ийн 16/, И.Сарангэрэлийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/, И.Сарангэрэлийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-44/ зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бигийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хнасы үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Сарангэрэл нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны цайны өрөөнд иргэн Г.Уранбилэг “Самсунг А-8” маркийн гар утсаа мартаж, гээгдүүлснийг буюу гээгдэл гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 1.008.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Уранбилэгийн /хх-ийн 16/: “... Би Спортын төв ордны тооцооны төвд харьяалагддаг ч 1 дүгээр эмнэлгийн 3 давхарт байрлалтай тооцооны төвд ажилладаг. Тухайн өдөр манай ажил дээр жилдээ нэг удаа ордог шалгалт орж ирсэн. Би бичиг баримтаа яаралтай олж өгөх шаардлагатай байсан учраас Спортын төв ордны тооцооны төв дээр очсон. Тэндээ цайны өрөөнд ороод хоол идээд гарч явахдаа утсаа ширээн дээр нь мартаад гараад явсан. Эргээд ороод иртэл миний утас байгаагүй...” гэх мэдүүлгээр,
И.Сарангэрэлийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-33/ “... 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Спортын ордны “ХААН” банкны 2 давхарт байрлах цайны газарт 13 цаг өнгөрөөд яваад орсон чинь 1 гар утас цайны өрөөний ширээн дээр байсан. Би өөрийн мэдэлгүй л аваад шүүгээндээ хийсэн. ...удалгүй утасны эзэн орж ирсэн ба өөрийнхөө утас руу залгаад байсан. ...17 цагийн үед би шал цэвэрлэж дуусаад нөгөө утсыг шүүгээнээсээ аваад ажлаасаа гараад явсан. Гэртээ байж байтал “ХААН” банкны ахлах над руу залгаж “Урнаагийн утсыг харсан уу” гэж асуусан. Би “мэдэхгүй” гэж хэлсэн. Дараа 7 хоногт нь “ХААН” банкны салбарын захирал намайг дуудаж “чи утас авсан уу” гэж асуусан. Би “авсан” гэдгээ хэлсэн. Ингээд би хүүхдээ дуудаж гэрт байсан нөгөө утсыг авч ирүүлсэн...” гэх мэдүүлэг болон хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хохирогчийн мартаж, гээгдүүлсэн “Самсунг А8” маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан И.Сарангэрэлийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө... завших ” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү И.Сарангэрэлийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Уранбилэгийн “...утсаа буцаан авасан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суур хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч И.Сарангэрэлийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сарангэрэл нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ишдоржийн Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сарангэрэлийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сарангэрэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Сарангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ