Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 783

 

 

 

 

 

 

 

 

 

    2019       08         27                                      2019/ШЦТ/783

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Ш.Хосбаяр;

шүүгдэгч: М.Бүдээхүү (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхмд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мягмарсүрэнгийн Бүдээхүүд холбогдох эрүүгийн 1909020630801 дугаартай хэргийг 2019 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ач” АУИС-ийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 31 дүгээр гудамжны 1713 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, АВ97022710 регистерийн дугаартай, Жамбалхорлоо овогт Мягмарсүрэнгийн Бүдээхүү.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:                                                       

 

Яллагдагч М.Бүдээхүү нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Түмэн” караокены гадна 2019 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Ц.Даваасүрэнгийн таксигаар хүргүүлээд буухдаа мартаж буусан “Самсунг эс-9” /Samsung S9/ маркийн гар утсыг завшиж бусдад 1.992.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бүдээхүү мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг одоо хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Даваасүрэн /хх-ийн 12-13/, гэрч Б.Бүжинлхам /хх-ийн 14/, М.Баярсайхан /хх-ийн 15/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/, М.Бүдээхүүгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-39/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 41-42/, Ц.Даваасүрэнгийн хүсэлт /хх-ийн 43/ зэрэг болно.

 

Шүүхиийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд  болон хэрэгт авагдсан бусад бигийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хнасы үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Бүдээхүү нь 2019 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 8145 УБҮ дугаартай автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Ц.Даваасүрэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Түмэн” караокены гадна хүргүүлэн буухдаа түүний автомашинд “Самсунг эс-9” маркийн гар утсаа мартаж, гээгдүүлснийг буюу гээгдэл гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 1.992.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ц.Даваасүрэнгийн /хх-ийн 12-13/: “... Би 2019 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 04 цагийн орчим “Зайсан Хилл” цогцолбороос найз Бүжинлхам, Халиун, Бөхөө нарын хамт “Соната-6” маркийн саарал өнгийн таксинд суугаад “Рапид харш” руу явсан. Тэнд найз Халиуныг буулгаад цаашаа 13 дугаар хорооллын Халдвартын уулзвараас эргээд Натурын замаар “Алтангадас” нэртэй караокед орох гэтэл хаалттай байхаар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Түмэн” нэртэй караоке руу явсан. Тэнд буухдаа би өөрийн “Самсунг галакси эс-9 плас” загварын гар утсаа хойд талын суудал дээр мартаж буусан. ...23-28 орчим насны, эрэгтэй, туранхай жижиг биетэй, цагаан царайтай, баруун нүдэндээ жижиг давхраатай залуу байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Бүжинлхамын /хх-ийн 14/: “... Таксины мөнгө “10.000 төгрөг гарсан” гэж жолоочийг хэлэхэд таксины мөнгийг нь тухайн такси дотор жолоочид өгсөн. Ингээд бид хэд “Түмэн” караоке руу орсны дараа Даваасүрэнгийн гар утас байхгүй байгааг мэдэж тэр даруй гар утас руу нь залгаж үзсэн. Эхлээд гар утас нь дуудаж байснаа дараа нь холбогдох боломжгүй болсон...”’ гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Баярсайханы /хх-ийн 15/: “... 2019 оны 05 дугаар сарын эхээр Бүдээ гээд нутгийн дүү рүүгээ залгаж өрөө асуугаад “мөнгө төгрөг юу болж байна. Ахад нь мөнгөний хэрэг байна” гэж хэлэхэд “манай найзад ийм гар утас байна” гэж хэлсэн. Бүдээ ажил дээр ирээд хар өнгийн “Самсунг галакси эс-9” загварын гар утас гаргаж ирээд “энийг та 300.000 төгрөгийн өрөндөө авчих” гэж хэлсэн. Би “хэний гар утас юм бэ” гэж асуухад “манай найз таксинд явж байгаад нэг хүн орхиод буучихсан”   гэж хэлэхээр нь би “тэгвэл ахын дүү хэрэггүй, наад утасны чинь дэлгэц нь хагарчихсан байна. Олсон утас дэмий байдаг юм аа” гэж хэлэхэд “цаад хүүхэд нь надад өртэй юм аа. Энэ утаснаас өөр юм алга. Та санаа зоволтгүй. Таксинд орхиод буусан гар утас. Хулгайн гар утас биш” гэж хэлэхээр нь итгээд гар утсыг нь Бүдээгээс 300.000 төгрөгийн өрөндөө авсан...” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Энэ хэргийн гэрч М.Баярсайхан нь М.Бүдээхүүгээс гар утас авах болсон шалтгаан, М.Бүдээхүү түүнд гар утас өгөхдөө хэрхэн ямар агуулгатай зүйл хэлж байсныг дэлгэрэнгүй ярьж гэрчилсэн нь “өөр хүн таксины мөнгөний барьцаанд гар утас үлдээж буусан” гэх шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж, М.Бүдээхүү энэ асуудлаар бодитой биш мэдүүлэг өгч байна гэж шүүх дүгнэх үндэслэл болсныг дурьдаж байна.

           

Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хохирогчийн мартаж, гээгдүүлсэн “Самсунг галакси эс-9” маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан М.Бүдээхүүгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө... завших ” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль  зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү М.Бүдээхүүгийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Даваасүрэнгийн “...утсаа буцаан авасан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суур хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Бүдээхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жамбалхорлоо овогт Мягмарсүрэнгийн Бүдээхүүг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч М.Бүдээхүүг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бүдээхүүд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бүдээхүү нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бүдээхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ