Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01230

 

 

   

“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03291 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “*******” ХК нь Баянгол дүүргийн 25 хорооны нутаг дэвсгэрт орон сууцны My Town барилгын төслийг 2014 оноос эхлүүлж, хоёрдугаар ээлжийн 192 айлын байрыг 2018 оны 09 дүгээр сард байнгын ашиглалтад оруулсан.

Иргэн ******* нь энэхүү орон сууцнаас 65.21 м.кв талбайтай ******* тоот 3 өрөө орон сууцыг манай компанитай гэрээ хийлгүй, төлбөр төлөлгүйгээр 2020.02.03-ны өдөр улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн авсан болох нь тогтоогдсон.

******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр *******, ******* нарт өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

Нэгэнт барилгын захиалагч, гүйцэтгэгч, хууль ёсны өмчлөгч “*******” ХК-ийн хүсэл зоригоос гадуур өмчлөх эрх шилжсэн тул 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *******, ******* нарт шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна.

Иймд, Баянгол дүүргийн 25 хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгч нь “*******” ХК болохыг тогтоож, энэхүү өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******тэй зарын дагуу холбогдож, Баянгол дүүргийн 25 хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 65.21 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авсан.

Уг орон сууц нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн ******* дугаарт *******ийн нэр дээр бүртгэлтэй нэг иргэний өмч, ямар нэгэн маргаан, эрхийн зөрчилгүй байсан.

Ингээд хууль ёсны өмчлөгч *******тэй 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа 2,000,000 төгрөг өгч, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ипотекийн зээл олголт хийсэн даруйд 188,000,000 төгрөгийг *******д дансаар шилжүүлэн нийт 190,000,000 төгрөг төлж худалдан авсан.

Улсын бүртгэлийн газарт холбогдох материалаа бүрдүүлэн өгснөөр зохих журмын дагуу бүртгэж, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* бидний нэр дээр улсын бүртгэлийн ******* дугаартай шинээр гэрчилгээ олгосон тул бид дээрх орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болсон.

Хариуцагч бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг үйл баримтыг хэзээ ч сонсож байгаагүй, мэдэхгүй, мэдэх боломжгүй юм. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 110 дугаар зүйлийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Материал-Импекс” ХК-ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03291 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн агуулгыг “Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ бидний хүсэл зоригоос гадуур, гэмт хэргийн замаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн, хөрөнгө шилжих үндэслэл болсон хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч байгууллагаас бус иргэн *******эс орон сууцыг худалдан авсан, худалдан авах үед эрхийн ямар ч зөрчил байгаагүй гэж тус тус тайлбарлаж байна.” гэж зөв тодорхойлсон боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, хуулийг буруугаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 16 автомашины дулаан зогсоол, зоорьтой, 16 давхар, 192 айлын орон сууцны зориулалтай барилгыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2018/450 дугаар дүгнэлтээр ашиглалтад хүлээн авсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө нь *******ийн өмчлөлд 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар бүртгэгдсэн байна.

Энэ талаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 514 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолыг гарсан бөгөөд тогтоолоор нэхэмжлэгч “*******” ХК-ийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан ******* нь гус компанийн хэрэгжүүлж бариулсан My town төслийн орон сууцыг хуурамч баримт, материал бүрдүүлэн бусдад зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр насан барсан тул 220503455 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хаасан байна. Анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг зөв тогтоожээ.

Гэтэл энэхүү үйл баримтаар өмчийн хэлцэл хийгдээгүй буюу өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлийг бусдад шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, мэдээгүй, зөвшөөрөөгүй, гэрээнд зааснаар өмчлөх эрх шилжих нөхцөл бүрдээгүй байхад өмчлөх эрх *******д ямар үндэслэлээр шилжсэнийг анхан шатны шүүх дүгнээгүй атлаа Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” зааснаар шууд өмчлөх эрх шилжсэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ мэдээгүй, зөвшөөрөөгүй байхдаа өөрийн хүсэл зоригоос үл хамаарах үндэслэлээр өмчлөлөө алдсан тохиолдолд өмчлөгчийн эрхийг тэргүүн ээлжид хамгаалах шаардлагатай бөгөөд өмчлөх эрхгүй этгээд өмчлөх эрхийг шилжүүлсэн, түүнээс авсан шударга өмчлөгчөөс ч хамгаалагдах шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүхээс маргааны үндсэн агуулгыг ойлголгүйгээр гэм буруутай үйлдэл гаргаагүй тул хариуцагч нарыг өмчлөгч гэж үзлээ гэсэн нь үндэслэлгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

            2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ҮТБ/16010/, Нарны зам гудамж, ******* байр, ******* тоот, 65,21 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бусдын хууль бус үйлдлийн улмаас *******д шилжиж, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийг зөвшөөрөлгүй хийсэн хэлцлээр хариуцагч нарын өмчлөлд шилжсэн“ гэж тус тус тодорхойлсон.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “тухайн орон сууцыг иргэн *******эс худалдан авсан, худалдан авах үед эрхийн ямар нэг зөрчил байгаагүй” гэж татгалзжээ.

 

            4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн заалтыг зөв хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

           

            4.1. Нэхэмжлэгч “*******” ХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 автомашины дулаан зогсоол, зоорьтой, 16 давхар, 192 айлын орон сууцны зориулалтай барилгыг барьж, ашиглалтанд оруулсан болох нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2018/450 дугаарт дүгнэлтээр тогтоогдсон. /хх-ийн 17/

 

            Дээрх барилгын нэг орон сууц болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ҮТБ/16010/, Нарны зам гудамж, ******* байр, ******* тоот, 65,21 м.кв талбайтай орон сууц нь *******ийн өмчлөлд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байна.

 

            Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 514 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор нэхэмжлэгч “*******” ХК-ийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан ******* нь тус компанийн хэрэгжүүлж бариулсан “My town” төслийн орон сууцыг хуурамч баримт, материал бүрдүүлэн бусдад зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон боловч 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тул 220503455 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хаасан байна. /хх-ийн 4/

 

            Хэрэг бүртгэлтийн явцад ******* нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...”*******” ХК-ийн борлуулалтын албаны дарга *******тай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2018/81-31 дугаартай орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулах гэрээ байгуулж, ******* дугаар байр, 14 давхар, ******* тоот орон сууцыг авахаар тохиролцсон, нийт 136,941,000 төгрөгийн 50 хувийг нь бэлнээр, үлдсэнийг нь компанийн хувь лизингээр төлж барагдуулсан, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг хийж өгсөн...” гэжээ. /хх-н 4-12-р тал/

           

            Хариуцагч *******, ******* нар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******эс өмчлөх эрхийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ҮТБ/16010/, Нарны зам гудамж, *******-р байр, ******* тоот, 65,21 м.кв талбайтай маргаан бүхий орон сууцныг 190,000,000 төгрөгөөр худалдан авсан. /хх-ийн 31/

 

            Орон сууцыг худалдан авахаар Хаан банкнаас 100,000,000 төгрөгийн ипотекийн зээлийг 284 сарын хугацаагаар авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 34, 43/

 

            4.2. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд маргаан бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ҮТБ/16010/, Нарны зам гудамж, ******* байр, ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч “*******” ХК барьж ашиглалтанд оруулсан бөгөөд 2020 онд *******ийн өмчлөлд шилжиж, улмаар өмчлөгч ******* нь 2022 онд хариуцагч *******, ******* нарт худалдсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус компанийн борлуулалтын ажилтан *******ын хууль бус үйлдлээр *******д тухайн эд хөрөнгө шилжсэн гэж тайлбарлаж байх боловч  энэ талаар хариуцагч нар гэрээ байгуулах үедээ мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэхээр байх тул хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй.

 

            Хариуцагч *******, ******* нар нь *******тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр уг ******* тоот орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасанд нийцсэн ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            4.3. Нэхэмжлэгч “*******” ХК нь ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн буюу нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэлээр уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан.

 

            Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасан.

 

            Маргаан бүхий орон сууц нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед *******ийн өмчлөлийн хөрөнгө байсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчмын хүрээнд тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь ******* байсан гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээд гэдэг нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний хувьд нэхэмжлэгч “*******” ХК биш иргэн ******* юм.

 

            Иймд, ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэхгүй.

                       

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03291 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МАНДАЛБАЯР

 

 

               ШҮҮГЧ                                          Д.НЯМБАЗАР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Г.ДАВААДОРЖ