| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0788/Э |
| Дугаар | 788 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 788
2019 08 28 2019/ШЦТ/788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэгмэд;
улсын яллагч: Я.Мөнхзаяа;
шүүгдэгч: Т.Маргад (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тулгаагийн Маргадад холбогдох эрүүгийн 1909028480857 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их сургуулийн бага ангийн багшийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 28 дугаар байрны 12б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УЗ98102300 регистерийн дугаартай, Очирваань овогт Тулгаагийн Маргад.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Тулгаагийн Маргад нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Жи” зочид буудалд Н.Анхзаяатай маргалдаж нүүр рүү 3 удаа алгадаж, үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж, биед тархи доргилт, духанд зулгарал, дух, зулай, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод урууланд цус хуралт, язарсан шарх буюу хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Маргад мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд арван найман насанд хүрээгүй хохирогч Н.Анхзаяа /хх-ийн 5/, гэрч Г.Ариунзаяа /хх-ийн 8/, Х.Урансайхан /хх-ийн 9/, А.Алтангэрэл /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, Т.Маргадын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9209 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/, Т.Маргадын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 21-22/, Н.Анхзйяйгийн хүсэлт /хх-ийн 34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Маргад нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Жи” зочид буудалд иргэн Н.Анхзаяатай таарамжгүй харьцааны улмаас хэрэлдэж маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
арван найман насанд хүрээгүй хохирогч Н.Анхзаяагийн /хх-ийн 5/: “... 2019 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Урансайхан, Маргад, Алтангэрэл, Ариунзаяа бид нар Урансайханы найз залуугийн байрлаж байсан “Жи” нэртэй буудлын 403 тоот өрөөнд орж тоглоом тоглосон. Урансайхан миний хөл рүү хөлөөрөө жийхээр нь Урансайханы хөл рүү би зөрүүлээд жийсэн чинь Урансайхан “00” орох гээд гараад явсан. Маргад гэнэт хажуу талаас гараараа 3 удаа нүүрэн тус газар алгадаж, үсдэж гараараа толгой руу хэд хэдэн удаа цохисон. Алтангэрэл, Ариунзаяа хоёр Маргад бид хоёрыг салгасан…” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Ариунзаяагийн /хх-ийн 8/ “... Анхзаяа, Маргад хоёр маргалдаж бие биенээ цохиод байхаар нь би салгах гэж байтал гаднаас Алтангэрэл орж ирээд бид хоёр Анхзаяа, Маргад хоёрыг салгасан...” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Урансайханы /хх-ийн 9/: “... Алтангэрэл бид 2 тамхи татчихаад ороод ирсэн чинь Анхзаяа “Маргад намайг алгадсан” гээд лифтэнд суух гээд явж байсан. Тэр үед баруун хацар нь хавдсан байсан ...” гэх мэдүүлгээр,
Т.Маргадын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 17-18/: “... Анхзаяа бид 2 эхлээд зүгээр юм ярьж байгаад сүүлрүүгээ муудалцаж маргалдсан. Би Анхзаяагийн нүүрэн тус газар нь гараараа 2 алгадсан. Анхзаяа намайг зөрүүлж алгадахаар нь би үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлгээр,
Н.Анхзаяагийн биед “тархи доргилт, духанд зулгаралт, дух, зулай, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод урууланд цус хуралт, язарсан шарх” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9209 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Т.Маргадын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Т.Маргадын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Арван найман насанд хүрээгүй хохирогч Н.Анхзаяа, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Нарандалай нарын “...сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 32, 34 дүгээр талуудад авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Т.Маргадыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Маргад нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Очирваань овогт Тулгаагийн Маргадыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Маргадыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Маргад нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Т.Маргад нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Маргадад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ