| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0716/Э |
| Дугаар | 715 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 715
2019 07 26 2019/ШЦТ/715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , ял шийтгэлгүй гэх, Г.Э,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Э нь 2019 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны гадна зогсоолд байрлуулж тавьсан хохирогч Ц.Бэгзжавын эззмшлийн 72-09 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид 640.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны гадна зогсоолд байрлуулж тавьсан хохирогч Ц.Бэгзжавын эззмшлийн 72-09 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван хулгайлж, хохирогчид 640.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-7 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 12-13 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Бэгзжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алдагдсан дугуйнуудаа хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Надад дугуй зарсан залууг танихгүй. Фэйсбүүкээс зар харж байгаад дугуй зарна гэсэн байхаар нь холбогдоод 4 ширхэг дугуйг 480.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу буцааж надад 480.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 31-32 дугаар хуудас/,
Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна ...” гэх мэдүүлэг /хх-н 40-44 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн данс руу хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 76 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63дугаар хуудас/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож хохирлоо нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Э-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Энь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Г.Э-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ