Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 109/2019/0017/З |
Дугаар | 221/МА2020/0153 |
Огноо | 2020-02-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2020/0153
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн захирал Б.Б 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” а/127 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” а/127 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга М.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Тус сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэр Халуун усанд 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ........дугаартай эрхийн гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болсныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 41 дүгээр захирамжийн дагуу Р.Э Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр “Халуун ус” гэх нэртэй газар орчимд аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэгэн аж ахуйн нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж гаргахаар болж сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн а/127 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээж аялал жуулчлалын зориулалтаар “А” жуулчны баазын дээд талд хил заагийг тогтоон тэмдэглэж газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн.
Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн а/127 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Миний бие хууль ёсоор газар эзэмшиж байсан. Үүнийг Цэнхэр сумын Засаг дарга хүчингүй болгосон. Энэ талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар талууд эвлэрэлийн гэрээ байгуулж түүнийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байдаг.
Уг захирамж, эвлэрлийн гэрээг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээс болж хаа хамаагүй этгээдийн /эрх нь хангагдаагүй/ нэхэмжлэлээр би эзэмшиж байсан газар гэх юмгүй болсон байна. Шүүхийн шийдвэр миний эсрэг 100% гарсан.
Шүүх шийдвэрлэхдээ талуудын эрх ашгийг бүгдийг нь тооцож хэргийн нөхцөл байдлыг сайтар тогтоож, шийдэж болох байсан. Маргаанд хөндөгдөж буй газар давхцалтай эсэх, болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны сонирхлыг хэрхэн зөв хамгаалах гэх мэт олон талын асуудлыг судалсны үндсэн дээр бодит шийдвэрийг гаргах боломжтой байсан.
Иймд гуравдагч этгээд миний эрх, ашиг хөндөгдөж байна гэж үзэж байгаа тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” а/127 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийн гол үндэслэлд дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Тухайлбал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “газрын давхцал байгаа” эсэхийг огт тогтоогоогүй, 1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх талд авагдсан газрын давхцлыг харуулсан зургаар нэхэмжлэгчийн жимс жимсгэнийн зориулалттай 2 га газартай гуравдагч этгээдэд маргаан бүхий захирамжаар эзэмшүүлсэн 2000 м.кв газар ямар нэгэн давхцалгүй, хил залгаа орших бөгөөд энэ талаар бус харин хариуцагчаас захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зарчим, журам зөрчсөн гэж дүгнэсэн нь хангалтгүй, энэхүү зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн хөндөгдсөн талаар огт дүгнэлт хийгээгүй, мөн холбогдох нотлох баримт бүрэн авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.
Маргаан бүхий захирамж нь эвлэрлийг баталсан шүүгчийн 2017 оны 41 дүгээр захирамжийн хүрээнд гарсан, харин энэ нь тухайн үед одоогийн гуравдагч этгээд Р.Э нэхэмжлэлтэй Цэнхэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний хооронд байгуулсан “бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцуулахгүй”-гээр газар олгохоор эвлэрснийг баталсан захирамж байх тул гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 2000 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтай эсэхэд дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.
Нэхэмжлэлд “…манай компанид Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 171 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн жимс, жимсгэнийн зориулалттай 2 га газартай давхцуулсан олгосон…” гэх боловч Засаг даргын 2017 оны а/131 дүгээр захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болсонд тооцож, аялал жуулчлалын бүсэд жимс, жимсгэнийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгож, газрын байршлыг өөрчлөхөөр шийдвэрлэж, 2018 оны 5 сард 2 га газрыг аялал жуулчлалын бүсээс гаргаж зориулалтын дагуу газрыг заан өгч, үйл ажиллагааг сэргээхийг мэдэгдсэн баримтууд хэрэгт авагдсан,
-дээрх а/131 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг энэхүү хэрэгтэй нэгтгэн шалгах явцад гарсан шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэргийг тусгаарлах тухай” 215 дугаар захирамжаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн л хариуцагчаас нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх боловч энэхүү захирамж хэрэгт авагдаагүй, мөн уг захирамжийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн 2 га газрыг сэргээсэн эсэх, сэргээсэн тохиолдолд гуравдагч этгээдийн 2000 м.кв газартай давхцалтай эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий шийдвэрийн үндэслэл болсон эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 4 дүгээр тогтоолд “…Р.Э 2008 оны 14 дүгээр захирамжаар эзэмшиж байсан газар нь “З” ХХК-ийн эзэмшиж байгаа газартай давхцалгүй…” гэж дүгнэжээ.
Харин маргаан бүхий 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн а/127 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг сэргээхдээ “А” аялал жуулчлалын баазын дээд талд хил заагийг тогтоон тэмдэглэж, газар эзэмших гэрээ байгуулахыг сумын Газрын даамалд даалгасан байх бөгөөд өөрийн эзэмшил газраа гуравдагч этгээдэд шилжүүлсэн Д.С тухайд анх 40х50 м.кв газар хаана эзэмшдэг байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Аймгийн Засаг даргын 2018 оны А/626 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Цэнхэр сумын Алтан овоо нутагт Халуун усны аманд олгогдсон газарт хяналт шалгалт хийсэн дүгнэлтэд “…“З” ХХК-д аялал жуулчлалын зориулалттай газар байхгүй гэх бөгөөд хүлэмж, нарийн ногооны зориулалтаар олгогдсон газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна гэж, …Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 171, 231 дүгээр захирамжаар 2 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн материал байхгүй, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг зөрчсөн… 2011 онд Ц.Ц хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрыг “З” ХХК-д шилжүүлсний дараа сумын Засаг даргаас 2016 оны А/108 дугаар захирамжаар дахин 1 га газрыг дээрх зориулалтаар баталгаажуулан олгосон боловч байршил тодорхойгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2018 оны А/71 дүгээр захирамжаар хүчингүй болгосон…” гэснээс үзэхэд ч нэхэмжлэгчийн тухайд чухам ямар захирамжаар өөрт олгогдсон газартай нь давхцуулан гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг сэргээсэн гэж буруутгаад байгаа үндэслэл тодорхой бус байна.
Иймд эдгээр нөхцөл байдлыг бүрэн тодруулсны үндсэн дээр маргааны үйл баримтад бүрэн дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэх шаардлагатай байгаагаас гадна гуравдагч этгээдийн эзэмшиж байсан газрын хэмжээ Засаг даргын 2008 оны 14 дүгээр захирамж, газрын гэрчилгээнд зааснаар 40х50м буюу нийт 2000 м.кв байхад шийдвэрт “…200 м.кв-ыг иргэн Д.С шилжүүлэн эзэмшсэн…” мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийснийг дахин хэргийг шийдвэрлэхдээ анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН