| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 221/2025/0004/З |
| Дугаар | 001/ХТ2025/0069 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2025/0069
Х.Е , “Д” ХХК-ийн гомдолтой,
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны
Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар магадлалтай хэргийг, гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч Л.Б-ын өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.М нарыг оролцуулан, гомдол гаргагч “Д” ХХК, хариуцагч Л.Б нарын гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/38 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал: Өмгөөлөгч Л.Б нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Д” ХХК-ийн захирал Н.Г-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Х.Е-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ тус тус байгуулсан байх бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 38 дугаар тогтоолоор “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл төлбөр авах дансны дугаарыг тусгаагүй” гэсэн үндэслэлээр өмгөөлөгч Л.Б-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3.Гомдол гаргагч “Д” ХХК-иас “... Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас хойш 3 сар таг чиг алга болж, хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, өөр өмгөөлөгчид даатгаад хаясан, үйлчилгээ үзүүлэх явцдаа өмгөөллийн хөлснөөс гадуур 9 сая төгрөг надаас авч эсрэг талд буюу “УБДС” ТӨХК-ийн ажилтанд хахуул өгсөн” гэж,
4.Гомдол гаргагч Х.Е-аас “аймгийн болон улсын прокурорт өргөдөл бичихээс өөр ажил огт хийгээгүй, утсаа авдаггүй, тохирсон хөлсөө авсан боловч миний эрх ашгийн төлөө ажил хийгээгүй, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөөгүй, хэргийн хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, хэрэг хаагдсанд гомдолтой байна” гэж,
5.Хариуцагч Л.Б-оос “... гэрээний дагуу үйлчилгээ үзүүлж, холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүгдийг хийж гүйцэтгэсэн, хууль болон дүрэм зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
6.Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/38 дугаар тогтоолоор дараах үндэслэлээр өмгөөлөгч Л.Б-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
6.1.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 15.2 дахь хэсэгт “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, гэрээнд Өмгөөллийн тухай хуулийн 22.2-т заасан зүйлийг тусгасан байна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн, гэрээнд төлбөрийн хэмжээ, төлбөр авах дансны дугаарыг тусгаагүй.
6.2.Өмгөөллийн төлбөрийг өөр хүний дансаар авах, төлбөр мөнгөтэй холбоотой ойлгомжгүй, зөрчилтэй байдал үүсгэхэд хүргэсэн.
7.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээсэн. Үүнд:
7.1.Гэрээ байгуулахдаа төлбөрийн хэмжээ, дансны дугаарыг тусгаагүй байх тул Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол хуульд нийцсэн. Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдлын дагуу зохих шалгалтыг хуульд нийцүүлэн явуулж, ... хариуцлага хүлээлгэсэн байна.
7.2.Гомдол гаргагч Х.Е, “Д” ХХК нарын “эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалаагүй” гэх гомдол нь гэрээтэй холбоотой маргаан бөгөөд захиргааны хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.
8.Хариуцагч Л.Б-ын өмгөөлөгч Д.Т гомдолдоо:
8.1.Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн хүсэлт гомдол мэдээлэлд дурдсан болон холбогдсон өмгөөлөгчийн тайлбар, үндэслэл түүнд хамаарах баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь судалж, үнэлэлт дүгнэлт өгөх байдлаар нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй.
8.2.Өмгөөлөгч Л.Б нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа данс, төлбөрийг тусгаагүй нь зөрчил болох эсэх, зөрчил бол энэ нь санаатай хэлбэртэй байхыг шаарддаг ба алдаа нь санамсар болгоомжгүй хэлбэртэй, ямар нэгэн санаа зорилгогүй үйлдэл, эсэх үйлдэхүйг тодорхойлдог ба энэ талаар тогтоолд дурдаагүй, дүгнэлт өгөөгүй.
8.3.Гаргасан гэж үзэж байгаа зөрчил нь нэхэмжлэгч нарын ямар эрх ашгийг нь хэрхэн зөрчсөн хэрхэн нөлөөлсөн, хохирол учруулсан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн эсэх зэргийг нарийвчлан тогтоож байж хариуцлага тооцох ёстой.
8.4.Өмгөөллийн эрхийг 1 жил түдгэлзүүлсэн арга хэмжээ авсан нь өмгөөлөгч Л.Б-ын гаргасан зөрчилд тохироогүй гэж үзэж байна. Гомдолд дурдаагүй үндэслэлээр арга хэмжээ авсан.
9.“Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д гомдолдоо:
9.1.Л.Б өмгөөлөгч ажлаа дутуу чанаргүй хийснээс болж манай компани хохирсон. Өмгөөлөгч Л.Б, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг тухайд нь өгдөггүй, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлаагүй, манай компанийн эрх ашиг сонирхлыг тууштай хамгаалаагүй, бүх төлбөрийг өгсөөр байхад зарцуулсан зардлын тооцоог танилцуулаагүй зэрэг асуудлаар гомдол гаргасаар манай компанийг хохироосон.
9.2.Эсрэг талын буюу “УБДС” ТӨХК-ийн ажилтан Г-тай хуйвалдан түүнд хахууль өгсөн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдсээр байж эрх бүхий байгууллагад шалгуулахгүй орхигдуулсан. Гомдолд заасан үндэслэлээр шалгах ажиллагаа явуулаагүй, өмгөөлөгч Л.Б-од буруу арга хэмжээ авсан тул дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
10.Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
11.Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж, 35.1.2-т “хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүй, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал болон маргаанд ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлын талаар нэмэлт баримт сэлт, мэдээлэл цуглуулах” гэж, 88 дугаар зүйлийн 88.3-т “шийдвэрийн үндэслэл нь дэлгэрэнгүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна” заасныг тус тус зөрчсөн, энэ талаарх гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.
12.Учир нь гомдол гаргагч нараас Мэргэжлийн хариуцлагын хороонд хандаж гомдол гаргахдаа өмгөөлөгч Л.Б-ын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан атлаа үйлчилгээ үзүүлээгүй, утсаа аваагүй, холбогдох мэдээллээр хангаагүй” гэх агуулгаар гомдол гаргасан; энэ үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн дүгнэлт үйлдсэн, холбогдох нотлох баримтыг цуглуулсан атлаа гомдолд нэрлэн заасан зөрчлийг хариуцагч гаргасан гэж үзсэн, эсхүл зөрчил нотлогдоогүй гэж үзсэн талаар шийдвэртээ тусгаагүй байгаа нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
13.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 60.4-т “тогтоох хэсэгт хариуцагчийн гаргасан зөрчил нь хууль, ёс зүйн дүрмийн ямар зүйл заалтад хамаарах …-ыг бичнэ” гэж заасан, маргаан бүхий тохиолдолд Зөрчлийн дүгнэлтэд “… Өмгөөллийн тухай хуулийн 4.1.5, 14.1.6, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16.1.1, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 16.2-т заасныг тус тус зөрчсөн гэж тогтоосугай” гэсэн байх бөгөөд Маргаан хянан шийдвэрлэх журмын 71.1-д “маргаан хянан шийдвэрлэх хуралдаан нь зөрчлийн дүгнэлтийн хүрээнд явагдана” гэж зааснаар зөрчлийн дүгнэлтэд нэрлэн заасан зөрчлийг өмгөөлөгч гаргасан эсэх, гомдол үндэслэлтэй эсэх, тухайн зөрчилд хариуцагч буруутай эсэх, ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхэд Мэргэжлийн хариуцлагын хороо хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байна.
14.Тухайлбал, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-т заасан “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах” үүрэгтэй холбоотойгоор өмгөөлөгч Л.Б ямар ажиллагаа явуулсан, мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн эсэх, утсаа авахгүй, эргэж холбогдохгүй байсан эсэх, уг үйлдэл нь зөрчил мөн, тухайн зөрчилд өмгөөлөгч буруутай эсэх талаар хууль зүйн үндэслэлийг дүгнэх байсан.
15.Өмгөөлөгч Л.Б-ын өмгөөлөгчийн “Мэргэжлийн хариуцлагын хороо гомдолд заагаагүй асуудлаар буюу төлбөрийн хэмжээг гэрээнд тусгаагүй асуудлаар маргаагүй байхад хариуцлага хүлээлгэж, гомдлын хүрээнээс хальсан” гэх тухайд: маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчид энэ асуудлаар мэтгэлцээгүй, Мэргэжлийн хариуцлагын хороо зөвхөн гомдолд заасан үндэслэлийн хүрээнд хяналт шалгалт явуулах, эсхүл өөрийн санаачилгаар зөрчлийг нэмж шалгах эрхтэй эсэхэд Мэргэжлийн хариуцлагын хороо болон давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
16.Дээрх үндэслэлүүдээр, маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/38 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагч, хариуцагчийн өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 140,400 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ