Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1662

 

Б.**, С.** нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05268 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.**, С.** нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ё.**, Ч.**, Ч.** нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 246 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Б.**ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.**

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: П.**, П.**

Хариуцагч, Ч.**, Ч.** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.**

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.** нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.**, С.** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.** би ээж н.**тай Нэгдсэн 2 дугаар эмнэлэгт нэг тасагт хамт ажилладаг байсан Ё.** нь “мөнгөний хэрэг байна, хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээч” гэж гуйсны үндсэн дээр найз С.**ын хадгалуулсан 3 500 000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ё.** болон түүний хүү Ч.** нарт зээлдүүлсэн. Гэвч мөнгө зээлдүүлснээс хойш Ё.** болон түүний хүү Ч.** нарын утас нь холбогдохгүй, Ё.** нь ажилдаа ирэхгүй удсан тул түүний охин н.** руу ярихад “ээж залилангийн хэргээр 10 жил, 1 сарын чанга дэглэмтэй хорих ял авсан бидэнд туслаач” гэдэг байсан. Үүнээс хойш Ё.** нь тодорхой хугацаанд цагдан хоригдож байгаад гарч ирээд надад      44 000 000 төгрөг зээлдүүлээч прокурорт хохирлын мөнгө барагдуулах хэрэгтэй байна гэж ээж н.**аас гуйсан байсан. Ингээд миний ээж н.** нь энэ талаар надад болон миний найз С.**д хэлж 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлдүүлсэн хохирол барагдуулах мөнгө болох 44 000 000 төгрөгийг Ё.**, түүний хүү Ч.**, охин Ч.** болон Ё.**гийн өмгөөлөгч н.** нарт хүлээлгэж өгсөн. Гэвч Ё.** болон түүний хүү Ч.**, охин Ч.** нар нь биднээс ззэлсэн мөнгөө өгөхгүй удаа дараа шалтаг тавьж цаг хугацааг хойшлуулж байсан тул бид Ё.** болон түүний хүү Ч.** нартай тооцоо нийлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлдүүлсэн зээлийн төлбөртөө 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 8 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 47 150 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Ё.** нь үндсэн зээл болох 47 500 000 төгрөгөөс зээлийн гэрээ байгуулахаас өмнө буюу 2013 оны 01 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 23 502 000 төгрөг, зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний хүүд 8 350 000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Ё.** нь зээлийн гэрээ байгуулахаас өмнө 23 502 000 төгрөгийг төлсөн учраас зээлийн гэрээнд заасан үндсэн төлбөрийг 23 998 000 төгрөгөөр тооцож, хүү болон алданги нэхэмжилж байгаа болно. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ 566 хоног хэтрүүлсэн ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 23 998 000 төгрөгөөс хоног тутмын алданги нь 119 990 төгрөг болох бөгөөд алдангид тооцох анзын дүн 566 хоногт 67 914 340 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтаар анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул үндсэн зээлийн дүн 23 998 000 төгрөгийн 50 хувь нь 11 999 000 төгрөгийн алданги тооцохоор байна. Иймд зээлийн үндсэн төлбөрт 23 998 000 төгрөг, зээлийн хүүд 9 599 200 төгрөг төлөхөөс 8 350 000 төгрөгийг төлсөн тул зөрүү 1 249 200 төгрөг, алдангид 11 999 000 төгрөг, нийт 37 246 200 төгрөгийг Ё.** болон түүний хүү Ч.**, охин Ч.** нараас гаргуулж өгнө үү.

Дээрх 44 000 000 төгрөгийн 18 000 000 төгрөгийг С.**, 10 000 000 төгрөгийг н.**, 16 000 000 төгрөгийг Б.** гаргасан. Одоо С.** зээл           6 000 000 төгрөгийг аваагүй байгаа. Зээлийн төлбөрт 32 332 000 төгрөг төлөгдсөнийг маргахгүй гэжээ.

Хариуцагч Ё.** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгт 29 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласныг минь үнэлж манай байгууллагаас 50 хувийн хөнгөлөлттэй квотын /БЗД-ийн III хороо 12-р хороолол **/ 2 өрөө байраар шагнасан. Тус байрны хямдралтай үнэ болох           38 800 000 төгрөгийн урьдчилгаа 60 хувь буюу 23 000 000 төгрөгийг төлөх болсон юм. Тухайн үед мөнгө хайж байтал найз н.** нь “урьдчилгаа мөнгийг чинь төлөөд дүү н.**доо авч өгье, чиний хоёр хүүхдийг чинь хятад улсад үнэ төлбөргүй сургуульд сургаж өгье, төгсөөд ирэхээр нь ажилд оруулж өгнө” гэж хэлээд гэрээ байгуулсан. Гэтэл тэдний талаас гэрээний заалт зөрчигдөн маргаан үүсэж би байраа хямд үнээр өгөхөөс татгалзан урьдчилгаанд өгсөн мөнгийг нь эргүүлж өгнө, байраа өгөхгүй гэж хэлсэн юм. Гэтэл н.** “чи байраа авахыг хүсэж байгаа бол 50 000 000 төгрөг олоод өг, тэгвэл байрыг чинь өгье” гэсэн. Би энэ үед 50 000 000 төгрөгийг ах, дүү болон банкнаас зээлж олоод нэхсэнийг чинь өгье гэхэд уулзахгүй зугтан цагдаад хандана гэж хэлсэн юм. Ийнхүү н.** нь намайг 44 000 000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж Баянзүрх дүүргийн Цагдаад гомдол гаргасан ба мөрдөм байцаалт, шүүхийн ажиллагаа жил үргэлжилсэн. Үр хүүхдүүд маань энэ их шүүх, цагдаагийн асуудал дарамтнаас халширч, айн тэдгээр хүмүүст нэхээд байгаа байраа өгөн шүүхийн асуудлыг дуусгахыг хүссэн. Би ч залхаж өөрийн найз н.**тай уулзаад учир байдлаа ярьсанд тэрээр “чи ийм сайхан байраа ийм муухай хүмүүст хямд өгөөд яах вэ, би байрыг чинь охиныхоо найзад зараад өгье” гэж хэлсэн. Ийнхүү н.** нь удалгүй надруу ярьж охины найз                     65 000 000 төгрөгөөр авъя, урьдчилгаа 44 000 000 төгрөгийг нь өгч байя, үлдсэн                21 000 000 төгрөгийг цагдаагийн асуудал дууссаны дараа өгье гэж байна гээд, 2013 оны 03 сарын 27-ны өдөр 44 000 000 төгрөгийг өмгөөлөгч н.**ад өгснийг тэрээр прокурорын дансанд хийсэн юм. Энэ мөнгийг н.** өмгөөлөгч н.**ад өгч байхад би өөрөө байгаагүй ба гэрчээр миний охин Ч.**, хүү Ч.** нар байлцсан. Мөн би н.**аас 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөгийг хүүгүй зээлсэн байсан. Уг 44 000 000 төгрөг дээр миний бие н.**тай хүү, алданги тооцно гэж амаар болон бичгэн гэрээ хийгээгүй ба зээлнэ ч гэж тохиролцоогүй болно. Тэгээд анхан шатны шүүхээс миний 2 өрөө байрыг н.**гоос 44 000 000 төгрөг залилж авсан гэж ялалсныг давж заалдах болон хяналтын шүүхээс намайг залилсан гэх үндэслэлгүй байна хэмээн цагаатгасан боловч байрыг нөгөө талд өгөх шийдвэр гарсанд би одоо болтол гайхдаг. Тэгээд нэгэнт байр н.**гийн нэр дээр шүүхээр шилжсэн учраас би н.**аас авсан 44 000 000 төгрөгийг буцаан өгөх болсон. Ийнхүү прокурорын дансанд хадгалуулсан 44 000 000 төгрөг 1 жилийн дараа надад 16 000 000 төгрөг болж гарсан. Учир нь би анх н.**д 50 000 000 төгрөг өгөхийн тулд ХХБ-наас      20 000 000 төгрөг зээлсэн байсан ба суутгагдаад 16 000 000 төгрөг өгсөн юм. Энэ                        16 000 000 төгрөг дээр 2013 оны 12 cap хүртэл 7 502 000 төгрөг нэмээд н.**т              23 502 000 буюу нийт мөнгөний 50 хувийг өгсөн байхад н.**ын охин Б.** 2014 оны 01 дүгээр сарын 29-ний нэхэмжлэлд 44 000 000 төгрөг, нэмээд          3 500 000 төгрөг буюу нийлбэр болох 47 500 000 төгрөг зээлсэн ба түүнийгээ ор үндэслэлгүй гэрээгээр нэхэмжилсэн байна. Учир нь би Б.**ээс огт мөнгө зээлээгүй ба уг гэрээг надаар гарын үсэг зуруулахдаа Б.** нь н.** гэх хүнээс мөнгө зээлэх гэж байгаа юмаа, би хүнээс авлагтай гэж харуулах дүр төдий хүчин ** бус гэрээ юмаа гэж хууран таньдаг ноториатч Ц.**аараа батлуулаад н.**д үзүүлчихээд устагчихна гэж хэлсэн хүчин ** бус гэрээ юм. Би уг гэрээг ойлгож уншаагүй. Сайн найзын охин учир зээл авахад нь туслах сэтгэлээр итгэн гарын үсэг зурсан байхад хожим мөнгө нэхэх гэж байгааг нь огт мэдээгүй. Тэгээд ч би 3 500 000 төгрөг, 44 000 000 төгрөгийг өмгөөлөгч н.**аар дамжуулж н.**аас авсан болохоос Б.**, С.** нараас аваагүй байхад яагаад Б.**, С.** нар надаас хуурч, төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулсан гэрээгээр мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би **д нийт 47 500 000 төгрөгөөс өнөөдрийг хүртэл 32 332 000 төгрөг өгсөөр байгаа бөгөөд 15 168 000 үлдэж байхад Б.** С.** нар бидний өгсөн мөнгөөс 8 350 000 төгрөгийг хүүд, 11 999 000 төгрөгийн алдангид тооцон 37 246 200 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Тухайн үед буюу 2012 оны ханшаар 110 000 000-120 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан байрыг       65 000 000 төгрөгөөр буюу хямдаар байр авах зорилгоор урьдчилгаа болгон өгсөн                    44 000 000 төгрөгийг зээлсэн, тусалсан мэтээр бичиж нэхэмжилж байгааг худлаа болохыг өмгөөлөгч н.**, миний хүүхдүүд болох Ч.**, Ч.**, Ч.** нар гэрчилнэ гэжээ.

 

Хариуцагч Ч.** шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч С.**, Б.** нарыг огт танихгүй. Мөнгө авч байгаагүй. Б.**ийг ээжийн ажлын газрын Г.**ын охин гэдгээс өөр юм мэдэхгүй болно. Нэхэмжлэгч Б.**, С.** нарын нэхэмжлэлд дурдсан 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний ээж Ё.** нь ажилтай завгүй байсан тул намайг ажлын газрын Г.**аас мөнгө аваад ир гэсэн. Очиж уулзахад Г.** надад хэлэхдээ эгч нь бас нөхрөөсөө нууж хаасан хэдэн төгрөг байдаг юм гээд инээгээд цүнхнээсээ 3 500 000 төгрөг гаргаж өгч байсан. Тухайн үед надад гаргаж өгөхдөө ямар нэгэн хүү төлөх, буцааж өгөх хугацааны талаар юм яриагүй өгч явуулсан. Миний ээж Ё.** нь Улсын Клиникийн нэгдсэн II эмнэлэгт сувилагчаар тасралтгүй 29 жил алдаа дутагдалгүй ажилласныг үнэлж 50 хувийн хөнгөлөлттэй урьдчилгаа 60 хувь болох 38 800 000 төгрөгийг төлөх нөхцөлтэй квотын байраар шагнуулснаар ийм байдалд хүрлээ. Уг байрны урьдчилгаа мөнгө олдохгүй байсан тул ээж минь өөрийн дотны найзын дүү Д.**д хямд үнээр нь байраа өгөх сайхан сэтгэл өвөртлөсөн боловч биднийг хууран мэхэлсэн тул ээж минь байраа өгөхөө болилоо гэхэд урьдчилгаанд өгсөн мөнгөө 50 000 000 болгож өг чадахгүй бол байраа өг гэж сүрдүүлэн шүүхэд ээжийг минь өгсөн байдаг.Ээжийн ажлын газрын Г.** нь олон жил цуг ажилласан, ээжийн минь амьдрал болон байрны асуудлыг сайн мэддэг хүний хувьд ээжид зөвөлсөн байдаг. Шүүх чиний талд шийдэгдэнэ тийм болохоор хайран байраа ийм хямд үнээр энэ муу хүмүүст алдана гэж байхгүй зараад хашаа байшингийн ч болов мөнгө өөртөө авч үлдэхийг бод, худалдаж авах хүн олж өгье гэсэн байсан. Г.** нь 65 000 000 төгрөгөд авъя урьдчилаад 44 000 000 төгрөг өгөөд цагдаагийн асуудал шийдэгдсэний дараа үлдэгдэл 21 000 000 төгрөг өгөх санал ээжид тавьсан байдаг. Улмаар 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Г.** нь ээжийн өмгөөлөгч болох Б.**тай уулзаж миний эгч Ч.** болон намайг дуудаж гэрчээр байлцуулан 44 000 000 төгрөгийг Б.** өмгөөлөгчид авчирч өгөөд Д.**гийн нэхэмжпэлд өгсөн болно. Жич эгч бид хоёр уг мөнгөнд хүрээгүй, барааг нь ч олж хараагүй. Г.** нь хүүтэй мөнгө зээлүүлэх зорилгоор бус хямд байр авах зорилготой уг мөнгийг өгснийг өмгөөлөгч Б.** нотолно. Гэтэл дээд шатны шүүхийн шийдвэрээр Д.** нь гэрээнд зааснаар 2 хүүхдийг чинь сургуульд явуулсан гэж үзэн уг байрыг Д.**д өгөхөөр шийдэгдсэн. Г.**ын прокурорын дансанд хийлгэсэн 44 000 000 төгрөг жилийн дараа суутгагдан 16 000 000 төгрөг бэлнээр гарч ирснийг Г.**т гаргаж өгсөн. Ээж нийт 47 500 000 төгрөгөөс 32 332 000 төгрөгийг буцаан төлсөн. Уг мөнгийг Б.**, С.** нараас миний бие болон ээж минь огт аваагүй байхад намайг дарамтлаж, сүрдүүлж шүүхээр айлгаж байгаа үйлдэл гэж ойлгож байна. Б.** нь миний ээж, эгч Ч.** нарыг байнга ажил дээр нь очиж дарамтлаж, отож, мөрдөж байгааг нотлох хүмүүс олон байгаа. Эгч Ч.**гийн                 10 500 000 үнэлгээтэй байсан Тоёота королла маркийн машиныг хүчээр 5 100 000 төгрөгөөр булаан авч явсан ба миний бие болон 2 настай хүү, 1 настай 2 ихэр охидыг минь хүртэл дарамталж, сүрдүүлж буй үйлдэл нь шударга бус гэж үзэж байна. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ч.** шүүхэд гаргасан тайлартаа: 2013 оны 03 дугаар сарын     27-ны өдөр ээлжийн ажлын газрын найз Г.**, өөрийн дүү Ч.**, тухайн үед өмгөөлөгч байсан Б.** нартай хамт байлцан байрны урьдчилгаа гэх 44 000 000 төгрөгийг прокурорын Хас банкны дансанд тушаасан. Тус мөнгийг Г.** нь маргаантай байсан 120 000 000 төгрөгийн үнэлгээтэй байрыг хямдаар буюу 65 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон байсан юм билээ. Миний эгч Ч.**, дүү Ч.** бид гурав энэ тохиролцоог анхнаасаа эсэргүүцэж байсан. Учир нь ээж минь насаараа үнэнчээр хөдөлмөрлөж олсон байраа өөрийн сайн найздаа булаалган шүүхээр маргалдаж тэдгээр хүмүүст дарамтлуулж 2 жилийг бид айдастай өнгөрөөсөн учраас тэдгээр хүмүүст улайраад байгаа байрыг нь өгөөд хашаа байшин хөлслөөд, элэг бүтэн амьдръя гэж шийдэж, асуудлыг дуусгахаар болж байраа суллан түрээсийн байрлуу нүүсэн байсан. Өмгөөлөгч Б.** 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тэдгээр хүмүүстэй тохиролцон нөгөө талаас 24 000 000 төгрөгийг Ё.**д өгч 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр тус байрыг суллаж өгөхөөр тохиролцсон байсан билээ.

Г.** нь анхнаасаа бидний энэ бүх асуудлыг мэддэг байсан ба эдгээр муу хүмүүст ийм хямдаар зүгээр шахуу өгөөд яах юм бэ, энэ байраа зараад тэдгээр хүмүүст хохироосон гэх 44 000 000 төгрөгийг нь өгөөд үлдсэнээр нь хашаа байшин ч болтугай ав, одоо миний хэлснээр л яв гэж зөвөлсөн байсан. Удалгүй Г.** нь охины найз        65 000 000 төгрөг авъя гэж байна урьдчилгаа 44 000 000 төгрөгийг нь өгч байя чи түлхүүрээ өгчих гээд байрны түлхүүрийг авсан байсан. Эгч, дүү бид гурав дэмий юм бишүү нөгөө талтай тохиролцсоноороо асуудлыг дуусгая гэж хэлсэн боловч ээж маань найздаа итгэн үгэнд нь орсон. Г.** нь шүүхийн асуудал дуусаагүй, үлдэгдэл 21 000 000 төгрөгөө өгөөгүй байж бидэнд хэлж мэдэгдэлгүй урьдчилгаа мөнгөө өгөнгүүтээ тус байранд айл нүүлгэж оруулсан байсныг манай эгч Ч.** нь байраа цэвэрлэх гэж ороод мэдсэн. Эгч гайхаад ямар учиртай хүмүүс нүүж орсныг ойлголгүй арай маргалдаж буй тал нүүгээд ороод ирсэн юм биш биздээ гэж сандран Г.** руу утасдахад эгчийг үг хэлүүлэлгүй загнаад утсаа тасалснаар эгч бид хэд Г.** нь хэлж мэдэгдэлгүй танихгүй айл оруулсныг мэдсэн. Тэдгээр хүмүүс нь шүүхийн асуудал дуустал нийт 2 cap ямар ч үнэ төлбөргүй байр, сууц өмчлөгчдийн холбоо, ус, цахилгааны мөнгө төлөлгүй сууж байгаад гарсан ба бид үлдэгдэл болох 15 168 000 төгрөгөөс 300 000 төгрөг /ус, цахилгаан, байр, СӨХ /, 1 000 000 төгрөг /2 cap байранд амьдарсаны төлбөр/ тус тус төлбөрийг хасуулах хүсэлтэй байна. Тухайн үед бид сарын 500 000 төгрөгийн түрээстэй байранд нүүж орсон байсан. Г.** нь энэ бүх асуудлыг мэддэг, биднийг мөнгө зээлээд төлөх чадваргүйг, дээрээс нь бид асуудлыг маргалдаж буй талтай тохиролцон дуусгах гэж байхад хямд байраа зар хэмээн зөвлөж, худалдаж авах хүнийг нь хүртэл өөрөө олж өгсөн мөртлөө өнөөг хүртэл 50 хувиас илүү төлөгдсөн мөнгийг Г.**ын охин Б.** түүний найз гэх С.** нар хуурч гарын үсэг зуруулсан гэрээ гэх бичгээр өндөр хувиар хүүлж нэхэж байгааг гайхаж мөн эсэргүүцэж байна. Би энэ нэхэмжилж буй хүмүүсээс огт мөнгө зээлээгүй ба С.** гэх хүнийг ч огт танихгүй. Эдгээр хүмүүс уг нэхэмжлэл дээрээ бид нарт хүүтэй мөнгө зээлж тусалсан гэсэн байна. Тэгвэл яагаад мөнгө өгч байхдаа ямар нэгэн зээлийн болон тусалж байгаа гэх гэрээ хийгээгүй юм бэ. Мөн байр авах гэж мөнгө өгсөн гэдгийг уг нэхэмжлэлдээ дурдахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бол шударга бус бодит байдалтай нийцэхгүй байгаа нэхэмжлэл тул хянан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ё.**гаас 5 223 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.**т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32 023 200 төгрөг гаргуулах болон хариуцагч Ч.**, Ч.** нарт холбогдуулан гаргасан шаардлагыг, мөн зээл 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.**ын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.**гаас 98 518 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.**т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.**ийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Ё.** нь нийт 47 500 000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бид 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тооцоо нийлэхэд бидний Ё.**гийн өмнөөс банк, ББСБ зэргээс зээлж бусдад төлсөн мөнгөний нийт дүн 70 652 000 төгрөг болсон байсан. Үүнээс тухайн үед Ё.**гийн буцаан өгсөн байсан 23 502 000 төгрөгийг хасч 47 150 000 төгрөгийн үлдэгдэл дээр 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор 8 сарын хугацаатай зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Гэвч бид нэхэмжлэл гаргах үедээ тооцооны алдаа гаргаж гэрээ байгуулах үеийн үлдэгдэл 47 150 000 төгрөгөөсөө урд өгсөн бөгөөд бид тооцоо нийлэх үедээ хасч тооцсон 23 502 000 төгрөгөө дахин хасан тооцож, өөрөөр хэлбэл 47 150 000 төгргөөс 23 502 000 төгрөгийг хасч 23 648 000 төгрөгөөс хүү, алданги тооцож 37 246 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дүгнэхдээ бидний хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээг Ё.** нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна хэмээн зөв дүгнэсэн мөртлөө энэ гэрээний дагуу нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, 32 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдээгүй нь буруу гэж бид үзэж гомдол гаргаж байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч С.**ыг нэхэмжлэх эрхгүй хэмээн шийдсэн атлаа ээж Г.**аас авч Ё.**д өгсөн 13 500 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсон нь мөн л бидний гомдол гаргах өөр нэг үндэслэл болоод байна. С.**ын мөнгийг намайг дамжуулан өгсөн тул ганцхан миний биеийг нэхэмжлэгч гэж үзсэн атлаа тухайн үед бүх мөнгийг Ё.**гийн хүүхдүүд болон өмгөөлөгчид гардуулан өгсөн миний ээж Г.**ыг ямар учраас нэхэмжлэх эрхтэй ганц хүн нь Г.** гэж дүгнээгүй болох нь мөн л алдаатай шийдвэр болсон гэж үзэх өөр нэг үндэслэл болоод байгаа юм.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгчийн шаардсаны дагуу миний бие анх Ё.**д өгсөн 47 500 000 төгрөгийн эх үүсвэрийг тэмдэглэсэн баримтаа гаргаж өгсөн боловч түүнийг хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй шийдвэр гаргасан байдаг. Хэрвээ миний гаргаж өгсөн баримтыг шүүх шударгаар зөв үнэлж үзсэн бол бидний гаргасан нэхэмжлэлийг бүрэн хангаж хохирлыг барагдуулах боломжтой байсан юм. Ё.**д бид үнэхээр туслах гэж долоо хоногийн хугацаатай хүүгүй мөнгө бусдаас түр зээлж өгсөн боловч тэрээр ачийг умартаж одоо биднийг байр орон сууц хямдхан авах гэж мөнгө өгсөн мэтээр шүүхэд мэдүүлж байгаа боловч мөн л үүнийгээ нотолж чадаагүй талаар шүүхийн шийдвэрт дурдсан байна. Бид түүнд туслах гэж яваад өөрсдөө хүү, алдангитай мөнгөний өрөнд орж байгаагаа тухай бүр Ё.**д хэлж, тэрээр зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.**, С.** нар нь хариуцагч Ё.**, Ч.**, Ч.** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 246 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч Ё.**д эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад мөнгө хэрэгтэй болсон тул мөнгө зээлдүүлсэн гэж, харин хариуцагч нь Г.**аас 3 500 000 төгрөг зээлсэн, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 44 000 000 төгрөг авсан гэж маргасан. 

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.**, С.** болон хариуцагч Ё.** нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 47 150 000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан ба хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Зээлийн гэрээний 5 дахь заалтад зээлдүүлсэн мөнгийг 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр хүлээлгэж өгсөн гэж тэмдэглэсэн ба талууд энэ талаар маргаангүй байгааг талуудын тайлбартай харьцуулан үзэж талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч тал 2013 онд хариуцагчид шилжүүлж өгсөн 3 500 000 төгрөг болон        44 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийн тооцоог хийж 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бичгийн нотлох баримт үйлдэхдээ зээлдүүлэгч талыг Б.**, С.** гэж, зээлдэгч талыг Ё.** гэж тодорхойлж, зээлийн нийт дүнг 47 150 000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч тал нийт өгсөн үнийн дүн                /47 500 000/-гээс хариуцагчийн 2013 оноос 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл төлсөн 23 502 000 төгрөгийг хасч тооцож зээлийн үндсэн үүргийг 23 998 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч талаас нийт 47 500 000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгохдоо зээлдүүлэгч тал нь 3 иргэн /Г.**, Б.**, С.**/ байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасан бөгөөд хариуцагч мөнгөн хөрөнгийг Г.**аас авсан гэж тайлбарлах хэдий ч 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан Б.**, С.** нарыг зээлдүүлэгч гэж тодорхойлох тул хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Б.**, С.** нарыг Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241 дүгээр зүйлийн 241.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзэх бөгөөд тэдгээр нь хамтран нэхэмжлэл гаргахдаа өөр өөрийн шаардах эрхийг зааглаагүй байхад шүүх тус бүрийн шаардах эрхийг тодорхойлох шаардлагагүй байжээ.

 

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үндсэн үүргийг 23 998 000 төгрөгөөр тогтоосон ба зээлийн гэрээний хүү 9 599 200 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 8 350 000 төгрөгийг хасч зээлийн хүүд 1 249 200 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 11 999 000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч Ч.**, Ч.** нар нь зээлийн гэрээний талууд биш, Б.**, С.** нараас зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад Ё.**гаас бусдад төлөх хохирлын төлбөрт хураагдсан учраас нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийг Ч.**, Ч.** нараас шаардах эрхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүрэн хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.**гаас 37 247 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.**, С.** нарт олгож, Ч.**, Ч.** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37 247 200 төгрөг гаргуулах тухай Б.**, С.** нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “98 518 төгрөг” гэснийг “344 181 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.**, Б.** нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

     ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА