Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 146

 

 

Л.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч Л.Л-, түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

хохирогч Ц.Санжсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар магадлалтай, 201506000234 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Д овогт Л-ийн Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэх”, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Л-ыг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах, бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Л.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил хорих, 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Л.Л-д оногдуулсан хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Л-аас 18,786,000 /арван найман сая долоон зуун наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Санжсүрэнд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Л.Л-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч П.Ган-Очир нарын саналыг сонсоод,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Л.Л- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... шүүх хэт нэг талыг барьж, хилсээр яллаж Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан тул гомдол гаргаж байна. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгуулж, чухам ямар үйл явдал болсныг тогтоон, иргэн намайг цагаатгаж өгнө үү. Гэрийн дотроос хүрэн өнгийн хэтэвчтэй 600,000 төгрөг алга болсон гэх бөгөөд нийт 18,436,000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч ... мөнгөтэй хэтэвч байсан эсэх нь тогтоогдоогүй. Онцгой байдлын газрын байцаагчийн актад “Ц.С-ийн гэр тухайн үед эзгүй, гал түлээгүй, лаа асаагаагүй, тог цахилгаан байхгүй байсан байна” гэж дүгнэсэн нь гэрч Т.Ж-ын “гал түлж гарсан” гэх анхны мэдүүлэгтэй зөрдөг. Хохирогч, шинжээч нар юуг үндэслэн гал гарсан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Энэхүү үндэслэлгүй шинжээчийн дүгнэлт гарснаар гал гарсан гэх зохиомол хэрэг үүссэн. Гэрч Ц, Х нар нь С-ийн малыг хөлсөөр малладаг, түүний үгээр байдаг болохоор гэрчийн мэдүүлэг нь хууль зүйн нотолгоо болж чадахгүй. Ц, Х нар нь нийлж эзнийхээ гэрээс хэтэвчтэй мөнгийг нь авчхаад намайг согтуу явсныг далимдуулан гүтгэж болно гэж, гэрийг нь шатаасан байж болох талаар нэмэлт мөрдөн байцаалт явуулж, шалгуулах шаардлагатай. Гэрч Ц нь анх өгсөн мэдүүлгээсээ өөр, цаг хугацааны хувьд зөрүүтэй худлаа мэдүүлэг өгсөн байхад хуулийн байгууллага худал мэдүүлэг өгч, хүн хэрэгт гүтгэсэн асуудлыг шалгаагүй хэт нэг талыг барьсан. Энэхүү асуудлыг эхнээс нь дахин шалгаж, үнэн зөвийг тогтоож, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгах шаардлагатай. Л.Л- тухайн өдөр архи ууж явсан бол гал тавьсан байх магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх шинжээчийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна. Л.Л-ыг гал тавьсан гэдгийг гэрчилсэн гэрч Ц мөрдөн байцаалтын шатанд анх мэдүүлэг өгөхдөө галын тухай асуудлыг мэдэхгүй гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлт гарснаас хойш шүүгдэгчийг гал тавьсан гэж мэдүүлээд байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж шалгасан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Өмгөөлөгч болон шүүгдэгч нар хяналтын шатны шүүхэд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй гэсэн утга бүхий гомдол гаргасан байдаг.  Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн. Шүүхээс гэрчийн мэдүүлэг болон улсын байцаагчийн актыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгч Л.Л- 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газар байрлах хохирогч Ц.С-ийн гэрт нэвтэрч 600,000 төгрөгтэй хэтэвчийг хулгайлж, улмаар гэрийг нь галдан шатаан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж 18,786,000 төгрөгийн хохирол учруулсан тухай үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн тухайн хэргийн үйл баримтыг эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоосон байна.

 

Хяналтын шатны шүүх ийнхүү тогтоосон үйл баримтаас гадуур тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс ач холбогдолтойд тооцох эрхгүй болно.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх ийнхүү тогтоосон үйл баримтаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж дүгнэн, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Л- гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д заасан “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн заалтыг зөрчиж хууль буруу хэрэглэсэн байх тул алдааг засаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн “... хэргийг дахин шалгаж, үнэн зөвийг тогтоон, намайг цагаатгаж өгнө үү”, өмгөөлөгч П.Ган-Очирын “Л.Л- уг гэмт хэргүүдийг үйлдсэн нь нотлогдохгүй байгаа учир хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн үйл баримтын талаарх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар магадлалд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил хорих, 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгүй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Лхагважргал, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.ГАНЗОРИГ