Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 188

 

Б.Сүх-Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

иргэний хариуцагч Б.Гомбо-Очирын өмгөөлөгч Д.Галтогтох,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар магадлалтай, 201511000518 дугаар эрүүгийн хэргийг иргэний хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1960 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батын Сүх-Очир нь Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан “Гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Сүх-Очирыг галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сүх-Очир, иргэний хариуцагч Б.Гомбо-Очир нараас нийт 102.160.300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Д.Бямбадоржид 10.000.000 төгрөг, С.Нямсүрэнд 13.000.000 төгрөг, Ц.Ганболдод 17.000.000 төгрөг, Н.Алтанчимэгт 5.153.600 төгрөг, Ц.Болор-Эрдэнэд 10.000.000 төгрөг, Н.Удирсадад 2.000.000 төгрөг, Х.Хосбаярт 500.000 төгрөг, Т.Нямсүрэнд 15.000.000 төгрөг, Н.Наранцэцэгт 26.250.000 төгрөг, Н.Чойжилсүрэнд 1.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газарт 1.854.700 төгрөг, Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газарт 202.000 төгрөг тус тус олгуулах, хохирогч Д.Бямбадоржийн нэхэмжлэлээс 14.106.000 төгрөг, хохирогч С.Нямсүрэнгийн нэхэмжлэлээс 5.700.000 төгрөг, хохирогч Ц.Ганболдын нэхэмжлэлээс 5.836.500 төгрөг, хохирогч Ц.Болор-Эрдэнийн нэхэмжлэлээс 10.000.000 төгрөг, хохирогч Н.Удирсадын нэхэмжлэлээс 18.000.000 төгрөг, хохирогч Х.Хосбаярын нэхэмжлэлээс 300.000 төгрөг, хохирогч Т.Нямсүрэнгийн нэхэмжлэлээс 3.780.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Баянтүмэн сумын нэхэмжлэлээс 51.242.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Сэргэлэн сумын нэхэмжлэлээс 100.323.123 төгрөг, бүгд 209.288.023 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй шийдвэрлэжээ.

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Б.Гомбо-Очирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Д.Галтогтох нарын саналыг сонсоод ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэний хариуцагч Б.Гомбо-Очир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Дүү Б.Сүх-Очирын жолоодож яваад гал түймэр гаргасан тракторыг шүүхээс Б.Гомбо-Очир миний эзэмшлийн эд хөрөнгө гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би үр хүүхдийнхээ ахуй амьдралд тус нэмэр үзүүлье гэж бодоод өөрийн хадлан хаддаг газраас хүргэн Б.Баттүшигийг хадлан хадахыг зөвшөөрсөн. Тэгээд ажилтан цалинжуулна гэсэн учир тодорхой эрхэлсэн ажилгүй өөрийн дүү нарыг дуудаж Б.Баттүшигийн хадланг хадуулсан. Хүргэний хадлан хадахаар авчирсан техникүүд нь хуучирсан байсан учир хүн авчирч засаж янзлуулж өгсөн. Өөр бусад байдлаар миний оролцоо байхгүй. Хадлан дээр ажилласан хүмүүсийн цалинг Б.Баттүшиг өгсөн. Б.Баттүшиг нь хадуулсан өвсөө бүгдийг нь хот руу ачаад авч явсан. Б.Баттүшиг нь ЮМЗ-80 трактор болон бусад техникүүдээ надад үнэ төлбөргүй ашиглуулах гэж тэр хол газраас зардал чирэгдэл болгож авчраагүй. Шүүх юунд үндэслэж ийм дүгнэлт хийснийг ойлгохгүй байна. ...Уг тракторыг Б.Баттүшигээс худалдаж авсан, түрээслэсэн, бэлгэнд авсан, үнэ төлбөргүй ашиглахаар гуйсан, хүссэн асуудал огт байхгүй. Ийм байхад шүүхээс намайг тракторын эзэмшигч мөн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Би өөрөө гал түймэр тавиагүй, тухайн техникүүд ч миний эзэмшлийнх биш. ...Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуулийн дагуу хариуцах ёстой хүнээс нь гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагч Б.Гомбо-Очирын өмгөөлөгч Д.Галтогтох хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн Б.Сүх-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн иргэний хариуцагчаар Б.Гомбо-Очирыг тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх ЮМЗ-80 тракторын эзэмшигчийг тогтоохдоо хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь үнэлж дүгнэсэнгүй. Тухайлбал, гэрч Б.Баттүшиг, Ж.Түмэн-Аюуш нарын мэдүүлгээр ЮМЗ-80 тракторын эзэмшил нь Б.Баттүшигт зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжсэн болох нь харагдаж байна. ЮМЗ-80 трактор Баттүшигээс Б.Гомбо-Очирын эзэмшилд шилжсэн эсэхийг тодруулах ёстой. Иргэний хуулийн хоёрдугаар дэд хэсэгт заасан бусдын эзэмшил ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний үүрэг үүссэн байх ёстой. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Иргэний хуульд заагдсан гэрээний төрлүүдээс аль нэг нь байгуулагдсан болохыг нотолсон нотлох баримт байдаггүй. Нотлох баримтуудаас харахад Б.Баттүшиг нь ЮМЗ-80 трактороор Дорнод аймагт хадлан хадаж ашиг олох зорилгоор хадам аав Б.Гомбо-Очирт хүлээлгэн өгсөн нь зээлээр худалдаж авсан эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах бус хадлан хадуулж, өвс бэлтгүүлэн бусдад худалдаж, зээлээр худалдан авсан техникүүдийн үнийг төлөх, ашиг олох зорилготой байсан нь нотлогдож байна. Энэхүү харилцаанд шүүх буруу дүгнэлт хийж Б.Гомбо-Очир болон Б.Баттүшиг нарын хооронд “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах” гэрээ хийгдсэнд тооцсон нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заажээ. Б.Гомбо-Очир нь Б.Баттүшигээс олгосон эрхийн дагуу түүний ашиг сонирхлын үүднээс тухайн техникүүдийг өөрийн мэдэлдээ байлгаж байсан гэж тайлбарладаг. Тиймээс Б.Гомбо-Очир нь тракторын эзэмшигч бус Б.Баттүшиг нь эзэмшигч юм. Б.Гомбо-Очир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцах үүрэггүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, Б.Гомбо-Очирыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах үүргээс чөлөөлж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Сүх-Очирт холбогдох хэрэг нотлогдсон. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Иргэний хариуцагчаар Б.Гомбо-Очирыг тогтоосон нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Сүх-Очир нь 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Шилийн шорвог” гэх газар ЮМЗ-80 маркийн тракторт зориулалтын оч баригч хийлгүйгээр жолоодож явахад нь тракторын яндангаас оч хаяж хээрийн түймэр гарсны улмаас иргэд болон байгаль экологид нийт 311.448.323 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Б.Сүх-Очирын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна иргэний нэхэмжлэгч Г.Жаргалсайхан /хх-65/, Ж.Мөнхнаран /хх-69/, хохирогч Н.Удирсад /хх-72/, Д.Ганболд /хх-78/, С.Нямсүрэн /хх-82/, Х.Хосбаяр /хх-87/, Н.Наранцэцэг /91/, Д.Бямбадорж /хх-96/, Ц.Ганболд /хх-102/, Н.Чойжилсүрэн /хх-110/, Т.Нямсүрэн /хх-114/, Ц.Болор-Эрдэнэ /хх-118/, гэрч Б.Гомбо-Очир /хх-123/, Д.Алтансүх /хх-127/, Б.Ганзориг /хх-187/ нарын мэдүүлгүүд, ЮМЗ-80 тракторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5/, Баянтүмэн, Сэргэлэн сумын ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын акт /хх-23, 24/, шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр дүгнэлт /хх-207/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хууль бусаар хасаж хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхэд хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх Б.Сүх-Очирын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан түүнд 1 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Гомбо-Очир “...би тракторын эзэмшигч биш, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуулийн дагуу хариуцах ёстой хүнээс нь гаргуулна уу”, түүний өмгөөлөгч Д.Галтогтох “Б.Гомбо-Очир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцах үүрэггүй юм” гэсэн гомдлуудыг гаргасан байх боловч шүүгдэгч Б.Сүх-Очир нь яндангийн оч баригчгүй буюу техникийн хувьд бурэн бус, улсын үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй ЮМЗ-80 маркийн тракторыг жолоодон явах үед уг тракторын яндангаас оч хаяж хээрийн түймэр гарсан, харин Б.Гомбо-Очир нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргын тамгын газартай газар ашиглах, хадлан хадах гэрээ /хх-146/ байгуулж, уг талбайд хадлан хадах зориулалтаар иргэн Б.Баттүшигийн авчирч өгсөн гэх ЮМЗ-80 маркийн тракторыг засварлаж, ажилд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавиагүйгээс гадна тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, өөрийн дүү Б.Сүх-Очирыг ажилд томилж, зориулалтын оч хаягчгүй ЮМЗ-80 маркийн тракторыг өөрийн хадлан хадах талбайд жолоодуулсны улмаас тракторын яндангаас оч хаяж хээрийн түймэр гарч иргэд болон байгаль экологид нийт 311.448.323 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байх тул гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.Сүх-Очир, иргэний хариуцагч Б.Гомбо-Очир нараар хамтран төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн хүрээнд гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, иргэний хариуцагч Б.Гомбо-Очир, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,          

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН