Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 789

 

 

 

 

 

 

 

 

 

   2019       08         28                                       2019/ШЦТ/789 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэгмэд,

улсын яллагч: Я.Мөнхзаяа,  

шүүгдэгч: Г.Гүрдаш (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ганчулууны Гүрдашид холбогдох эрүүгийн 1909024120835 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, “Хасу мегаватт” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн  хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, 29 дүгээр байрны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Алтан Орд” хотхон 111 дүгээр байрны 10 тоотод түр үршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эдэлж дууссан, СЮ93071416 регистерийн дугаартай, Их мэргэд овогт Ганчулууны Гүрдаш.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Ялллагдагч Г.Гүрдаш нь 2019 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааранд хохирогч Э.Чогдоржавтай үл ялих зүйлийн улмаас маргалдан түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гүрдаш мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Чогдоржав /хх-ийн 5/, гэрч Н.Жамсранжав /хх-ийн 7/, Г.Ууганбаяр /хх-ийн 9/, Б.Одбаяр /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, Г.Гүрдашийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7574 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, Г.Гүрдашийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-37/, Э.Чогдоржавын хүсэлт /хх-ийн 43/, Хэнтий аймгийн прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 905 дугаар албан бичгийн хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Гүрдаш нь  2019 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Лакс” нэртэй баарны гадна иргэн Э.Чогдоржавтай “баарны төлбөр тооцооны” асуудлаас үүдэн маргалдаж, улмаар Э.Чогдоржавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Э.Чогдоржавын /хх-ийн 5/: “…Би 2019 оны 06 сарын 14-15-нд шилжих шөнө Гүрдаш, Жамсранжав, Гүрдашийн ах, Одко гэсэн хүмүүстэй хамт архи ууж байгаад “Лакс” баар руу хамт орсон. ... Баарнаас гарч ирээд бид нар хоорондоо “хэн нь мөнгө гаргаж архи авах вэ” гэсэн яриа гарсан. Тэгэхээр нь би Гүрдашид “хэдүүлээ санаа оноо нийлэхгүй бол тусдаа явцгаая” гэж хэлсэн. Тэгсэн чинь Гүрдаш 2-3 удаа миний нүүр хэсэгт цохьсон. Би ч гэсэн зөрүүлээд Гүрдашийн нүүр хэсэгт хальт цохьсон. Тэгсэн чинь Гүрдаш намайг дахиж дуудаад “утасныхаа дугаарыг хар” гэж утсаа харуулж байгаад миний хамар хэсэгт мөргөөд миний зүүн талын нүдийг гараараа цохьсон. Тэр үед миний хамарнаас цус гарсан ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Жамсранжавын /хх-ийн 7/: “....Би үеэл дүү Чогдоржавтайгаа “Лакс” баарны гадаа тамхи татаад зогсож байтал хамт явж байсан хэд маань хүрээд ирсэн. ...Гүрдаш манай үеэлтэй маргалдаж эхэлсэн. Тэр хоёр төлбөр тооцооноос болж маргасан. Гүрдаш, Чогдоржав хоёр нэгнийгээ заамдаад авсан. Гүрдаш баруун гараараа Чогдоржавыг цохиод авсан. Тэр хоёр нэг нэгнийгээ харилцан цохисон...” гэх мэдүүлгээр,

 

   гэрч Г.Ууганбаярын /хх-ийн 9/: “...Хохирогч гээд байгаа залуу Гүрдашийг эхлээд цохисон. Гүрдаш зөрүүлээд тэр залуугийн нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. ...Хохирогч гээд байгаа залуугийн зүүн нүдийг Гүрдаш цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

     гэрч Б.Одбаярын /хх-ийн 10/: “ ... Гүрдаш нь Жамсранжавыг түлхэх шиг болсон. Чогдоржав нь Гүрдашийн нүүр рүү цохисон. Тэгээд тэр хоёр харилцан цохилцож зодолдсон. Зодооноос болоод Чогдоржавын өрөөсөн нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

     Г.Гүрдашийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24-25/: “...Би баарны гадаа тамхилж зогсож байгаад найз Жамсранжавтай маргалдаад зогсож байсан чинь Чогдоржав хажуунаас орж ирээд намайг цохиод авсан. Би зөрүүлээд нэг удаа нүд хэсэг рүү нь цохисон ...” гэх мэдүүлгээр,

 

            Э.Чогдоржавийн биед “зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7574 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Гүрдашийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Г.Гүрдашийн  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Чогдоржавын “...хохиролд 300.000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэсэн нь хавтаст хэргийн 43  дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Гүрдашийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гүрдаш нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их мэргэд овогт Ганчулууны Гүрдашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гүрдашийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гүрдаш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Гүрдаш нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гүрдашд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ