Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01171

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0******* сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03163 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах, алдангид 104,809,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 

1.1. ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23/16/АВ болон 23/17/АВ дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* хотхон, ******* орон сууцны ******* блок байрны 1******* давхарт байрлах, 49,39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70,39 м.кв талбай бүхий D орон сууцыг 1 м.кв талбайг тус тус 1,750,000 төгрөгөөр тооцож 2023 оны ******* улиралд хүлээж авахаар тохиролцсон.

1.2. Хариуцагч компани нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний зүйл болох орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгож, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алданги 104,809,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1. Нэхэмжлэлээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 05 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн.

2.2. Харин алданги шаардсан хэсгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь барилгын салбар нь онцлогтой бөгөөд гэрээний хэрэгжилтийн явцад Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас саад учирсан буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж барилгыг барьж ашиглалтад оруулах хугацаа хойшилсон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийг Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* хотхон, ******* орон сууцны ******* блокийн 1******* давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, уг орон сууцуудыг бүрэн барьж гүйцэтгэн ******* ХХК-нд хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК-нд даалгаж, ******* ХХК-аас 104,809,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,800,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,800,275 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Талуудын хооронд байгуулсан 23/19/АВ, 23/16/АВ дугаартай орон сууц захиалгаар барих гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-д Хан-Уул дүүрэг, ******* хороо, Арметын аманд баригдаж буй ******* хотхоны ******* орон сууцны ******* блокын хойд орцны 14 давхарт байрлах 49,39 м.кв бүхий Е сууц, 15 давхарт байрлах 70,39 м.кв бүхий Д сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,750,000 төгрөг буюу Е сууцыг 86,432,000 төгрөгөөр, Д сууцыг нийт 123,182,500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй гэж дурдсан нь анхан шатны шүүх дээр ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээ хүчин төгөлдөр эсэхийг магадлуулах хүсэлтийг шүүх хянаагүй. Өөрөөр хэлбэл гэрээг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал батлаагүй байхад гарын үсэг зурсныг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

4.2. 2022 онд байгуулагдсан гэрээнээс хойш барилга ашиглалтад оруулах 2-3 жилийн хугацаанд барилгын материалын үнэ 40-60 хувиар, ажиллах хүчний зардал 2-3 дахин нэмэгдсэн нь зардлын баримтаар 1 м.кв-ын өртөг 2,279,005.86 төгрөг болсон байна.

Барилга захиалгаар барих гэрээний 8.1-д гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг талууд эвийн журмаар шийдвэрлэх бөгөөд гэж заасан нь барилгын ажлын явцтай холбоотой асуудлыг талууд харилцан ярилцаж шийдвэрлэнэ гэсээр байтал бидэнтэй нэг ч уулзалдаагүй хэрэгт авагдсан ******* ХХК-д өгсөн гэх албан бичгүүдийг бид огт хүлээж авч байгаагүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д 2 талын захиалгын гэрээний 7.1, 7.2-т заасан гүйцэтгэгчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас захиалагчид хүлээлгэн өгөх боломжгүй үүссэн нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа сунгасанд тооцно гэж дүгнэсэн нь ТӨХК-иас ******* хотхоны барилгын явцад өгөх ёстой дулааныг өгөөгүй 1 жил өнжсөн нөхцөл байдлыг анхаараагүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн татгалзал, тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хариуцагч цар тахлын талаар ярьдаг боловч цар тахал нь нийтэд илэрхий үйл баримт юм. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буюу гэрээ байгуулах өдрийн байдлаар ихэнх хөл хорио цуцлагдаж, амьдрал хэвийн үргэлжилж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах, алдангид 104,809,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23/16/АВ, 23/17/АВ дугаар орон сууц захиалгаар барих гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* хотхон, ******* орон сууцны ******* блокийн 1******* давхрын 49,39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000 төгрөгөөр тооцож үнийг төлөх, ******* ХХК нь уг орон сууцуудыг 2023 оны ******* улиралд хүлээлгэж өгөхөөр тус тус харилцан тохиролцсон.

 

4. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авсан өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс шүүх хуралдаан хянан шийдвэрлэсэн 2025 оны 0******* сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тайлбар гаргаагүй. Харин хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 0******* сарын 21-ний өдөр гэрээний хүчин төгөлдөр байдлыг тогтоолгох хүсэлт гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах хүндэтгэн үзэх шалтгаантайг тайлбарлаагүй байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр гэсэн үйл баримтыг хариуцагч тал няцаагаагүй гэж дүгнэх тул анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

6.1. Гэрээнүүдийн 3.1-д зааснаар нэхэмжлэгч 123,182,500 төгрөг болон 86,432,500 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн дансанд бүрэн төлөх үүргийг зохих ёсоор гүйцэтгэжээ.

6.2. Мөн дээрх 2 гэрээний 2.1-д зааснаар хариуцагч ******* ХХК нь орон сууцыг 2023 оны 0******* улиралд багтаан захиалагчид хүлээлгэж өгөх үүргийг гүйцэтгээгүй, энэ талаар хариуцагч маргаагүй.

6.3. Иймд анхан шатны шүүх Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* хотхон, ******* орон сууцны ******* блокийн 1******* давхрын 49.39 м.кв талбай бүхий Е орон сууц, 15 дугаар давхрын 70.39 м.кв талбай бүхий D орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцуудыг бүрэн барьж хүлээлгэн өгөхийг хариуцагч компанид даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

7. Талууд иргэний эрх зүйн хариуцлагын хүрээнд гэрээгээр алданги тохиролцсон байх бөгөөд гэрээний 6.3-т Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны ******* улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэсэн талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүргийн үнийн дүн болох 209,615,000 төгрөгийг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлавал 104,809,500 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

8. Барилга ашиглалтад оруулсан 2-3 жилийн хугацаанд барилгын материалын үнэ өссөнөөс орон сууц худалдах гэрээний үнэ нэмэгдсэн, ТӨХК-иас ******* хотхоны барилгын явцад өгөх ёстой дулааныг өгөөгүй 1 жил өнжсөн нөхцөл байдлыг анхаараагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсэн үндэслэлээр хүлээн авах боломжгүй болно.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0******* сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 681,997 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Э.ЗОЛЗАЯА