| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/08505/И |
| Дугаар | 210/МА2025/01193 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01193
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 197/ШШ2025/05768 дугаар шийдвэртэй,
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
*******д холбогдох
5,310,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан 5,310,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ. Үүнд:
3.1. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэр үйлдэх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байна. Гэтэл анхан шатны шүүхийн 197/ШШ2025/05768 дугаар шийдвэр нь хуульд заагаагүй тодорхойлох хэсэгтэй байхаас гадна үндэслэх хэсгийг 2 удаа үйлдсэн байна.
3.2. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэснийг анхан шатны шүүх зөрчиж, хариуцагчаас СӨХ-ны төлбөрт 3,069,548 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ ямар баримтад үндэслэсэн талаар дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дүгнэлт болох .. хариуцагчийн гаргаж өгсөн баримт болон шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгчид 3,069,548 төгрөг төлөх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн дүгнэлтээс хариуцагч ямар баримт гаргаж өгсөн нь тодорхойгүй, нотолгооны хэрэгсэл болсон уг баримтад ямар үйл баримт байгаа буюу нотлох баримт байгаа нь учир битүүлэг болжээ. Түүнээс гадна мөнгөн хөрөнгийн тоон илэрхийллийг бичсэнээс төгрөг гэсэн утгыг илэрхийлээгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхээр бол хуульд заасан үндэслэл болон хугацааг хэрхэн тодорхойлсон байдлыг дүгнэх учиртай. Энэ талаар огт дүгнэлт хийгээгүй алдаа гаргажээ. Хэрэв шүүх шаардах эрхийг хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлаж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож буй бол хугацааг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно гэж заасны дагуу он, сар, өдрөөр тодорхойлж үйл баримтыг тогтоох учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт цаг хугацааг тодорхойлсон дүгнэлт огт хийгээгүй байна.
4. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул хариуцагч талаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/02623 дугаар захирамжаар тогтоогдсон СӨХ-ны төлбөрийн хэмжээгээр төлбөрийг тогтоох байсан гэх давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.
Түүнчлэн 27 хуудас нотлох баримттай танилцуулаагүй гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь хэргийн 33-61 талд авагдсан нотлох баримтууд нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болсон 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 197/ШШ2025/05768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА