| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0721/Э |
| Дугаар | 720 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 720
2019 07 29 2019/ШЦТ/720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Хохирогч Н.Наранцэцэг,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, хөдөлмөр чадвар алдалтын группт байдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны задгай тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Наранцэцэгийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хамаатны хүмүүсийг ирснийг хэлсэнгүй гэх шалтгаанаар толгойн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг удаа дараа байнга хэл амаар доромжилж, гарт тааралдсан эд зүйлсээ авч шидэж, биед нь гэмтэл учруулж эрүүл мэндэд нь халдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Цагаан сарын дараа манай нэг дүү золгох гээд ирсэн. Тухайн үед би таксинд явж байсан. Би гэртээ ирээд буруу хэлсэн байхаар нь аягатай будаагаа аваад шидчихсэн. Ийм л асуудал болсон. Айхтар дуу чимээ гаргасан зүйл байхгүй. Надад хүн зодож цохьсон асуудал байгаагүй. Хааяа нэг маргалддаг зүйл байдаг гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Наранцэцэг мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 10-ны үед тухайн хэрэг болсон. Манай аавын төрсөн дүүгийн охин ирж золгоно гэж хэлсэн байсан. Б.Б гадуур явж байхаар нь “Баясаагийн гэрийхэн ирнэ гэж байна” гэхэд “намайг гадуур явж байна” гээд хэлчих гэж хэлсэн. Тэгээд гэрт ирсэн хүмүүс манайхаас гарч байхад манай хүн зөрж орж ирээд “чи надад Баянаагийнх гэж хэлсэн биз дээ” гээд над руу хамаг юмаа аваад шидсэн. Миний шилэн хүзүүний ар талруу мөнгөн аяга шидсэн. Миний биеийн хөндүүр гарч амжаагүй байхад манай охиныг мөн зодсон байсан. Би орой ажлаа тараад хоёр хүүхэддээ зайрмаг авч ирсэн байсан юм. Манай 2 хүүхэд зайрмагныхаа цаасыг задлаад газар хаячихсан байсан чинь “хог хаялаа” гээд нохой уядаг гинжээр охины толгой руу цохиж зодсон. Манай охин хувцсаа өмсөлгүй гараад гүйсэн. Гэтэл намайг “хүүхдээ олж ирээч, цагдаад мэдэгдвэл ална шүү пизда минь” гэхээр нь би охиныхоо араас гарахад таксинд суугаад Мөнхбайгалийн гэрт очиж хоносон байсан. Өмнө нь мөн зодож байсан. Одоо бодоход би гэр бүлийн хүчирхийлэлд байсан гэдгээ ойлгосон. Манай охин 7-8 дугаар ангид байхдаа сэтгэл гутралд орсон байсан. “Би ийм аавтай баймааргүй байна. Би байшингийн дээвэрээс үсэрчих үү” гэдэг болсон. Одоо 12 дугаар ангид ороод ааш араншин улам хурц болсон. Би тэгээд л цагдаагийн байгууллагад хандах болсон. Хүн ямар нэгэн байдлаар хохирвол хууль, цагдаагийн байгууллагад хандаж хэргээ шалгуулах ёстой гэдгийг ойлгосон. Би эргээд бодоход хүүхдийн хүмүүжил, санхүүгийн байдлаар их хохирч байна. Би улсын байгууллагад тасралтгүй ажиллах хугацаандаа 2 удаа хүүхдээ төрүүлж жирэмсний амралт авч байснаас бусад тохиолдолд нэг ч удаа чөлөө авч үзээгүй. Манай нөхөр 9 сар л төрийн байгууллагад ажилласан байна. Намайг ажлаасаа ирэхэд нэг ч удаа хоолны мах гаргаад тавьж байгаагүй. Хэргийн материалтай танилцахад “гэр орны ажил хийдэг” гэж хэлсэн байсан. Би Б.Бөхбайгалийг нэг ч удаа гэр цэвэрлэж шал угааж байхыг нь хараагүй, мэдэхгүй. Манай хадмууд 2011 оны 12 дугаар сард ёс маягын юм хийхэд 3.500.000 төгрөг цугларсан байсан. Тэр мөнгийг манай нөхөр авч гараад микро автобус авсан байсан. Уг микрогоо Энхбаатар гэх хүнд өгөөд нэг ч төгрөг авалгүй алдсан. Би энэ мөнгөөр ядаж нэг байшин барьчих байсан байх. Манай ээж надад хашаа авч өгснийг “газрын мухарт юм байна, би тэнд чинь очиж амьдрахгүй” гээд байхаар нь би хашаа байшингаа зарсан. Уг мөнгийг ч гэсэн Бөхбайгаль үрээд дууссан. Өдий насны 50 хүрч байгаа над шиг хүнд нурж унах гэж байгаа гэр, 2 шалдан хүүхэд л байна. Миний толгой руу байнга цохьдог. Үүнийгээ манай ёсонд угаасаа ингэдэг гэж тайлбарладаг. Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш цохиж зодсон зүйл байхгүй. Гэхдээ хэл үгээр доромжилж, загнаж байгаа. Хадмын талын хүмүүст энэ талаар хэлэхээр тоодоггүй. Намайг дуугарахаар дуугаргалаа гээд, дуугарахгүй байхаар дуугарсангүй гэдэг. Охиндоо бас яг ийм байдлаар ханддаг. Хичээлээ хийгээд сууж байхад “энэ нэг юм хуулан бичлэг хийлээ” гээд байдаг. Би нэг өдөр зуухныхаа янданг хөөлж байхад гал голомтод хүрлээ гээд зодож байсан. Би тухайн үед 20 литрийн саваар толгойд нь цохьсон. Би энэ үйлдэлдээ их харамссан. Би үүнээс илүүг хийж чадах юм байна гээд өөрөөсөө айсан. Миний гарт усны сав биш өөр зүйл байсан бол би энэ хүнийг алчихаж ч чадах байждээ гэж бодсон. 2011 оны 10 дугаар сарын орчим Б.Б над руу сандал шидээд би эмнэлэг явж байсан. Энэ үед Мөнхбайгаль хамт явсан. Энэ талаар мэдүүлэгтээ хэлээгүй байсан гэв.
Хохирогч Н.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай нөхөр Б.Б хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хамаатны хүмүүсийг ирснийг хэлсэнгүй гэх шалтгаанаар миний толгой руу мөнгөн аягаар цохисон. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. 2004 оны намар намайг дуугарахгүй байна гэж уурлаад толгой руу чулуугаар цохиж, би ухаан алдаад унаж байсан. Б.Бөхбайгалийн энэ үйлдэл нь өдөр бүр болдог. Мөн 2014 оны намар миний араас сандал шидээд дунд хавирга хугалсан, бага хүүхдээ цохиж зоддоггүй орилж хашгирч загнадаг. Б.Б 2013 оны 07 дугаар сард цус харвалтын улмаас тархины хагалгаа хийлгэсэн, одоо биеийн байдал нь гайгүй, гэхдээ хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан. Одоо группт байдаг. Эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй. Би гэр бүлээ өөрөө тэжээж авч явдаг. ...миний биед учирсан гэмтлийг Б.Б учруулсан, толгой өвддөг бариулж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36, 41-42 дугаар хуудас/,
Гэрч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Н.Наранцэцэгтэй 2006 оноос төв номын санд нэг дор ажилласан, тэрнээс хойш бид хоёр хоорондоо сайн муугаа ярьдаг байсан. Нөхөр Б.Б-даа зодуулсаны улмаас толгой нь хөдөлсөн, доргисон гээд бариулж байсан. Хөхөрч шалбараад ирж байгаагүй. Би ганц нэг бариулахад нь цуг явж байсан, миний хажууд бол хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Б.Б нь Н.Наранцэцэгийг хэл амаар доромжлоод байдаг гэж ярьж байсан. Н.Наранцэцэгийг гар утсаа авахгүй ч юм уу, удаан дуудуулахад нь уурладаг юм байна лээ. Н.Наранцэцэг тэрнээс нь айгаад хурдхан гар утсаа авахгүй бол болохгүй гэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Гэрч Б.Олонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б нь эхнэр, хүүхдээ зоддог талаарх асуудалд эрсдэлийн үнэлгээ хийлгэж байсан. Урьд нь ийм асуудал гарч байгаагүй, сая л ийм асуудал гарсан гэсэн. Б.Б нь байнга гэртээ байдаг, хүн амьтантай муудалцаад явдаггүй, хүний хувьд гайгүй хүн. Эхнэр нь зодуулж байсан талаар манайд хандаж байгаагүй, ерөөсөө архи уусан байсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мөнхбайгалийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр орой 22 цагийн үед дүү Б.Мөнхжин бид нар руу залгаад “аав над руу юм шидэхээр нь гэрээс гараад ирлээ” гэж хэлэхэд нь гэр лүүгээ орчих гэхэд “би ормооргүй байна” гэхээр нь такси бариад хүрээд ир гэж хэлсэн. ...Б.Б нь эхнэр хүүхдээ зодож байсан талаар сайн мэдэхгүй. 2015 онд бага хүү нь гараад манай ах харвалт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагчийн хүчирхийлэл үйлдэгч Б.Б-ийн үйлдэл аюулын зэргийн үнэлгээгээр "Дунд" эрсдэлийн түвшингээр үнэлэгдсэн талаарх үнэлгээний маягт /хх-ийн 103-106 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “...Н.Наранцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2724 дугаартай дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын комиссын “...Б.Б нь тархины судасны харвалтын үлдэц эмгэгтэй байна, Б.Б нь гэмт хэргийн үйлдлийн үед хэрэг хариуцах чадвартай байсан байна, Б.Б нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх 682 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны задгай тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Наранцэцэгийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь халдсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Наранцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь эхнэр болох хохирогч Н.Наранцэцэгийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Наранцэцэг шүүх хуралдаанд “...нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлж
байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.2 дугаар зүйлд зааснаар хохирогч Н.Наранцэцэг нь аюулгүй байдлаа хамгаалуулахаар хуульд заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ