| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/07838/И |
| Дугаар | 210/МА2025/01216 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/01216
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03601 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 13,977,925 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь *******тай 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн.
1.2. Талууд авлага, өглөгийн тооцоо хийж 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд 637 ширхэг бараа материалыг 179-180 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-290 төгрөгөөр түрээслүүлж, нийт түрээсийн төлбөрт 12,347,950 төгрөгийг *******аар төлүүлэх тооцоо гарсан. Үүн дээр эвдэрсэн барааны төлбөр 310,000 төгрөг, дутаасан барааны төлбөр 396,000 төгрөгийг тус тус нэмж, нийт 13,053,950 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас барьцаа 3,500,000 төгрөг, дутаасан барааны төлбөр 396,000 төгрөг, эвдэрсэн барааны төлбөр 310,000 төгрөгийг тус тус хасаж 8,847,950 төгрөг болсон
1.3. Уг үнийн дүнгээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 286 хоногийн 1 хоногийг 0,5 хувиар тооцоход 12,652,569 төгрөг болж байгаа бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 8,847,950 төгрөгийн 50 хувиар тооцож 4,423,975 төгрөгийн алданги, нийт 13,977,925 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр болон алданги дээр маргаан байхгүй. Харин дутаасан болон эвдрэл үүссэн бараа материалын зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, баримтаар нотлогдохгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 13,977,925 /арван гурван сая есөн зуун далан долоон мянга есөн зуун хорин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 227,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Түрээсийн гэрээ, хэрэгт цугларсан үйл баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь хэв хашмал эвдэлсэн 310,000 төгрөг, дутаасан хэв хашмал, 1 ширхэг трубан дүн 396,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдгээр зүйлийг нотолсон нотлох баримт нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй бөгөөд зарим зүйлс тогтоогдохгүй байсаар байтал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 13,977,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь хэв хашмал, гадна дотор булан, сапуд, труба, шат, богино дэгээ, түгжээ, хавчаар, эргэдэг болон эргэдэггүй хомут зэрэг бараа материалыг 6 сарын хугацаатай түрээслүүлэх, ******* нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон.
3.2. 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа дахь бараа материалын тооцоо нийлж, ******* нь төлбөрийн үлдэгдэлгүй талаар харилцан тохиролцжээ.
3.3. Талууд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, хэв хашмалын эвдэрсэн барааны үнэлгээний талаар тохиролцжээ.
3.4. Хариуцагч түрээсийн үлдэгдэл төлбөрт 12,347,950 төгрөг төлөөгүй талаар маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
5.1. ******* ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны бараа материалын тооцоо хийж эвдэрсэн 20 ширхэг хэв хашмалын үнэд 310,000 төгрөг, дутаасан 5 ширхэг хэв хашмал, 1 ширхэг трубаны үнэд 396,000 төгрөг болсныг тус тус тооцож, уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулахаар *******ы бараа материал буцаан хүлээлгэн өгсөн санхүүгийн анхан шатны баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.2. Хөлслөгч ******* нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй. Тэрээр уг үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
6. Талууд гэрээний 2.2-т Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр нэг сарын өмнө урьдчилан авах эрхтэй. Хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож авах, хохирлоо арилгуулах эрхтэй гэж тохиролцсон, уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 12,347,950 төгрөгөөс барьцаа төлбөрт төлсөн 3,500,000 төгрөгийг хасаж үлдэх 8,847,950 төгрөгийг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлаж алдангид 4,423,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны ш үүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03601 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА