Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 728

 

 

    2019       07         31                                    2019/ШЦТ/728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

            Өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч С.Алтанбагана, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Дарьжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

         Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, Нийслэлийн 73 дугаар сургуулийн 9б ангийн сурагч, ам бүл 4, эмээ, ах нарын хамт  , Б.Б,

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 55 минутаас 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аюуд таур”-ын урд талд байрлах дугуйны зогсоол дээр байрлуулсан иргэн С.Бат-Эрдэнийн эзэмшлийн трек загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 55 минутаас 18 цагийн үед гадаа байсан дугуй миний дугуйнаас гоё дугуй байхаар нь найзууддаа гайхуулах гээд аваад явсан. Тэр хүний хохирлыг барагдуулсан. Авсан дугуйгаа буцаагаад өгсөн. Би хичээл номоо хийж хууль дүрэм зөрчихгүйгээр амьдарна” гэв.     

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанбагана шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчид унадаг дугуйг нь буцааж өгөхөд дугуйнаас нэг зүйл алга болсон байна гэж хэлсэн. Манай дүү аваагүй гэж байгаа боловч манай дүүгийн буруу учраас төлсөн. Мөн хохирогч хэд хоног ажилдаа яваагүй гээд нийт 170.000 төгрөг нэхэмжилснийг төлсөн. Б.Б манай төрсөн эгчийн хүүхэд бөгөөд би нагац ах нь байгаа юм. Манай дүү их гэмшиж байгаагаа хэлсэн. Би насанд хүртэл нь хүмүүжүүлж чадна. Одоо Б.Б манай ээж, дүү болон надтай хамт амьдардаг. Аав нь Хөвсгөл аймагт ажилладаг. Ээж нь Солонгос Улсад амьдардаг. Манай дүүд дутагдах зүйл байхгүй. Дугуй нь их таалагдаад авчихсан юм шиг байна. Манай дүү чөлөөт бөхөөр хичээллэдэг. Их өрөвч хүүхэд байгаа юм” гэв.

Эрүүгийн хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн илтгэх хуудас /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хохирогч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Аюуд таур”-ын урд талын унадаг дугуйны зогсоолоос 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 55 минутаас 18 цагийн хооронд өөрийн эзэмшлийн трек загварын хар өнгөтэй унадаг дугуйгаа хулгайд алдсан талаар цагдаагийн байгууллагад хандсан. Миний унадаг дугуйг цагаан өнгийн куртик өмссөн хүүхэд хулгайлж авч явсан байсныг “Аюуд таур”-ын хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн. Уг бичлэгийг хуулбарлан цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Мөн унадаг дугуйгаа олж авсан, миний хохирлыг унадаг дугуй хулгайлж авсан хүүхдийн ар гэр бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 21-22, 30 дугаар хуудас/,

Хохирогч С.Бат-эрдэнийн ажлын тодорхойлолт /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Цагаан өнгийн 1 ширхэг сиди-г ажлын компьютерт хийж уншуулахад 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 50 минутаас 18 цаг 00 минут хүртэлх бичлэг байх бөгөөд хар өнгийн малгай, улаан өнгийн куртик, хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан өнгийн пүүз өмссөн 15-17 орчим насны эрэгтэй хүүхэд дугуйн зогсоолын хажууд зогсож байгаа бичлэг байсныг үзлэг хийж тэмдэглэл үйлдэн хэргийн материалд хавсаргахаар тогтов” гэх тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 1.320.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 24-25 дугаар хуудас/,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/, Б.Б-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 38 дугаар  хуудас/ зэрэг болно.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 55 минутаас 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аюуд таур”-ын урд талд байрлах дугуйны зогсоол дээр байрлуулсан иргэн С.Бат-Эрдэнийн эзэмшлийн трек загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Бат-Эрдэнийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Өсвөр насны шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авснаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдагдсаныг мэдүүлж, хохирогчид хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.Бын үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б-ад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч С.Бат-Эрдэнэ трек загварын унадаг дугуйгаа буцаан авсан нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр /хх-ийн 22 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.  

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Б нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуульд зааснаар ял оногдуулахыг анхааруулсугай.

        5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ