| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/06021/И |
| Дугаар | 210/МА2025/01217 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/01217
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03075 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 93,077,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцэнтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******, ******* нар нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай байгуулсан.
1.2. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэлд 30,000,000 төгрөг, хүүд 52,564,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,512,960 төгрөг, нийт 93,077,760 төгрөгийг төлөөгүй байна.
1.3. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нартай эхэн үед утсаар ярьж мэдэгдэж байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Утсаар ярихдаа зээлийн төлбөрөө төлж дуусгахыг сануулж, шаардлага тавьж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй.
Иймд хариуцагч *******, ******* нараас 93,077,760.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна. Зээлийн үндсэн төлбөрөөс 5,000,000 төгрөг төлсөн учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийг нэмээд 37,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 71,478,629.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 21,599,130.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 515,343.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Зарим шүүгчид амьдралгүй дүгнэлт хийж, мөнгө хүүлэгчид хөтлөгдөөд байна. Боловсрол, мэдлэгийг нь дээшлүүлэх хэрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагч нарыг заавал биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн хүсэлтийг хүлээн авахгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Мөн зээлийн гэрээний хугацаа 1 жил болохыг шүүх анхаараагүй гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргахад хэргийн материалтай хариуцагч нар биечлэн танилцаж, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материал танилцуулсан баримтад гарын үсэг зурсан. Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад мөн гарын үсэг зурсан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93,077,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХХК болон *******, ******* нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, *******, ******* нар зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т заасны дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
4. Зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгч нарт шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
5. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч *******, ******* нар нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 30,000,000 төгрөг, зээлийн хүүд 14,400,000 төгрөг, нийт 44,400,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Үүнээс зээлдэгч нар зээлийн хүүд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 900,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг хасч тооцвол 42,500,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.
Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг төлснийг анхан шатны шүүх үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
7. Зээлийн гэрээг талууд 1 жилийн хугацаатай байгуулсан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлийн хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй. Иймд мөнгө хүүлэгчид хөтлөгдөөд байна, анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа 1 жил байгааг анхаараагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
8. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн үүрэгт 20,000,000 төгрөг, зээлийн хүүд 44,982,191.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,496,438.2.төгрөг, нийт 71,478,629.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь шүүхээс хариуцагч нарт 2025 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн нь шүүгчийн туслахаас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч *******ийн ******* дугаар руу, хариуцагч *******гийн ******* дугаар руу залгаж тов мэдэгдэхэд За, ойлголоо гэсэн хариу өгсөн байдлаар тогтоогдож байна.
10. Энэ шүүх хуралдаанд хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагч нарын эзгүйд, тэдгээрийн өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.
11. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан боловсрол, мэдлэгийг нь дээшлүүлэх хэрэгтэй гэх хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан шүүхийн ажиллагаанд хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.
12. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА