| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0068/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/66 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/66
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жомбоодойнхон овгийн Г-н Л-нд холбогдох эрүүгийн 1917000520057 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 05 дугаар сарын 15-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Н...тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ж-н овгийн Г-н Л /РД:УБ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Л нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын 231 дугаартай километрийн шонгийн орчимд Б.З-н өмчлөлийн 75-08 УНИ улсын дугаартай “Toyoto pruis” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ж.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.З-н өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 2 135 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.Л нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын 231 дугаартай километрийн шонгийн орчимд Б.З-н өмчлөлийн 75-08 УНИ улсын дугаартай “Toyoto pruis” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч буюу хохирогч Г.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч буюу иргэний нэхэмжлэгч Ж.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.З-н өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 2 135 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Миний буруутай үйлдлээс болоод хүний биед гэмтэл учруулсан. Би тэтгэврийн зээл аваад Г.О-н нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Өөр ярих зүйл байхгүй гэв.
1.2. Шүүгдэгч Г.Л мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2019 оны 03 дугаар сарын 12-ны өглөө Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллоос 75-08 УНИ улсын дугаартай “Toyoto pruis” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Говьсүмбэр аймгийн Шивээговь сум орохоор найз Ц, О нарыг аваад би өөрөө машин жолоодоод 06 цагийн үед хөдөлсөн. Тэр хоёр эмэгтэй арын суудал дээр суугаад явж байсан. Миний унаж явсан машин Б.З гэдэг хүний машин байгаа юм. Засмал замаар явсаар Говьсүмбэр аймгаар 9 цаг болж байхад дайран өнгөрсөн. Тэгээд засмал замаар урагшаа явж байгаад нэг хөтөл давахад замын баруун гар талд цаана самбар харагдахаар нь Шивээговь сум хэдэн км юм бол, тэр самбар дээр байж магадгүй гэж бодоод замаас баруун гар тал руугаа дараад гарахад уг самбар нь сурталчилгааны самбар юм шиг болохоор нь буцааж дараад зам руугаа ороход л тэр чигтээ замынхаа зүүн тал руу гарч онхолдсон. Буугаад харахад 2 дугуй хагарчихсан байхаар нь би машины дугуй хагараад онхолдсон юм байна гэж бодсон. Ослоос болж миний биед учирсан гэмтэл, өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Би 2014 онд В ангилалын жолоож болж байсан. Гэхдээ жолооны үнэмлэхээ алга болгочихоод олохгүй байгаа. Хохирогч нарынхаа хохирлын мөнгийг төлж барагдуулна...
Миний буруутай үйлдлийн улмаас осол гарч О-н биед хүндэвтэр, Ц-н биед хөнгөн хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний зүгээс дээрх хоёр хүний Говьсүмбэр аймгийн эмнэлэгт хийгдсэн эмчилгээ болон Улаанбаатар хот руу явах замд хийгдсэн эмчилгээний зардлуудыг бүрэн төлсөн. Мөн Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг дээр О-н эмчилгээний зардалд бэлэн 500 000 төгрөг өгсөн. Одоо харин цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаар бүрдүүлж гаргаж ирэх юм бол миний зүгээс төлж дээрх хоёр хүнийг хохиролгүй болгож өгнө. Миний хувьд тэтгэвэрт гарсан ч гэсэн өөрийн оюуны өмчийн эрхийн хүрээнд төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Яг энэ төсөл хөтөлбөртэй холбоотой ажлаар Шивээговь сум руу явж байгаад осолд орсон. Хэрэв миний энэ хог боловсруулах төсөл хэрэгжээд эхлэх юм бол БНХАУ-с 7 сая долларын хөрөнгө оруулалт орж ирэх байсан юм. Түүний 3 хувь буюу 2 сая долларыг тэр 2 хүн жуулчлалын хөлсөнд авахаар тохиролцсон юм. Миний бодлоор тухайн 2 хүн нь миний төсөл хэрэгжээд эхлэхээр хөрөнгө оруулалт орж ирэхийг мэдэж байгаа болохоор надаас ахиухан хэмжээний мөнгө төгрөг авчихъя гэсэн бодолтой байхыг үгүйсгэхгүй. Би ер нь өөрөө дотроо тэгж бодоод байгаа юм. Миний хувьд тухайн 2 хүн нь баримтаа бүрдүүлээд мөнгө нэхэмжилсэн тохиолдолд хохиролыг төлж барагдуулж ямар нэгэн хохиролгүй болгож өгнө. Ц-тай утсаар ярихаар бөөр болон нойр булчирхай өвчлөөгүй, амралтанд явж байгаад ирсэн. Бие хаа сайн байна. Санал гомдол байхгүй л гэж хэлж байсан. Хохирогч нартай бол би байнга л холбоотой бие хааг нь асуудаг байсан. Надтай ярихдаа бие хаа зүгээр байна л гэж хэлдэг. Ярихаар л миний төсөл хөтөлбөрийн талаар асуудаг байсан. Тэдгээр хүмүүс бол өөрсдөө боломжтой бололцоотой хүмүүс, шинжилгээ эмчилгээ хийлгэчихээд надаас дараа нь баримтаар мөнгөө нэхэмжлэхэд би хохирлыг барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
1.3. Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 06 цагт манайхаас Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо уурхай орох ажлаар Ц, Л бид 3 хөдөлсөн. 75-08 УНИ улсын дугаартай Приус машиныг Л жолоодсон. Бид хоёр арын суудал дээр суугаад Төв аймгийн замаар Говьсүмбэрийн замд нийлээд явсан. Тэгээд 09 цагийн үед Чойроор дайраад өнгөрсөн. Бид нар хоорондоо одоо эндээс Шивээгийн уурхай 10 гаран км юм байна гэж хоорондоо яриад явж байтал гэнэт засмал замаар явж байгаад баруун гар тал руугаа замын хөвөө хэсэг рүү буруу талын хоёр дугуй гарах шиг болоод түчигнэх чимээ гарахаар нь ард сууж явсан бид хоёр юу болов, яав ийв гэхэд жолооч огцом зүүн гар тал руугаа дараад машин замын зүүн гар тал руу гарч онхолдсон. Машин 2-3 удаа хөрвөөгөөд 4-н дугуйн дээр зогссон. Тэгээд машинаас буухад Ц эгчийн нүүрнээс нь битүү цус гарчихсан миний бие хөдөлж болохгүй машинаас мөлхөж гараад хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэгээд удахгүй түргэний тэрэг ирээд эмнэлэг рүү авч явсан. Жолооч өглөө явахаар манайд ирэхдээ ёооё үхлээ, нойр хүрээд байна гэж орж ирсэн. Замд нойр хүрээд гээд хоёр удаа зогсож нойроо сэргээсэн. Миний хувьд бол осол жолооч нойргүйн улмаас осол гарсан гэж бодож байна. Дээрээс нь хурд хэтрүүлсэн. Би арын суудал дээрээс миллийг харахад 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Би Чойр руу орохоосоо өмнө зам эвдрэлтэй байгаа зөөлөн яваарай гэж сануулсан. Дугуй хагарах дуу чимээ сонсогдоогүй. Нойрмоглоод замаас гараад сандраад буцаад дарахдаа замаас гарч онхолдсон. Жолооч эрүүл байсан. Биеийн байдал маань хэвтрийн дэглэмтэй байсан. Босож явж чадахгүй байна, Баян явбал хугарал цаашаа хүндэрнэ гэсэн учраас байнга хэвтрийн дэглэм барьж байсан. Миний нурууны нугалмыг дарагдсанаас болж дискүүд шахагдсан байна гэж хэлсэн. Цээжин биеийн зураг авахуулаарай гэж хэлсэн боловч мөнгөний асуудлаас болоод үзүүлж чадахгүй байна. Ослоос болж учирсан бэртэл гэмтлээ эдгээмээр байна. Эмчилгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилж гаргаж авмаар байна. Одоогоор гаргасан тооцоо байхгүй байна. Цаашид бас эмчилгээ хийлгэнэ. Энэ бүгдийг нэгтгээд баримттайгаар мөнгөө нэхэмжилнэ. Жолоочид санал гомдол гэхээсээ илүү хурдан биеэ эрүүл саруул болгож авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/
Өмнө өгсөн хохирогчийн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар ярьсан байгаа. Нэмж ярихад би КТГ-н толгойн болон бүсэлхийн шинжилгээ хийлгэсэн. Эмч нар цээжин биеийн КТГ-н зураг авахуул гэсэн боловч мөнгөний асуудлаас болж үзүүлж чадахгүй байна. Осолд орсны дараа сар гарны хугацаанд миний цээжин бие хөндүүрлэж зовиуртай байсан. Одоо бол өвдөх зовиургүй болсон. Ослын улмаас нуруу маш их өвддөг, удаан хугацаагаар тонголзож, бөхөлзөж юм хийж чадахгүй байна. Удаан сууж байгаад явах гэхээр аарцгаар өвдөөд байсан. 2 хөл шилбэний доод хэсгээр хавагнаад байна. Хөдөлмөрийн чадвараа алдчихаад л байна даа. Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Баримтаар 1 115 155 төгрөг болж байна. Үүнээс гадна баримтгүй олон зардал гарсан. 2 сар хэвтрийн дэглэм сахисан. Одоо босохоор 2 цагаас илүү хугацаагаар явж сууж чадахгүй гэж эмч хэлсэн. Осолд орохоос өмнө хувиараа дүүгийнхээ лангуун дээр өдрийн 30 000 төгрөгөөр 7 хоногийн 3 өдөрт нь суудаг байсан. Энэ ослоос хойш чадахаа байсан. Мөн манай нөхөр намайг сахиад 2 саран гаран гэртээ ажилгүй байсан. Энэ мэтчилэн баримтгүй зардлуудаа нэмэх юм бол их зардал гарна. Ийм учраас би жолооч Л-с энэ гарсан зардлууд болон цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Нийт 10 000 000 төгрөг нэхэмжилнэ. Түүнд мөн их гомдолтой байгаа. Ослоос хойш огт холбоо бариагүй, Хааяа холбогдохоороо өөдөөс загнаад байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
1.4. Иргэний нэхэмжлэгч Ш.Ц мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:
2019 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 06 цагт Өлзийт хорооллоос Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо нүүрсний уурхай руу ажлаар өөрийн найз О-тай хамт Л гэх хүний машинтай хөдөлсөн. Л 75-08 УНИ улсын дугаартай Приус маркийн автомашинаа жолоодоод бид хоёр арын суудал дээр нь суугаад явсан. Шивээ-Овоогийн уурхай руу Л-н ажлаар явж байсан юм. 9 цаг болж байхад Чойрт очсон. Тэгээд Чойр өнгөрөөд явж байхад жолооч нойр хүрээд байна та хоёр онигоо яриад нойр сэргээгээд өгөөч гэхээр нь бид хоёр бас юм яриад л явж байсан. Тэгээд Чойроос урагш засмал замаар явж байгаад жолооч үүрэглээд машин замаасаа гарах шиг болсон. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л газар хэвтэж байсан. Тухайн үед миний нүд юм харахгүй, чих юм сонсохгүй байсан. Чойрын эмнэлэг дээр ирчихсэн эмчилгээ хийлгэж байснаа санаад байгаа юм. Осол болох үед жолооч хэдэн км цагийн хурдтай явж байсныг хараагүй. Наанаас замд 60-80 км цагийн хурдтай явж байсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жолооч өглөө эрт босоод хол замд яваад нойрмоглосны улмаас осол гарах шалтгаан болсон гэж бодож байна. Миний биеийн байдал босож явахаар толгой эргэнэ, дотор муухайрна, хүзүү цээж хүндүүрлэх зовиуртай, баруун бөөр маш их өвдөнө. Өвчин намдаах тариа эмээр л явж байна. Жолоочоос эмчилгээ хийлгэж байна уу, бие нь яаж байна гэж асууж ярьсангүй, эргэж ирсэнгүй. Хүнд нь гомдож байна. Эмчилгээ хийлгэж эм тариа авч байна. Баримт гэх зүйл байхгүй. Хүн амьтан гуйж явуулаад байгаа учраас баримт байхгүй, би өөрөө босож явж чадахгүй байна. Жолоочид гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Ослоос болж миний биед тархи толгой өвддөг болсон. Нойронд муу болсон. Байнгын эмнэлгийн байгууллагаар явж эмчлүүлж байна. Эрүү ам зуураад заримдаа юм ярьж чадахгүй ээрээд байна. Найз нөхөд ах дүү нараа гуйж эмчилгээ хийлгэж байсан болохоор эмчилгээтэй холбоотой ямар нэгэн баримт гэх зүйл байхгүй. Хүзүү цээж баруун бөөр зэргийг дахин нарийн мэргэжлийн эмчид мөнгөгүйгээс болж үзүүлж чадаагүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Эмч нар намайг цаашид нөхөн сэргээх /хүзүү толгойн/ эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Цаашид эмчилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй болохоор боломжгүй болчихоод байна. Уг эмчилгээ хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй учраас яг хэдэн төгрөг нэхэмжлэхийг мэдэхгүй байна. Мөн миний нүүр, толгойнд ослын улмаас сорвинууд үлдсэн. Уг сорвинуудыг арилгуулахад гарах зардлыг нэхэмжилмээр байна. Сорви арилгахад лазер эмчилгээ хийдэг гэсэн. Хэдэн төгрөгөөр арилгахыг нь мэдэхгүй байна. Жолооч Г.Л-нд гомдолтой байна, эмчилгээ хийлгэсэн талаарх баримт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
1.5. Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
75-08 УНИ улсын дугаартай Toyoto Pruis маркийн тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Төрийн банкны нэр дээр байдаг юм. Энэ машиныг би Н-н А гэх хүнээс 2015 онд худалдаж авсан бөгөөд худалдаж авах үед Төрийн банкны лизингтэй байсныг би өөрөө төлж барагдуулаад нэр дээрээ өөрөө шилжүүлж авах гэсэн боловч А нь АНУ руу явчихаад одоо хүртэл өөрийн нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үзлэг оношилгоондоо оруулсан. Явах эд анги болон бусад зүйлүүд нь хэвийн ажиллагаатай машин байсан. Л миний машиныг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гуйж авч унасан. Түүнээс хойш унаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн нутаг дэвсгэрт осол гаргасан байсан. Бид хоёр машины хохирлын тал дээр хоорондоо ярьж тохирсон учраас миний хувьд түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
1.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 131 дугаартай дүгнэлтэд:
- Г.О-н биед бүсэлхийн L2-р нугалмын дарагдаж шахагдсан хугарал, нурууны L5-р нугалмын түвшинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/
1.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаартай дүгнэлтэд:
- Ж.Ц-н биед духанд шарх, бүх биеийн доргилт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 37 дугаар хуудас/
1.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 137 дугаартай дүгнэлтэд:
-Г.Л-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/
1.9. Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:
1. Жолооч Г.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно. а/хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/ 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
2. Жолооч Г.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
3. Шинээр илэрсэн зүйл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /хх-ийн 40 дугаар хуудас/
1.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3155 дугаартай дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйнууд нь хийгүй тул ослын өмнө хаймар дугуйн хий техникийн нормоор байсан эсэхийг тогтоог боломжгүй.
- Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйнууд нь хагараагүй байна. Обудны дотор ирмэгүүд гулзайсан гэмтэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой.
- Шинжилгээнд ирүүлсэн баруун урд талын гэх дугуйн хээ харилцан адилгүй элэгдэж нимгэрсэн байх тул ослын өмнө хээний хувьд шаардлага хангахгүй байсан байна.
Дүгнэлт гаргасан: Автотехникийн лабораторийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч С.Мөнхдалай, /хх-ийн 45-49 дүгээр хуудас/
1.11. Ашидбилгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 264 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, /хх-ийн 51-52 дугаар хуудас/
1.12. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-11 дүгээр хуудас/
1.13. Замын Цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, /хх-ийн 14-15 дугаар хуудас/
1.14. Хохирогч Г.О-н хохирлын баримт, /хх-ийн 91-94 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокуророос шүүгдэгч Г.Л-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Л гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Г.Л нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, мөн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс уг зам тээврийн осол гарсан байна гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Л авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Г.Л-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Шүүгдэгч Г.Л мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 1955 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. Эхээс 4-лээ айлын хамгийн том хүүхэд байгаа юм. 1966 онд Улаанбаатар хотод гэр бүлээрээ шилжиж ирээд Нийслэлийн 19-р сургуулийг 1971 онд төгсөөд Төмөр замын техникумд сурч байгаад 1972 онд цэрэгт яваад 1975 онд цэргээс халагдаж ирсэн. Ардын армийн 123 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаасан. 1991 оноос хойш хувийн хэвшилд ажиллаж байсан. Эхнэр Г.Э-тэй гэр бүл болж дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Хамгийн том нь 1980 онд, хамгийн бага нь 1989 онд төрсөн. Эхнэр хүүхдээсээ 1992 онд салсан. Түүнээс хойш хоёр ч хүнтэй хамтран амьдарч байсан. Одоо ганц бие амьдардаг. Анхны эхнэрээсээ гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
2.2. Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Г.Л гэх хүнийг 2006 оноос хойш таньдаг болсон. Ажил хэргийн шугамаар анх танилцаж байсан. Одоо найз нөхдийн холбоотой. Садан төрлийн холбоогүй. Хувийн зан байдлын тухайд ажил хэргийн хувьд зарчимч, шударга зантай. Тэтгэвэртээ гараад одоо хувиараа хог хаягдал боловсруулах төсөл бичээд түүнийхээ араас хөөцөлдөөд яваа хүн, хувийн амьдралынхан нь талаар сайн мэдэхгүй. Би ноднин нэг удаа гэрт нь толгойтод байхад очиж байсан. Гэртээ ганцаараа байдаг юм шиг байсан. Хамгийн сүүлд наадмын өмнө уулзсан. 2019 оны 07 дугаар сарын 11-нд над руу өөрийнхөө 9919... дугаараас залгаад ойр зуурын юм ярьж байгаад тасалсан. Түүнээс хойш огт холбогдоогүй, уулзаагүй. Одоо түүнийг хаана байгааг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас
2.3. Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Г.Л гэх хүнийг 2008 оноос хойш таньдаг болсон. Миний ажилладаг газар тэр хүний оффис нь байдаг юм. Тэр хүн наадмын маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ирж сууж байгаад явсан. Түүнээс хойш одоог хүртэл ирээгүй байна. Ажил хэргийн шугамаар таньдаг. Хувийн зан байдлын хувьд настай намбатай төлөв даруу зантай хүн байгаа юм. Архи дарс миний мэдэхээр хэрэглээд байдаггүй. Одоо түүний хаана байгааг нь мэдэхгүй, хаана амьдардаг талаар нь мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/
2.4. Шүүгдэгч Г.Л-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/,
2.5. Хохирогч Г.О-н хохирол төлсөн баримт, /хх-ийн 100 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч Г.Л нь хохирогч Г.О-гт 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 105 555 /нэг сая нэг зуун таван мянга таван зуун тавин тав/ төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Г.О, иргэний нэхэмжлэгч Ж.Ц нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.Л-гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж-н овгийн Г-н Л-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-нд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Л нь хохирогч Г.От 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 105 555 /нэг сая нэг зуун таван мянга таван зуун тавин тав/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Хохирогч Г.О, иргэний нэхэмжлэгч Ж.Ц нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.Л-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ