Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 727

 

 

  2019         07         31                                   2019/ШЦТ/727

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт  , ял шийтгэлгүй, М.С,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.С нь М.Ууганганхүүтэй бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 04-ний оройны 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Тунелийн орчим иргэн Б.Лувсандонойг “Самсунг нөүт-3” маркийн гар утсаараа ярьж явахад нь гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 168.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны урд талын авто машины ил зогсоол дээр тавьсан иргэн Г.Даваачулууны эзэмшлийн 53-38 УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Соната 6” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 6.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай “Сүзүки свитч” машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Лувсандонойгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тунелийн ойролцоо 23 цаг 50 минутын үед “Нөүт 3” маркийн гар утсаараа яриад явж байхад урдаас 2 залуу ирээд нэг залуу нь мөрлөөд нэг залуу нь гарт байсан утсыг булаагаад 13 дугаар хорооллын автобусны буудал руу гүйгээд зугтаасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 11-12,13 дугаар  хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ялалтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Бэст” нэртэй ломбарданд ороход нэг залуу сууж байсан ба үүдэн дээрээ зарах гар утасны жагсаалтыг үнийн дүнтэй нь хамт цаасан дээр бичиж гаргаад наачихсан байсан. Тэгээд тэр утасны үнэ ханшийг судалж харж байгаад өөртөө байсан мөнгөндөө тааруулаад “Самсунг галакси нөүт-3” маркийн саарал өнгийн гар утсыг 160.000 төгрөгөөр худалдан авсан. ...нэг өдөр цагдаагаас яриад манай гэрт ирж уулзаад тэр утсыг дээрмийн хэргээр алдагдсан гар утас байна гээд хураагаад авчихсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч А.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ямар ч байсан 2017 оны 08 дугаар сарын эхээр манай ломбарданд нөүт-3 маркийн гар утас тавьсан. ...хугацаа нь дуусаад зарагдчихсан юм байна лээ. ...зарсан эд зүйлийн баримтыг нь устгачихдаг учир ... мэдэх боломжгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ийн “самсунг галакси нөүт 3” маркийн гар утас 168.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Яллагдагч М.Ууганганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.С хоёулаа энэ ахын гар утсыг очоод шүүрчихье, чи очоод энэ ахыг мөрлөөд саатуулж бай гэхээр нь ...мөрлөөд өнгөрсөн юм. ...Гэтэл М.С араас гүйж ирээд “зугатаарай” гэж хэлсэн. Бид хоёр зугатаагаад зам хөндлөн гарч уулзахад М.С нь нөгөө согтуу ахын Самсунг галакси нөүт 3 маркын гар утсыг шүүрч аваад ирсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95 дугаар хуудас/,

Яллагдагч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед өөрийн цэргийн он жав болох М.Ууганганхүүтэй хамт Сансарын тунелийн баруун талын автобусны буудлын урд талд явж байсан юм. Тэр үед урдаас 35 гаруй настай эрэгтэй хүн согтуу гартаа утас бариад утсаараа яриад явж байсан. Би тэр хүний утсыг нь дээрэмдэж авах санаа гаргаж М.Ууганганхүүг очоод тэр хүнийг мөрөл гэж хэлээд мөргүүлсэн. М.Ууганганхүү тэр хүнийг мөрлөсөн ба би гүйж очоод нөгөө согтуу ахын гарт нь байсан гар утсыг булааж аваад бид хоёр зугатаасан. Бид хоёр дээрэмдэж авсан гар утсаа сансарын тэнд “Бэст” нэртэй ломбард ороод өөрийнхөө нэрээр 70.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм" гэх мэдүүлэг /1 хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Даваачулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчим манай ээж над руу залгаад "машинаа аваад явсан юм уу" гэж асуухад нь "үгүй" гэж хариултал "машин байхгүй байна" гэж хэлсэн. Тэгээд машинаа алдсанаа мэдсэн. ...гэрийнхээ гадаа зам дагуу ил зогсоол дээр буюу 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15-р хороо 13-р хороолол 6-р байрны ертөнцийн зүгээр чанх урд талд хамрыг нь зүүн зүгт харуулан байрлуулсан гэсэн. Машинаа орхихдоо хаалга цонхыг нь хаагаад түгжсэн. 10 минутын дараа хартал машин байхгүй байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 141-142 дугаар хуудас/,

Гэрч С.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү Даваачулуунаас машиныг нь унаж хэрэглэхээр түр авсан юм. Баянзүрх дүүргийн 15-р хороо 6-р байрны урд талын авто ил зогсоол дээр 2017 оны 08 дугаар сарын 15-ны оройн 19 цагийн үед машинаа байрлуулсан. Тухайн үед зээ хүүтэйгээ хамт байсан болохоор хүүгээ салхилуулах гээд машинаасаа түр холдсон. Тэгээд байж байтал эхнэр дээд давхраас цонхоор хараад машин байхгүй байгааг мэдээд надад хэлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ханбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Ганбаатар, Г.Даваачулуун, Г.Даваачулууны найз гээд нэг залуу бид хамт Баянбүрдийн зүүн талын уулзвар хавьд машинаа хайж явцгаасан юм. Гэтэл орой 21 цагийн үед Г.Даваачулууны 53-38 УНӨ улсын дугаартай “Соната-6” маркийн саарал өнгийн машин нэг баарны үүдэнд зогсож байсан. ...машин дээр очиход дотор нь 2 жоохон эрэгтэй хүүхэд сууж байсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 145 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шороон зам дээр 22 цагийн үед саарал өнгийн “Соната-6” маркийн авто машин зогсож байсан. Жолооч нь жолоогоо янзлаад байх шиг байсан. Бид хоёр тоохгүй хажуугаар нь гарсан. Зөрөөд явсан чинь ардаас нөгөө машин сигналдаад шүгэлдээд дуудаад байсан. Яваад очтол жолооч нь М.С байсан. М.С-аас юун машин юм бэ гэхэд манай ахын машин, мөнгө хийнэ гээд өнөөдөр гуйж авсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 135-139 дүгээр хуудас/,

Яллагдагч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 13-р хорооллын тэнд явж байтал нэг байрны гадна хаалга нь онгорхой түлхүүр нь зоолттой мөнгөлөг саарал өнгийн “Соната 6” маркийн машин байсан. Би тэр машинд суугаад түлхүүрийг нь дарахад машин ассан. Тэр машиныг унаж яваад сансарын тунел ороод зогсож байтал урд өдөр нь надтай хамт хоносон найзууд болох М.Ууганганхүү, Н.Мөнхтулга 2 тааралдсан” гэх мэдүүлэг /2хх 186-187 дугаар хуудас/,

Хохирогч С.Цэвэгжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны гадаа буюу гэрийнхээ гадаа зам дээр өөрийн эзэмшлийн “Сүзүки Свитч” нэртэй мөнгөлөг саарал өнгийн 17-80 УНЭ улсын дугаартай авто машинаа байрлуулж тавьсан. ...2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг 40 минутын үед гэрээсээ гараад очиход миний машин байсан газраа байхгүй алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161 дүгээр хуудас/,

Гэрч Г.Охины мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны үүдэнд “Сүзүки Свитч” машинаа нөхөр С.Цэвэгжавын хамт байрлуулж тавиад гэртээ орсон. Маргааш өглөө нь 09 цагийн орчим гэрээсээ гарч машин дээрээ ирэхэд машин тавьсан газраас алдагдсан байсан. Тэгээд бид хоёр байрны СӨХ-ны камерыг шүүж үзэхэд урд өдөр бид хоёр машинаа тавиад гэр рүүгээ ороход 18-20 орчим насны өндөр бор залуу машин 2-3 удаа тойрч яваад байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 162 дугаар хуудас/,

Хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 150 -152 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 159 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч М.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.С нь М.Ууганганхүүтэй бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 04-ний оройны 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Тунелийн орчим иргэн Б.Лувсандонойг “Самсунг нөүт-3” маркийн гар утсаараа ярьж явахад нь гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэн авч, бусдад 168.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны урд талын авто машины ил зогсоол дээр тавьсан иргэн Г.Даваачулууны эзэмшлийн 53-38 УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Соната 6” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 6.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сухбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай “Сүзүки свитч” машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Мөн хохирогч нар эд хөрөнгөө алдагдсаныг мэдүүлж, гэрч нараас хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг тодорхой мэдүүлсэн гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдаж, хохирогч нарт хохирол учирсаныг хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулсан байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

М.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч С.Цэвэгжавт эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 159 дүгээр хуудас/, хохирогч Б.Лувсандонойгийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Г.Даваачулуун машинаа буцаан авсан нь гэрч Б.Ханбатын мэдүүлгээр /2 хх-ийн 145 дугаар хуудас/ тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч М.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч М.С-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Шүүгдэгчийн нийт 221 /хоёр зуун хорин нэг/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч М.С-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч М.С-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 221 /хоёр зуун хорин нэг/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ