Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01219

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/03391 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

824,859,847 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хөрс хуулалтын ажил хийхээр харилцан тохиролцсон бөгөөд ******* ХХК нь ******* аймгийн ******* сумын ******* ******* дугаар бүхий лицензтэй төслийн уурхайд хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэн ******* ХХК-д хүлээлгэн өгсөн.

1.2. Талуудын хооронд тооцоо нийлсэн актаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр нийт 497,652,999.71 төгрөг, үүнээс 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны 263 хоногийн алдангийг гэрээнд заасны дагуу тооцоход 327,206,847.31 төгрөг, нийт 824,859,847 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 746,479,449.56 /долоон зуун дөчин зургаан сая дөрвөн зуун далан есөн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг тавин зургаан мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 78,380,397.47 /далан найман сая гурван зуун наян мянга гурван зуун ерэн долоон төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,282,249.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 3,890,347.24 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.    Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч , болон ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцох болсон тул хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа дурьдаж шүүгчийн туслахад энэ талаар мэдэгдэж, шүүх хуралдаанаас өмнө бичгээр хүсэлт гаргасан.

Тухайн иргэний хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хурал богино хугацаанд хойшилж, хэргийн нийт 9 оролцогч, өмгөөлөгчийн хурлын цагийг харгалзан шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16:00 цагт товлосон байх тул миний бие тус хуралдаанд өөрийн биеэр зайлшгүй оролцож олон жил хянагдсан маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагатай бодит нөхцөл байдал үүссэн байсан.

Иймээс ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хуралд хариуцагчийн байр суурийг хамгаалах, нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг няцаах, мэтгэлцэх зорилгоор хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Хуралд хариуцагчийг төлөөлөн биечлэн оролцож, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үнийн талаар мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үнийн дүнгийн хэмжээг буруу тодорхойлсон талаар мэтгэлцэх боломжийг олголгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Талуудын хооронд хийсэн гэх өмнөх тооцоо нийлсэн актад үндэслэн шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь, үнэн зөв шийдвэрлэж чадаагүй, нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд үүсээгүй гуравдагч этгээдийн төлбөр тооцоог ялгалгүйгээр хамтатган шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцсон бөгөөд тухайн шүүх хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшилж, тов мэдэгдсэн баримтад зохигч гарын үсэг зурсан. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөр шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шүүх хуралдаанаас хойш буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагаас товлогдсон шүүх хуралдаантай давхацсан гэж тайлбарладаг.

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр хэргийг эзгүйд шийдвэрлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардаж авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу татгалзлын үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

5.3. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүссэнээс хойш 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргаж өгөөгүй атлаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Мөн өмнөх шүүх хуралдааныг талуудыг эвлэрэх боломжоор хангаж, хойшлуулсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 824,859,847 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3.1.Анхан шатны шүүх уг нэхэмжлэлд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2024/22814 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2024/25752 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

 

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийг гардаж авсан өдөр болох 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор шүүхэд тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүй байна.

 

3.3.Анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/16638 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15.30 цаг хийхээр тогтоожээ.

 

3.4. Хариуцагч талын гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулахад уг хугацааны талаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч аливаа нэгэн санал гаргаагүй байна.

 

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцэхээр товлогдоод буй *******ийн нэхэмжлэлтэй , , ******* ХХК-д тус тус холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцох болсон, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оноос хойш үргэлжилж байгаа, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар богино хугацаагаар хойшлуулж 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16.00 цагт явуулахаар тогтоосон, олон оролцогчтой гэж тайлбарлажээ.

 

3.6. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/19158 дугаар захирамжаар хариуцагч талын гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ шүүх хуралдаан давхцаагүй гэж үндэслэл заасан нь учир дутагдалтай болсон боловч энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч тайлбар гаргаагүй байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Учир нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэнээс хойш 6 сар өнгөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах 90 хоногийн хугацаа дууссан, хариуцагч хариу тайлбар гаргах мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа 120 хоног хэтэрсэн, энэ хугацаанд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй байр суурьтай оролцсон гэж дүгнэнэ.

Түүнээс гадна энэ хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр товлосон байхад 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хойшлуулсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцэгдэж буй *******ийн нэхэмжлэлтэй , , ******* ХХК-д тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товыг тогтооход шүүх хуралдаан давхцаж буй талаараа мэдэгдсээр байхад уг шүүх хуралдааныг товлосон гэх баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй болно.

Мөн хуулийн этгээдийг итгэмжлэлээр төлөөлөх этгээд шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол өөр төлөөлөгчийг томилж эсхүл итгэмжлэл олгох байдлаар хариуцагч тал шүүх хуралдааны бэлтгэл хангах үүрэгтэй юм.

 

4. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоонд үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

5. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орших ******* нэртэй дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сар бүр 500,000 м.куб хөрс хуулалтын ажил хийж гүйцэтгэх, ******* ХХК нь ажлын хөлсийг 1 м.куб уулын цул хуулж тээвэрлэн буулгах ажлын хөлсийг 5,200 төгрөгөөр тооцож үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6.1. Гэрээний талууд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар ******* ХХК нь ******* ХХК-иас 1,004,125,226 төгрөгийн авлагатай гарсныг баталгаажуулсан байх бөгөөд уг баталгаажуулсан төлбөрөөс бага үнийн дүн буюу 497,652,999.71 төгрөгөөр хариуцагчийн төлбөрийг хэмжээг анхан шатны шүүх тогтоосон нь зөв болжээ.

6.2. Хариуцагч тайлбар гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтуудыг эсэргүйцээгүй гэж дүгнэнэ.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3-т захиалагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр гүйцэтгэх хугацааг гэрээнд заасан хугацаанаас хойшлуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээний үнийн дүнгийн 0.25 хувиар алданги тооцож нөхөнт төлүүлэх үүрэгтэй гэж заасан тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг болох 497,652,999.71 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлаж 248,826,499.85 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/03391 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,890,347 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Э.ЗОЛЗАЯА