Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01245

 

 

 

 

******* хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05400 дугаар шийдвэртэй,

 

******* хүсэлттэй,

 

*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд ******* /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, 2 тоотод оршин суух, ******* нь гудамж талбай олон нийтийн газарт иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг, удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил удаа дараа гаргаж байсан тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга:

2.1. Миний бие архины албадан эмчилгээнд хамрагдахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 3-6 настай бага насны 2 хүүхэдтэй бөгөөд эхнэр маань ажил хийдэг бөгөөд миний бие хүүхдээ хардаг. Мөн би сайн дураараа сэтгэл зүйчтэй уулзалт зохион байгуулж бөгөөд сайн дураараа явж байна. Иймд учир архины албадан эмчилгээнд явах шаардлагагүй гэж үзэж байна. 2 сарын хугацаанд 3 төслийн ажил авч, цахилгаан газардуулгын ажлыг миний бие доор ажилладаг 2 цахилгаанчны хамт авсан. Намайг албадан эмчилгээнд хамрагдвал уг ажил маань зогсонги байдалд орох гээд байна гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан *******-г албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар *******г албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс болон байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг *******-т даалгаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******г албадан эмчлэх, эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар албадан эмчилгээг 3-6 сар хүртэл хугацаагаар хийх бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

4.    Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Дүүргийн болон хорооны засаг даргын тамгын газрын дүгнэлт, нийгмийн ажилтны дүгнэлт байхгүй байсаар байхад намайг архины албадан эмчилгээнд явуулж миний эрхийг зөрчиж байна.

Миний бие гэр бүлдээ анхаарал тавьдаг бөгөөд миний эхнэр ******* нь ч цагдаад мэдүүлэг өгөхдөө миний эрх зүйн байдал болон эрүүл мэндийн байдлыг сайн гэж мэдүүлсэн.

Цагдаагийн байгууллага нь ямар үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, гэнэт шүүхэд хүсэлт гаргаж миний эрхийг зөрчиж, өөрийн зүгээс нотлох баримтууд гаргаж өгөх боломжгүйгээр шууд шийдвэрлэсэнд гомдолтой байна. ******* СӨХ-ны даргын мэдүүлгээр намайг албадан эмчилгээнд явуулсанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь *******г захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасныг гуравдагч этгээд ******* эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна. Учир нь:

3.1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах донтой болох нь дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар заасан.

3.2. Анхан шатны шүүх *******г согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж дүгнэхдээ Хан-Уул дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* СӨХ-ны даргын хүсэлт, зөрчил гаргаж байсан, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан, ******* хэлтсийн тодорхойлолт, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан баримт, тайлбараар нотлогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

3.3. ******* нь 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 9 удаа согтуурсны улмаас эрүүлжүүлэгдэж байсан боловч тэрээр 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх 6 сарын хугацаанд эрүүлжүүлэгдсэн гэх баримтгүй, мөн наркологийн төвд сэтгэл зүйн эмчилгээнд явж байгаа талаар өөрийнх нь мэдүүлэг болон түүний эхнэр *******-гийн мэдүүлэг зэргээр өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж дүгнэхээргүй байна.

 

4. Түүнээс гадна гуравдагч этгээд ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хувиараа ажил хийж эхэлж байгаа, ******* Гарден дээр ******* давхар, 5 хаус, Говь хангай мебельд үйлдвэрлэл үйлчилгээний газар цахилгаан инженер гэсэн 3 төсөлд ажиллаж байгаа, би цахилгааны инженер хийдэг гэсэн байх ба Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар 8.2 дахь хэсэгт зааснаар ажил хийдэг талаарх холбогдох материалыг тухайн байгууллага, иргэдээс шаардан авч болохоор байх боловч энэ талаар магадлаж тогтоогоогүй байна.

 

6. Иймд түүнийг хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ******* *******г захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05400 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* *******г захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА