Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/67

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Э.Шижиртуяа,                                                                              

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                      

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Д-н М-д холбогдох эрүүгийн 1917000670043 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын  13-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй,  ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ч овогт Д-н М /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.М нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Баянбулагийн 5-513 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар гар утасны цэнэглэгчээр нуруу, гар, цээж хэсэгт ороолгон зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 5-513 тоотод оршин суух гэртээ эхнэр буюу хохирогч Д.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар гар утасны цэнэглэгчээр нуруу, гар, цээж хэсэгт ороолгон зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ оройтож ирээд гал тогтооны өрөөнд хоол идээд сууж байхад эхнэр хардаж хэрүүл маргаан үүсгээд намайг янз бүрээр хэлээд байхаар нь би тийм асуудал байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд эхнэр нөгөө өрөөнд орсон, би хоолоо идчихээд өрөөндөө ороход хүүхэд утсаар тоглох гээд аваад гарсан. Би ноолуурын хүнтэй утсаар ярина гэсэн байсан учир хүүхдээсээ миний утас хаана байна, утсаа цэнэглэе гэхэд чи шөнө болсон хойно юундаа утсаа сандарч хайгаад байгаа юм, завхайрсан хүүхнийхээ утсыг устгах гэж байна уу гэх зэргээо над руу хашгираад орон дээр хэвтэж байснаа толгой руу цохисон. Би хүүхдүүд байна битгий ингээд бай гэхэд улам ширүүсээд асуудал үүсгээд байхаар нь барьж явсан цэнэглэгчээрээ ийм асуудал болсон. Тэгээд манай хүн зөрөөд гараад явсан. Би орондоо ороод унтаад өгсөн. Тэгээд ноолуур авах хүмүүс яриад 12 гээд гараад очиход цагдаа нар ирсэн гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би эхнэр Б.Сувдтай маргалдаж гар утасны цэнэглэгчээр ороолгосон гэсэн асуудлаас шалгагдаж байна. Гэрч Б.Э-н өгсөн мэдүүлэгт С эгчийг гаргахгүй хориод шавхардаад байна гэсэн мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. Одоо би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй ээ... гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/

Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх дээр учрыг нь хэлсэн байгаа. Зүйл ангийн утгыг нь ойлгосон. Би гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй. Энэ талаар ярихгүй... Энхмэнд мэдүүлэгтээ намайг С-г хорьчихоод гэрээс гаргахгүй байсан гэсэн асуудал ярьсан байсан. Тийм зүйл болоогүй. Мөн намайг өөрийнхөө амийг хорлоно гэсэн, тийм зүйл болоогүй. Мөн над руу залгаад цагдаа дуудлаа шүү гэсэн байсан, ийм асуудал болоогүй. Юу болоод байгаа юм бэ гэхээр нь би юу ч болоогүй гэж хэлсэн. Мөн цагдаагаас хүүхдүүдээ урдаа барьчихаад явахгүй гэсэн байна, ийм асуудал болоогүй. Мөн С-г ээжийн дэргэд элэгдээд зодож байсан гэсэн, ийм асуудал болоогүй. Мөн цагдаагийн алба хаагчид тухайн үед болсон асуудлыг дутуу орхигдуулж ярьсан байсан. Би анх өгсөн мэдүүлэгтээ энэ талаар ярьсан байгаа... Ерөнхийдөө гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг болон өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхийг эдэлж байна. Одоо мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 132 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай нөхөр 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 14 цаг 30 минутын үед ажилдаа явлаа гээд гэрээсээ гарсан. Орой ажлын цаг тараад гэртээ ирэхгүй байхаар нь 18 цагийн үед нөхөр Мөнх-Эрдэний 9975... гэсэн дугаарын утас руу залгасан. Утас нь дуудаад байгаа мөртлөө утсаа авахгүй байсан. Сүүлдээ утас нь хэсэг зуур холбогдох боломжгүй байсан. Тэгээд гэртээ унтах гээд ороо засчихаад байж байтал 21 цаг өнгөрөөгөөд 22 цаг болж байхад М гаднаас архи уусан байдалтай халамцуу орж ирсэн. М-с архи үнэртэж байсан. Харахад архи уусан халамцуу гэдэг нь мэдэгдэж байсан. Би олон жил хамт амьдарсан болохоор архи уусан үгүйг нь хараад мэднэ. Би фитнессд явах гээд машинаа хүлээгээд байсан юм. Тэгээд М-г хаачаад ирэв гээд хажуу талаас гарынхаа ар талаар зөөлхөн цохиод авсан. М хувцсаа тайлаад ширээнд суусан. Бага охин хоол хийж өгсөн, хоолоо идээд суусан. Би ямар хүмүүстэй хаагуур архи ууж байгаад ирэв гэсэн чинь А-тай машин хүлээлгэж өгөөд гэсэн утгатай зүйл ярьсан. Би урд нь Сүмбэр сумын Засаг дарга А луу утсаар залгаад М-г асуухад халамцуу бололтой М-г байхгүй гэж хэлсэн. М хоол идээд сууж байхдаа над руу дунд хуруугаа гозойлгоод май чи, би чамд хоол ч өгөхгүй, юу ч өгөхгүй гэсэн. М уурлах аятай болохоор нь би нөгөө өрөөндөө ороод охиныхоо нялх хүүхдийн хажууд ороо засаад хэвтэж байтал араас өрөөнд орж ирээд миний гар утас хаана байна гэхээр нь байхгүй, хүү чинь авсан ш дээ гэж хэлсэн. М миний хажууд ирээд хэрүүл хийгээд байхаар нь чи одоо боль, маргааш наад асуудлаа ярь, нялх хүүхэд байна, өрөөнөөс гар гэсэн чинь тэр өрөөнд байсан цагаан өнгийн цэнэглэгчийн эвхээсийг тайлаад давхарлаад гартаа бариад над руу аймар чанга хашгираад орилоод байсан. Хамаг хүчээр хашгираад байсан. Тэгэхээр нь би айгаад босоод хөнжлөө урдаа бариад зогссон. Тэгтэл гар утасны цэнэглэгчээ давхарлаж бариад намайг ороолгосон. Над руу орилоод гар утасны цэнэглэгчээр ороолгоод дайрсан. Манай том охин нялх хүүхдээ тэврээд аавыгаа боль гээд хорьсон чинь охиныг өрөөнөөс гар гээд загнаад гаргасан. Манай том охин өрөөний хаалга онгойлгочихоод хараад зогсоод байсан. Тэгтэл М гар утасны цэцэглэгчээр намайг хүчтэй ороолгоод байсан. Сүүлдээ биеэрээ эргэлдээд хүчтэй ороолгоод байсан. Би сүүлдээ бүүр айгаад аавыгаа аваа гэж охиндоо хэлсэн. Намайг М нилээн олон удаа ороолгож байгаад сүүлдээ болиод надаас миний утас хаана байна, ээжтэй чинь ярина. Чи Чойрт байгаа бүх ах дүү нараа дууд, би чамд хугацаа өглөө гээд миний засаад хэвтэж байсан орон дээр хэвтээд өгөхөөр нь би урд өрөөндөө ороод хувцасаа өмсөөд гэрээсээ гараад хадам ээж Д-н гэр лүү явсан. Явах замдаа хадам ээж рүү яриад М намайг зодоод байна, би танай гэр лүү явж байна гэж хэлсэн. Тэгээд хадам ээжийн гэрт очиход эгч Г, хадам ээж Д нар байсан. Би М намайг гар утасны цэнэглэгчээр ороолгоод ийм болгочихлоо гээд дээгүүрх хувцасаа сөхөөд үзүүлсэн. Мөн өөрийгөө толинд харсан чинь аймар улаан эрээн болгосон байсан. Манай хадам ээж Д манайд очиж М-тэй уулзана гээд гэрээсээ гарч яваад удаагүй буцаад гэртээ орж ирсэн. М-д хэдэн үг хэлчихээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд хадам ээжийн гэрт жоохон тайвширч суугаад би М-д олон удаа зодуулсан, та нараас зөндөө нуусан. Одоо цагдаад өгнө гэсэн чинь хадам эгч Г шоронд орно ш дээ гэж байсан. Тэгээд би дүү Э-н гэрт очсон. Тэгээд дүүдээ болсон асуудлын талаар ярьсан. Урд нь утсаар яриад болсон асуудлын талаар хэлсэн байсан юм. Тэгээд дүүгийнхээ гэрт очоод хоёр дүүтэйгээ ярилцаад жоохон тайвшраад жоохон бодож байгаад шөнө 01 цаг болж байхад цагдаа руу өөрийнхөө 8901... дугаараас цагдаагийн 102 дугаарт залгаж болсон асуудлын талаар хэлж дуудлага өгсөн. Тэгээд дүүгийнхээ гэрт байж байтал над руу цагдаагаас хүүхэд чинь таталт өгөөд уначихлаа гэж хэлсэн. Манай том охин Б бие муутай хүүхэд байгаа юм. Тэгээд дүү Э-н хамт гэртээ яваад очиход цагдаа эмнэлэг ирсэн байсан. М гадаа цагдаагийн фургоны хажууд орилоод зогсож байсан. Э-д бид хоёрыг харчихаад та муу сайн юмнууд аятайхан байгаарай гэж хэлж байсан. Гэрт ороход эмч ирчихсэн манай том охин шалан дээр хэвтэж байсан. Эмч анхны тусламж үзүүлээд явсан. Сүүлд бага охины ярьж байгаагаар цагдаа ирээд аав цагдаа нартай маргалдаж байхад эгч хана түшээд зогсож байгаад муужираад унасан гэж надад хэлсэн. Тэгээд цагдаагийнхан М-г аваад явсан. Би мөн дүүгийнхээ хамт ирж цагдаад мэдүүлэг өгөөд явсан.

...Надад зөндөө гар хүрч байсан. Би жижиг сажиг ганц нэг удаа гэмтэл учруулаагүй цохисныг санахгүй байна. 2005, 2006 оны үед тухайн автын үзлэг болоод М гадуур явж байгаад архи уусан орж ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байтал М миний зүүн хөмсөг рүү гараараа цохиод язалж байсан. Тэгээд Цагаандэлгэрийн эмчид үзүүлж оёдол тавиулж байсан. Би эмчийг нь гуйгаад эмнэлэгт 3 хонож байсан. Тухайн үед цээж рүү цайны шаараар хийсэн дэрээр цохиод гэмтээж байсан. Одоо зүүн хөмсөг дээр сорви байдаг. Тухайн үед цагдаад хандаж байгаагүй. Мөн 2014 оны намар гээд буруу хэлсэн байна. 2014 оны 05-р сард юм байна. Сүүлд бодож байхад Цагаандэлгэр суманд ажил дээрээ байж байтал М ирээд машинд суу гэсэн. Тэгээд гэрт ороод намайг сандлаар цохиод авахаар нь гэрээс гараад зугтаасан чинь араас машинтайгаа ирээд суу чамайг ээж дээр чинь аваачиж өгнө, чамайг ална гээд хөдөө аваад явсан. Намайг хөдөө аваад явахдаа заамдаж буулгаад зодох гээд далайгаад байсан. Би М-д хандаад чи болилдоо гэсэн. Тэгээд манай ээж хөдөө хонь хариулаад явж байхад очоод пизда минь энэ охиноо ав гээд ээжийг элдэв бусаар хэлээд ээжийн хажууд намайг гараараа шанаа руу цохиод баруун ташаа руу өшиглөсөн. Тэгээд намайг авч явна гээд байхаар нь би явахгүй гээд ээжтэй хамт үлдэж байсан. Би ажилтай байсан болохоор ээжээр Цагаандэлгэр суман дээр хүргүүлээд ах М-н гэрт байж байтал орой ирээд гэртээ хариач чи гээд миний баруун талын шанаа руу цохиод хөхрүүлсэн. Энэнээс болоод би нэг хэсэгтээ гэртээ очихгүй байсан. Сүүлдээ уучлалт гуйгаад байхаар нь гэртээ очиж байсан. Энэнээс хойш гар хүрэхгүй гээд байдаг байсан. Маргалдаж хэрэлдэхээр би танайхныг ална шүү гээд байдаг. М уурлахаараа намайг гэрээсээ хөөгөөд байдаг. Чи яваач, явж чадахгүй юм чинь гээд байдаг. Намайг өмөөрөөд манай төрсөн дүү Б, нагац дүү С нар үг хэлснийх нь төлөө зодсон байсан. С-г хоёр ч удаа зодож байсан. Цаг хугацаа нь 2014 онд санагдаж байна. Мөн нэг удаа хүүхдийн гутлын өсгийгөөр миний зүүн гарын бугалга руу цохиод хөх эрээн болгож байсан. Цаг хугацааг нь санахгүй байна. Би ер нь гэр бүлийнхнээсээ нуугаад үр хүүхэд амьдралаа бодоод тэвчдэг байсан. Сүүлийн үед танайхныг ална гээд байдаг нь надад их түгшүүртэй айдастай байдаг.

...Миний хувьд энэ байдлыг таслан зогсоох, мөн амь насанд аюултай байж магадгүй гэсэн үүднээс хандсан. Би М-г өөртөө дүгнэлт хийгээсэй гэж бодож байна. М-г засарч дахиж ийм үйлдэл битгий гаргаасай гэж бодон эрхээ хамгаалуулах гээд хандах газарт нь хандаж байгаа юм. Гомдолтой байна. Удаа дараа ийм үйлдэл гаргаж байсан. Би амьдралаа бодоод тэсээд байдаг байсан. Миний хувьд бие болон сэтгэл санаанд хохирол учирч байна. Мөн хүүхдүүд энэ асуудлаас болоод сэтгэл санаагаар унаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Миний биеийн байдал зүгээр болсон. Одоо хэвийн байна. Надад гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэгт шалгуулах зүйл байхгүй. М-тэй сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой 22 цаг өнгөрч байхад манай эгч С над руу утсаар яриад уйлаад намайг ирээд аваач М зодоод байна гэсэн. Тэгээд эгч рүү эргээд залгасан чинь утсаа авахгүй утас нь дуудаад байсан. Тэгээд би очихоор таксинд суугаад дээшээ гэр лүү очихоор явж байтал С эгч хадам ээжийнхээ гэрт ирсэн байна, би одоо таксигаар яваад очье гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэртээ ороод байж байтал манай эгч С удаагүй ороод ирсэн. Би юу болсон талаар асуухад М ажиллаасаа тараад гэртээ ирэхгүй байхаар нь араас нь утсаар залгасан. Тэгээд 22 цагийн үед гаднаас архи уусан халамцуу орж ирээд 3 хүүхдийнхээ хажууд дунд хуруугаа гаргаад орилоод дайраад байсан гэсэн. М чанга хашгираад орилоод байхаар нь эгч нь айгаад нөгөө өрөөндөө ороод охиныхоо нялх хүүхдийн хажууд нь ор засаад хэвтэж байтал утасны цэнэглэгч барьж орж ирээд ороолгосон гэсэн. Тэгээд өрөөндөө байсан хүүхдүүдээ гар та нар гэж хөөж гаргаад манай эгч С-г гаргахгүй утасны цэнэглэгчээр нуруу, цээж, хөх, бугалга зэрэг рүү утасны цэнэглэгчээр ороолгоод улаан эрээн болгосон байсан. Хөнжлөөрөө өөрийгөө бүтээгээд хамгаалаад байсан чинь хөнжлийг нь хуулж авч байгаад зодсон гэсэн. Гар утсанд нь хүргэхгүй байсан гэсэн. Мөн баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохисон гэсэн. Тэгээд М С эгчийг нэг хэсэг зодож байгаад одоо чи бүх ах дүүсээ дууд, чамд боломж олголоо, цаг өглөө, үгүй бол би өөрийнхөө амийг хорлоно гээд байсан гэсэн. С эгч гэрээсээ яаж гарсан юм байгаан мэдэхгүй. Гэрээсээ гараад хадам ээжийнхээ гэрт очсон гэсэн. Тэндээсээ манай гэрт ирсэн. Одоо С эгчийн цээж, нуруу, бугалга хэсэг нь улаан эрээн болсон байсан. Мөн зүүн гарын шуу хэсэг нь хөндүүр болсон байна. М С эгчийг утасны цэнэглэгчээр ороолгохдоо биеээрээ эргээд хүчтэй ороолгоод байсан гэсэн. Би эгчийг утсаа авахгүй болохоор нь М ах руу залгаад наана чинь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь нилээн согтуу бололтой яахав дээ ийм юм болчихлоо, та нар намайг барахгүй шүү гэхээр нь би ханддаг газар нь хандлаа шүү гэсэн чинь та нар цагдаа дууд гээд байсан. Тэгээд эгчийг ирээд тайвширхаар нь шөнө 01 цагийн үед цагдаад мэдэгдсэн. Манай эгч нилээн уйлж байгаад тайвшраад би алийн болон хамгаалах вэ намайг өөр хамгаалах газар байхгүй гээд цагдаад хандаад өөрөө дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаагаас залгаад явахгүй гээд хүүхдээ урдаа барьчихаад байна гэж хэлсэн. Дараа нь дахиж залгаад том охин чинь таталт өгөөд байна гэхээр нь эгч бид хоёр яваад очсон. Эгч бид хоёрыг очиход цагдаагийн фургон машины хажууд Мөнх-Эрдэнэ ах зогсож байгаад аятайхан байгаарай та муу сайн юмууд гээд эгч бид хоёрт хандаад хэлж байсан. Тэгээд гэрт ороход нь том охин нь бие нь чичирсэн, таталт өгсөн байдалтай байсан. Эмч ирсэн байсан. Том охин нь бие муутай хүүхэд байгаа юм.

...Миний мэдэж байгаагаар энэнээс өмнө 2 удаа зодож байсан. 2009 оноос өмнө санагдаж байна. Гэр орныхоо хамаг юмыг эвдээд С эгчийг зодож байсан. Дараа нь 2-3 жилийн өмнө санагдаж байна. Зодоод зүүн талын хөмсгийг нь яз цохиж байсан. Ингэж зодохдоо ээж дээр авч очоод энэ хүүхдээ ав пизда минь гээд манай ээжийн нүүрэн дээр элгэдээд зодож байсан гэсэн. Цаг хугацааг нь эгч өөрөө сайн мэдэх байх. Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан зүүн талын хөмсөгийг нь яз цохисон байсан. Ер нь хаяа гар хүрсэн сонсогдож байдаг. Цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна.

...Бид нарыг харахад энгийн яриа хөөрөөтэй. Муу зан гаргахгүй хүн харагддаг. Нэг уурлахаараа биеэ барих чадваргүй болдог юм шиг байна лээ. Сая охинынх нь нэг сартай хүүхэд байсан юм. Мөн өөрийнх нь 1-р ангийн хүүхэд энэ хүүхдүүдийн хажууд С эгчийг зодсон байсан. Хүүхдүүд нь эгчийг зодож байхад нь өртсөн бол яах байсан юм бол бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

1.5. Гэрч А.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Цагдаагийн хэлтсийн жижүүрээс Сүмбэр сумын 3-р баг, Баянбулагийн 5-513 тоотод М эхнэрээ зодсон гэсэн гомдол ирсэн. М-г байвал жижүүр дээр аваад ир гэж хэлсэн. Тэгээд Баянбулагийн 5-513 тоот хашаанд очиход М гэрийнхээ гадаа хашаан дотроо зогсож байсан. Тэгээд М-тэй уулзаад тантай холбоотой гомдол ирсэн байна. Таныг цагдаагийн хэлтэс дээр аваачаад асууж тодруулах зүйл байна, хамт цагдаагийн хэлтэс рүү явъя гэсэн. Тэгтэл М надад хийсэн гэмт хэрэг байхгүй, би явахгүй гэсэн. Тэгээд гэр лүүгээ орсон. М гэртээ орчихоод би явахгүй гээд чанга чанга орилоод байсан. Та нар прокурорын зөвшөөрөл авчир, тэгж байгаад явна гээд орилоод байсан. Тэгэхээр нь а/а Б бид хоёр авч явах гээд хоёр талаас нь сугадсан чинь явахгүй гээд орилоод байсан. Тэгтэл цаад талын өрөөнөөс нэг охин гарч ирсэн. М тэр охин руу чи бичлэг хий, гар утсаа аваад ир гээд орилоод байсан. Тэгтэл охин айсан уу, яасан таталт өгөөд унасан. Тэгээд би жижүүр лүү яриад ээж рүү нь хэлээдэх, хүүхэд нь татаад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд мөн эмнэлэг рүү хэлсэн. Удаагүй эмнэлэг ирсэн. Тэгээд М-г аваад гарсан. Жижүүрийн машин дуудсан. Жолооч а/а С.Л албаны фургон машинтай ирсэн. Тэгээд М-г суу гэсэн, суухгүй байсан. М гар утсаа гаргаж ирээд гэрлийг нь асаагаад өөдөөс тусгаад байхаар нь гар утсыг нь гараас аваад албаны машинд оруулаад ширээн дээр тавьсан. Тэгтэл М би утсаа авмаар байна гээд байсан. Та машинд суугаад утсаа ав гэж хэлсэн. Тэгээд машинд суухгүй байхаар нь жижүүр лүү ярьж а/д А.Ц-г дуудуулсан. Тухайн үед Мөнх-Эрдэний эхнэр гэртээ ирсэн байсан. Тэгээд а/д А.Ц ирээд гэр лүү орж эхнэртэй нь уулзчихаад наад хүнийг чинь хэлтэс рүү аваад явъя гэсэн. Тэгээд М-г машинд суучих гэсэн суухгүй байсан. Тэгээд суухгүй байхаар нь а/а Б  М-ий ар талаас өргөөд а/д Ц бид хоёр хөлөөс нь өргөөд машинд суулгах гэсэн машины хаалгыг хөлөөрөө тэвхэдчихээд суухгүй байсан. Тэгээд М хоёр гараа дээш нь өргөөд Б-с мултраад фургон машин доогуур ороод хэвтчихээд гарч ирэхгүй байсан. М машин доор нэг хэсэг хэвтэж байгаад нөгөө талаар нь гараад хашааныхаа хаалганы зүүн талд очоод суусан. Тэгээд очоод машинд суу явъя, цагдаа дээр очоод тодруулах зүйл байна гэсэн. Тэгээд машинд суухгүй байхаар нь замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан а/ч Билгүүнийг дуудаж М-ий хоёр гараас нь сугадаад машинд суулгасан. Тэгээд цагдаа дээр авчирсан. М-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэтэл багаж үлээхгүй байсан. Тэгээд нэг үлээсэн чинь багаж заахгүй байсан. Замын постны согтолт шалгадаг багажийг авчираад үлээлгэх гэсэн үлээхгүй байсан. Тэгээд ерөнхий жижүүрт хүлээлгэж өгөөд а/ч Баясгалан бид эргүүлээс буусан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч С.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн үед жижүүрээс Сүмбэр сумын 3-р баг, Баянбулагийн 5-513 тоотод очоод эргүүлийн цагдаа нарыг М гэх хүнийг хамт аваад ир гэсэн. Тэгээд хаягийн дагуу очиход гэрийнх нь гадаа хашаанд дотор а/а Э, а/а Б  нар М-ний хамт зогсож байсан. Тэгээд М-г машинд суучих гэсэн чинь суухгүй, та нар намайг авч явж чадахгүй, муу сайн хувцасны голнууд минь гээд байсан. Тэгээд удаагүй а/д Ц ирсэн. а/д Ц гэр лүү нь ороод эхнэртэй нь уулзчихаад гарч ирээд наад хүнийг чинь цагдаа руу аваад явъя гэсэн. Тэгээд машинд суу гэсэн, мөн суухгүй гээд байсан. а/а Б ар талаас нь тэврээд а/а Э, а/д Ц нар хөлнөөс нь өргөөд машинд суулгах гэсэн чинь та нар намайг барахгүй, та нар шиг 10 залууч барахгүй гээд машины хаалганд хөлөө тэвхидчихээд байсан. Тэгээд Баясгалангаас хоёр гараа дээш өргөөд доошоо мултраад машин доогуур ороод хэвтчихсэн. Тэгээд нэг хэсэг байж байгаад машины доороос нөгөө талаар нь гараад хашааныхаа хаалганы зүүн талд очоод суусан. Замын цагдаагийн постноос а/ч Б-г дуудаж Б, а/ч Б нар М-ний хоёр суганаас сугадаад машинд суулгасан. Тэгээд жижүүр дээр авчираад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэтэл согтолт шалгах багаж үлээхгүй гэж байгаад үлээсэн. Багаж заахгүй байсан. Замын цагдаагийн постноос согтолт шалгадаг багаж авчираад үлээлгэх гэсэн үлээхгүй байсан. М-г авчрах гэж бараг цаг гаран болсон. Эхлээд машинд суучих цагдаа дээр очоод учраа ольё гэсэн. Сүүлдээ машинд суулгах гээд өргөсөн боловч машинд суухгүй хаалганд хөлөөрөө тэвхэдчихээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

1.7. Гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр 10 цагийн үед Сүмбэр сумын өрхийн эмнэлэгт машин хүлээлгэж өгөхөд Баянтал сумын Засаг дарга Д.М хамт байлцаж хүлээлгэн өгсөн. Тэгээд тэндээс салцгаасан. Тэр өдөр дахиж уулзаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

1.8. Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ:

Мөнх-Эрдэнэ тухайн өдөр гаднаас гэртээ согтуу орж ирэхээр нь чи архи дарс уулаа гээд үг хэлсэн чинь дунд хуруугаа гозоолгоод май чи энийг хар гээд байсан. Би анх орж ирэхэд нь гарынхаа ар хэсгээр хаачаад ирж байгаа юм бэ гээд зөөлхөн толгой руу хальт шүргээд цохисон. Түүнээс байж ядтал нь цохиод байсан зүйл байхгүй. Тэгээд би М-г уурлах аястай болоод ирэхээр нь том охин нялх хүүхэдтэйгээ унтаж байсан өрөөнд ороод ор засаад хэвтэж байтал М араас орж ирээд чи миний утсыг аваад ир гэхээр нь хүүхэд чинь авсан гэж хэлсэн, худлаа яриад бай чи л авсан байна гээд байсан. Тэгээд над руу орилоод дайрч байгаад тэр өрөөний ширээн дээр байсан цэцэглэгчийг аваад эвхээсийг тайлаад намайг ороолгосон. Би энэ талаар урд өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. Мөнх-Эрдэнэ дунд хуруугаа гозоолгойд уурлах янзтай болохоор нь би үг хэлэхээ больсон. М надад зодуулахаар бие хаатай хүн биш.

...Миний хувьд М-г чадах гэсэн зүйл байхгүй. Гол нь өөрийгөө хамгаалуулах гэж хуулийн байгууллагад хандсан. М-г согтуу байсныг цагдаагийн байгууллагаас тогтоож өгөөгүйд гомдолтой байна. М яалт ч үгүй согтуу над руу дайрч байхад архи үнэртэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар хуудас/

 

1.9. Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Цагдаагийн хэлтсийн жижүүрээс Сүмбэр сумын 3-р баг, Баянбулагийн 5-513 тоот М эхнэр Б.С-г зодсон гэсэн гомдол мэдээлэл ирлээ. Эхнэр С нь хонхорт айлд байгаа юм байна. М-г байвал жижүүр дээр аваад ир гэж хэлсэн. Тэгээд Баянбулагийн 5-513 тоот хашаанд очиход М гэрийнхээ гадаа хашаан дотроо зогсож байсан. Тэгээд М-тэй уулзаад таньтай холбоотой гомдол ирсэн байна. Таныг Цагдаагийн хэлтэс дээр аваачаад асууж тодруулах зүйл байна, хамт цагдаагийн хэлтэс рүү явъя гэсэн. Тэгтэл М надад хийсэн гэм байхгүй, би явахгүй зүгээр байгаа хүнийг та нар яах юм бэ гээд байсан. Тэгээд гэр лүүгээ орсон. а/а Э М-г дагаад гэрт орсон. М-д хандаад та цагдаагийн хэлтэс дээр очоод ерөнхий жижүүртэй очоод уулзаадах гэсэн чинь М би явахгүй гээд чанга чанга орилоод байсан. Тухайн үед М-г согтуу байгаа юм байна гэж бодсон. М та нар прокурорын зөвшөөрөл авчир би прокурорын зөвшөөрөл ирсний дараа явна гээд орилоод байсан. Тэгэхээр нь а/а Э бид хоёр авч явах гээд хоёр талаас нь сугадсан чинь явахгүй гээд орилоод байсан. Тэгтэл цаад талын өрөөнөөс нэг охин гарч ирсэн. М тэр охин луу бичлэг хий гээд гар утсаа аваад ир гээд орилоод байсан. Тэгтэл охин айсан уу яасан таталт өгөөд унасан. Тэгээд би жижүүр лүү яриад ээж рүү нь хэлээдэх, хүүхэд нь татаад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд мөн эмнэлэг хүү хэлсэн. Удаагүй эмнэлэг ирсэн. Тэгээд М-г гэрээс нь дагуулаад гарсан. Жижүүрийн машин дуудсан. Жолооч а/а С.Л албаны фургон машинтай ирсэн. Тэгээд М-г өрөөнд суучих ерөнхий жижүүртэй уулзаад учраа ол суу гэсэн суухгүй гэсэн. М гар утсаа гаргаж ирээд гэрлийг нь асаагаад өөдөөс нь тусгаад байхаар нь гар утсыг нь гараас аваад албаны машинд оруулаад ширээн дээр тавьсан. Тэгтэл М би утсаа авмаар байна гээд байсан. Та машинд суугаад утсаа ав гэж хэлсэн. Тэгээд машинд суухгүй байхаар нь жижүүр лүү ярьж а/д А.Ц-г дуудуулсан. Тухайн үед М-н эхнэр нь ирээд гэр лүүгээ орж байсан. Тэгээд а/а Ц ирээд гэр лүү нь орж эхнэртэй нь уулзчихаад наад хүнийг чинь хэлтэс рүү аваад явъя гэсэн. Тэгээд М-г машинд суучих гэсэн суухгүй байсан. Тэгээд явахгүй байхаар нь би М ар талаас нь суган доогуур нь гараа оруулаад өргөөд а/д А.Ц бид хоёр хөлөөс нь өргөөд машинд суулгах гэсэн машины хаалганд хөлөөрөө тэвхэдчихээд суухгүй байсан. М хоёр гараа дээш өргөөд доошоо гулсаад надаас мултраад фургон машины доогуур ороод хэвтчихээд гарч ирэхгүй байсан. М машин доор нэг хэсэг хэвтэж байгаад нөгөө талаар нь гараад хашааныхаа хаалганыхаа зүүн талд очоод суусан. Тэгээд очоод машинд суу явъя цагдаа дээр очоод тодруулах зүйл байна гэсэн. Тэгээд машинд суухгүй байхаар замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан а/ч Б-г дуудаж М-ий хоёр талаас нь сугадаад машинд суулгасан. Тэгээд цагдаа дээр авчирсан. М-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэтэл багаж үлээхгүй байсан. Тэгээд нэг үлээсэн чинь багаж заахгүй байсан. Замын постны согтолт шалгадаг багажийг авчираад үлээлгэх гэсэн үлээхгүй байсан. Тэгээд ерөнхий жижүүрт хүлээлгэж өгөөд а/а Эрдэнэхүү бид эргүүлээс буусан... гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/

 

 

1.10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133 дугаартай дүгнэлтэд:

- Б.С-н биед баруун хөхөнд няцарсан шарх, цус хуралт, зүүн бугалганд, зүүн шуунд, нуруунд, зүүн далны дунд хэсгээр, 2 далны хооронд цус хуралтууд, баруун хацар эрүүгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2019.04.08-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 38 дугаар хуудас/

 

1.11. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Сувдын биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг цус хуралтуудын хэмжээ нь урт, өргөн нь 1 см хүрэхгүй нарийн байгаа нь ямар нэгэн зүйлээр шавхарч ороолгосон байх боломжтойг харуулж байгаа юм. Иймээс утсаар ороолгосон үед үүсэх боломжтой. Б.Сувдын биед учирсан гэмтлүүд нь хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтлийн шинжийг агуулаагүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хоногоос доош хугацаанд эдгэх боломжтой учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

 

1.12. Хүний биед нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/

 

1.13. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

1.14. Аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд “хохирогч Б.С нь миний толгой руу гараараа цохисон. Намайг байж суухын аргагүй болгосон. Би уг гэмт хэргийг санаатай үйлдээгүй...” гэх саналыг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай болон болгоомжгүй хэлбэрийн аль нэг шинжийг заагаагүй зөвхөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдлаараа гэмт хэргийн шинжийг хангахаар хууль тогтоогчийн зүгээс хуульчилсан байна.

Мөн шүүгдэгч Д.М нь хохирогч Б.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Сувдын “...Тэгэхээр нь би айгаад босоод хөнжлөө урдаа бариад зогссон. Тэгтэл гар утасны цэнэглэгчээ давхарлаж бариад намайг ороолгосон... Тэгтэл М гар утасны цэцэглэгчээр намайг хүчтэй ороолгоод байсан. Сүүлдээ биеэрээ эргэлдээд хүчтэй ороолгоод байсан...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт, Шинжээч Л.Жаргалтогтохын “...Б.С-н биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг цус хуралтуудын хэмжээ нь урт, өргөн нь 1 см хүрэхгүй нарийн байгаа нь ямар нэгэн зүйлээр шавхарч ороолгосон байх боломжтойг харуулж байгаа юм. Иймээс утсаар ороолгосон үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.М-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Зан байдлын хувьд янз бүрийн ааш зан байхгүй. Харилцаа сайтай. Ер нь хамт ажиллаж байхад уур уцааргүй. Хүнтэй эвсэг харьцаатай. Зан төлөвийн хувьд даруухан хүн байгаа юм. Хүнтэй маргалдаж байхыг ер нь мэдэхгүй. Хамтран баг болж ажиллахад ямар нэгэн сөрөг хандлага байхгүй. Хүний хувьд их зөв санаатай хүн гэж боддог... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Д.М-ий хувьд багаасаа үг дуу цөөтэй төлөв томоотой зантай хүн байгаа юм. Найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүстэй маргалдаж мууддаггүй. Ажил хөдөлмөрөө чин сэтгэлээсээ хийдэг. Хүнтэй хэр барагтай муудахгүй. Цаад хүн нь бүр уурыг нь хүргээд байхгүй бол юу түрүүн хүн зодохгүй. Юманд их хүлээцтэй ханддаг. Намайг ганц харж хандаж байгаа хүн нь юм... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

 

2.3. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Д.М-н хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу зантай. Аливаа юманд их хүлээцтэй ханддаг. Ер нь бол их тэвчээртэй. Ямарваа нэг асуудлын зөв талаас шийдэхийг боддог. Яаран шийдвэр гаргахгүй. Би хоёр эрэгтэй дүүтэй, манай хоёр дүүгийн хувьд миний хажууд архи хэрэглэсэн харагдаж байгаагүй. М тамхи татдаггүй. Бид нарын хувьд М-ий гэр бүлийг үлгэр жишээ гэр бүл гэж боддог. Хүүхдүүдээ загнаж зандарч байхыг ерөөсөө хараагүй. Хөндлөнгөөс харахад С энэ хоёр эв зүйтэй байдаг. Сая яагаад ийм асуудал гаргасныг гайхаж байна. Ер нь ийм гэр бүлийн асуудал гаргах хүн бишээ. Ах эгч ээжийн үгэнд сайн ордог. Ер нь бид нарын үглэж янших шаардлага байдаггүй. Тийм ч асуудал гаргадаггүй. Ах дүү нартаа муухай зан ааш гаргаж байгаагүй. М-ний хувьд сайн хүмүүжилтэй өссөн гэж бодож байна. Багаасаа аливаа юманд их мэрийлттэй ханддаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

2.4. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/

 

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/

 

2.6. Шүүгдэгч Д.М-ий хувийн байдлын тодорхойлсон баримт /хх-ийн 63-66, 85-86 дугаар хуудас/

 

2.7. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 109-110 дугаар хуудас/

 

2.8. Хохирогч Б.С-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

         

          Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ч овогт Д-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАНДАХ