Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 913

 

 

 

 

 

 

 

  

2016 оны 10 сарын 10 өдөр     Дугаар 181/ШШ2016/00913         Улаанбаатар хот        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапип харш хотхон, 1 дүгээр байр, 10  тоотод байрлах “Дарамбат” ХХК /РД:5130387/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Монгол даатгал 1 дүгээр байр, 503 тоотод байрлах, “Рэс” ХХК /РД:5211964/-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,000,000 төгрөг гаргуулах тухай “Дарамбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогтгэрэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орой ажил тарсан хойно “Рэс” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн дарга н.Жаргал 99995230 дугаартай утсаар холбогдож бетон зуурмагт нэмэлтээр хийх ус тусгаарлагчийн нөөцийг асууж, тухайн шөнө 6,000 литрийг хангаж чадахыг асуусан. Манай компанид хангалттай байгааг хэлэхэд компанийн дарга нар хөдөө гадаа явсан учир бэлэн мөнгөөр авч амжихгүй бөгөөд 14 хоногт багтааж, 2 хувааж өгөхөөр тохиролцон нийлүүлж өгөхийг хүссэн.

Уг хүсэлтийн дагуу шөнө манай компанийн зүгээс талбай дээр нь 6,000 литрийг авч очин өөрийн технологич нарыг ажиллуулан бетон зуурмагт нь орц нормоор нь тохируулан хийж хангаж ажиллаж эхэлсэн. “Рэс” ХХК нь 600 м.куб зуурмагт ноогдох ус тусгаарлагчийг хангана гэсэн боловч тэр нь дутсан тул манай компанийн зүгээс дахин нэмж нийлүүлэхээр болсон. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдрүүдэд нийт 6,668 литр Солонгос улсын касари компанид үйлдвэрлэсэн ус тусгаарлагчийг ханган нийлүүлж хүсэлтийг нь ханган ажилласан.

“Рес” ХХК-ийн хэлсэн ёсоор 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эхний төлбөр болох 33,346,000 төгрөгийг манай компани Хаан банкны 5070269156 тоот дансанд шилжүүлсэн. Манай компанийн зүгээс ус тусгаарлагч бүтээгдэхүүний чанарын талаар 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдөр баталгаа гаргаж өгсөн бөгөөд Цагаан хуаран хотхоны суурийн цутгалтаас дээж авч лаборториар шинжлүүлсэн шинжилгээний хариугаар суурийн бетон зуурмаг P12 гэсэн шаардлагат үзүүлэлтийг хангасан.

“Рес” ХХК нь амласан ёсоор 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөгийг манай компанийн дансанд хийх ёстой атал одоо болтол өгнө гэсэн амлалтаар хойшлуулсаар өдий хүрлээ. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №14/16 тоот албан бичгийг “Рес” ХХК-д хүргүүлсэн бөгөөд хэрвээ үлдэгдэл төлбөрөө өгөхгүй удаавал алданги тооцох болно гэдгийг сануулсан боловч эргүүлэн хариу өгөөгүй.

Иймээс “Рес” ХХК-иас нийлүүлсэн материалын үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Анх нэхэмжлэл гаргахдаа ам.долларын ханшийн зөрүүнээс 4,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэх үндэслэлээр 4,000,000 төгрөгийг дээрх төлбөр дээр нэмж гаргуулахаар шаардаж байсан. Гэхдээ одоо энэхүү шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дарамбат” ХХК нь хариуцагч “Рэс” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, уг гэрээнээс учирсан хохиролд 4,000,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд хохирол 4,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмарт гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болох талаар 2016 оны  9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудсаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн боловч хариуцагч “Рэс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзлээ. 

 

Шүүх нэхэмжлэгч 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, худалдагч “Дарамбат” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд 6,668 литр /1литр 9,500 төгрөг/ буюу 63,346,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагын нэмэлт ус тусгаарлагч ДНО2 бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авагч “Рэс” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 33,346,000 төгрөг төлсөн болох нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн бетэн зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэх, зарлагын баримт, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн 15 тоот акт болон нэхэмжлэгчийн тайлбар, бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчид зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасныг зөрчиж, аман хэлбэрээр гэрээ байгуулсан хэдий ч мөн зүйлийн 263.4-т “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шилжүүлэн өгсөн бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Худалдагч “Дарамбат” ХХК нь гэрээний дагуу 6,668 литр буюу 63,346,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдан авагч “Рэс” ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон тул худалдан авагч “Рэс” ХХК нь 63,346,000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 30,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч “Рэс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар гаргаагүй, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 33,346,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлсөн байдлаа баримтаар нотлоогүй тул шүүх “Рэс” ХХК-аас бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг гаргуулж “Дарамбат” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан “Рэс” ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулж “Дарамбат” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Дарамбат” ХХК нь 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,950 төгрөгөөс 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 65,000 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас, хариуцагчаас 307,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА