| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0073/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/69 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/69
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н О-д холбогдох эрүүгийн 191700000058 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 09-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн техникч мэргэжилтэй, Г ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дугаар баг, У-н тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 920 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт Б-н О-т, /РД: ЕЙ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.О нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байрны үүдэнд А.Т-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байрны үүдэнд хохирогч А.Т-эй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Айраг сумын техникийн инженер Г ах манайхаас дугуй авах гэж ирсэн. Тэгээд Г ахыг гаргаж өгөх гээд Т, Г ах бид гурав нэг шил 0,75 граммын нэг шил архи хувааж уучихаад Г ах эхнэрээрээ машинаа бариулаад явсан. Т өөрөө авч ирсэн нэг том пивоо задлаад намайг уухуу гэхээр нь би уухгүй цагаанаараа дагная гэж хэлсэн. Бид хоёр хамт юм ярьж сууж байгаад би Т-д чи шинэ орсон хүн энэ тэндхийн хүмүүстэй юм ярьж жоохон туршлага солилцож бай гэж хэлэхэд Т намайг чи миний ажлыг заах болоогүй шүү гэж хэлээд мөргөчихдөө зугтаасан. Тэгээд би араас нь алхаж очоод хоёулаа эвтэй байя хөгшөөн гээд цуг алхаад 3 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд очоод сууж байсан чинь над руу салаавч гаргаад би чамайг найзуудаараа зодуулна гэж хэлэхээр нь би тэгвэл чи найзуудаа аваад ир гэж хэлсэн чинь Т хүмүүс рүү залгасан чинь нөгөө хүмүүс нь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би харилаа гээд цаашаа алхсан чинь Т миний араас гүйж ирээд миний куртикны захаар намайг боохоор нь би нэг цохиод тавиулсан. Тэр үед хуучин онцгойд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ах ирээд та нар боль гэхээр нь би дүү нь одоо харилаа гээд таксинд суух гээд явж байсан чинь Т араас орилоод дагаад байхаар нь таксины зогсоол дээр бөөн асуудал болж магадгүй гээд би чигээрээ алхаад хуучин Онцгой байдлын тэнд явж байсан чинь Т араас гүйж ирээд зууралдаад байж байхад цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр 18 цагийн үед очоод үлээлгэхэд минийх 1.15, Т-х 2.45 гарсан. Тэгээд бид хоёр 20 цагийн үед гуйж байгаад эрүүлжүүлэхээс гараад гэр гэрлүүгээ явсан. Тэр шөнө Т-н ээж нь манай ажлын залуутай хамт хотоос ирсэн байсан. Маргааш өглөө нь би Т рүү залгаад гайгүй юу гэсэн чинь баруун нүд хавдаад уруул язарсан байна гэхээр нь за уучлаарай гээл утсаа салгасан. Тэгээд 07 дугаар сард Т над руу залгаад чи намайг ерөөсөө тоохгүй байна би чамайг цагдаад өглөө гээд л утсаа тасдсан. Тэр шөнө гэрч гээд байгаа Ишгомбо ерөөсөө ирээгүй. Хонхрын 3 дугаар байрны тэнд байхад нь очсон гэдэг нь худлаа гэв.
1.2. Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ амарч байсан. Тэгтэл Дорноговь аймгийн Айраг сумын Гал унтраах 23 дугаар ангийн техникийн инженер Г ах ирж манай байгууллагаас авч ашиглаж байсан автомашины дугуйг буцааж хүлээлгэж өгөхөөр ажлаар ирээд буцах үед нь би очиж гаргаж өгсөн. Гаргаж өгөхөд Г ах манай ажлын дэслэгч Т-г дуудаад Г ахын машинд би суугаад хонхорт байдаг баатарын хөшөөний урд байрлах хуучин цэнгэлдэхийн суурин дээр очиж 0.75 граммын Соёрхол нэртэй архийг Г, Т бид гурав хувааж уугаад дууссан. Тэгэхэд Г ах өөрийнхөө эхнэрээр машинаа бариулаад өөрөө хажууд нь суугаад Айраг сум руу хөдлөөд Т бид хоёр байсан газраа үлдсэн. Т ирэхдээ авчирсан 2.5 граммын савлагаатай Сэрүүн нэртэй пивийг хувааж ууя гээд Т надад хэлээд задлаад өгөхөөр нь би Т-нд хандаад би архи уусан болохоор пиво уухгүй гэж хэлээд уугаагүй. Бид хоёр юм яриад сууж байгаад би Т-нд хандаад өөр аймгийн хүмүүс ингэж ажиллаж байна шүү дээ гэж хэлсэн чинь Т над руу уурлаад чи миний ажлыг заахгүй шүү гээд миний зүүн шанаа руу толгойгоорой хальт мөргөчихөөд босоод Найрамдал хотхоны зүг рүү гүйгээд явчихаар нь би босоод араас нь дагаад явж байхад Т над руу эргэж хараад чи намайг амжихгүй шүү, би чамайг хүн авч ирж алуулна гээд хашгираад байсан. Бид хоёр ар араасаа явж байгаад Найрамдал хотхоны 3 дугаар байрны өмнө очоод би Т-г гүйцээд 4 дүгээр орцны өмнө сандал дээр очоод юм яриад хамт сууж байсан чинь манай байгууллагын өндөр настан Т гуай бид хоёр дээр хүрээд ирсэн. Тэр үед Т хүн хараад гэнэт намайг ална гээд гарын салаавч гаргаад миний ам руу хийх гээд байсан. Би тэр үед нь Т-нд хандаад одоо болилдоо гэсэн чинь Т миний өөдөөс би найз нарыгаа авчирч чамайг алуулна гээд хэд хэдэн удаа хэлэхээр нь би өөдөөс нь тэгээд аваад ир л дээ гэсэн чинь Т гуай бид хоёрыг одоо боль гэхээр нь би Т гарыг тавиулаад босоод цаашаа алхсан чинь Т надаас салахгүй араас дагаад байсан. Тухайн үед Т гуай яваад өгсөн байсан. Тэр үед би Т-тэй учраа олох санаатай хүлээж байгаад нөгөө сууж байсан орцныхоо гадаа буцаж очоод сууж байсан чинь Т намайг ална гээд мөн дайраад байхаар нь би босоод явах гэсэн чинь Т намайг миний өмсөж явсан хувцасны захаар боохоор нь тавиулах гээд нэг удаа зүүн гараараа баруун шанаа руу нь цохисон. Тухайн үед Т гуай буцаж ирээд бид хоёрыг боль гээд салгасан. Би цаашаа явж байтал араас Т хүрч ирээд миний толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохиод куртекны ар захнаас бариад татахаар нь эргэж хараад Т-н уруул хавьд нэг удаа гараараа цохисон. Энэ үед манай байгууллагын өндөр настан Э ирээд машинаасаа боль та хоёр гээд бууж ирээд Т-г бариад авсан. Тэр үед Э ах чи арай гайгүй байгаа юм чинь боль яв гэж хэлэхээр нь би Т-г орхиод Найрамдал хотхоны таксины зогсоол руу алхаж байсан чинь Т миний араас хашгираад дагаад яваад байсан. Би тэгэхээр нь орхиод яваад өгсөн. Би Т-д учруулсан гэмтлийг түүний биед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Т надаас өөр цохисон зодсон хүн байхгүй. Т миний толгой, нуруу орчимд нэг нэг удаа цохисон. Зүүн бугалга хавиас базаад хөхрүүлсэн байсан. Тухайн үед Т бид хоёр учраа олсон болохоор эмнэлэг цагдаад хандаагүй. Тухайн үед толгойн ар хэсэгт хөндүүр болсон байсан. Мөн зүүн бугалга хөхөрсөн байсан. Т намайг цагдаад өгөх үед энэ гэмтэл эдгэрсэн байсан. Одоо надад ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Эмнэлэгт үзүүлсэн тохиолдол байхгүй. Одоо биеийн байдал зүгээр болсон учраас шүүх эмчид үзүүлээд гэмтэл гарахгүй учраас шүүх эмчид үзүүлэхгүй. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
1.3. Хохирогч А.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын гал унтраах 23 дугаар ангийн механик жолооч Г манай байгууллагаас түр авч ашиглаж байсан автомашины 4 ширхэг дугуйг буцааж авч ирж өгсөн юм. Би тэр үед ажил дээрээ байгаагүй. Г явж байгаад Г-той Онцгой байдлын хойгуур явж өнгөрдөг засмал зам дээр таарсан чинь Г эхнэрийнхээ хамт явж байсан. Тэгээд манай ажлын О бид хоёр Г-г гаргаж өгөхөөр болоод машинд нь суугаад хонхорт байдаг цэргийн хөшөөний урд хуучин цэнгэлдэх хүрээлэнгийн суурин дээр очоод тэндээ Г, О бид гурав нэг шил 0.75 граммын Соёрхол нэртэй архи хувааж уусан. Архи уугаад сууж байхдаа ажлын нилээн зүйл ярьсан. Энэ үед ямар нэгэн маргаан гараагүй байсан. Тэгээд тэр архийг хувааж уучихаад Г эртхэн явна гээд эхнэрээрээ машинаа бариулаад өөрөө хажууд нь суугаад хөдлөөд явсан. О бид хоёр сууж байсан газраа явган үлдсэн. О бид хоёр сууж байгаад харья гээд хамт Найрамдал хотхон руу алхаж ирээд 3 дугаар байрны голын орцны гадаа юм яриад сууж байгаад би харьлаа гээд босоод явсан чинь араас О хүрч ирээд үгийн зөрүүгүй үсдээд нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Энэ асуудал болох үед манайд ажиллаж байсан гээд нэрийг нь мэдэхгүй настайвтар ах хүрч ирээд та хоёр яагаад зодолдоод байгаа юм бэ больцгоо гээд салцгаасан. Миний халааснаас утас унаад авсан чинь манай ээж над руу залгаж байхаар би утсаа аваад ээжтэйгээ утсаар яриад би хүнд зодуулчихлаа гэдгээ хэлээд утсаа тасалсан. Тэгтэл удалгүй манай эхнэр И над руу залгахаар нь би хүнд зодуулчихлаа гээд хаана байгаа газраа хэлээд өмнөөс нь алхаж байтал манай эхнэр И намайг гарч ирээд аваад гэр лүү ороод би усанд орсон. Орой 23 цагийн орчим гэртээ байж байсан чинь манай ээж Улаанбаатар хотоос ирээд намайг хараад шууд Улаанбаатар хот руу авч явсан.
...Тухайн үед муудалцах шалтгаан байхгүй. О-тай юм ярьж тамхи татаж байгаад О-д хандаад танай эхнэр ааштай шүү, манай эхнэр мөн ирсэн байгаа. Маргааш өглөө ажилтай эрхтэн харьж амрая гэж хэлээд босоод явтал араас ирээд үсдээд авахаар нь эргээд хартал миний баруун нүд рүү гараараа нэг удаа, мөн хамар луу гараараа 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд гарыг нь бариад авсан. Тэгтэл хамраас цус гарсан. Би хамраа дараад доошоо суутал миний зүүн чихнээс татаж босгоод миний уруул руу гараараа цохисон. Тэгтэл Т /настай ах/ ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед миний хамраас цус гараад байсан.
...Баруун нүдний доод зовхинд цус хурсан байсан. Хамар зүүн тал руугаа мурийсан байсан. Дээд уруулын дотор талд язраад хавдсан байсан. Мөн тархи доргисон байсан. Маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь чиний хамрын яс хугарсан, таславч яс мурийсан гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цагдаад өргөдөл өгсөн. Тухайн үед баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын язралт, зүүн чихний дотор шалбархай эдгэрсэн байсан. Энэ талаар эмч тэмдэглэлд тусгаагүй байсан. Учир нь гэмтлийн эмч надад хүчтэй антобиотик бичиж өгсөн, тэрийг хэрэглээд хурдан эдгэрсэн. Шинжээч эмчид үзүүлэхэд эдгээр гэмтлүүд эдгэрсэн байсан. Харин тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт гэмтлүүдийг эмч нар үзээд магадалгаа бичиж өгсөн.
..Би Б.О-д гомдолтой байна. Энэ зодооноос болж би ажлын байрандаа очиж чадахгүй байгаа. Миний хамрын хугарлыг засахад эмчилгээний зардалд 3 200 000 төгрөг гарна гэсэн. Баримтын дагуу дээрх мөнгийг Оюунбатаас нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
1.4. Гэрч Д.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Чойрт гэртээ байж байхад ажил тарахын үед манай хамтран амьдрагч Т над руу утсаар залгаад архи уусан бололтой халамцуу удахгүй гэртээ очлоо гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа утсаар залгаад хүнд зодуулчихлаа, 3 дугаар байрны хавиас ирээд ав гэж хэлсэн. Би гэрээс гараад 3 дугаар байрны хойно аймгийн Засаг даргын Тамгын газрын орчим явж байхад өөдөөс ганцаараа алхаад ирж байсан. Намайг очоод авахад өмссөн хувцас нь цус болсон баруун нүд нь хавдаад хаагдсан, хамар, дээд уруул нь хавдсан зүүн чих нь нил цус болсон, баруун хөлийн шилбэндээ хөхөрсөн байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх мэдэгдээгүй. Бид хоёр гэртээ ирээд хувцас хунарыг нь солиод хоол идүүлээд гэртээ байж байхад хадам ээж М.Н Улаанбаатар хотоос ирсэн. Т хүнтэй муудалцаж байхад нь цаанаас нь хадам ээж утас руу залгаад утас нь авагдаад юу болж байгааг мэдсэн гэж байсан. Т хэлэхдээ хамт ажилладаг О гэх хүнд зодуулсан гэж хэлсэн. Ямар шалтгааны улмаас юунаас болж зодуулсан гэдгийг мэдэхгүй. Т-г анх очиж авахад 20 цаг болж байсан байх. Т надад хэлэхдээ айлд архи уусан гэж хэлсэн. Хаана хэнийх гэдэг айлд архи уусан талаараа хэлээгүй. Урд өмнө нь Тэмүүжин О гэх хүнтэй маргалдсан муудалцсан гэж хэлж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
1.5. Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би тухайн асуудал болсон өдрийг нь санахгүй байна. Хамт ажиллаж байсан Т гуайтай хамт дэнжээр явж байгаад хонхор луу ороод ирсэн чинь 3 дугаар байрны 4-р орцны гадаа Онцгой байдлын газрын О, Т нар муудалцчихсан Т нь О-н цамцных нь захнаас бариад дарчихсан нүүр лүү цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би машинаас буугаад тэр хоёрыг дуудсан чинь О Т-н гарыг тавиулаад над руу ирэх гээд алхаж байхад нь Т О-н араас нь ирээд цамцнаас нь зуураад авсан чинь О эргэж хараад Т-н нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Т О-н хувцаснаас тавьсан чинь О миний хажууд хүрээд ирсэн. Тухайн үед О Т нарын биед ил харагдах шарх гэмтэл мэдэгдээгүй. Харин Т-н чихнээс шалбараад цус гарч байгаа харагдсан. Цус тийм их хэмжээтэй гоожсон зүйл харагдаагүй. О-н араас Т-н ирээд О-тай зууралдаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад явуулахад О 3-р байрны өмнүүр хойшоо явж байхад Т араас нь хашгираад дагаад явж байгаа харагдсан. Би тэгээд ажилтай байсан болохоор машинаа унаад яваад өгсөн. Өөр зүйл мэдэгдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
Т ах бид хоёр дэнж рүү хамт гарчихаад буугаад ирж байсан. Т ах машинаас буух гэж байсан болохоор тэр хоёрын бие биенээ цохисныг харж чадаагүй байх. Миний машин зөв талдаа жолооны хүрдтэй учраас би цонхоо нээгээд тэр хоёрыг боль гэж хэлсэн. О над руу ирж явахад Т араас ирээд цамцнаас зуураад авсан. О эргэж хараад Т нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр нэг нэгнийгээ зуураад авсан. Т ах миний машины буруу талаас буугаад тэр хоёрыг салгаад боль гэж байсан. Тэр хоёрыг бие биенээ цохисныг Т ах хараагүй байх. Би машинаа зогсоолд байрлуулчихаад бууж ирээд О-г боль яв гэсэн. О хойшоо чиглээд явган хүний замаар явсан. Араас Т явж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
1.6. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:
Би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хонхорт 3 дугаар байрны гадаа явж байсан чинь О нэг танихгүй залуутай хамт юм яриад сууж байсан. Нөгөө танихгүй залуу нь гартаа нэг том 2.5 литрийн нэрийг нь мэдэхгүй пиво барьчихсан уугаад сууж байсан. Нөгөө танихгүй залуу нь гарын салаавч гаргаад О-н ам руу хэд хэдэн удаа хийгээд байсан. Тэгэхээр нь би О-д хандаад чи яв гэж хэлээд явуулсан. Тэгсэн чинь О босоод яваад өгсөн. Т нөгөө танихгүй залуу араас нь босоод дагаад яваад өгсөн. Би тэгээд дэнж рүү гарчихаад удалгүй буцаад хонхорт байрныхаа гадаа ирсэн чинь манай байрны 4 дүгээр орцны гадаа О нөгөө залуутайгаа хамт хоёр биенийгээ зуурчихсан зогсож байхаар нь би тэр хоёрыг салгасан чинь О тэр залууг түлхэж унагачихаад цаашаа яваад өгсөн. О цаашаа яваад хуучин Онцгой байдлын хашааны хавьд машинтай хүнтэй уулзаад зогсож байсан. Нөгөө залуу нь араас нь нилээн зайтай дагаад явж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
1.7. Хохирогч А.Т, яллагдагч Б.О нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад:
Хохирогч А.Т: Г явсан. Би О-д хандаад би удахгүй шилжинэ. Тийм учраас хоёулаа байгаа хугацаандаа автомашиныхаа засвар үйлчилгээг сайн хийе, дутаад байгаа масло тосоо ярилцъя гэсэн. Би удахгүй явах учраас хоёулаа сайн ажиллая гэсэн. Тэгээд за хоёулаа харья гээд босоод явсан. Тухайн үед би О-г цохиж зодоогүй. Ямар нэгэн хэрүүл маргаан гарах шаардлага байгаагүй. Яагаад гэвэл ажлын тухай маш их зүйл ярилцсан. Ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Хамт алхаад 3 дугаар байрны гадаа очсон.
Яллагдагч Б.О: Намайг Тэмүүжин мөргөөд босоод түрүүлээд яваад өгсөн. Би Т-н араас дагаад чи яагаад намайг мөргөж байгаа юм бэ гэсэн чинь надаас түрүүлээд яваад байсан. Би араас нь гүйх гэхээр тавчикаа бариад цаашаа гүйгээд байсан. Миний зүүн шанаа руу мөргөсөн.
Хохирогч А.Т: Б.О-т бид хоёр ажлын талаар маш эелдэг яриа ярьсан. Би О-н ам руу салаавч гаргаагүй.
Яллагдагч Б.О: Тэмүүжин 3 дугаар байрны гадаа орцны үүдэнд сууж байхад би чамайг найз нарыгаа авчраад алуулна гээд ам руу салаавч гаргаад байсан. Би тухайн үед танай найз нар чинь ирж байгаа чинь хаана байгаа юм бэ, би машиных нь бензинийг хийгээд өгчихье гэж хэлсэн.
...Би Т худлаа хэлж байна гэж бодож байна. Миний өгсөн мэдүүлэг үнэн гэв... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтэд:
- А.Т-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019 оны 06 дугаар сарын 13-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 18 дугаар хуудас/,
1.9. Шинжээч эмч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Хамар ясны хугарал таславчийн мурийлт нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт гэмтэл, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэлтэй нэг цаг хугацаанд нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархи доргилт гэдэг нь мохоо зүйлийн үйлчлэлээр тархи нугасны шингэн цалгисны улмаас үүсдэг. Т-н биед үзлэг хийхэд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан. Эмнэлгийн бичиг баримтад хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт гэмтлийг бичсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
1.10. Хохирогч А.Т-н Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хх-ийн 3-4 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.О-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.О, хохирогч А.Т нар нь согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
О хүнд их тусархуу сайн залуу байгаа юм. Нөгөө залууг нь би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
2.2. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
О хүнд их тусархуу сайн залуу байгаа юм. Нөгөө залууг нь би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,
2.4. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 36 дугаар хуудас/
2.5. Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /45-48 дугаар хуудас/
2.6. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн эрэн хайх, аврах бүлгийн аврагч жолооч, холбоочин ахлах, ахлагч Болдын Оюунбатын ажил байлын тодорхойлолт, /хх-ийн 50-52 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд “хамрын ясны хугарал 1 200 000 төгрөг, хамрын ясны хуучин хугарал /7 хоног багц/ /ор хоног, хоол, эмийн эмчилгээ, мэс засал, шинжилгээ, дүрс оношилгоо, боолт/ 3 200 000 төгрөг, нийт 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг” гэх нэхэмжлэх байгаа боловч үнийн дүн зөрүүтэй, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй, хохирогчоос бодитоор гарсан зардал биш байх тул хохирогч А.Т нь шүүгдэгч Б.О-с нэхэмжилсэн 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхих нь зүйтэй байна.
Хохирогч А.Т нь шүүгдэгч Б.Оюунбатаас нэхэмжилсэн 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч А.Т нь шүүгдэгч Б.О-с нэхэмжилсэн 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисугай.
7. Хохирогч А.Т нь шүүгдэгч Б.О-с нэхэмжилсэн 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ