Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01264

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02941 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******ад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 155,625,205 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******тай 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 120,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл олгосон бөгөөд *******, ******* дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 9316 тоот хаягт байршилтай 155,56 м.кв талбайтай 3 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг баталгаажуулсан.

1.2. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч одоог хүртэл зээлийн төлбөрт огт төлбөр төлөөгүй буюу гэрээнд заасан үндсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна.

1.3. Иймд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үндсэн зээлд 120,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,545,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,509,151 төгрөг, нийт 155,625,205 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хан-уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 9316 тоот хаягт байршилтай 155,56 м.кв талбайтай 3 өрөө амины орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тухайн зээл олгодог зээлийн байгууллагад очоогүй, байгууллагыг төлөөлж ******* уулзсан ба ******* төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. ******* ХХК-ийн данс руу орох ёстой байсан мөнгийг ******* өөрийн хувийн дансаар удаа дараа авч байсан тохиолдол байгаа. Энэ орон сууцны зээлийг дансаар аваагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******аас 155,625,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөл, эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоот хаягт байрлах 155.56 м.кв талбайтай, 3 өрөө амины орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,164,226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,164,226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.    Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бөгөөд тухайн үндэслэлээ анхан шатны шүүх хурал дээр илэрхийлсэн. Учир нь зээлийн гэрээг нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээд хийгээгүйгээс гадна гэрээг хариуцагчийн эзгүйд нотариат орж гэрчлүүлсэн. Түүнээс гадна гэрээний 1 хувийг огт өгөөгүй.

Мөн зээлийн хүүг зуучилж өгсөн гэх ******* өөрийн хувийн дансандаа авч байсан ба шүүхийн хэлэлцүүлгийн үед энэ талаар хэлсэн боловч шүүх хүлээж авалгүй хэн нэгэн этгээд гэрээ байгуулсан байж болно, хамгийн гол нь хариуцагчийн дансанд мөнгө орсон л бол гэрээ байгуулсанд тооцно гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлээс 35,625,205 төгрөгийг хасаж гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу гэрээний талууд гэрээнд гарын үсэг зурсан. Мөн хариуцагч *******ын дансанд 120,000,000 төгрөг шилжүүлснээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзнэ. Түүнчлэн зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн эсэх нь хүчин төгөлдөр байдалд хамаарахгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 155,625,205 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээнд барьцааны зүйлийг *******, ******* дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* тоот хаягт байрлах 155.56 м.кв талбайтай, 3 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлжээ.

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгт баримтаар авагдаагүйгээс уг орон сууц хэний өмчлөлийнх болох, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах боломжтой эсэх нь тус тус тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл барьцааны гэрээтэй холбоотой үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн барьцааны гэрээний талаарх дүгнэлтийг үндэслэл бүхий болсон гэж дүгнэхгүй.

3.2. Хэрэгт бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар буюу хуулбараар авагдсан баримт болох барьцааны зүйл болох дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр ыг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн оос 2024 оны 04 дүгээр сары 25-ны өдөр иргэн д олгосон итгэмжлэл, уг итгэмжлэлийн үндсэн дээр үйлдэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө буюу уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ авагдсан байна.

Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувиар буюу нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх хүлээн авсан нь буруу бөгөөд уг баримтуудыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас мөн хасаагүй байна.

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ийнхүү хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул хариуцагчийн материаллаг эрх зүйн талаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02941 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,077 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Э.ЗОЛЗАЯА